Өнөөгийн хувцас үйлдвэрлэл байгаль орчинд халтай тусаж хүлэмжийн хийн ялгарлыг үлэмж нэмэгдүүлж буй талаар мэдээлэл хөвөрнө. Загварын салбарынхан ч минимал амьдралын хэв маяг, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг эрхэмлэхээ хаяг шошгоороо тунхаглах болж. Амьтны арьс үсээс татгалзаж, хөдөлмөр боолчлолын аргаар бүтсэн хөвөн даавууг зах зээлээс таягдан хаях нь үнэхээр байгаль орчинд тустай юу? Шошгоны цаадах үнэ хийгээд үнэнийг дэнсэлье.

“МакКинсей” зөвлөх үйлчилгээний судалгаагаар 2018 онд зөвхөн хувцас үйлдвэрлэлийн салбар хоёр тэрбум тонн хүлэмжийн хийн ялгаруулжээ. Ер нь хувцасны материалын 85 хувийг бүрдүүлж буй полиэстер, хөвөнгийн аль аль нь хүрээлэн буй орчинд таагүй нөлөөтэй. Газрын тосноос полиэстер гаргаж авах явцад хортой найрлага бүхий бохир ус ялгардаг бол ихэнх полиэстер байгальд задардаггүй. Дээр нь бөс даавууг будах химийн ажиллагааны явцад ч хөрсний усны үүсвэр бохирдсоор. Хөвөнгийн тариалан нь ус, шавжийн хор ихээр шаарддаг үйлдвэрлэл. Ганц ширхэг T-shirt буюу захгүй богино ханцуйтай цамцанд шаардлагатай хөвөн ургуулахад 2700 литр ус зарцуулдаг нь нэг хүний гурван жилийн хэрэглээтэй дүйнэ. Гэтэл бидний элээж барах байтугай мөрөндөө огт углаж амжаагүй хувцасны 85 хувь нь хаягдал болдогийн дээр ердөө нэг хувийг нь л дахин боловсруулж дөнгөдөг.

Дэлхийн хувцас үйлдвэрлэл сүүлийн 15 жилд хоёр дахин нэмэгдсэнтэй уялдаад хүлэмжийн хийн ялгаралд эзлэх хувь ч жин дарах болсон нь үнэн. Гэсэн ч “Эко”, “байгальд ээлтэй” гэсэн шошготой брэндүүдээс худалдаж авснаар хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулна гэвэл худал. Агуулахаа дундлах аргаа олж цөхсөн үйлдвэрлэгчид хүрээлэн буй орчны талаарх эмзэг сэдвийг “худалдаж” буй л арга юм. Үүнийг баруун хэвлэлийнхэн “ногоон тархи угаалт” гэж нэрлэдэг. Жишээлбэл, fast fashion буюу түргэн загварын H&M компани органик, дахин боловсруулсан материалаар хийсэн хувцасны шугам нээгээд удаж буй. Харин экологийн идэвхтнүүд хямд үнэтэй асар их хэмжээний хувцас үйлдвэрлэдэг компанийн үндсэн бизнес загвар нь байгальд ээлтэй гэх тунхаглалд нь харшилж буйг шүүмжилдэг. Түргэн загварын өөр томоохон төлөөлөгч “Zara” таван долоо хоногтоо нэг буюу жилд дор хаяж 20 өөр коллекци гаргадаг. Цахим худалдаа өргөжихийн хэрээр “Хэт түргэн загвар” гэх тодотгол нэмэгдэж сард мянга гаруй шинэ хэв маягийн бүтээл дизайнеруудын ширээнээс үйлдвэрт шилжих болжээ. Төсөрхөн чанаргүй хувцас эдэлж амжилгүй муудаж басхүү загвар нь хуучрахын хэрээр хүмүүс түүнийг голж, хаяад өнөөх л брэндүүдээсээ дахин шинэ хувцас авна. Бидний хүсэл хязгааргүй ч хувцас үйлдвэрлэлийн тэр дундаа түргэн загвараар бизнес хийгчдийн шунал түүнээс ч давна.

2019 онд fast fashion загварын зах зээлийн эргэлт 35 тэрбум долларт хүрэв. Цар тахлын нөлөөгөөр 2020 онд зах зээл нь 12% -иар агшсан ч хурдан сэргэж, цаашид өсөх хандлагатай байна.

2019 онд байгальд ээлтэй загварын зах зээл 6.35 тэрбум доллараар хэмжигджээ. 2015 оноос хойш 8.7%-иар өссөн боловч 2020 онд дахин буурч 6.14 тэрбум долларт хүрчээ.

Эх сурвалж: Дэлхийн загварын зах зээлийн тайлан

Дээр нь хүрээлэн буй орчинд хор хөнөөл багатай гэж сурталчилдаг материал бүхэн тийм байдаггүй. Жишээлбэл, үнэт эдлэлийн Pandora компанийн саяхан байгалийн чулууны оронд хиймэл чулуулаг ашиглах болсноо бахархалтайгаар зарлаж байв. Тус компанийн хэрэглэж буй хиймэл чулууны 60 хувийг Хятад улсад үйлдвэрлэж, хүлэмжийн хий ихээр ялгаруулах өндөр даралтын технологи, асар их эрчим хүч ашиглан гаргаж авдаг. Хөвөнгийн хувьд органик хөвөн нь ердийнхөөсөө илүү байгаль орчинд ээлтэй ч хиймэл үслэг эдлэл эсрэгээрээ. Амьтны арьс, үсийг хэдэн мянганы туршид хүн төрөлхтөн эдэлж дадсаны дээр байгальд шингэж задрах хугацаа ч богино. Ногоон хамгаалагчдын уриа лоозонгоор ихэнх брэндүүд жинхэнэ арьс, үслэгээс татгалзаж хиймэлээр орлуулахыг илүүд үзэх болж. Жинхэнэ арьснаас хэдэн дахин хямдхан тусах “эко” тодотголтой үслэг дээлийн түүхий эдийг химийн аргаар гаргаж авах явц хийгээд хог хаягдал болсны дараа хөрсөнд задарч шингэх хугацааг дэнслээд үзвэл байгальд хэр ээлтэй сонголт болох нь ялгагдах биз ээ.

Ер нь байгальд ээлтэй гэж үздэг брэндүүдийг шалгах бараг боломжгүй гэдэгтэй одоо үйлдвэрлэгчид ч санал нийлэх болсон. “Тогтвортой”, “байгаль орчинд ээлтэй “ гэх ойлголтыг ялгаж заагласан хууль журам дэлхийн хаана ч гараагүй нь хүссэн бүхэн хувцасны шошгондоо ашиглах боломжтой гэсэн үг юм. Бүтээлдээ эко хөтөлбөр дэвшүүлдэг гэдгээрээ алдартай дизайнер Стелла Маккартни “Одоо байгальд ээлтэй гэдгийг хэрхэн тодорхойлохоо хэлж мэдэхгүй байна. Цаашид загварын тогтвортой байдлын үзэл баримтлал нь шударга үнэн байх хэрэгтэй. Худалдан авагчдад үнэн зөв мэдээлэл өгөх, бүрэн ил тод байх нь амар биш ч зөвхөн маркетингийн зорилгоор энэ үгийг ашиглаж болохгүй. Учир нь маргаашийн залуучууд үнэнийг шаардах болно” гэжээ.

Хувцас үйлдвэрлэл хөгжиж буй орны иргэдийг бага цалин хөлсөөр ажиллуулж, хүүхдийн хөдөлмөр мөлждөг гэсэн шүүмжлэлтэй байнга тулгардаг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлснээр, дэлхий дээр 170 гаруй сая хүүхэд хүчээр хөдөлмөрлөдөг бөгөөд ихэнх нь даавуу, оёдлын үйлдвэрт ажилладаг юм. Хувцас, хэрэглэл үнэтэй байх тусам ажилчдын мөлжлөг бага байдаг гэж бодвол бас л өрөөсгөл ойлголт. Үнэндээ дундаж болон дээд зэрэглэлийн үнэтэй брэндүүд хямд хувцаснуудтай нэг ижил үйлдвэрт хийгддэг. Өөрөөр хэлбэл, хувцасны үнэ өндөр байлаа гээд түүнийг үйлдвэрлэж буй ажилчид хангалттай, шударга цалин хөлс авах баталгаа болж чадахгүй.

Хүмүүс хувцас худалдаж авах нь ихэссэн мөртлөө хэрэглэж хадгалах хугацаа нь асар богиноссон. Европ тивд нэг хувцсыг өмсөж хэрэглэх тоо 2000 онд дунджаар 200 хоног байсан бол 2015 онд 30 хувиар буурч 160 болжээ. Өдгөө дэлхийд секунд тутамд хогны нэг машин дүүрэн хувцсыг шатаах юм уу ландфиллийн аргаар нүднээс далдалж буй. Буяны байгууллага, хуучин хувцасны дэлгүүрт хүлээж авсан хувцасны ердөө 10 хувь нь дараагийн эзэндээ очиж, үлдсэн нь буурай хөгжилтэй орнууд руу ачигдан тэндээ булагдах нь элбэг. АНУ жилдээ 453 сая тонн хуучин хувцсыг буурай орнууд руу ачуулдаг бол Африк тив нийт хуучин хувцасны 70 хувийг дангаараа хүлээж авдаг ажээ.

2030 он гэхэд үйлдвэрлэх хувцас, гутлын хэмжээ 81 хувиар өсч, 102 сая тоннд хүрнэ гэсэн төсөөлөл бий. Тэгэхээр бүтээгдэхүүний нэр төрлөө тогтмол шинэчилж, хэрэглээний өсөлтийг өдөөж буй хувцас үйлдвэрлэл байгальд ээлтэй байж чадах уу.