Уулын мухарт очоогүй хүний эрх

Хөдөөнөөс хотыг зорьсон “их нүүдэл” бий болоод багагүй хугацаа өнгөрлөө. Улмаар жил бүхэн залуу малчдын тоо цөөрч, малчдын залгамж халаа багасаж байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээлдэг. Түүнчлэн гэрлэх насны малчдын дунд хүйсийн тэнцвэргүй байдал бий болж, эмэгтэйчүүд хөдөөнөөс даажих болжээ. Үүнд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь охиноо хүнд хүчир хөдөлмөрөөс ангид байлгах гэсэн эцэг, эхийн сэтгэл, нийгмийн тогтсон хандлага ч нөгөө талдаа хөдөө амьдарч буй эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдөж буйтай холбоотой юм.

XXI зуунд богтлох ёс халагдаагүй байна

Хөдөөд эцгийн эрхт ёс ноёрхож, эмэгтэйчүүдийг “тогооны хүн” гэж хардаг хандлага өнөөг хэр нь өөрчлөгдөөгүй байна. Түүнчлэн охидыг богтолж, хүчээр гэр бүл болох үзэгдэл ч халагдаагүй хэвээр буй бөгөөд хонины бэлчээр дээр бэлгийн хүчирхийлэл үйлдэх тохиолдол ч элбэг. Үүний улмаас малчин эмэгтэйчүүдийн дунд амиа хорлох, гэр бүлийн хүчирхийллийн золиос болох, гэмт хэрэг үйлдэх зэрэг олон сөрөг үр дагавар бий болсоор байна. Нэг жишээ дурдъя. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Увс аймагт 23 настай эмэгтэй шилээр хоолойгоо зүсэж, амиа хорлохыг завдсан хэрэг гарсан. Үүний шалтгаан нь нутгийн залуу нь түүнтэй хүчээр гэрлэхээр богтолж, гэртээ авчирсантай холбоотой болохыг Цагдаагийн байгууллагаас мэдээлж байсан юм. Яг ийм явдал алслагдсан аймаг суманд элбэг тохиолддог бөгөөд эцэг эх, гэр бүлийнхнийхээ шахалтаар, хадам талын гуйлтаар хүсээгүй хүнтэйгээ хүчээр гэрлэсэн эмэгтэй ч цөөнгүй бий. Түүнчлэн малчин эмэгтэйчүүд суурин газрын эмэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангүй эрт гэр бүл зохиодог байна. Тодруулбал, ХЭҮК-ийн хийсэн судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 85.2 хувь нь 18-25 насандаа гэр бүл болсон гэж хариулсан төдийгүй 0.6 хувь нь 15-17 насандаа гэрлэсэн гэжээ. Ийнхүү хүчирхийлэл, хүний эрхийн зөрчил уулын мухарт “буглаж” байна.

Малчин эмэгтэйчүүд өдөрт дунджаар 11 цаг хөдөлмөрлөдөг

Малчин эмэгтэйчүүд өдөрт дунджаар 11 цаг хөдөлмөрлөдөг бөгөөд зурагт үзэх, радио сонсох, цахим орчноос мэдээлэл авах, сумын төв орж сургалтад хамрагдах зэрэг чөлөөт цаг гардаггүй аж. Энэ талаар “Ногоон алт” малын эрүүл мэндийн төвөөс “Монголын нүүдлийн мах аж ахуйд малчин эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд судалгаа хийжээ. Уг судалгаагаар малчин эмэгтэйчүүд өдөрт 36 цагийн ажил амжуулдаг болох нь тогтоогдсон байна.

“Ногоон алт малын эрүүл мэнд” төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан

Монголд анх удаа “Монголын нүүдлийн мал аж ахуйд малчин эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг” нэртэй жендерийн судалгаа хийсэн. Судалгаагаар малчин эмэгтэйчүүдийн тасралтгүй хөдөлмөрлөх цаг өдөрт дунджаар 11.1 гэж гарсан. Хамгийн их ачаалалтай хугацаа нь мал төллөх үе болон намрыг цаг. Шинэ төлөө хүлээж авах үеэрээ тэд 12.5 цаг, намар өдөрт дунджаар 14.1 цаг ажилладаг. Тэд ихэвчлэн үүрийн 04.00 цагаас оройн 12 цаг хүртэл тасралтгүй хөдөлмөрлөдөг. Нэг өдөрт малчин эмэгтэй хүний хийж байгаа бүх ажлыг жагсаагаад, зарцуулсан хугацааг нь нэмээд үзэхээр 36 цаг болж байгаа юм. Түүнчлэн малчид хүүхдүүдээ мал аж ахуйн хүнд хөдөлмөр эрхлүүлэх сонирхолгүй байдаг. Манай судалгаанд оролцсон хүмүүсийн 80 орчим хувь нь хүүхдээ өөр ажил төрөл хийлгэж, боловсролтой хүн болгохыг хүсэж байна гэж хариулсан. Тиймээс ирээдүйд нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдал, хөгжлийн чиг хандлага, малчдын амьдралын чанарыг сайжруулах, хөдөлмөрийг хөнгөвчлөх зэрэг асуудалд тусгайлан анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрх хөсөр хаягджээ

Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эрхийн талаарх асуудал шат, шатанд яригдах болсон ч мэдээлэл, технологиос ангид хөдөөгийн эмэгтэйчүүд өнөө хэр нь хүчирхийллийн талаар тодорхой ойлголтгүй хэвээр байна. Улмаар нөхөр нь гар хүрэх, сэтгэл санааны болон эдийн засгийн дарамт үзүүлэх зэргийн хүндээр тусгаж авдаггүй бөгөөд хүчирхийлэлд өртсөн ч хамгаалах байр болон цагдаагийн байгууллагад ханддаггүй аж. Тодруулбал, ХҮЭК-ийн 2019 онд хийсэн судалгаанд оролцсон эмэгтэйчүүдээс хүчирхийллийн талаар ойлголттой эсэхийг нь тодруулахад, 40.5 хувь нь дунд, долоон хувь нь муу, 1.5 хувь нь маш муу гэж хариулсан байна. Харин үлдсэн хэсэг нь хүчирхийллийн талаар мэдээлэлтэй гэжээ. Энэ талаар ХЭҮК-ийн мэргэжилтэн Г.Золзаяа “Малчин эмэгтэйчүүд эрхээ мэдэхгүй, энэ талын ойлголтгүйн улмаас эрх нь маш ноцтой зөрчигддөг. Тэднээс гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан эсэх талаар нь тодруулахад, ердийн үзэгдэл мэт хүлээж авч байсан” гэжээ.

Түүнчлэн нэгэн сумын хэсгийн төлөөлөгчөөс малчин эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн үедээ цагдаагийн байгууллагад ханддаг эсэхийг тодруулахад “Хөдөөгийн эмэгтэйчүүд гүжирмэг. Гар хөлийг нь хугалаад, гэмтэл бэртэл учруулчихгүй бол барагтай дуудлага, мэдээлэл өгдөггүй. Гар утасны сүлжээ барихгүй газар ч цөөнгүй бий. Гэр бүлийнхээ нэр хүндийг ч боддог байх. Цөөхөн хүн амтай суманд “би зодуулчихлаа” гээд зарлаад явах хүн цөөн. Тэгээд ч сумынхан өрөвдөж, зөвтгөхгүй. Зарга, зайдан хийгээд явбал эмэгтэйг нь л өөлнө. Тиймээс хүмүүс тэр бүр хүчирхийлд өртсөн тухайгаа дурсдаггүй байх” гэлээ.

Зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл бус бэлгийн хүчирхийлэл ч буйдхан хөдөө “буглаж” гүйцсэн. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсөж, бэлчээр усны асуудлын улмаас малчин өрхүүд ганц, нэгээрээ нутаглаж, хот айл гэх соёл аажим, аажмаар устаж буй юм. Үүний улмаас өрх толгойлсон эмэгтэйчүүд болон охид бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол элбэг байна.

Түүнчлэн малчин эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах нь ч нүдний гэм. Учир нь сумын төв орж, эмнэлэгт үзүүлэх цаг зав, боломж хязгаарлагдмал байдаг аж. Улмаар жирэмсний хяналтад хугацаандаа ордоггүй бөгөөд үзлэг, шинжилгээндээ ч хойрго ханддаг байна. Мөн эмийн зохисгүй хэрэглээ хөдөө хамгийн элбэг байдаг аж. Эмч, эмнэлэгт хандах боломж хязгаарлагдмал байдаг учир дур мэдэн эм хэрэглэх, дом, уламжлалт аргаар өөрсдийгөө анагаах тохиолдол элбэг талаар Говь-Алтай аймгийн нэгэн сумын Эрүүл мэндийн төвийн алба хаагч мэдээллээ.

Ийнхүү мал ахуйн салбарт хүчин зүтгэж буй малчин эмэгтэйчүүд эрхээ эдэлж, дархлах тухай ч бодох сөхөөгүй хөдөө хөхөрч, гадаа гандан хөдөлмөрлөсөөр л байна. Малынхаа ашиг шимээр л амьдралаа авч яваа учир ажил, үүргээсээ цааргалах эрх тэдэнд үгүй. Говь цөлжиж, ган гачигт нирвүүлж, хангай усжиж, үер усанд элбүүлж байгаа энэ хатуу цагт мал маллахад улам бэрх болж, мал аж ахуйгаас даажих залуус олширч буй буруутгахад бэрх юм.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 480

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Bainga baidag asuudal zondoo bhad deer ni nemeed ger bvliin margaan vvsgeh huuli batlana ch geh shig ene tor zasag malchid bolon ard irgedee svirvvleh yum l hiigeed baih yum. Ard irged ni taltsaad baihad ter ordondoo nuugdaj suuchaad yamar yumnii chin 2 ehnertei huuli we

    0 0 Хариу бичих
  2. ер нь тиймэрхүү алсарсан хол газар гэлтгүй амьдралын боломж бололцооноос болоод энэ талын мэдлэг мэдээлэл дутуу дулимаг хүмүүс олон байх шиг. тэгж бгаад соёлын довтолгоон гэдэг шиг улсаас бүх нийтээр нь гэгээрүүлэх албан сургалт явуулж шалгалт авмаар юм. хүний эрхийн талаар мэдлэг ойлголт өгөх хэрэгтэй бгаам. амьдрал угаасаа ийм бдаг гээд тэр хүнд нөхцөлтэйгөө эвлэрчихсэн, насаа дуусахыг хүлээгээд л амьдарч явдаг юм билээ.

    0 0 Хариу бичих
    • үр хүүхдүүдээ хамаагүй дээр ертөнцөд амьдруулахыг хүсч бвал нийтээр нь иймэрхүү богино хугацааны боловсролд албан журмаар хамруулмаар бга юм. тэгээд шалгалт авч нийгэмтэй харьцах эрхийг нь олгож бмаар. үнэмлэх юму юугаар хөшүүрэгддэг юм бгаан. хөдөөнөөс ирж бгаа хүмүүсийг ч хотын амьдрах хэв маягт сургах сургалт явуулж шалгалт өгүүлж бмаар бгаан. хотод амьдраад хотын соёлд суралцсан маш олон иргэдийг удаан хугацаанд бухимдуулж уур уцаартай зүрхний өвчтэй болоход нэрмээс болж бга бхда. зарим нь анзаарахгүйн тулд тэдэнтэй эвлэрч бга бх. наад зах нь зайгаа бариад очерлоод сурчихвал.

      0 0