Эрх ашгаа хянаж чадахгүй, энэ Засгийн газрыг муухай харагдуулж байгаа нэг хүн нь яах аргагүй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг бололтой. Түүний талаар хэвлэлийн хуудсаар сайн мэдээ үзэгдэх нь үнэндээ ховор юм. Голдуу л хар бараан мэдээ хөврөх бөгөөд хамгийн гол нь тэр бүх мэдээ үнэний талд л юм шиг харагдах аж. Хамгийн сүүлд л гэхэд АНУ-д суух Элчин сайдаар Ө.Батбаярыг санал болгосон шийдвэрийг нь erennews.mn сайт “Тендерийн “МАНГАС” Б.Батцэцэг АНУ-ыг дорд үзэв үү” хэмээн гарчиглаад бичсэн байх юм. Үнэхээр ч АНУ бол манай стратегийн түнш, гэтэл өөрийн хүргэн дүүгээ фэйсбүүк группын админ гэж гололгүй Элчин сайдаар зүтгүүлсэнд ийм дүгнэлт хийсэн бололтой юм. Нөгөөтэйгүүр, Б.Батцэцэг сайд тендертэй холбогддог, бүр тендергүйгээр ч хамаагүй төрийн ажлыг авч хийдэг гэх баримтууд барим тавим гарч ирээд л байдаг юм. Eguur.mn сайт Тэтгэврийн зээлээ тэглүүлээгүй ахмадуудад 1 сая төгрөг олгох ажлаас Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий компани 600 сая орчим төгрөг халаасалчихсан гэдгийг “Шилэн данс”-ны мэдээлэл, АТГ-ын Хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй хавсаргаад л тавьчихсан нь санагдаж байна. Мэдээж Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий компани мөнгө хэвлэж тараагаагүй л дээ. Гэвч мөнгө тараахын өмнө “урьдчилгаа” болгож өгсөн “Ваучер” гэх цаасыг тараахын тулд 600 сая төгрөг төлсөн байгаа юм. Уг нь хагас тэрбум илүү мөнгийг энэ хэцүү цагт эрүүл мэндийн салбартаа шингээсэн бол ч...

Ер нь эрхэм сайд энэ мэтээр хамаарал бүхий хэвлэлийн компаниараа төрийн мөнгийг цөм хийдэг талаар “Адмон” группын захирал Р.Энхбат баримттай хэлдэг. Хэдхэн зуун төгрөгөөр хэвлэх ажлыг хэдэн мянган төгрөг болгож үнийг нь үсэртэл хөөрөгдөж байгаад л хэвлэдэг гэж тэр ярьдаг юм. Ёстой төсвийн мөнгө ёолдоггүйдээ л тэгж яваад болоод байдаг байж мэднэ.

Энэ бүх баримтаас харахад Монголын төр Б.Батцэцэг гэх энэ эмэгтэйд ямар их өртэй юм бэ гэж бодогдмоор болж байна. Өөрийг нь сайд, хүргэн дүүг нь Элчин сайд, хамаарал бүхий компаниудад нь төсвийн ажил гээд төлсөөр байдаг ч өр нь барагддаггүй бололтой. Саяхан polit.mn сайтад ноцтой нэгэн мэдээ гарсан нь яван явсаар бас л нөгөө Б.Батцэцэг гэх Гадаад харилцааны сайдтай холбогдчихож мэдэхээр байгаа юм.

“Гадаад паспортын бэлдцийг дотоодын компани нийлүүлнэ” гарчигтай тэрхүү мэдээг үг, үсгийн зөрүүгүй дахин бичвэл “Монгол Улсын иргэдийн эзэмшдэг гадаад паспортын хэвлэлтийг Германы хэвлэлийн компани хариуцаж иржээ. Байсгээд бэлдэц нь тасарч, хэвлэлт зогсдог. Шалтгаан нь Сангийн яам хөрөнгө мөнгө өгдөггүй, эсвэл Бүртгэлийн байгууллагын удирдлага нь төсвөө хүргээгүй гэдэг байв. Тэгвэл тун удахгүй Засгийн газрын хуралдаанаар гадаад паспортын загварыг шинэчлэн баталж, түүнийгээ олон нийтэд танилцуулна.  Шинэ гадаад паспорт тоон гарын үсэгтэйгээр 2021 ондоо багтаж хэрэглээнд нэвтрэх юм байна. Хамгийн гол нь шинэ загварын гадаад паспортын бэлдцийг дотоодын компани нийлүүлэхээр болжээ. Тэр нь одоогийн Засгийн газрын нэгэн сайдын хамаарал бүхий компани бөгөөд паспортын бэлдэц хэвлэх үйлдвэрээ оруулаад ирчихсэн юм байна” гэсэн байгаа юм. Хамгийн ноцтой нь тэрхүү өөрийн хамаарал бүхий компанийнхаа машин гадаад паспортын бэлдцийн ажлыг “олж өгсөн” хүн нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гэх.

Тиймээс л төр Б.Батцэцэг сайдад төлж барахгүй тийм их өртэй юү гэж асуугаад байгаа хэрэг.