Хувцас загварын чиг хандлага байнга хувьсан өөрчлөгддөгийн адил хоол хүнсний хэрэглээнд ч орц, найрлага, түүхий эдийн мода эргэнэ. Төмс, луувангаас өөр ногоо амталж үзээгүй шахам байсан монголчууд сүүлийн арваад жилд авакоданы чанарыг дэнсэлж, чиа үртэй тараг тамшаалан хүртдэг боллоо.
Нийгмийн сүлжээний тэсрэлтийг даган хүнсний бүтээгдэхүүний сурталчилгаа, маркетинг шинэ түвшинд гарсан нь үүнд нөлөөлж буй. Басхүү хүмүүс хооллох хэв маягтаа илүүтэй анхаарч, шим тэжээлийн боловсрол нэмэгдэх болсноор зоогийн ширээг дүүргэх шинэ цэсийн тоо улирал тутам шинэчлэгдэх өнгөтэй.
Хоол шүүмжлэгч хэмээх ховор хийгээд сонихон мэргэжилтнүүд ирэх жилүүдэд ямар хүнс зонхилохыг таамаглан нийтлэл бичдэг байсан бол одоо нийгмийн сүлжээний инфлүүнзерүүд хэдхэн секундын бичлэгээрээ хүн төрөлхтний ам руу юу орохыг шийдэж байна.

Хүмүүс маш загварлаг. Инстаграмм дээр ямар нэг хоол хүнс улиг болоод ирэхэд зөнгөөрөө л дараагийн зүйлийг эрж хайж эхэлдэг. Олноороо хошуурч, retweet хийснээр ирээдүйн чиг хандлагыг бий болгож буйгаа анзаардаггүй байх. Эсвэл биднийг ердөө ходоод маань л удирддаг юм болов уу?
Шимт чанараараа супер хүнс ангилалд өрсөлдөгчгүй тэргүүлэх авокадоны амжилт ч сайтар бодож төлөвлөсөн маркетингийн төлөвлөгөөний нэг хэсэг билээ. Өмнөд Америкийн тариаланчдын ургац дэлхийгээр тархахад Лондонд төвтэй Richmond & Towers хэмээх PR агентлаг тусалжээ. Анх 1995 онд сэтгүүлч, тогооч, эрүүл амьдралын хэв маяг сурталчлагчдаас бүрдсэн баг тэнд очиж жимсний нэр хүндийг өсгөх, дэлгүүрийн борлуулалтыг нэмэгдүүлэх алхам хийж байв. Эхний үед нөлөөлөгчдийн даалгавар маш энгийн буюу ердөө л яаж идэхийг харуулах. Тухайн үед Их Британийн авокадо борлуулалт жилд 13 сая фунт стерлинг байжээ. 2016 онд энэ тоо 150 сая болж өссөнөөр Richmond & Towers-ийн сурталчилгаа Их Британийн түүхэн дэх хамгийн амжилттай шинэ бүтээгдэхүүний кампанит ажлаар нэрлэгджээ. Нэгэн зүйл анхилуун үнэрт бутны холтсоор шингэн хүнс үйлдвэрлэдэг
Fever-Tree компани бол нийгмийн сүлжээний хүчээр дэвжсэн гарааны бизнесийн сонгодог жишээ юм. Синчона бутны холтсоор тоник ус үйлдвэрлэж анхлан зах зээлд гаргахдаа халуун бууруулах давуу чанартайг нь сурталчилж байв. Яваандаа үйлдвэрлэлээ өргөжүүлж синчона агуулсан шар айраг, ундаагаар шугамаа өргөтөж, орц хольцыг нь ч баяжуулав. Есөн жилийн дотор компанийн үнэт цаас дэлхийн зах зээлд гарч, өдгөө зах зээлийн үнэлгээ нь 360 сая долларт хүрчээ.
Facebook хэрэглэгчдийн дунд хүнс, ундаа хамгийн түгээмэл сэдэв болдог ч Instagram-ын нөлөөлөгчид илүү алдартай. Энэ платформыг ашиглагчдын 39 хувь нь хувцас загвараас илүүтэй хоолны шүтэн бишрэгч байдаг ажээ.

Веган хүнс үйлдвэрлэгчид нийгмийн сүлжээг чадмагаар ашиглан борлуулалтаа шинэ түвшинд гаргаж байна. Тэд хэзээ нэгэн цагт веган хэштэг ашиглаж байсан хүмүүсийг олж тогтоон, 200 нөлөөлөгчийн сүлжээ бий болгосон. Мэдээж үнэгүй бүтээгдэхүүнээр хангаж, чамин бэлэгээр бөмбөгдөнө. Гэхдээ тухайн брэндийг төлөөлж сурталчилгаа хийхдээ жор, найрлагыг нь сайтар судлан байж бусдад нөлөөлөх ёстой.
Нөлөөлөгчдөөс гадна мэргэжлийн тогооч, хоолны шоу нэвтрүүлгийн баатрууд ч шинэ хүнс бүтээхэд нөлөөтэй хэвээр. Ахлах тогооч хамгийн чанартайг сонгодог гэж хүмүүс боддог тул даган дуурайх нь тодорхой. Супермаркетууд ч ниймийн сүлжээнд юу болж байгааг байнга ажиглаж ойрын ирээдүйд агуулахаа дүүргэх бүтээгдэхүүний баримжаа авдаг.
Ойрын хугацаанд дэлхийг нийтийг байлдан дагуулж мэдэх хүнсийг танилцуулбал
Овьёосны сүү

Нүүдэлчин сагамхай загас

Лао Ган Ма буюу эмээгийн амтлагч

Эцэст нь хэлэхэд, бидний өдөр тутмын хоол хүнс хүртэл зах зээлийн чиг хандлагыг даган орц найрлага өөрчлөгдөж, баяжин шинэчлэгдэж эсвэл ор тас мартагдаж байдаг ажээ. Ирэх жил ямар хүнс моданд орох бол?