8000 км үргэлжлэх ногоон хана элсний нүүдлийг тогтоон барьж чадах уу
Дэлхийн хамгийн том элсэн далай болох Сахарын цөлийн зах хөвөө жил тутам тэлж буй. Цөлжих явц нь 6000 жилийн тэртээгээс эхэлсэн гэж үздэг ч элсэн манхан өнгөрсөн зуунд 10 гаруй хувиар өргөжиж, өдгөө есөн сая хавтгай дөрвөлжин км газар нутгийг эзлэн, Хойд Африкийн 11 орныг хамарчээ.
Байгалийн хатуу ширүүн эрхшээлд автсан газар нутгийн хэмжээ одоо Сахараас давж өмнөд үүд болсон хагас хуурай Сахелын бүс нутаг алсуур цөлжилтөд нэрвэгдлээ. Он дараалсан ган гачигийн улмаас эндэх хөрсний чанар муудаж, ургамлын хомсдол нь хүнсний аюулгүй байдалд нөлөөлж буй. НҮБ-ын тооцооллоор үржил шим нь доройтсон газар нутгаас хамааралтай 135 орчим сая хүн ойрын жилүүдэд хүнсний хомсдолд орох юм.
Тэгвэл Африкийн холбооноос 2007 онд дэвшүүлсэн “Их ногоон хэрэм” хэмээх амбицтай төлөвлөгөө нь элсний нүүдлийг тогтоон барьж, Сахелын бүсийг халуун гангаас гэтэлгэх боломжтой ч байж мэднэ. “Их ногоон хэрэм”-ийн үрээр ирэх арван жилд Сенегалын баруун үзүүрээс Жибути улсын зүүн хязгаар хүртэл 15 км өргөн, 8000 км урт үргэлжлэх 100 сая га газрыг мод ургамлаар нөхөн сэргээх зорилготой.
Цаасан дээр буугаад арав гаруй жилийг үдсэн ч төсөв мөнгөний гуцуугаас зогсонги байдалд ороод байсан дээрх төсөл өнгөрсөн нэгдүгээр сард хандивлагчдаас үлэмж хэмжээний дэмжлэг авах боллоо. Дэлхийн банк, Францын Засгийн газар болон бусад хандивлагчдаас Африк тивийн ногоон хэрэм байгуулахад 14 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээ зарласан бол төсөлд зарцуулагдах 33 тэрбум ам.долларын тал хувийг дэлхийн хамтын нийгэмлэг санхүүжүүлэхээр зэхэж буй. Элсэн цөлийг ургамлаар эмжих төсөл амжилттай хэрэгжвэл Австралийн их шүрэн далангаас гурав дахин урт, дэлхийн хамгийн том амьд байгууламж болох юм.
Итгэл төрүүлсэн шинэ нахиа
Төслийн анхлан тогтоосон хугацаа дуусахад есөн жил үлдээд байгаа ч ногоон хэрэм байгуулах эрмэлзэл 2030 оноор хязгаарлагдахгүй бололтой.
Одоогоор таван сая га газрыг ногооруулсан нь үндсэн зорилгын дөнгөж дөрвөн хувьд хүрч буй ч Их ногоон хэрмийн албан ёсны бүсээс гаднах талбайг оролцуулбал сэргээсэн талбайн хэмжээ 20 сая га давж нутгийн иргэдэд урам зориг өгч буй.
Цөлийн хатуу ширүүнтэй нүүр тулдаг улс орнууд байгалийн унаган төрхөө эргэн олохын тулд элсний нүүдлийг хазаарлах олон арга туршиж үзжээ. Агро парк байгуулан ойжуулахын зэрэгцээ элсэн манхныг засаж үелэн ногоон далан үүсгэх, цооног өрөмдөн усжуулалтын систем барих зэргээр усан хангамжийг хамгаалах арга хэмжээ авч байна. Энэхүү санаачилга нь газрыг нөхөн сэргээхээс гадна орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэнэ.
Этиоп улс одоогоор хамгийн амжилттай нөхөн сэргээлт хийж 5.5 тэрбум ургамал, суулгац тариалсан нь 150 000 га талбайг ойжуулж дөнгөжээ. Үүгээр ч зогсохгүй 700 000 га буюу Лондон хотын нутаг дэвсгэрээс тав дахин том талбайд хөрсний нөхцөл байдал илт сайжирч, шинэ нахиа дэлгэрэн хойшид ургамлын тогтоцтой болох найдвар төрүүлж байна.
“Улс орнуудыг энэхүү үйлсэд татан оролцуулах, хамтын тогтолцоог зураглахад арав гаруй жилийг зарцуулсан” гэж Африкийн Холбооны зохицуулагч Элвис Пол Тангем хэллээ. “Гэхдээ бид үндэс суурийг нь тавьж, юу нь үр дүнгээ өгч, юу нь бүтээгүйг харж, зорилгодоо хүрэхийн тулд илүү хурдан урагшлах арга замаа олсон. Хамгийн том сургамж бол олон нийтийн хамтын ажиллагааны ач холбогдол” гэж Тангем онцоллоо. Үүний тулд элсэн цөлд хэдэн зууны турш амьдарч дадсан уугуул иргэдийн амьдралын хэв маягийг өөрчлөх, тэднийг ятган сэнрхүүлэх учиртай ажээ.
Олны хүч оломгүй далай
“Их ногоон хэрэм” санаачилгын хандив цуглуулах ажилд гар бие оролцсон Франц-Тунисын байгаль хамгаалагч Сара Тоуми нутгийн иргэдийн дэмжлэгт тулгуурлан байж л ийм далайцтай төсөл хэрэгжих боломжтой гэдэгт санал нийлж буй.
Тунис дахь цөлжилтөд нэрвэгдсэн газрыг нөхөн сэргээх зорилготой Acacias for All хэмээх төрийн бус байгууллагыг байгуулсны дараа Тоуми бүс нутагтаа 700 гаруй мянган хуайс мод тарьжээ. Олон нийтийг ногоон орчноо сайжруулах ажилд татан оролцуулахын тулд зүгээр хий хоосон зураг төсөл бариад явсангүй байгалийн нөхөн сэргээлтийн үнэ цэнийг бодитоор харуулах эдийн засгийн хөшүүрэг ашигласан юм. Тухайлбал, тариалан эрхлэгчдэд ургамлын навч, жимс зэргийг ургуулж боловсруулах дадал эзэмшүүлж, хураасан ургацаараа амьдралаа залгуулахад нь тусалдаг ажээ.
Хатагтай Тоумийн тэргүүлдэг нийгэмлэг “Их ногоон хэрэм” санаачилгад нэгдэн хөрс нөхөн сэргээхээс гадна орон нутагт 10 сая ажлын байр бий болгох зорилт тавьснаас өдгөө 335 мянган хүн тогтмол аж орлоготой болж эндэхийн жимс, ойн бүтээгдэхүүний орлого 90 сая ам.долларт хүрснийг НҮБ-аас онцлон сайшааж буй.
“Энэ бол тогтвортой амьжиргааг бий болгох энгийн жишээ. Элсний нүүдлээс дутаан нүүдэллэхээр эргэлзэж байсан оршин суугчид одоо өөрийн экосистемдээ тайван амьдарч, уламжлалаа хадгалан, газар нутгаа хадгалж үлдэх болно” хэмээн Тоуми хэлэв.
Амгалан дэлхийн үндэс ногоон байгууламж
Цаг уурын өөрчлөлтийн улбаагаар засаглалын хэлбэр нь аль хэдийнэ эмзэг болсон Сахелын бүс нутагт улс төрийн тогтворгүй байдал нэмэгдэж болзошгүй талаар дэлхийн хамтын нийгэмлэг анхааруулж байлаа. Хэрэв цөлжилт, хөрсний доройтлын улмаас ажилгүйдэл газар авбал иргэд шилжин суурьших нь зайлшгүй. Улмаар шилжилт хөдөлгөөн дагасан улс төрийн тогтворгүй байдал, хүчирхийллийг өдөөж болзошгүй гэдэгт Африкийн холбоо ч санаа тавьж байна. Тив даяар ойрын 15 жилд хөдөлмөрийн зах зээлд гарах 375 сая залуусын талаас илүү хувь нь хөдөө орон нутагт амьдрах болно. Гагцхүү байгалийн баялгийн менежментийг зөв хэрэгжүүлснээр бүс нутагт залуус тогтвортой амьдрах хөрс суурь бат тавигдах юм.
Хар тивд үүнээс ч өмнө мод тарьж ургуулан амжилтад хүрсэн бэлэн жишээ олон. Африк бүсгүйчүүдээс анх удаа Нобелийн шагнал хүртсэн кени эмэгтэй Вангари Маатай гэхэд л 30 сая мод тарьж ургуулж байв. Өмнөд Африкийн гэрэл зурагчин Себастиго Сальгадо эхнэрийн хамтаар 129 га талбайг 20 жилийн хугацаанд нөхөн сэргээсэн гайхалтай түүх бий. Ийм хэмжээний талбайг нөхөн сэргээснээр 172 зүйлийн шувуу, 15 зүйлийн мөлхөгч, 15 зүйлийн хоёр нутагтан ирж суурьших болжээ.
Байгальд суурилсан хамгийн нөлөө бүхий шийдэл ийнхүү мөчир мөчирөөр ахиж, элсэн далайг тогтоох ногоон хана сөөм сөөмөөр урагшилж явна.