“Өөрөө өвдөхөөс илүү морь бэртэх хэцүү юм билээ. Хоёр жилийн өмнө миний унаж явсан шүдлэн уралдааны үеэр бэртээд, үхчихсэн. Тэр үед миний гар л хугарсан. Гэхдээ бэртсэндээ огт эмзэглээгүй ээ. Морио алдах л хэцүү байсан. Уяач намайг их зэмлэсэн. Эмнэлэгт байсан болохоор арай ч зодоогүй” гэж хэвлүүхэн өгүүлэх хүүг Сүх-Очир гэдэг. Тэр 11 хүрч байгаа бөгөөд тав, зургаан настайгаасаа хурдан морь унаж эхэлжээ.
Сүх-Очир олон ч наадамд айраг, түрүү авсан сумандаа нэртэй унаач бөгөөд, сумын “шилдэг унаач”-аар хоёр ч удаа шалгарч байсан тухайгаа их л бахдалтай өгүүлэв. Гэхдээ түүнээс ч олон удаа бэртэж байснаа мөн хэлсэн юм.
Тэрээр энэ тухай ярихдаа “Мориноос унах, бэртэх үе зөндөө. Хонго холгох, өвдөг, тохой зулгарах, гар хөл хугарах бол наад захын л асуудал. Сойлгын морь ч гайгүй ээ. Зун уяачийнхаа эмнэг адууг сургадаг юм. Тэр л шаггүй ажил” гэв.
Сүх-Очирын аав, ээж нутгийнхаа мянгат малчныд туслах малчнаар ажилладаг аж. Улмаар өнөөх “мянгатын” хүсэлтээр хүүгээ хоёрдугаар ангиас нь сургуулиас гаргаж, хурдан морь унуулах болжээ. Сүх-Очир сургуульд явахыг хүсдэг ч тийм зав гардаггүй гэв. Мөн уяач нь зөвшөөрдөггүй бөгөөд өөр хүний морь унах ч хориотой байдаг аж.
Суралцах, хөгжих эрхээ хязгаарлуулж, ажлын хүндийг нугалж яваа түүнтэй хэсэг хугацаанд хөөрөлдөөд сэтгэл эмзэглэсэн юм. Яг түүн шиг бяцхан биендээ ахдам ачаа үүрч яваа мянга, мянган хүүхэд бий.
Хагас сарын дотор гурван амь
Одоогоос хагас сарын өмнө буюу энэ сарын 13-нд 12 настай унаач хүүхэд моринд чирэгдэж амиа алджээ. Хүү хүнд бэртээд анхан шатны тусламж ч авч амжилгүй амь тавьсан байна. Уг хэрэг Төв аймгийн Аргалант суманд болжээ. Тэрээр наадамд уралдахаар зэхэж байсан талаар нутгийнхан нь хэлсэн юм.
Түүнчлэн энэ явдлаас хоёр хоногийн өмнө буюу мөн сарын 11-нд Архангай аймагт 11 настай хүүхэд мориноос унаж, 50-100 метр газар чирэгдэж, бэртэл авсан байна. Хүүгийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд одоо нийслэлд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юм.
Мөн зургаадугаар сарын 29-нд Төв аймагт болсон их сунгааны үеэр долоон хүүхэд бэртэл авч, нэг хүүхэд нас баржээ. Энэ сарын 1-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн харьяа нэг унаач хүү мөн л үсэргээний үеэр мориноосоо унаж, амиа алдсан байна. Ийнхүү сар хүрэхгүй хугацаанд гурван ч хүүхэд амиа алдаж, цөөнгүй багачууд эрүүл мэндээрээ хохирлоо.
Нүд, чихнээс далд хэчнээн унаач хүүхэд эндэж, гэмтэж байгааг тааж хэлэхэд бэрх.
“Морины хүүхэд”-ийн өсөлтийг тариагаар зогсоодог уу?
Мориноос унаж бэртэхээс гадна унаач хүүхдийн олон эрх ил, далд байдлаар зөрчигдсөөр байна. Туранхай буюу бага жинтэй хүүхдийн унасан морь илүү хурдан давхидаг тул морины хүүхдүүд хүлэгтэйгээ хамт сойлгод байдаг аж.
Жин нэмэхгүй байх үүрэг хүлээж, жилийн аль ч улиралд хоол хүнсээ хязгаарлуулдаг байна. Мөн хүүхдээр олон жил морь унуулахын тулд өсөлтийг нь зогсоодог тариа хийх тохиолдол ч орон нутагт мэр сэр байдаг аж.
Гэвч энэ талаар хүүхдийн төлөө гэх уриа лоозон бүхий аль ч байгууллага ам ангайсангүй. Эмч, эмнэлгийн алба хаагчид ч тодруулга өгөхөөс татгалзсан юм.
Унаач хүүхдийн үхэлд хуулийн хариуцлага хүлээсэн хүн одоогоор алга
Манай улсад 7000 гаруй унаач хүүхэд бий. Жил бүхэн тэдний дундаас нэгээс хоёр нь хурдан морины уралдааны үеэр болон үсэргээгээр амиа алддаг. Мөн зуу, зуун хүүхэд гэмтэл бэртэл авч, цөөнгүй нь хөгжлийн бэрхшээлтэй болдог байна. Тодруулбал, 2019 онд улсын хэмжээнд 172 удаагийн хурдан морины уралдаан зохион байгуулагдсанаас 121 хүүхэд мориноосоо унаж, бэртсэн байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад хамгийн бага үзүүлэлт аж. Тодруулбал, 2019 оноос өмнө жил бүхэн 300-500 хүүхэд уралдааны үеэр гэмтэл бэртэл авдаг байжээ. Гэхдээ энэ бол улс, аймаг, сумын наадмын үеэр унаж, бэртсэн хүүхдүүдийн мэдээлэл юм. Үсэргээ, сунгаа, овооны наадам, бригадын наадмаар хэчнээн хүүхэд гэмтэж, хэдэн хүүхэд эндэж байгааг нарийн тооцоолдог тогтолцоо манай улсад алга. Шулуухан хэлэхэд, малаа жил бүхэн ягштал тоолдог хэрнээ хүүхдийн эндэгдэл, шалтгаан нөхцөлд төдийлөн анхаардаггүй.

Мөн хүүхдүүд мориноос унаж, хөнгөн бэртэл аваад эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэх нь ховор гэнэ. Энэ талаар нэгэн сумын Эрүүл мэндийн төвийн их эмчтэй утсаар холбогдож, тодруулсан юм. Тэрээр “Унаач хүүхдүүдийн дунд толгой нь хагарах, яс хугарах, дотор эрхтэн доргих зэрэг гэмтэл түгээмэл ажиглагддаг. Гэхдээ өөрсдөө ч, эцэг эх нь ч нэг их тоодоггүй. Хүүхэд олон жил морь унаж, эмнэг сургаснаар бөөр унжих, шээсний сувагт гэмтэл үүсэх, бөөр, давсагны өөрчлөлттэй болох магадлалтай. Улмаар үргүйдэлд ч хүрэх аюултай. Бас нэг асуудал бий. Хүүхдүүд морин дээрээс бие, биеэ гэмтээх тохиолдол элбэг. Нэгнийхээ нүүр, нүд рүү ташуурдах, элдэв хатуу биет шидэх зэргээр гэмтээдэг” гэв.
Жил бүхэн 1-2 унаач хүүхэд хурдан морины уралдааны үеэр амиа алддаг. Гэвч одоогоор эдгээр хүүхдийн үхэлд хуулийн хариуцлага хүлээсэн нэг ч хүн алга.
НҮБ хүүхдээр морь унуулахгүй байхыг анхааруулжээ
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хүүхдээр хурдан морь унуулахыг аюултай хөдөлмөр эрхлэлтэд тооцсон байдаг. Түүнчлэн 2017 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын шинжээчдийн хорооноос Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн устгах 182 дугаар конвенцийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Засгийн газарт хүсэлт хүргүүлж байжээ. Уг хүсэлтдээ 18-аас доош насны хүүхдээр хурдан морь унуулахгүй байх тал дээр анхаарч, арга хэмжээ авахыг тухайн үеийн Засгийн газраас хүссэн байна. Гэвч ямар нэг арга хэмжээ авалгүйгээр өнөөдрийг хүрчээ.

Хурдан морины хүүхэд гэмтэх, амь насаа алдах нөхцөл байдал үүсэж байгаад Нэгдсэн үндэстний байгууллага туйлын их харамсаж байна. Хурдан морины уралдаан нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул учруулдаг учир Нэгдсэн үндэсний байгууллагаас Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдийг жилийн аль ч улиралд хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг хууль тогтоомждоо тусган, шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлнэ гэж найдаж байна.
НҮБ-аас гадна ХЭҮК-оос Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах санал гаргаж Засгийн газарт хүргүүлсэн байна. Хүний эрхийн үндэсний комиссын /ХҮЭК/ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан зургадугаар сарын 29-ны өдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр наадмыг хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөл үүсч буйг анхааруулсан. Тэрбээр "Засгийн газраас үндэсний их баяр наадмыг үзэгчгүй цахимаар зохион байгуулахаар болсон ч морины уралдаантай холбоотойгоор бөөгнөрөл үүсч, хүүхдүүдийн эрх зөрчигдөх нөхцөл байдал бий болоод байна.
Тиймээс хурдан морины уралдаан зохион байгуулахыг зөвшөөрсөнд ХЭҮК болон иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь хүүхдүүдийг морь унуулах нь халдварын өндөр эрсдэл дагуулахаар байна. Тиймээс морины уралдааныг хойшлуулах эсхүл цуцлах санал гаргаж байна" гэсэн юм.
Хүүхдийн эрх “хөлийн чигчийд”
Цар тахал, хөл хорины улмаас хүүхдүүд хоёр жил орчим гэрээс гарч, гэдэс алдалгүй бүгэв. Түүнчлэн төгсөгчид вакцин хийлгээгүй учир халдвар авах, тараах эрсдэл өндөр гэх шалтгаанаас ЭЕШ-ийг хүртэл наймдугаар сар хүртэл хойшлуулсан юм. Гэхдээ хоёр жил “нийгмээс тусгаарлагдсан”, халдварын эсрэг вакцин ч хийлгээгүй хүүхдүүд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор биднийг “дэлгэцийн цаанаас цэнгүүлэх” үүрэг хүлээхэд хүрээд байлаа. Тодорхой хэлбэл, Ковид19-ийн халдвар авах эрсдэл хамар доор байгаа энэ бэрх цагт цөөнгүй хүүхэд хурдан морь унахаар Хүй долоон худагт цуглаад байсан юм.
Тиймээс цар тахалтай жил хурдан морины уралдаан зохион байгуулж, хүүхдүүдийн эрсдэлд оруулах нь тэдний эрхийг зөрчиж буй үйлдэл гэж ХЭҮК-оос үзэж, морины уралдааныг цуцлах саналыг Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд “Лантуун дохио” ТББ-аас хурдан морины уралдаан зохион байгуулах Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан юм.
Иргэд ч Ардын хувьсгалын 100 жилийг энэ удаа тэмдэглэхгүй байхыг уриалж NoNaadam хөдөлгөөнийг өрнүүлж, төв талбайд тайван жагсаал хийсэн. Улмаар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт УОК хуралдаж, Улсын баяр наадмыг хойшлуулах санал гаргав. Уг саналыг долдугаар сарын 2-нд Засгийн газар хэлэлцэж, Ардын хувьсгалын 100 жилийн ойг ирэх жил тэмдэглэхээр шийдвэрлэлээ.
Дараа зун наадам болдгоороо болж, хүүхэд бэртдэгээрээ бэртэнэ
Энэ жилийн наадам ирэх жил болж хойшилсон нь цөөнгүй унаач хүүхдийн амь, нас эрүүл мэндийг бүрэн, бүтэн байлгах чухал ач холбогдолтой шийдвэр. Гэхдээ л дараа зун ч наадам болдгоороо болж, хүүхэд бэртэдгээрээ бэртэнэ. Нэг хүний үхэл гашуудал, нэжгээд хүний үхэл статистик гэх үг хүүхдүүдээс холуур байгаасай. Хүн бүхэн хүүхдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэд анхаараасай.