“Хар” аялал жуулчлал

Жуулчин бүхэн номин цэнхэр далайн эрэгт тухалж, өнө эртний байгууламж, ариун дагшин орон газраар зочлохыг хүсдэггүй. Харин ч хүн төрөлхтний өнгөрсөн түүхийн бараан жимээр бэдрэхийг илүүд үздэг аялагчдын тоо жилээс жилд нэмэгдэж буй. “Хар аялал жуулчлал” хэмээх нэр томъёо нь харьцангуй шинэ ч түүхийн хувьд эртний улбаатай.

1815 онд Бельгийн нутагт болсон Ватерлоогийн тулалдааны дараагаас домогт жанжин Напеолон Бонапарт ялагдсан газрыг очиж сонирхохыг хүссэн аялагчдын цуваа өнөөг хүртэл тасраагүй байна. Үүнээс хоёр зууны өмнө Лондон хотын цаазаар авах дүүжлүүрийн талбайг үзэхээр буйд нутгаас ч Британийн нийслэлийг зорин ирдэг байжээ. Гэтэл эдгээрийн аль аль нь Ромын Колизейд суудал тухалж мэсчин боолуудын үхэл сэхлийн тулааныг нүдээр үзэхийн дэргэд харьцангуй шинэ үзмэр юм. Харин шинэ мянган гарч, тээвэр холбоо улам бүр даяарчлагдах болсноор томоохон осол аваар, үндэстний хомроглон устгал, алан хядах ажиллагаа болсон нутаг орныг бодитоор харах гэсэн аялагчдын тоо нэмэгдэж аялал жуулчлалын салбарт “Dark tour” гэх цоо шинэ ойлголт буй боллоо. Жилд хэчнээн хүн бараан түүхийн жимээр аялдаг тухай тодорхой тоо баримт үгүй ч ийм төрлийн аялал сонирхогчдын ажиллуулдаг dark-tourism. com цахим гарын авлагад 112 улс орны 900 газрыг санал болгодог ажээ.

Шотландын Глазго Каледонийн их сургуулийн профессор Ж.Жон Леннон

Түүхийн хамгийн харанхуй үетэй холбоотой газруудыг жуулчид яагаад ийм ихээр сонирхдог вэ? Ердөө л хүний мөн чанар гэж би хариулна. Түүхийг судлах, сонирхох явцад энэ огт шинэ үзэгдэл биш. Харин ч эргэцүүлэн тунгааж, хүний үйлдэж чадах муу муухай бүхнийг илүү сайн сэхээрүүлэх болно.

Төв Ланкаширын их сургуулийн аялал жуулчлал судалгааны хүрээлэнгийн захирал Филип Стоун

Улс төр, соёлын шалтгаанаар бид нэгэн цагт үхэл, гамшгийн гэрч болсон газар орноор аялдаг байв. Яваандаа эдийн засгийн утга учиртай болж эхэлсэн ч хар аялал жуулчлал дэвжих гол хүчин зүйл нь хүний дурсамжтай холбоотой. Ийм нутаг орноор аялахад тэр цагийн хүмүүсийг олж харах боломжгүй ч тэдэн шиг нөхцөл байдалд орвол хэрхэхээ төсөөлж чадна.

Тэгвэл “хар” аяллын багц санал болгодог жуулчны компаниуд үйлчилгээгээ зочдод өнгөрснийг сэхээрүүлж, ирээдүйн талаар сэтгэл зовниход тустай гэж сурталчилдаг. Үнэндээ ч гашуун түүх агуулсан газраар зочилсны дараа хүмүүс арьс өнгөөр ялгаварлах, угсаатны цэвэрлэгээ мэт харгислалын талаар илүү их мэдээлэлтэй болдогийг судалгаа харуулжээ.

Филип Стоуны эрхэлдэг судалгааны хүрээлэн, Питтсбургийн их сургуультай хамтарсан төсөл хэрэгжүүлж 2001 оны есдүгээр 11-ний халдлагаар онгоц сүйрсэн Пеннсильванийн тариалангийн талбайгаар сурагчдыг аялуулж юу мэдрэхийг нь туршиж үзжээ. Америкийн эмгэнэлт явдлаас хожуу төрсөн хүүхдүүдэд аялал гүн гүнзгий дурсамж үлдээснийг тэдний бичсэн тэмдэглэлүүд илтгэнэ. Сурагчид цаашлаад Вашингтон, Нью-Йорк хотууд руу аялаж дээрх халдлагад өртсөн Пентагоны барилга, Дэлхийн худалдааны төвийн буурин дээр боссон дурсгалын баганыг үзэж эссэ бичих даалгавар авчээ. Эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс холын аялалд гарахад нь ямар нэгэн хориг саад тавьсангүй. Харин чиг аяллын дараа гэр бүлээрээ түүх сонирхдог болсныг бас зайлшгүй нөхцөлд биеэ хэрхэн хамгаалах талаар хичээллэж эхэлснээ хэлж байв.

Жуулчид бараан түүхийн жимээр аялахыг илүүд үздэг болсон бас нэгэн шалтгаан нь дэлгэцийн урлаг. Цар тахлын өмнөх жилд HBO сувгаар цөмийн цахилгаан станцын ослын тухай “Чернобыль” цуврал цацагдсан нь хаягдсан хаалттай хотоор зочлох аяллын захиалгыг 40 хувиар нэмэгдүүлжээ. Үүний дараа Украйны Засгийн газар цацраг идэвхтэй Чернобылийн хориотой бүсийг аялал жуулчлалын түшиц газар болгох зорилгоо албан ёсоор тунхаглав.

Netflix-ийн бүтээл 2018 онд дэлгэцнээ гарсан “Dark Tourist” баримтат кино ч өвөрмөц жуулчлал дэлгэрэхэд нөлөө үзүүлжээ. Шинэ Зеландын сэтгүүлч Дэвид Фарриерын аялал найман цувралаар үзэгчдэд хүрч, улаан кхмерүүдийн цуст хядлага, Фүкишимагийн цөмийн цахилгаан станцын ослын дараах нөхцөл байдал, хар тамхины зартай наймаачин Пабло Эскобарын бие хамгаалагч зэрэг сонирхолтой бодит түүхийг өгүүлсэн юм. Фарриерын аялсан яг тэр замаар одоо жуулчид ид цувж байна.

“Хар” аяллын таван гол маршрут

Аушвицын хорих лагерь

Хамгийн олон хүнийг үхэлд хүргэсэн нацистуудын хорих лагерийг дэлхийн хоёрдугаар дайны дараа дурсгалын музей болгожээ. Аушвицын тамын хаалга үүрд хаагдаж дайн дууссанаас хойш 70 жилд уг музейг 50 сая жуулчин үзэж сонирхжээ. “Европ тивийн сая таван зуун мянган хүн, хүүхэд багачууд, тэр дундаа еврейчүүдийг хомроглон устгасан энэ газар хүн төрөлхтний хувьд үеийн үед мөнхийн цөхөрлийн дуу хоолой, цаашдын сануулга болтугай” хэмээх энэ үгийг Аушвиц-Биркенау-гийн үүдэнд хэд хэдэн хэлээр төмөр дээр сийлж байрлуулсан нь бий. Тэнд анх очсон жуулчид эхэндээ анир чимээгүй, тунгалаг цэвэр агаартай мэт бодогдовч дорхноо сэтгэл санааг нь айдас эзэмддэг тухай ам нэгтэй ярьдаг. Аушвиц бол жуулчдын наргиж цэнгэдэг газар биш, харин нүглээ наминчлах, нэхэн дурсах талбар учраас дэлхийн баячууд үүгээр бараг л шагайхгүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд жуулчдын тоо өсөж байгаа тул Польшийн Засгийн газраас тасалбар борлуулах хязгаарлалт тогтоожээ. Краков хотын ойролцоо орших үхлийн лагериар зочлох бол одоо заавал урьдчилан тасалбар захиалж, дараалал хүлээнэ.

Чернобылийн аялал

Чернобылийн цөмийн цахилгаан станцын 4 дүгээр реактор дэлбэрч, Европ тивийг цацраг идэвхит тоосонцор үүл бүрхсэн аймшигт ослоос хойш 35 жил өнгөрч байна. Украины иргэний агаарын тээврийн компани энэ ойд зориулан басхүү цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цөмийн цахилгаан станц, хаягдсан Припят хотыг онгоцны цонхоор тольдох шинэ аяллын маршрут гаргалаа. Цөмийн цахилгаан станцын дээгүүр хийх нислэгийн үеэр хамгийн намдаа 900 м-ийн өндөрт нисэх бөгөөд үүнээс илүү доошлон ойртвол аялагчдад аюултай гэж үзэж буй. Чернобылийн хориотой бүсэд жил бүр тодорхой тооны жуулчин нэвтрэхийг зөвшөөрдөг. 2019 онд 72 000 жуулчин хүлээн авч байсан бол 2020 онд цар тахлын улмаас тоо буурч 32 000 аялагч цацраг идэвхит аюултай бүсээр зочилсон байна. Жуулчдын 80 гаруй хувь нь “Чернобыль” олон ангит киноноос энэхүү хар аяллыг хийх урам авсан гэжээ.

Хирошимагийн ул мөр

Японы эртний хот дэлхийн анхны цөмийн довтолгооны дурсамжийг хадгалдаг. 1945 оны наймдугаар сард америкчууд Хирошимад 13-18 килотонн хүчтэй “Бяцхан жаал” нэртэй атомын бөмбөг хаясны улмаас 140 мянган энгийн иргэн амиа алдсан түүхтэй. Цөмийн хордлогоос үүдэлтэй өвчин шаналал өдгөө ч бүрэн арилаагүй ч Хирошима сүйрэл амссан хот гэхээсээ илүү энх тайвны бэлгэдэл хэмээн өөрийгөө сурталчлан таниулсаар буй. 2016 онд Хирошима хот 12 сая жуулчин хүлээн авсны 11 сая дотоодын жуулчид, тэр дундаа түүхийн хичээлээ гүнзгийрүүлэн судалж яваа сургуулийн сурагчид байжээ.

Помпейн сүүлчийн шөнө

Нийтийн тооллын 79 онд тохиосон Везуви галт уулын дэлбэрэлтээр булшлагдсан хотын туурийг жилдээ дөрвөн сая жуулчин үзэж сонирхдог. Помпей хотын балгасыг XVI зуунд анхлан нээж, эхний малтлагыг 1748 онд гүйцэтгэснээс хойш үнс нурманд амьдаараа булшлагдсан 1 500 гаруй хүний цогцсыг илрүүлээд буй. Аюул ослоос зугтах гэхдээ гинжнээсээ мултрах гэж байдгаараа хичээж буй нохой, тавилга сэлтийнхээ дунд хоёр гараараа нүүрээ даран бохирч суугаад амь тавьсан хүний чулуужсан цогцос, шүдний ором үлдсэн чигтээ шохойжиж чулуужсан зүсэм талх зэргийг харахад хотынхон одоо ч зовж тарчилж буй мэт сэтгэгдэл төрнө.

9/11 дурсгал

Дэлхийн хамгийн аймшигт террорист халдлагын дараа ихэр цамхгийн суурин дээр 9 дүгээр сарын 11-ний дурсгалыг хүндэтгэх цогцолбор байгуулагдсан юм. Нью-Йоркоор дайрсан жуулчид заавал энэ байгууламжаар зочилж нэн шинэ түүхийн бараан толбыг эргэн дурсдаг. Цогцолбор нээгдсэн эхний хоёр жилийн хугацаанд 10 сая гаруй зочин ирсэн бол хоёр жилийн дараа 23 сая давжээ.

Нэгэн цагийн эмгэнэлт түүх хадгалсан газраар аялахдаа хэлмэгдэн зовсон хүмүүсийн дурсгалыг үл хүндэтгэн элдэв зохисгүй үйлдэл гаргахгүй байхыг түүхчид анхааруулж буй. Гаслан цөхрөлийн шарх нь аньж амжаагүй бөөнөөр хорих лагерийн дотор инээмсэглэн селфи татуулж, геноцид хядлагын ул мөр болсон шарилын чулуун дээгүүр хөндлөн туучиж буй зураг сэлтээ нийгмийн сүлжээнд түгээх нь мэдээж гажууд зүйл. Сайныг дагуулж, саарыг агуулсан ч бай өнгөрсөн түүхэнд хүндэтгэлтэй хандана гэдэг хүмүүний ёс билээ.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 474

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)