Урагшилдаггүй хувилбарууд

Нийгмийн сэтгэл зүй хэт хэврэг байна. Цахим ертөнц дэх давалгаанаас харахад бүгд л бухимдуу байгаа нь мэдрэгдэнэ. Үнэндээ Монголд болж бүтэж байгаагаасаа илүү болохгүй, бүтэхгүй байгаа нь олон болохоор тэр биз. Эцэслэгдээгүй, батлагдаагүй мэдээллүүд ч нийгэмд асар хүчтэй доргилтыг өгч байна.

Үүний нэгэн жишээ нь арав хүрэхгүй хоногийн өмнөх “Шатахууны үнэ литр тутамдаа 600 төгрөгөөр нэмэгдэх тухай” мэдээ юм. Шатахуун түгээх станцуудын ачаалал асар хурдацтай өсөж, машинтай иргэдийн цуваа ч асар уртассан байдаг. Үнэндээ банкаа нэг удаадаа ч болов хямд шатахуунаар дүүргэе гэсэн бодол нь иргэдийн амьдрал ямархуу хүнд байгааг илтгэх үзүүлэлт юм. Насан туршийн хямд шатахуунд бус, арай татуу үнэтэй шатахуунаар 10 хоног явчихъя л гэсэн сэтгэлгээ. Үнэтэй шатахуунтай, бодит үнэнтэй нүүр тулах хугацаагаа хэдхэн өдрөөр хойшлуулах гэсэн энэ бодлоос үүдэж “Монголд шатахууны үнэ өсөх үү” гэсэн асуултад хариулт хайсан юм. Асуултад хариулахын өмнө өнөөх шатахууны үнэ нэмнэ гэсэн мэдээ олон нийтийн дунд тархсан өдрийн 22.00 цаг Засгийн газрын олон нийттэй харилцах алба, хэрэгжүүлэгч агентлагийн орлогч дарга нь гарч ирж “Шатахууны үнэ нэмэгдэхгүй” гэсэн мэдэгдэл хийснийг сануулъя. Ингэхдээ өмнөх Засгийн газруудын үед татаасаар шатахууны үнэ барьж байсан. МАН эрх барихдаа татаасаар бариагүй гэдэг мэдэгдлийг ч орхиогүй гэдгийг дуулгая.

Үнэндээ дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш хасах руу унах үед зах зээлээ дагаад манайд буурсан дотоодын жижиглэн шатахууны үнийг эрх баригчид овжин ашиглаж, улстөржүүлж, хэвлэл цуглуулж, “Үнэ буулга” гэдэг сүржин мэдэгдэл хийж, “Манай Засгийн газар л үнэ” буулгалаа гэж зарладгийг хашир хэсэг нь анзаардаг. Харин энэ удаагийн үнэ буулгахгүй гэсэн мэдэгдлийн цаана татаас, тохироо байгааг Засгийн газрыг төлөөлж, мэдээлэл хийсэн хүн нь хүлээн зөвшөөрсөн.

Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг

Өмнөх Засгийн газрын үед шатахууны үнийг татаасаар барьж ирсэн. Сүүлийн дөрвөн жилд тийм зүйл байгаагүй. Зах зээлийнх нь зарчмаар барьж ирсэн. Харин энэ цар тахлын үед нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, зохицуулна.

Ингэхээс өөр үнэ өсгөхгүй байх ч аргагүй. Учир нь дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш хэдэн сарын турш тасралтгүй өсөж байна. Одоогоор баррель нефтийн үнэ 70 ам.доллар давж, тэр чигтээ үнэ нь тогтоод байна. Өсөлт цаашид ч үргэлжилж мэдэх юм. Ингэхээр зах зээлийн зарчмаар үнэ өсөхөөс өөр аргагүй. Монгол Улсад шатахууны үнэ өсөх дөрвөн гол шалтгаан байдаг.

  • Дэлхийн зах зээл дэх газрын тосны ханш.
  • ОХУ-ын экспортын татвар.
  • ам.долларын ханш,
  • Дотоодын онцгой албан татвар.

Сүүлийн шалтгаан дээр бол одоогоор иргэдийн өргөн хэрэглэдэг АИ92, АИ80 автобензинийн онцгой албан татварыг тэглэсэн. Эдгээрээс хамгийн их нөлөө үзүүлдэг нь ийнхүү дэлхийн зах зээл дэх газрын тосны ханш юм. Гэвч ийнхүү ханш өсөхөд, дотоодод шатахууны үнийг хүчээр барихаас өөр арга одоохондоо алга. Ингэхгүй бол ээлжит сонгуулийн мөчлөгүүд дуусахад, ард түмнийхээ өрц рүү өшиглөдөг нэр зүүнэ. Ядаж тэр үйл явдал нь Ерөнхийлөгчийн сонгууль дуусаж, шинэ Ерөнхийлөгчийн нэр тодорсны дараа өрнөсөн нь нөгөө хүнээ муухай харагдуулах тул хүчээр тогтоон барьсан байхыг үгүйсгэхгүй.

Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханшийн савалгаа, валютын ханшийн уналт, бүтээгдэхүүнээ зарж байгаа орны татварын бодлогын өөрчлөлтийн үед дотоодын шатахууны үнэ өсгөхгүй байх арга замыг үеийн үед манай улс эрэлхийлж байсан.

Бүр тодорхой хэлбэл, ардчилсан хувьсалын үеэс л эрэлхийлж, эрмэлзсэн. Түүний гэрч Газрын тос боловсруулах үйлдвэр үргэлжилсээр байна. Энэ чиглэлд одоогийн хэрэгжиж байгаа төслөөс хамгийн урагштай нь энэ үйлдвэр. Гэхдээ баярлах цаг болоогүй. Шатахуун, түүнийг дагасан бусад үйлчилгээ, худалдааны үнийг өсгөж, ард түмний амны бай болохгүй байхаар олон арга хэмжээ авч хувилбар ч дэвшүүлж байсан. Эрх баригч нам ч 2017 оноос хойш энэ эрмэлзлэлийн төлөө олон хувилбар дэвшүүлсэн.

Эрх барьсан эхний жилээсээ ОУВС- гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд долоон төрлийн татвар нэмэхээс эхлээд шатахуун импортлогчдын эсэргүүцэлтэй тулгарч, ялагдсан. Түүнээс хойш ч шатахууны асуудал толгойн өвчин хэвээр үргэлжилж байна. Ковидоос шалтгаалж, хасах руу унасан үед л энэ маргаан нам гүм байж. Мөн халдварын улмаас тогтоосон ээлжит хөл хорионууд шатахууны хэрэглээг бууруулж, эрэлт багассан тул үнэ өсөөгүй. Энэ мэтээс бусад үед импортлогчид, иргэд, эрх баригчдын тулааны мөнхийн сэдэв байсан юмдаг.

Хамгийн сүүлд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнийг цаашид өсгөхгүй байх хэд, хэдэн хувилбар дэвшүүлсэн. Ажил хэрэгчээр эхлүүлсэн хувилбараас дурдъя. Зарим нь өмнө дурдсанчлан дэндүү эртний хувилбар бол зарим нь нэн шинэ ч бий. Тухайлбал, олон жилийн түнш “Роснефть” компаниас өөр түншийн эрэлт гарсан. Казахстан, БНХАУ зэрэг бусад орноос шатахуун оруулж ирэх талаар юм. Гэтэл манайд гацдаг, бүтдэггүй ажлуудын адилаар мөн л ажил хэрэг болохгүй байгааг Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр учирлалаа.

Казахстанаас шатахуун импортлоход заавал ОХУ-аар дамжих хэрэг гардаг. ОХУ худалдан авагчаа хийгээд, манайд нөлөөллөө алдахгүйн тулд үүнийг улс төрийн шатанд хүлээн авахгүй байгаа. Харин БНХАУ-ын “China oil” компаниас шатахуун худалдаж авах талаарх асуудал хэлэлцээрийн шатандаа явж байгаа гэдгийг тэрээр хэлсэн юм. Ингээд шинэ түншлэгчийн эрэлд гарсан ажилд ахиц гараагүй хэвээр. Үүнтэй зэрэгцэн дэвшүүлсэн дараагийн ажил нь шатахууны агуулах нөөц савны төсөл юм. Долоон жилийн нүүрийг үзэж байгаа энэ төсөлд мөн л ахицгүй явна. Анхаарлын төвд ороод байгаа асуудал нь тухайн компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай яригдаж байна.

Манай улсад одоогоор 100 гаруй аж ахуйн нэгж хоёр хөрш хийгээд БНСУ зэрэг 20 орчим улсаас бүтээгдэхүүн авч 101 агуулах, 1000 гаруй шатахуун түгээх станцаар дамжуулан хэрэглээнд хүргэдэг.

Энэхүү агуулах савыг 100 мянган тонноор нэмэх том амбиц бүхийтөсөл байсан ч ийнхүү гацаж, түрүүн дурдсанчлан хариуцагчгүй болж, урагшлах биш, ухрахаар болсныг хэрэгжүүлэгч агентлагийн орлогч дарга нь хэлснийг хүргэв. Хэрэв энэ хэмжээний шатахуун агуулах савыг барьвал, үнэ хямд үед нөөцлөөд, тэр бүр ханшийн хэлбэлзэлд өртөөд байхгүй.

Үүнээс гадна олон улсын аргуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байсан. ОУВС- гийн хөтөлбөр дууссаны дараа тус сантай Засгийн газар дэлхийн 40 гаруй улсад нэвтрүүлсэн шатахууны үнийг автоматаар тогтоох механизм нэвтрүүлэхээр ажлын хэсэг байгуулаад ажиллаж байсан. Энэ нь шатахууны хилийн үнийг, валютын ханштай уялдуулж, автоматаар тооцдог цэвэр эдийн засгийн аргачлал гэдгийг тайлбарлаж байв. Хэрэв манай улсад хэрэгжвэл, дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл болон тухайн сард хэрэглэгчдэд нийлүүлэх шатахууны жижиглэнгийн үнийн мэдээллийг нийтэд ил тод болгох, тогтмол мэдээлж байх давуу талтай. Мөн улс төрөөс шалтгаалан шатахууны үнэд нөлөөлдөг нөлөөлөл болон ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг ил, далд татаасыг зогсоох, шатахууны үнийн огцом өөрчлөлтийг багасгаж зах зээлийн зарчимд уялдуулах боломж бий болно гэж үзээд байсан ч одоо энэ ажлыг “Болохоо байсан” гэдэг үгээр албаныхан ам хааж байна. Харин шинэ хувилбар дундаа хамгийн орчин үеийн, боломжит гэж нэрлэгдээд байсан “хэжинг хийх” аргыг манай улс үзээд алдсан.
Энэ арга нь гурван сарын дараа авах нефтийнхээ үнийг өнөөдөр тохирдог. Өнөөдөр нефтийн ханш 70 ам.доллар байна. Гурван сарын дараа 100 ам.доллар хүрэх төлөвтэй байгаа бол өнөөдрийн байгаа ханш буюу 70 ам.доллароор ирэх гурван сарын хэрэглээгээ авна гээд мөнгөө урьдчилж өгөх юм. Хэжингийг хоёр түвшинд хийдэг байна. Нэгдүгээрт, Засгийн газар мөнгөө гаргах, хоёрдугаарт, шатахуун импортлогчид бие дааж хийдэг. Манай улс өнгөрсөн оны тавдугаар сард 100 мянган тоннд хэжинг хийсэн. Өмнөх аргуудаас илүү хялбар, үр дүнтэй байсан. Олон улсад нэлээд өргөн хэрэглэгддэг тул ханшийн өсөлт, уналтаас маш сайн сэргийлэхийн зэрэгцээ бусад төсөл, хөтөлбөр шиг эрх ашиг, хаалт, гарын үсэг, бичиг цаас болдоггүй нь амар байсныг хэрэгжүүлэгчид хэлэв. Ам сайтай ч байсан. Гэвч энэ аргын гол хэрэглэгчид буюу импортлогчдын эсэргүүцэлтэй тулсан тул тэгсхийгээд зогсоосон байна.

Манай улс гурван жил орчмын хугацаа өнгөрөхөд дэвшүүлсэн, судалсан хувилбаруудаас аль ч нь ажил хэрэг болоогүй. Татаас, эсвэл үнийн өсөлт гэсэн хоёр сонголтын өмнө эргээд зогсож байна. Ингэхээр манай улсад шатахууны үнэ өсөхгүй байх боломж одоохондоо алга. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсны дараа л асуудал наашилж мэдэх юм.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 480

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. гадных нефт бензинийхээ үнийг хүссэнээрээ өсгөж бхад манайх дотоодоо өөрсдийнхөө бензинээр хангадаг болчихвол үнэ ханшийн савалгаа үүсэхгүй амар бхгүй юу. дотоодын бусдаас хараат бус тогтвортой бдлаа хадгалахад хэрэгтэй стратегын гэхээр үүцээ-нефтээ зүгээр л мөнгө олох гэж гадагшаа гаргаад бвал ч. өөр мөнгө олох арга олдохгүй бгаа юм шиг гэр орныхоо эд зүйлээ зараад идээд дуусгадаг айл шиг л явуургүй сэтгэхүй шиг санагдах.

    0 0 Хариу бичих