Хоёр жил дараалсан сонгуулийн цикл дуусаж, амьдрал бодит хөрсөн дээр буух хугацаа ирлээ. Сонгуулийн дараа амьдрал хэвийн үргэлжилдгээрээ үргэлжилж байна. Харин сонгуулийн дараа өрнөж буй өнөөдрийг сонгуульдагсад, өнгө, мөнгөөр бялуурсан сонгуулийн амлалтад умбасан ард иргэд одоо л санаж буй гэлтэй.
Цар тахлын сүүдэр
Коронавируст цар тахлыг вакцинжуулалтаар дарах эрчимтэй хөдөлгөөний үндсэн дээр хоногт 1000 хол давж бүртгэгдээд байсан халдварын тохиолдол 600 гаруй болж буурч байсан нь саяхан. Харин сонгуулийн задгайрлаар хөл хөдөлгөөн өрнөж, одоо халдварын тохиолдол эргээд 1400 гарлаа. Өдөр бүр нас баралт бүртгэгдэж, нийт нас барсан хүний тоо 334 боллоо. Зөвхөн хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд гэлтгүй вакциндаа бүрэн хамрагдсан иргэд ч халдвар авах өндөр эрсдэлтэй байна. Хэдийгээр иргэдээ дархлаажуулж байгаа ч эрүүл мэндийн салбарт нөхцөл байдал сайнгүй байна. Сонгуулийн дараа ийм нөхцөл байдал угтаж, хөл хорих эрсдэл байгааг өмнө нь ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдэгдэж байсан. Гэтэл сонгуульдагсад, сонгогсод үүнийг тоогоогүй. Идшэндээ гарсан үхэр шиг талын нэг бэлчицгээсний үр дүн одоо гарч байна.
Түүнчлэн эдийн засгийг дайрсан цар тахлын сүүдэр ч том орон зайг эзэллээ. Иргэдийн орлого буурч, компаниудын 70- 80 хувь нь хүндрэлтэй нөхцөлд байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Цар тахлын үед 27 мянган аж ахуйн нэгж дампуурч, 60 мянган хүн ажилгүй болж, 21 мянган аж ахуйн нэгж татварын өртэй” гэсэн судалгааг гаргасан. Цаашлаад цар тахлын хүндрэл даамжирвал 152 мянган аж ахуйн нэгж нэн хүнд нөхцөлд орно гэдгийг мэдэгдэж байна.
Хэдийгээр цар тахлын дараах эдийн засгийн төлөв эерэг байх хүлээлттэй байгаа ч яг одоо эдийн засаг сэргэхгүй нь тодорхой. Урт хугацаандаа л цар тахлын нөхцөл байдал, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, гадаад худалдааны эргэлт зэргээс шалтгаалж эдийн засгийн өсөлтийн хурд нэмэгдэх хандлагатай байна. Хоёр жил эдийн засгийг дайрсан цар тахлын сүүдэр хэсэгтээ арилахгүйг мэргэжлийнхэн ч хэлж буй.

Ер нь дэлхий дахинаа 2024 оноос л эдийн засаг 2019 оны түвшинд хүрнэ гэсэн хүлээлт бий. Эдийн засгаа сэхээнээс гаргахад гурван жил шаардлагатай болж байгаа юм.
Халамж хумигдана
Цар тахлын үед, цаад агуулгаараа сонгуулийн жилүүдэд иргэд хөнгөлөлт, чөлөөлөлт, тусламж дэмжлэгийн “торгон” дунд хөлбөрч өнгөрөөлөө. Цалин хангамж багассан, хорионд орсон энэ үед иргэдэд төр засгийн дэмжлэг чухал тусламж болов. Энэ жил л гэхэд засгаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх, ус, дулаан, цахилгааны төлбөрийг тэглэх, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Мөн ипотекийн зээлийн төлөлтийг царцааж, шахмал түлшний үнийг 75 хувь бууруулж, иргэн бүрд 300 мянган төгрөг, зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг өгсөн гээд төр засгийн тусламж дэмжлэг мундахгүй их байлаа. Тухайлбал, тог, ус, дулааны төлбөрийн хөнгөлөлтөд 123800 аж ахуйн нэгж, 900 мянга гаруй айл өрх хамрагдаж буй бөгөөд ойролцоогоор 650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргаж байна. Мөн 1.2 сая хүүхэд сар бүр 100 мянган төгрөг авч, шахмал түлшний хөнгөлөлтөөс нэг айл 450 мянган төгрөг хэмнэсэн. Ипотекийн хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг долоодугаар сарын 1 хүртэл хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэв. Эргэн төлөлт хойшлуулсан хугацаанд буюу дунджаар долоон сарын хугацаанд 227 орчим тэрбум төгрөгийн төлбөрөөс буюу ойролцоогоор 86 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 141 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдсөн байна.
Харамсалтай нь, аливаа зүйл хэмжээ хязгаартай, өөрийн гэсэн цаг хугацаатай. Сонгууль ч болдгоороо болж, төр засгийн тусламж дэмжлэг ч долоодугаар сард хумигдана.
Ингэснээр 123800 аж ахуйн нэгж, 900 мянга гаруй өрх ус, цахилгаан, дулааны 650 тэрбум төгрөг, зээлдэгчид 227 тэрбум төгрөгийн ипотекийн зээлээ өөрсдөө төлж эхэлнэ. Хүүхдийн 100 мянга нь 20 мянга болж буурахын зэрэгцээ нийгмийн даатгалын шимтгэлээ бүрэн төлж эхлэх зэргээр өрхийн орлого нь одоогийнхоос даруй буурна гэсэн үг. “За яах вэ, өмнө нь авч байсан мөнгөөрөө ахуй амьдралаа болгоод л байсан, одоо ч болгоно” гэж тайвширч болох.
Гэтэл дундаж орлоготой айл хэвийн үед авч байсан цалин, орлогоороо одоогийнхоо хэрэглээг болгоход нэлээд хүндрэлтэй болох нь. Иргэдийг төр засгийн тусламжаар холбирч явах хооронд хүнс барааны үнэ л гэхэд жилийн дотор дунджаар 13 хувиар нэмэгдсэнийг Төв банк танилцуулав.
Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн 19.8 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн 16.5 хувь, тос 14.1 хувь, хүнсний ногоо 10 хувь, талх, гурил, будаа 5.3 хувь, элсэн чихэр, чихэр 4.1 хувиар өсжээ.
Түүнчлэн цар тахлын үед л гэхэд 500-700 мянган төгрөгийн орлоготой өрхийн тоо буурч, 300-500 мянган төгрөг хүртэлх орлоготой өрхийн тоо нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, цар тахлын хязгаарлалт 500-700 мянган төгрөгийн орлоготой өрхүүдэд хамгийн их нөлөөлж, бага орлоготой өрх рүү шилжсэн үг. Ийнхүү айл өрхүүдийн орлого буурсан, бараа бүтээгдэхүүний үнэ 20 орчим хувиар нэмэгдсэн, иргэдэд олгож буй нийгмийн халамж, тэтгэмжүүд хумигдах нөхцөл байдлаас харахад долоодугаар сараас эхлэн иргэд бүсээ чангалж, дундаж орлогтой өрхийн эдийн засаг элгээрээ хэвтэх эрсдэлтэй байна.

Эдийн засгийн жинхэнэ хямрал наадмын дараагаас эхэлнэ гэж харж байна. Халамжийн хөтөлбөр долоодугаар сард дуусна. Тэгэхээр энэ үед л жинхэнэ хямрал иргэдэд мэдрэгдэж эхэлнэ. Харин нийгэмд үзүүлж буй суурь цохилт нэг жил гаруйн хугацаанд үргэлжлэхээр байна. Хамгийн харамсалтай зүйл нь дундаж давхаргынхан ядуу бүлэг рүү орж байна. Ядуу, нэн ядуу бүлгийнхнээ гаргаж авахын тулд 10 жил зарцуулдаг жишээнүүд бий. Тэгэхээр бид 10 жилийг алдаж байна гэсэн үг.
Нам доторх тэмцэл ширүүснэ
Ирэх зургаан жилд төр тэргүүлэгчээ сонгосноор улс төрийн намуудын дундах тэмцэл аяндаа намжих нь. Харин томоохон улс төрийн намуудад дотоод тэмцэл, өрсөлдөөн ширүүсэх хандлагатай байна.
Тэр дундаа эрх баригч МАН-ын дотоод улс төр, тэмцэл ширүүсэх нь. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн оронд намаа удирдан чиглүүлэх хүнийг тус намынхан одоо даруй тодруулах учиртай. Ирэх гурван жилд дангаар эрх барих нь тодорхой болсон эрх баригчдын дунд намаа удирдаж, цаашлаад гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх сонирхолтой олон хүн бий. Сонгууль өнгөрөхийг л хүлээж байсан тэдний ашиг сонирхол сонгуулийн маргаашаас ил болж нам доторх тэмцэл ч хүчтэй өрнөнө. У.Хүрэлсүх сонгуульд ялагдвал хариуцлагаа хүлээж, мөн л намын даргын суудлаа өгөхөөр байсан. Тэгэхээр нэр дэвшигчийн ялалт, ялагдлаас үл хамааран МАН-ынхны дунд тэмцэл, өрсөлдөөн, хагарал үүсэх нь тодорхой байгаа юм.
Харин АН-ын нэр дэвшигч С.Эрдэнийн талынхан сонгуульд ялагдсан учраас хариуцлагаа хүлээж намын удирдлагаас холдоно. Тэгэхээр АН-д өрнөж байгаа тэмцэл ч сонгуулийн дараа үргэлжлэх нь.
Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон намуудаас хамгийн хөдөлгөөн бага ажиглагдах нь ХҮН. Хэдийгээр ХҮН-ын нэр дэвшигч ялагдсан ч үүнийг ялагдал гэж ойлгохгүй гэдгээ тус намынхан мэдэгдсэн. Анхнаасаа ялагдал, ялалтыг чухалчлаагүй учраас үүнээс шалтгаалах улс төрийн хөдөлгөөн гарахгүй л болов уу.
Айл өрхүүдийн орлого буурч, иргэд нь ядууралд өртсөн, аж ахуйн нэгжүүд дампуурч, орлогогүй болсон ийм хүнд үетэй давхцаж буй сонгуулийн маргааш буюу өнөөдөр юу болохыг тоймлоход ийм байна. Одоо амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж байна. Харин сонгуулиар торгонд өнхрүүлж, тосонд умбуулсан эгэл борчуудын амьдрал бодит хөрсөн дээрээ буухад сонгуульдагсад хөсөр хаядаг нь жам буй.