Цэнхэр гарагийн гадаргууны 70 хувь болох 361 сая км.кв талбайд далай тэнгис цэлэлзэн бороо хурыг тэнцвэржүүлэх, цаг уур, хүчилтөрөгчийн хэмжээг удирдах зэрэг амьд бүхний оршин тогтнох үндсэн нөхцөлийг бүрдүүлдэг билээ. Дэлхийн усан мандал нь хүлэмжийн хийгээс үүдэлтэй дулаарлын 90 хувийг шингээн хуримтлуулдгаас гадна хүн амын 40 хувь нь эрэг орчмын бүс нутагт амьдарч, олон улсын худалдааны 90 илүү хувийг усаар тээвэрлэдэг тул далай тэнгис ихээр бохирдож, амьдрал тэтгэх чадвар нь улам уруудаж буй.
Бохирдолдоо буцлах далай
Хүн төрөлхтөн далайн уудам орон зай бүхий л хог хаягдлыг төвөггүй шингээх чадвартай юм шиг сэтгэж, хаягдлаа их усанд юүлсээр байгалийн тэнцвэрт байдал нэгэнт алдагдсан. Гэтэл далайн бохирдлын 70 орчим хувь нь хуурай газрын гаралтай. Тухайлбал, ус цэвэршүүлэх байгууламж, үйлдвэрийн хаягдал, химийн бодис ба тэдгээрийн нэгдэл, хуванцар эдлэл, өтөг бууц, нянгийн эсрэг хэрэглэдэг химийн бүтээгдэхүүн зэргээс үүдэлтэй юм. Энгийн жишээ дурдахад, тариалангийн талбай бордсон химийн бодис нь хөрс шороонд шингэж, агаарт дэгдэн хур тунадастай хамт буух замаар гол мөрөн, нуур цөөрөм, далай тэнгисийн усыг бохирдуулдаг. Усан тээвэр тэр дундаа газрын тос тээвэрлэгч том хөлөг онгоц осолдох үед далай тэнгисийн экосистем бүрэн сүйрч, ургамал амьтдыг үй олноор нь үхэлд хүргэдэг уршигтай.
НҮБ-ын мэдээгээр сүүлийн 100 жилийн хугацаанд зарим загасны нөөц 90 хувиар буурсан бол жил бүр 21 сая баррель нефть далай тэнгист асгарч буй. Томоохон усан сангуудад хаягдаж байгаа синтетик хаягдлаас болон жилд сая шувуу, 100 мянган далайн амьтан мөхдөг ажээ.
Даяарчлалын дулаарлын улмаас сүүлийн 100 жилд усны түвшин 10-25 см-ээр нэмэгдэж буйг эрдэмтэд нэгэнт сануулсан. Тэгвэл усны гадаргуугаас доош далайн гүнд бүртгэгдсэн дулааны хэмжээ 1995 оноос хойш тасралтгүй нэмэгдэх болсныг “Advances in Atmospheric Sciences” сэтгүүл онцолжээ. Судлаачид өнгөрсөн оны далайн температур, давсжилтын талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд 2000 метр хүртэлх гүнд шингэсэн дулааны хэмжээ 2019 оныхтой харьцуулахад 20 зеттажоулиар илүү байжээ. Энэ нь 1.5 литрийн хэмжээтэй 1.3 тэрбум данх усыг буцалгах хэмжээний халуун юм.
Таван жилд таван хувиар
Тэгвэл Conservation International байгууллагаас “Blue Nature Alliance буюу Цэнхэр байгалийн холбоо” санаачилгыг дэвшүүлэн дэлхийн нийт далай, тэнгисийн таван хувийг нөхөн сэргээх бэрхшээлтэй хэдий ч ихээхэн амбицтай төлөвлөгөө боловсруулаад буй. Өөрөөр хэлбэл, Өмнөд Америк тивийн нутаг дэвсгэртэй тэнцэх талбайг таван жилийн хугацаанд нөхөн сэргээнэ гэсэн үг юм. Өнөөхөндөө 125 сая ам.доллар босгоод буй төслийн хүрээнд Антарктид, Сейшеллийн арлууд, Палау, Баруун Энэтхэгийн далай, Тристан да Кунха болон Өмнөд Атлантын далай зэрэг долоон газарт нөхөн сэргээлт хийнэ. Шинээр байгуулах далайн хамгаалалтын бүсүүд нь их хэмжээний арилжааны зорилготой загасчлалгүй, орон нутгийн иргэдийн оролцоотойгоор хамгаалах, сэргээх боломжтой хэсгүүд ажээ.
Далайн хамгаалалтын атласаас үзэхэд дэлхийн далай тэнгисийн долоон хувийг дархан цаазтай гэж тогтоосон боловч зөвхөн 2.7 хувийг л бүрэн хамгаалалттай гэж үздэг. Тэгвэл “Цэнхэр далайн холбоо” төслийн үрээр 2030 гэхэд дэлхийн нийт далай, тэнгисийн дор хаяж 30 хувийг хамгаалалттай бүс болгохоор зорьж буй.
Богино хугацаанд их усыг эрхшээх төлөвлөгөө бүтэшгүй мөрөөдөл мэт сонсогдож болох ч орчин цагийн өндөр технологийн тусламжтайгаар далайн экосистемийг хадгалж чадна гэж Conservation International-ий гүйцэтгэх захирал Муттулингам Санжаян хэллээ. Тухайлбал хиймэл дагуулын технологийг сайжруулснаар хууль бус загас агнуур илрүүлэх ажлыг хөнгөвчлөхийн зэрэгцээ орон нутгийн иргэдийн дэмжлэг нь тусгай хамгаалалттай газар нутгийн арчлалтыг баталгаажуулах болно. “Хэрэв тухайн бүс нутгийн хүмүүс далай яагаад чухал болохыг ойлговол хамгаалахыг илүү их хүсдэг болно” гэж Санжаян тодотгосон юм. Эрэг хавийн бохирдлыг бууруулах, хэт их загасчлалыг хязгаарлахын зэрэгцээ эргэн сэргэхдээ маш удаан эмзэг экосисмтемтэй далайн гүнээс ашигт малтмал, нефтийн олборлолт хийхийг хазаарлах бодлого ч энд яригдаж буй.
“Deep Sea Mining Campaign” олон улсын байгаль хамгаалах сангаас гаргасан судалгаанд өгүүлснээр, Номхон далай дахь гүний олборлолтын ганц талбай нь 800 метр хавтгай дөрвөлжин талбайд далайн ёроолын бүх амьтныг устгах эрсдэлтэйг сануулжээ.
Тэгвэл далай тэнгисийн гүнээс олборлосон ашигт малтмалын хэрэглээг зогсоох тухай Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) санаачилгыг олон улсын компаниудаас хамгийн түрүүнд BMW, Volvo болон Google компани дэмжсэн байна. Тэд гүнээс олборлосон металлыг авахгүй байх, нийлүүлэлтийн сүлжээнээсээ хасах, мөн ийм хайгуул, олборлолт хийдэг компаниудын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй байх үүргийг хүлээжээ.
Далайд гарцгүй Монголд
Тэнгис далайн их ай саваас алслагдмал Монгол орон олон жилийн дунджаар жилд 608,300.0 сая шоо метр усны нөөцтэй гэж тооцдог. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөнх цас, мөсөн голын зузаан нимгэрч, эзлэх талбай багасан усны нөөц даруй 564,800.0 сая шоо метр болж буурчээ. Говийн бүсэд ашигт малтмалын олборлолт эрчимжиж, аж үйлдвэрлэлийн гол түшиц газар болгохоор төлөвлөж байгаа хэдий ч өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангахуйц нөөцгүй хэвээр. Хүн амын өсөлт, хотжилт, аж үйлдвэрийн хурдацаар төсөөлж үзэхэд 2030 онд манай усны хэрэглээ 3-4 дахин нэмэгдэнэ.
2020 оны усны тооллогын дүнгээр Монголд 116 гол горхи, 381 булаг шанд, 180 нуур тойром, таван рашаан ширгэсэн дүн гарлаа. Гол, нууруудын усны түвшин эрс багасч байгаа нь маш эрчимтэй явагдаж буй ууршилттай холбоотой. Гурван жилийн өмнө хийсэн судалгаагаар говийн бүсэд жилд орж байгаа хур тунадасны хэмжээнээсээ ууршиж байгаа чийг нь 50 дахин их байгааг тогтоожээ.
Гэтэл Монгол орны нийт нутагт 2021 оноос их хуурайшил буюу гангийн давтамж эхлэх төлөвтэйг эрдэмтэн судлаачид анхааруулсан ч даруй 20 жил үргэлжилж мэдэх байгалийн хатуу шалгуураас урьтаж гадаргын усаа сэлбэх дорвитой бодлого үгүйлэгдсээр.