Цар тахлын улмаас бүтэн жил хаагдсан цэнгэлдэхүүд үүдээ нээн хөлбөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигчдээ хүлээн авахад бэлэн боллоо. Европын аварга шалгаруулах анхны тэмцээн зохиогдсоны 60 жилийн ойд зориулан Европын хөлбөмбөгийн холбоо (ЕХХ) “Евро-2020”-ийг олон нийтэд хүртээмжтэй, өргөн дэлгэр зохион байгуулахаар төлөвлөж анх удаа 12 улсыг сонгоод байв. Гэвч Ирландын Дублин хотыг үлдсэн хугацаанд цар тахлын хөл хориогоо султган хөгжөөн дэмжигчид хүлээн авах таатай нөхцөлийг хангаж чадахгүй гэж үзсэн тул зохион байгуулах хотуудын жагсаалтаас хасжээ. Дублинд хийхээр төлөвлөж байсан тоглолтуудыг Лондоны Уэмбли, Санкт Петербургийн Крестовский, Севилья хотын олимпын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд хуваана. Ийнхүү буурал тивийн Амстердам, Баку, Санкт Петербург, Ром, Бухарест, Копенхаген, Мюнхен, Глазго, Будапешт, Севилья, Лондон хотуудад явагдах “Евро-2020” -ийн тоглолтууд бүгд үзэгчтэй, үнэнч хөгжөөн дэмжигчдийн халуун уухайн дунд өрнөх юм. Гагцхүү улс, хот болгон үзэгчдийн тоог харилцан адилгүй тогтоож буй. Будапешт гэхэд цэнгэлдэхээ 100 хувь үзэгчдээр дүүргэх төлөвлөгөөтэй байгаа бол Санкт Петербург, Баку 50 хувь, бусад хот 22-33 хувийн дүүргэлттэй байх аж. Хагас шигшээ, шигшээ тоглолт болох Лондон хот цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үзэгчдийн тоог нэмэхээ амлажээ. Гэхдээ зохион байгуулагчдаас есөн улс гаднын аялагч хөгжөөн дэмжигчдийг хилээр нэвтрүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Одоогийн байдлаар Азербайжан, Унгар, ОХУ хилийн чанадаас ирж байгаа хөгжөөн дэмжигчдийг сөрөг шинжилгээний хариутай тохиолдолд хилээр саадгүй нэвтрүүлж, хорио цээрийн тусгаарлалт шаардахгүй бол Унгар улс сүүлийн зургаан сарын хугацаанд халдвар аваад эдгэрсэн иргэдийг ч хүлээж авна.
Уэмбли Лондон, Англи
Түүх: 1923 онд анхлан баригдсан Уэмбли цэнгэлдэх хүрээлэнг засаж сайжруулан 2007 онд шинээр ашиглалтад оруулжээ. Пеле нэгэн цагт “Хөл бөмбөгийн ариун цогчин дуган” хэмээн нэрийдэж байсан Уэмбли цэнгэлдэхэд Английн хөлбөмбөгийн цомын шигшээ тоглолтууд жил бүр болдогоос гадна Лигийн цомын финал, Европын цомын 5 удаагийн тэмцээн, 1966 оны ДАШТ-ий финал, Евро 96-ийн шигшээ тоглолт , 2011 болон 2013 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолт зохион байгуулагдсан. Мөн 1948 оны зуны олимпын наадмын нээлт, 1985 оны Live Aid буяны тоглолт ч Уэмбли цэнгэлдэхээр овоглодог.
Багтаамж, хязгаарлалт: “Евро 2020”-ийн гол тоглолтууд Уэмблид явагдана. Үүнд хэсгийн шатны гурав, шөвгийн 16-ын хоёр тоглолт, хагас шигшээ болон финалын тоглолт Уэмблийн талбайд болох юм. Хэсгийн шатны тоглолтын үеэр 91 000 мянган хүний суудалтай цэнгэлдэхийн дөрөвний нэгийг дүүргэнэ гэж тооцоолж буй ч шигшээ тоглолтын үеэр нөхцөл байдал сайжирвал 45 000 хөгжөөн дэмжигч авах ч магадлалтай хэмээн Английн Ерөнхий сайд Борис Жонсон ам алджээ. Тус улсын хувьд зургаадугаар сарын 21 хүртэл зарим хязгаарлалт үйлчлэх боловч халдварын тархалт бага ч ногоон жагсаалтад багтаагүй орнуудаас ирж буй хөгжөөн дэмжигчдийг 10 хоногийн хорио цээрийн дэглэм барьж, хоёр удаа ПГУ шинжилгээнд хамрагдахыг заажээ. Харин тархалт өндөртэй улаан жагсаалтад багтсан орнуудаас ирэх хүмүүс заавал хорио цээрийн дэглэм бүхий зочид буудалд бууна.
Олимпын цэнгэлдэх хүрээлэн Ром, Итали
Түүх: 1937, 1953 онуудад өргөтгөл засвар хийгдэж байсан Олимпын цэнгэлдэх 1990 оны ДАШТ-ний өмнө бүрэн шинэчлэгдэж өнөөгийн өнгө төрхөө олжээ. 2009 онд Аваргуудын лигийн шигшээ тоглолтыг зохион байгуулахад бэлтгэж Ром хотын захиргаа цэнгэлдэх хүрээлэнгийн аюулгүй байдлыг сайжруулан үзэгчдийг суудлыг бүрэн сольжээ. Түүнчлэн тамирчдын хувцас солих өрөө, хэвлэл шууд дамжуулалтын хэсгийг өргөтгөн, ариун цэврийн өрөөний тоог нэмэгдүүүлснээр Стадио Олимпико ЕХХ-ны Элит цэнгэлдэх хүрээлэнгийн ангилалд багтсан юм.
Багтаамж, хязгаарлалт: Италийн хөлбөмбөгийн холбоо (FIGC) 72 600 хүний багтаамжтай цэнгэлдэхийн 25 хувьд нь үзэгч авах боломжтой гэж үзэж буй. Тэгвэл Италийн Засгийн газар цар тахлын нөхцөл байдал, дархлаажуулалтын үр дүнгээс шалтгаалан үзэгчдийн тоог 18 000-аас нэмэх боломжтой гэжээ. Гэхдээ цэнгэлдэхэд нэвтрэх хөгжөөн дэмжигчдийг гар утсандаа заавал хүн хоорондын зай барьж байршил тодорхойлох аппликейшн татсан байхыг анхаарууллаа. Гаднын иргэдийн тухайд тавдугаар сарын 15-аас хойш вакцин хийлгэсэн эсхүл ПГУ шинжилгээний сөрөг хариутай тохиолдолд хорио цээрээс чөлөөлнө. Ромын цэнгэлдэхэд А хэсгийн гурван тоглолт, нэг 1/4 шигшээ тоглолт явагдана.
Олимпын цэнгэлдэх хүрээлэн (Estadio La Cartuja) Севилья, Испани
Түүх: Хуучин цэнгэлдэхийн буурин дээр 1999 онд боссон байгууламжийн дийлэнх хувийг Андалуз болон Испанийн Засгийн газар эзэмшдэг. Хотын хоёр том клуб болох Реал Бетис, Севилья нар өөрсдийн гэсэн цэнгэлдэх хүрээлэнтэй тул хөлбөмбөгийн тоглолтууд төдийлөн болдоггүй. Севилья хот 2004, 2008 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах өрсөлдөөнд оролцохдоо тус цэнгэлдэх хүрээлэнг гол байгууламжаар танилцуулсан тул Олимпын гэх тодотголтой болсон юм.
Багтаамж, хязгаарлалт: ЕХХ анх Испанийн Бильбао хотыг сонгоод байсан ч Баскийн бүс нутгийн засаг захиргаа коронавируст цар тахлын үеэр үзэгч хүлээн авах баталгаа өгч чадахгүй байсан тул Севильягаар сэлбэжээ. 60 000 хүний суудалтай Эстадио де Ла Картуха 30 орчим хувийн дүүргэлттэй буюу нэг тоглолтод 18 000 орчим хөгжөөн дэмжигч хүлээн авна. Энд Е хэсгийн тоглолтууд болон шөвгийн 16-ийн нэг тоглолт болно.
Европын холбоо болон Шенгений бүсээс гаднах орны иргэд Испанид нэвтрэхэд хязгаарлалттай байгаа ч вакцины бүрэн тун авсан гадаадын аялагчдад зургаадугаар сарын 7-ноос хилээ нээхээр төлөвлөж байна.
Крестовскийн цэнгэлдэх хүрээлэн Санкт-Петербург, ОХУ
Түүх: Оросын эртний нийслэлийн Крестовский арал дээр 2017 онд баригдсан цэнгэлдэх 2018 оны ДАШТ-ийг хүлээн авч байв. Архитектор Кишо Курокавагийн зураг төслөөр байгуулсан уг цэнгэлдэхийг Японы Тоёота цэнгэлдэх хүрээлэнгийн томруулсан хувилбар ч гэж нэрлэдэг. Эвхэгддэг дээвэртэйн зэрэгцээ харааны бэрхшээлтэй үзэгчдэд зориулсан аудио тайлбарлагчаар бүрэн тоноглогдсон, тэргэнцэртэй иргэд тухлах боломжтой 266 суудалтай ажээ. ОУОХ-ны аюулгүй байдлын шаардлагын дагуу цэнгэлдэх хүрээлэнг ДАШТ-ий тоглолтуудад зориулж нүүр царай таних системээр тоноглосон тул хөлбөмбөгийн тэмцээнд нэвтрэхийг хориглосон үймээн дэгдээгч, хөгжөөн дэмжигчдийг илрүүлэх боломжтой.
Багтаамж, хязгаарлалт: Оросын эрх баригчид 65 000 хүний суудалтай цэнгэлдэхийн 50 хувьд нь зочин авахаа мэдэгдсэн. ПГУ шинжилгээний сөрөг хариутай тохиолдолд гаднын жуулчид ОХУ-д нэвтрэх эрхтэй. Хөлбөмбөгийн домогт Зенит клубын үндсэн бэлтгэлээ базаадаг тус хүрээлэнд “Евро2020” тэмцээний хэсгийн зургаан тоглолт, шөвгийн наймын нэг тоглолт болно.
Пушкаш Арена Будапешт, Унгар
Түүх: Нийслэлийн 14 дүгээр дүүрэгт орших цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил 2017 онд эхэлж 2019 оны сүүлээр Унгар-Уругвайн нөхөрсөг тоглолтоор нээгдэж байв. Шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах төлөвлөгөөг Унгарын Засгийн газар 2011 оноос танилцуулж ирсэн ч төсөвт өртөг нь нэмэгдсээр 533 сая еврогоор босжээ. 2016 онд нураасан өмнөх цэнгэлдэх хүрээлэн ч мөн Унгарын үндэсний шигшээ багийн ахлагч, домогт хөлбөмбөгч Ференц Пушкашаар овоглодог юм.
Багтаамж, хязгаарлалт: F хэсгийн гурван тоглолт, шөвгийн 16-гийн нэг тоглолт болох Пушкаш цэнгэлдэх 61 000 хүний суудлаа бүрэн дүүргэхээ зарласан. Гаднын хөгжөөн дэмжигчдийн хувьд ПГУ-ын шинжилгээний хариу нь сөрөг гарсан, вакцины бүрэн тунгаа авсан эсхүл халдвараас эдгэрч дархлаа тогтсон хүмүүсийг Будапешт хотноо хүлээж авахад бэлэн. Харин Унгарын иргэдийн хувьд ПГУ шинжилгээ хангалтгүй, гагцхүү дархлаа тогтсон хийгээд вакцины хоёр тунгаа тариулсан хөгжөөн дэмжигчид л Пушкашт нэвтрэх эрхтэй.
Хэмпден Парк Глазго, Шотланд
Түүх: 1903 онд суурийг нь тавьсан Хэмпденг 1999 онд бүрэн шинэчилж орчин үеийн жишигт нийцүүлжээ. 1950 онд Рио-де-Жанейро хотноо Маракана нээгдэх хүртэл Хэмпден дэлхийн хамгийн том хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгээр нэрлэгдэж байв. 1937 онд уг цэнгэлдэхэд болсон Шотландын эсрэг Английн шигшээ багийн тоглолтыг 149 415 хүн үзсэн нь Европын хөлбөмбөгийн түүхэнд бичигдсэн дээд амжилт. Үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 1977 онд багтаамжийг 81 000 болгож бууруулжээ.
Багтаамж, хязгаарлалт: Ихэвчлэн Шотландын шигшээ баг байрладаг Хэмпден Паркт энэ жил D хэсгийн гурван тоглолт, 16-н тойргийн тоглолтыг зохион байгуулна. Шотландын тэргүүн сайд Никола Стержон 51 866 хүний суудалтай цэнгэлдэхийг 25 хувь хүртэл дүүргэх боломжтой гэж үзэж буй. Мэдээж гаднын аялагч хөгжөөн дэмжигчдээс вакцины гэрчилгээ, ПГУ шинжилгээний хариу шаардахын зэрэгцээ 10 хоног тусгаарлагдах шаардлага тавина.
Аллианц Арена Мюнхен, Герман
Түүх: Гаднах өнгөө бүрэн хувиргаж гэрлийн гайхамшгийг мэдрүүлдэг Аллианц Арена 2005 онд ашиглалтад орсны дараа 2006 оны ДАШТ-ийг хүлээн авч байв. Мюнхенд төвтэй олон улсын даатгал, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч Аллианц компани цэнгэлдэх хүрээлэнгийн нэрийг эзэмших эрхийг 30 жилийн хугацаагаар худалдаж авсан ч FIFA болон ЕХХ-ны тоглолтын үеэр ивээн тэтгэгчдийн өөр журам үйлчилдэг тул энэ нэрийг ашиглах боломжгүй юм.
Багтаамж, хязгаарлалт: Хөлбөмбөгийн Бавари Мюнхен клубын цэнгэлдэх уг нь 75 000 үзэгчийн суудалтай. Гэхдээ Бавари мужийн эрх баригчид “Евро2020” тэмцээний үеэр цэнгэлдэхийн 20 хувийг дүүргэхээ мэдэгдсэн тул нэг тоглолтод 14500 хөгжөөн дэмжигч оролцох боломжтой. Холбооны улсын хувьд Шенгений бүсэд оршин суугчдад хил нь нээлттэй ч зайлшгүй ПГУ шинжилгээ өгч, хилээр нэвтэрсний дараа 10-14 хоног тусгаарлалтад байхыг шаардана. Мюнхений цэнгэлдэх хүрээлэнд F хэсгийн гурван тоглолт, 1/4 шигшээгийн нэг тоглолт болно.
Үндэсний цэнгэлдэх хүрээлэн Бухарест, Румын
Түүх: Хуучин цэнгэлдэх хүрээлэнг 2007 онд буулгасны дараа суурин дээр нь шинэ байгууламж барих ажил эхэлж 2011 онд нээлтээ хийсэн. Эвхэгддэг дээвэртэй шинэ байгууламжийн өртөг тухайн цагтаа 236 сая еврогоор хэмжигдэж байв. Румыний шигшээ багаас гадна хөлбөмбөгийн FCSB болон Dinamo București клубууд бэлтгэлээ базаадаг.
Багтаамж, хязгаарлалт: Е55 600 хүний суудалтай цэнгэлдэхэд C хэсгийн гурван тоглолт, 1/8 шигшээ тоглолт явагдана. Бухарест хотод болох тоглолтуудын үеэр суудал дүүргэлтийг 25 хувиас хэтрүүлэхгүй гэж Румыний Залуучууд, спортын яамны цахим хуудаст мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, тоглолт бүр 13 мянган үзэгчтэйгээр явагдах болно. Вакцины хоёр тунгаа бүрэн авсан эсхүл халдвар авч дархлаа тогтсоноо нотлох бичиг баримттай гаднын хөгжөөн дэмжигчид Румынд нэвтрэх эрхтэй.
Йохан Кройф Арена Амстердам, Нидерланд
Түүх: Хөлбөмбөгийн AFC Ajax (Amsterdamsche Football Club Ajax) клубын цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил 1993-1996 онд явагдаж нийтдээ 130 сая еврогийн өртөгөөр боссон улсдаа хамгийн томд тооцогдох спортын байгууламж. Анхлан “Амстердам Арена” нэртэй байсан ч Холландын домогт хөлбөмбөгч Йохан Кройф нас эцэлсэний дараа 2018 оноос түүний нэрэмжит болгожээ.
Багтаамж, хязгаарлалт: 55 000 хүний багтаамжтай цэнгэлдэх хүрээлэн нь эвхэгддэг дээвэртэйн зэрэгцээ талбайн өвсний ургалтыг хянах тусгай гэрлээр тоноглогдсон. “Евро 2000” тэмцээнийг хүлээн авч байсан туршлагатай Йохан Кройф Аренад 21 жилийн дараа С хэсгийн гурван тоглолт, шөвгийн 16-гийн нэг тоглолт болно. Нидерландад цар тахлын хязгаарлалтын дэглэм мөрдөгдөж буй ч Вант улсын хөлбөмбөгийн холбоо (KNVB) нэг тоглолтыг дор хаяж 12 000 үзэгчтэйгээр явуулахаар шийдвэрлэжээ.
Паркен Копенгаген, Дани
Түүх: 1992 онд нээгдсэн Паркен бол Данийн аварга FC Kopenhagen клубын цэнгэлдэх хүрээлэн. ЕХХ-гийн дөрвөн одтой уг цэнгэлдэх өмнө нь 2000 оны Европын цомын шигшээ тоглолт, “Евро 2008”-ын хэсгийн аваргын тоглолтыг хүлээн авч байжээ.
Багтаамж, хязгаарлалт: “Евро 2020”-ийн цэнгэлдэхүүдээс хамгийн жижиг буюу 38 000 хүний суудалтай Паркенд урьдчилсан шатны гурван тоглолт, шөвгийн 16-гийн тоглолт хийхээр төлөвлөжээ. Данийн Соёлын сайд Жой Могенсен цэнгэлдэх хүрээлэнгийн суудал дүүргэлтийг 30 хувьд барьж нэг удаагийн тоглолтыг 12 000 хөгжөөн дэмжигчтэйгээр явуулах төвлөгөөг танилцуулсан. Гэхдээ дархлаажуулалтын үр нөлөө гарч, халдварын тохиолдол мэдэгдэхүйц буурвал үзэгчдийн тоог нэмэх бололцоотой. Тус улсын хувьд зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд гаднын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон. Мөн Данид ирсэн ямар ч улсын иргэн 10 хоног тусгаарлагдах заалттай.
Үндэсний цэнгэлдэх хүрээлэн Азербайжан, Баку
Түүх: Барилгын ажил 2011 оноос эхэлж 2015 оны гуравдугаар сард үүдээ нээсэн. Үндэсний цэнгэлдэх хүрээлэн баригдахаас өмнө Азербайжаны шигшээ баг үүнээс арай багавтар Тофик Бахрамовын нэрэмжит цэнгэлдэхэд бэлтгэлээ базаадаг байв.
Багтаамж, хязгаарлалт: “Евро 2020”-ийн А хэсгийн гурван тоглолт, шөвгийн наймын тоглолтыг хүлээн авах цэнгэлдэх хүрээлэн уг нь 69 870 үзэгчийн суудалтай. Азербайжаны эрх баригчид суудал дүүргэлтийг 50 хувьд барихаар төлөвлөж буй учир нэг тоглолтыг 34 350 хөгжөөн дэмжигч үзэх боломжтой гэсэн үг юм. Гэхдээ зөвхөн орон нутгийн иргэд болон тэмцээнд оролцож буй улсын хөгжөөн дэмжигчдийг хилээр нэвтрүүлэхээр зохицуулжээ.