Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрээр "Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа явагдаж өнгөрлөө. СЕХ өнөөдөр эцсийн дүнгээ гаргасан байна. Миний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж, гишүүд дэмжлэг, сонгогч түмнийхээ оролцоотой сонгуульд оролцлоо.
Сонгуулиар зөрчил болон эрүүгийн шинжтэй үйлдлүүд их гарсан. Их хэмжээний мөнгө тараалт боллоо. Төрийн албыг бүхэлд сонгуульд дайчиллаа.
МАН бусад улс төрийн хүчинтэй хамтарч, сонгуулийг зохион байгуулалттайгаар хуулийн бус хүрээнд зохицуулсан байх магадлалтай. Энэ асуудлаар АН цаашид судалгаа хийнэ.
Гэхдээ нэгэнт сонгуулийн дүнг баталгаажуулж гаргасан учраас СЕХ-ны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхэд нэг зүйл захья. Монголын ард түмэнд амлаж хэлсэн үг амлалтаа бүү мартаарай. Төрийн тэргүүний хувьд үүрэг хариуцлагатай ажиллаарай гэж захья.
Та Монголд парламентын засаглалыг дэмжих, ардчилал шударга ёс, эрх эрх чөлөөг улам төгөлдөржүүлэх асуудлыг амласан. Энэ үзэл баримтлалдаа үнэнч байгаарай.
Монгол төрийн үйл хэрэг, ард түмний эрх ашгийг огоорч орхиж болохгүй. Амласан амлалтаа биелүүлнэ гэдэгт тань итгэж байна. Танд саналаа өгсөн олон мянган иргэний хүсэл мөрөөдөл, даалгаврыг амжилттай хэрэгжүүлнэ гэж бодож байна.
Эцсийн мөч хүртэл надад итгэл үзүүлж, надтай хамт байсан үнэнч гишүүд, дэмжигчдэдээ гүн талархал илэрхийлье. Миний хувьд эцсээ хүртэл тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлийн төлөө явах болно" гэлээ.