Ковид 19-ийн халдвар авсан иргэн тусламж авч чадалгүй эмнэлийн хашаанд нас барсан хэрэг өчигдөр гарсан. Талийгаач долоодугаар сарын 2-нд түргэвчилсэн шинжилгээгээр эерэг хариу гарч,  эмчийн зааврын дагуу өөрийгөө тусгаарлан эм ууж байсан ч биеийн зовиур нь нэмэгдэж хатгаа болсон тул коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг хүлээн авч буй "Энэрэл" эмнэлэг болон БЗД-ийн Эрүүл мэндийн төвд ханджээ. Харамсалтай нь дээрх эмнэлгүүд хэвтэх өвчтөний бүртгэлд нэр нь байхгүй гэх шалтгаанаар буцааснаар талийгаач "Энэрэл" эмнэлгийн хашаанд амьсгал хураасан юм.

Болсон хэрэг явдалтай холбогдуулан эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хариуцлага алдсан Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш, НЭМГ-ын хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, "Энэрэл" эмнэлгийн дарга А.Амартүвшин нарыг ажлаас чөлөөлжээ.

Уг хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна.