Хувийн тэтгэвэр үү, хадгаламж уу

Залуус нь хөгшдийнхөө тэтгэврийг олгодог тогтолцоотой монголчууд өвлөгддөг, хадгалагддаг хувийн тэтгэвэртэй болох үгүй нь шийдэгдэх эгзэгтэй үе ирээд байна. Улсад насаараа мөнгө төлчихөөд хэдхэн жил хэрэглээнд хүрэлцэхгүй тэтгэвэр авч, зарим нь амралтдаа ч гарч чадахгүй бурхан болж хохирдог өнөөгийн нийгэмд өвлөгддөг хувийн тэтгэвэр бол яалт ч үгүй маш чухал өөрчлөлт.

Тэтгэврийн сан нь жил бүр алдагдалтай гарч, насаараа хөдөлмөрлөсөн ахмадууд амралтад суухдаа эмзэг давхарга руу шилжиж, нас барагсдын тэтгэврийг өвлүүлдэггүй нь хуваарилалтын буюу одоогийн тогтолцооны хамгийн сул тал. Энэ тогтолцоогоор цаашид явбал 2040- өөд оны үед ахмадууддаа тэтгэвэр олгож чадахгүйд хүрэх тооцоолол бий. Өөрөөр хэлбэл, 1990-ээд оны их төрөлтийн үеийнхэн гавьяаны амралтдаа гарахад бага төрөлтийн үеийнхэн тэтгэврийн сангийн хөрөнгийг нийгмийн даатгалын шимтгэлээрээ бүрдүүлж дийлэхгүй. 2040 оны үед тэтгэврийн насныхан ажиллах хүчнээс илүү гарах судалгааг ч албаныхан танилцуулсан нь бий. Одоо ч тэтгэврийн санд шаардлагатай хөрөнгийг төвлөрүүлж чадахгүй байгааг жил бүр улсын төсвөөс 500 тэрбум төгрөгийг тэтгэврийн сан руу шилжүүлдгээс харж болно. Тиймээс л УИХ, Засгийн газраас иргэдэд өвлөгддөг, хуримтлуулдаг тэтгэврийн санг бий болгох гэж байгаа юм. Бий болгох ч бас биш. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх гэж байгаа юм.

Угаас манайд том аж ахуйн нэгжүүд хувийн тэтгэврийн тогтолцоог хэрэгжүүлээд 10-аад жил болчихсон. Харин урт хугацаанд нь үр ашигтай байлгах, иргэн, аж ахуйн нэгжийн хоорондын харилцааг хуульчлах, тэдний эрх ашгийг хамгаалахын тулд хууль эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай болоод буй. Харин тэгтэл суурь нь нэг хэрнээ аргачлал нь өөр хоёр хуулийн төслийг УИХ, Засгийн газраас боловсрууллаа.

Нэг нь, УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүтэй гишүүдийн боловсруулсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл. Энэ төсөл өнгөрсөн онд УИХ-ын босго давж, үзэл баримтлал нь дэмжигдсэн.

Нөгөө нь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулж буй Засгийн газрын өргөн мэдүүлэх төсөл. Одоогоор хараахан УИХ-д өргөн мэдүүлээгүй ч гишүүдийн боловсруулсан төсөлтэй нэгтгэн хэлэлцэхээр тохиролцсоныг салбарын сайд нь чуулганы индэр дээрээс мэдэгдсэн. Ингэснээр манай улсад ямар ч гэсэн хувийн тэтгэврийн сан хуульчлагдах нь тодорхой болов.

Харин суурь нэгтэй хуулиудыг нэгтгэх нь ойлгомжтой болсон ч хоёр өөр аргачлалыг хэрхэн зохицуулах нь одоогоор тодорхой бус байна. Товчхон сийрүүлбэл, гишүүдийн боловсруулсан төсөлд одоо иргэд нийгмийн даатгалын санд төвлөрүүлж байгаа 26 хувийн шимтгэлээс дөрвөн хувийг нь хувийн тэтгэврийн санд шилжүүлэх зохицуулалт тусгасан. Ингэснээр гавьяаны амралтад гарахдаа улсаас ч, хуримтлалаасаа ч зэрэг тэтгэвэр авах боломжийг энэ хуулиар нээж байгаа юм. Хуримтлалын санд ажилтан хоёр, байгууллага хоёр хувийн шимтгэл төлөх бөгөөд өөрийн сонголтоор хамрагдах боломжтой. Зөвхөн ажилтан гэлтгүй хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн сайн дураар шимтгэл төлж, хувийн тэтгэвэрт хамрагдаж болно.

Тэтгэвэр тогтоолгоод удаагүй байхдаа буюу ажил хөдөлмөрийн үр шимээ хүртэж чадахгүйгээр нас барсан тохиолдолд хуримтлалыг үр хүүхдүүдэд нь өвлүүлэх зэрэг нь гишүүдийн боловсруулсан төслийн онцлог. Хамгийн чухал хэсэг нь нийгмийн даатгалын санд төлж байгаа иргэдийн мөнгөнөөс тодорхой хувийг хувийн тэтгэврийн санд төвлөрүүлэх зохицуулалт.

Харин Засгийн газрын барьж буй бодлого нь Нийгмийн даатгалын санд ачаалал үүсгэхгүйгээр иргэдээс сайн дураар нэмэлт хуримтлал үүсгэх юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн улсад төлж байгаа шимтгэлээс хувийн сан руу шилжүүлэхгүй, иргэдээс нэмэлт шимтгэл хэлбэрээр хуримтлал үүсгэх аргыг ашиглах гэж байгаа. Үүнд л УИХ-ын гишүүдийн болон Засгийн газраас боловсруулсан хоёр хуулийн төслийн гол ялгаа оршиж байгаа юм.

Өөр нэг ялгаа нь татварын дэмжлэг. Засгийн газрын боловсруулсан төсөлд хувийн тэтгэврийн санг байгуулан хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх зохицуулалт тусгасан гэх мэдээлэл бий. Харин өвлүүлэх боломжтой, сайн дураар хувийн тэтгэврийн санд хуримтлал үүсгэх зэрэг бусад зохицуулалтаар бол хоёр төсөл хоорондоо төстэй.

УИХ-ын гишүүн Н.Учрал

Хувийн тэтгэвэр буюу олон тулгуурт тогтолцоо руу шилжсэнээр бидэнд нэг том давуу тал бий болно. Хүн болгон хуримтлалтай болно. Тэгэхгүй бол 20-30 жилийн дараа тэтгэвэрт гарах залуучууд өнөөдөр хохироод байна. 1990-ээд оны их төрөлтийн үеийнхэн 60-аад оны бага төрөлтийн үеийнхний тэтгэврийг төлж байна. Өөрөөр хэлбэл, гурван залуу хүн нэг ахмад настны тэтгэвэр төлж байна. Энэ байдал 2040 онд 1:1 болох юм билээ. Тиймээс олон тулгуурт тэтгэврийн тогтолцоо руу шилжихийн тулд эхлээд хувийн тэтгэврийн хуулиа баталж гаргаад, дараа нь хуримтлалд суурилсан төрийн тэтгэврийн сангаа байгуулъя.

УИХ-ын чуулганы хуралдаан 2020.10.29

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа

Засгийн газар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулж байна. Н.Учрал гишүүний санаачилсан хуулийн төсөлтэй суурь нь нэг гэж болно. Гэхдээ Засгийн газраас дэмжихгүй хоёр зүйл бий. Энэ нь нэмэлт, сайн дурын үндсэн дээр байх буюу Нийгмийн даатгалын санд ачаалал үүсгэж болохгүй гэдэг зарчмыг илэрхийлсэн. Гишүүдийн өргөн барьсан төсөлд нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх шимтгэлээс дөрвөн хувийг хувийн тэтгэврийн санд оруулахаар тусгасан. Харин иргэд дөрвөн хувийн шимтгэл хуримтлуулаад хэзээ үр ашгаа хүртэх нь тодорхойгүй байгаа юм. Хоёрдугаарт, хувийн тэтгэврийн харилцаа нь Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын бүтээгдэхүүн болж, Монголын зах зээлд хэрэгжээд 10 жил болж байна. Үүнийг хэрэгжүүлж байгаа компаниудын татварын дэмжлэгийн асуудал Н.Учрал гишүүний хуулийн төсөлд ороогүй. Ийм хоёр асуудалд Засгийн газар эсрэг байр суурьтай байгаа.

УИХ-ын чуулганы хуралдаан 2020.10.29

Нэрийн дансны алдааг давтах уу

Манай улс уг нь иргэдийн төлсөн шимтгэлийг нэрийн дансанд хуримтлуулж, хүү тооцон тэтгэвэр олгох хуулийг хэрэгжүүлээгүй л болохоос аль эрт 1999 онд баталсан. Тодруулбал, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг баталж, 1960 оноос хойш төрсөн даатгуулагчдад хуримтлал үүсгэхээр болсон юм. Гэвч иргэдэд хуримтлал үүсгэж, нэрийн дансыг нь мөнгөжүүлэхгүйгээр барахгүй 1960 оныхон тэтгэвэр гарч эхлэхэд тэтгэврийн насыг уртасгах замаар хөнгөхөн зальдаад өнгөрсөн. Энэ хуульд нэрийн дансны хуримтлалыг үр хүүхэд, ар гэрийнхэнд нь өвлүүлэх, хөрөнгө оруулалтын эргэлтэд оруулах зэрэг зохицуулалт оруулаагүй. Үүнээс гадна одоог хүртэл иргэдийн нэрийн дансыг мөнгөжүүлээгүй нь хуулийн үндсэн агуулга алдагдаж, “үхмэл” байдалд шилжихэд хүргэсэн юм.

Хувийн тэтгэврийн хуулийг нэр төдий “үхмэл” хууль болгоход ойрхон байна. УИХ-аар УИХ- ын гишүүдийн болон Засгийн газрын боловсруулсан Хувийн тэтгэврийн хуулийг нэгтгэн хэлэлцэн батлах нь тодорхой болсон. Харин дээр дурдсанчлан Засгийн газрын санаачилсан агуулгаар буюу Нийгмийн даатгалын санд иргэдийн төлсөн шимтгэлээс тодорхой хувийг хувийн тэтгэврийн сан руу шилжүүлэхгүй, нэмэлт байдлаар хуримтал үүсгэвэл хууль иргэдэд тэгш хүртээмжтэй үйлчилж чадахгүй. Иргэд хувийн тэтгэврийн санд бүрэн хамрагдаж чадахгүй гэсэн үг. Орлого багатай иргэд тэтгэврийн хуримтлал үүсгэх боломж нь хомс. Харин өндөр цалин хөлстэй иргэд л хуримтлал үүсгэж, хуулийг ашиглаж чадна. Тэгэхээр Засгийн газрын гаргаж буй агуулга нь банкны урт хугацаатай хадгаламжаас ялгарахгүй. Хувийн буюу хуримтлалын нэртэй л болохоос тэтгэврийн тогтолцоо одоогийнхоосоо өөрчлөгдөхгүй. Нэрийн дансны хуулиа хэрэгжүүлээгүй алдаагаа л давтана гэсэн үг. Тиймээс л улсад төлж байгаа шимтгэлээс тодорхой хувийг хувийн тэтгэврийн санд хуримтлуулах боломжийг иргэдэд олгох шаардлагатай юм.

Эдийн засагч Г.Батзориг

Мэдээж бид шууд нийгмийн даатгалын шимтгэлийг хувийн сан руу шилжүүлж чадахгүй учир бусад улс орнуудын адил шимтгэлийн 1-2 хувийг шилжүүлэх байдлаар явах нь зүйтэй. Хувийн тэтгэврийн санг нийгмийн даатгалын шимтгэлийн 1-2 хувиар бүрдүүлбэл хөрөнгийн зах зээл дээрх компаниуд хямд, урт хугацаатай эх үүсвэртэй болох юм. Улмаар хөрөнгийн зах зээл хөгжиж, улсын төсөв түүхий эдийн үнээс хамаарах хамаарал ч багасна.

2019.10.28

Болгоомжлол

Мэдээж хуримтлал үүсгэж, иргэдийн мөнгийг урт хугацаанд хадгалж, эргэлдүүлэх найдвартай аж ахуйн нэгж бий юү гэдэг нь болгоомжлох асуудал. Хэдийгээр манай улсад хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүд бий болсон ч бүгд урт хугацаандаа бүгд найдвартай байна гэсэн баталгаагүй. Гэлээ гээд төр хуримтлалын санг хариуцаад одоогийн аж ахуйн нэгжүүд шиг амжилттай хэрэгжүүлэхгүй нэрийн дансны туршлагаас тодорхой харагдаж байна. Тиймээс санг эрхлэн байгуулах этгээдүүдэд ногдох үүрэг, хариуцлагыг хуульд тодорхой тусгах хэрэгтэй. Мөн иргэдэд хувийн тэтгэврийн хуримтлалын үр ашгийг хэзээ, хэрхэн хүртээх зэрэг нарийн зохицуулалтыг нямбай хийчихвэл монголчууд бүгд хуримтлалтай болж, тэтгэвэрт гарахдаа санхүүгийн хувьд хэнээс ч хараат бус болох билээ.

Эдийн засагч Б.Дэлгэрсайхан 

Өндөр хөгжилтэй, тэтгэврийн даатгалын систем нь сайн хөгжсөн орнууд хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоон дээр бүх төрлийн хөрөнгө оруулалтыг хийх боломжоор хангасан байдаг.

Тэтгэврийн тогтолцоог өөрчлөх шаардлага

Дэлхийн улс орнууд 3-4 төрлийн даатгалаас тэтгэвэр тогтоож, иргэдийнхээ нийгмийн баталгааг хангаж байна. Эрдэмтдийн судалгаанд улс орнууд төрийн даатгалаас олгох суурь тэтгэвэр, заавал даатгалаас олгох хуримтлалын тэтгэвэр, сайн дурын нэмэлт тэтгэвэр, ажил олгогчоос олгох тэтгэвэр гэсэн үндсэн дөрвөн төрлийг түгээмэл ашиглаж байгааг дурджээ. Харин манай улс одоо ажиллаж буй хүмүүсийн шимтгэлээр өндөр настнуудын тэтгэврийг өгдөг хувь тэнцүүлсэн тогтолцоонд шилжээд олон жил болж байна. Энэ тогтолцоог XIX зуунд Германд анх нэвтрүүлсэн гэдэг. Үүнээс хойш Герман улс системдээ гурван удаа шинэчлэл хийсэн бол манай улс хэвээр нь хадгалж буй. Цаашид энэхүү тогтолцоог дангаар нь ашиглах боломжгүйг дараах тоо баримтаас харж болно.

- Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тоо жил бүр өсөж 2018 оны эцэст 418 мянгад хүрсний 311 мянга нь өндөр насны тэтгэвэр авагч байна. Хэдийгээр нийгмийн даатгалын хамралт жил тутамд өсч 2018 оны эцсийн байдлаар 1.2 сая даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэл төлж, тэтгэврийн даатгалын сангийн орлого жил бүр нэмэгдэж байгаа ч хүн амын насжилт нийт хүн амд эзлэх ахмад настны хувийн жингийн өсөлттэй холбоотойгоор нийгмийн даатгалын сангийн зардал орлогоос хурдацтайгаар өсөж байна.

- Хүн амын дундаж наслалт 2019 оны байдлаар 70.41 (эрэгтэй 66.38, эмэгтэй 75.96)-д хүрч, 2006 оны түвшинтэй харьцуулахад дөрвөн насаар нэмэгджээ. Нийт хүн амд ахмад настны эзлэх хувийн жин 2016 оны байдлаар 8.2 байгаа бол 2040 онд энэ үзүүлэлт 20 орчим хувьд хүрэхээр байна. Түүнчлэн 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд дөрвөн хүн, 2020 он гэхэд таван хүн, 2040 онд найман хүн болох урьдчилсан тооцоололтой байна.

- Улсын төсвөөс Нийгмийн даатгалын санд жил бүр 500-600 тэрбум төгрөгийн татаас олгодог. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг 5-6 хувиар нэмж байж блансаа барина.

- Нийт тэтгэвэр авагчдын 91 хувь нь 500 мянган төгрөг хүртэл, 53.8 хувь нь доод хэмжээгээр буюу 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 477

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ндш төлөхгүэ, болисон. эхнээсээ ман-ын ундармаа гусчаад яагаачгүй юм шиг яваад бна

    1 0 Хариу бичих