Монгол дахь Олон Улсын Иогийн сургууль-IYSM, STAY Тэргүүн зэрэглэлийн иогийн төв, Stay Medical Yoga Therapy – Натурмед Сэргээн Засах Тѳв, Stay Shop, Эрхэт баясангуй иог, Leela Thai Yoga, Alo, B Mat, Plant Therapy зэрэг иогийн олон улсын болон дотоодын  10 гаруй нэр хүндтэй брэнд, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нэгтгэн удирдаж буй “STAY” төвийн Гүйцэтгэх захирал Т.Өэлүнтэй Монгол дахь иогийн хөгжлийн талаар ярилцлаа.

-Иог бие хөгжүүлдэг, тураадаг, сэтгэл санаа тайвшруулдаг гээд маш олон үүрэгтэйгээр бидний амьдралд оролцож байна. Иог спорт уу, сэтгэлзүйн үү засал уу, яг юу вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна. Иог яг ямар төрөл зүйлд албан ёсоор хамаарагдаж байна вэ?

Иог бол спорт биш амьдралын хэв маяг юм гэсэн уриаг бид анх дэвшүүлсэн. Өнөөдөр хүн төрөлхтөн иогийг таны хэлсэнчлэн галбиржих гэж, тайвшрах гэж, эрч хүч авах гэж олон янзаар хэрэглэж байна. Хүсвэл сэтгэлзүйн эмчилгээ ч болгон ашиглаж болно. Өөрөөр хэлбэл иогийн хөрвөх чадвар, олон талт үр ашгийг жил ирэх тусам мэдэрч, өдөр тутмын амьдралдаа өөрийгөө өөд нь өргөх гол хүч, хэрэгсэл болгон ашиглаж байна. Тэр утгаараа өнөөдөр бид иогийг зөвхөн спорт гэж үзэх нь учир дутагдалтай болж байна. Олон жилийн өмнө бүх нийтийн биеийн тамир буюу иргэн бүр эрүүл чийрэг байхыг үүрэгдсэн төр засгийн бодлого амьдралд илүү хялбаршиж ойлгомжтойгоор буусныг бид мэддэг. Яг үүнтэй адилхан иог бол орчин үеийн өөртөө анхаарал тавьдаг, өсөж хөгжихийг эрмэлзэж буй хүн бүрийн амьдралын хэв маяг, зөв дадлын нэг илрэл болон хөгжиж байна. Гол нь хувь хүн сайн дураараа, ухамсраараа энэ дадалд суралцаж, хэвшүүлж байна. Энэ утгаар нь аваад үзвэл иог бол орчин үеийн бүх нийтийн биеийн тамир юм. Иргэд нь эрүүл мэндээ анхаардаг, дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг, стресс ядаргаагаа цаг тухайд нь тайлаад сурчихвал энэ нь улс орны хөгжилд маш олон эерэг нөлөөг авчирна. Нүдэнд харагдахгүй мөнгөн бус үр дүн нь маш өндөр. Тиймээс иогийн салбарыг системтэй, мэргэжлийн түвшинд удирдан явуулах нь бидний энэ нийгэмдээ оруулж буй том хувь нэмэр гэж үздэг.

Мэргэжлийн гэснээс та иогийн мэргэжлийн хүн мөн үү? Мэргэжлийн гэдэг тодорхойлолтыг танай салбарт хэрхэн тодорхойлдог вэ?

Би Тайландад зочид буудлын менежментээр бакалаврын зэргээ хамгаалж Пукетэд байрлах дэлхийд алдартай 5 одтой зочид буудлаас ажлын гараагаа эхэлсэн. Өндөр хөгжилтэй Америк, Англиас яах гэж урт нислэгүүдийг үл төвөгшөөн  Тайландыг н зорин ирдэгийн учрыг олох гэж олон жилээ зориулсан. Тэр утгаараа өндөр зэрэглэлийн зочлох үйлчилгээг онолын болон практикийн түвшинд эзэмшиж Монголдоо ирээд эрүүл, тайван амьдралын хэв маягийг хэрхэн системтэйгээр зөв түгээх вэ гэж бодсоны эцэст 2012 оноос хойш 9 жилийн хугацаанд иогтой амьдралаа холбоод өнөөдөр онолын болон практикийн олон улсын мэдлэг, ур чадваруудыг эзэмшээд, сэтгэл зүтгэлээ нэгтгэсэн сайн хамтралуудыг бий болгож, өнөөөдөр олон хүнд эрүүл амьдралын хэв маягийг түгээж яваадаа сэтгэл хангалуун байдаг.

Иогийн багш, иогийн терапист гэдэг бол хүний бие, эрүүл мэндийг хариуцдаг маш хариуцлагатай ажил. Тиймээс иогийн багшийн олон төрлийн сургалтуудыг Yoga Alliance олон улсын байгууллагын стандартад нийцсэн хѳтѳлбѳрийн дагуу бэлтгэн мэргэшүүлдэг ба иогийн терапистийн чиглэлээр мэргэшиж мэргэжлийн түвшинд хүрдэг. Иогоор мэргэшихийг хүссэн хүмүүсийг бид мэргэжлийн түвшинд бэлтгэхийн  тулд Yoga alliance-д хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн IYSM Internatioanl Yoga School of Mongolia – aaр дамжуулан төгсгөдөг. Олон Улсад хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн, иогийн нэр хүндтэй  терапистуудыг авчран багш нараа мэргэшүүлж байна.

Олон Улсын Иогийн Сургуулийн Монгол дахь салбар таны удирдлаган дор явдаг. Иогийн багш болох сонирхолтой хүн хэр олон байдаг вэ? Ажлын байр хангалттай байдаг уу?

Олон Улсын Иогийн Сургуулийг Монголдоо төгсөж батламжаа авсан олон зуун хүн бий. Нийт төгсөгчдийнхөө нэгдсэн мэдээллээс харахад нь 60 хувь нь тогтвортой ажлын байраар хангагдаж, үлдсэн 40 хувь нь иогийн ахисан шатны мэдлэг, ур чадвараа өөрийн карьер хөгжлийн хүч болгон ашиглаж байгаа нийтлэг дүр зураг ажиглагдаж байгаа. Нөгөө талаар STAY Тэргүүн зэрэглэлийн иогийн төвийг хамтран үүсгэн байгуулагчдын нэг болох Бэтти буюу Батцэцэг багш маань Шанхайд багшилж, олон улсад монгол иогийн багш нарын үнэлэмжийг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж явна. Цаашид бид олон улсад монгол иогийн багш нараа таниулж, ажлын байранд зуучилж өгөх чиглэлд бодит ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Иогийн цаашдын хөгжлийг та хэрхэн харж байна вэ? Та бүхний үүрэг юу байх бол?

Зах зээлийн судалгааг олон янзаар хийж үзсэн. Портерын 5 хүчний шинжилгээгээр Монгол дахь иогийн салбарыг авч үзэхэд, шинээр нэвтрэгсдийн аюул буюу нэгдсэн дүрэм журам, стандарт манай салбарт батлагдаагүйн улмаас хэн дуртай нь хүссэн үедээ ороод ирдэг аюул өндөр байна. Өөрөөр хэлбэл хэн дуртай нь эрхэлж болох энгийн үйл ажиллагаа мэт харагддаг ч эцсийн дүндээ иог бол хүний эрүүл мэндтэй холбогддог хариуцлага өндөр салбар. Тиймээс бид Монгол дахь иогийн салбарыг хөгжлийг илүү мэргэшсэн байлгахад онцгойлон анхаарч байна.

Холыг харж төлөвлөсөн тодорхой зорилготой алхмуудаар бид салбарын хөгжлөө удирдах болно.