Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тодруулна
Монголчууд төрийн зургаа дахь тэргүүнээ зургаадугаар сарын 9-нд сонгоно. Сонгуулийн хуулийн дагуу өнөөдрөөс эхлэн гурав хоногийн дотор УИХ-д суудалтай нам, эвслүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах юм. УИХ-ын 2020 оны сонгуулиар МАН, АН болон “Зөв хүн электорат” эвсэл, “Та бидний эвсэл” УИХ-д суудалтай болсон. Тэгэхээр суудал авсан тоогоор бол энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн нэр дэвшигч л өрсөлдөх эрхтэй гэсэн үг. Харин нэр дэвшигчдийг тодруулах цаг хугацаа болсон энэ үед Ерөнхийлөгчийн сонгуульд хэдэн нэр дэвшигч өрсөлдөх нь тодорхой бус байна.
Даргагүй, гишүүнгүй эвсэл хэрхэх вэ?
Иргэний зориг ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн намуудтай нэгдэж “Та бидний эвсэл” байгуулж, сонгуульд удирдан оролцсон МАХН өчигдөр МАН-тай албан ёсоор нэгдлээ. Харин тус эвслээс сонгогдсон цор ганц гишүүн С.Ганбаатар өчигдөр АН-д элссэн сонирхолтой үйл явдал болов. Ингэснээр “Та бидний эвсэл” Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломж нь хомс болов. Уг нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд “Эвслийн аль нэг нам дангаараа нэр дэвшүүлэх, намын сонгуулийн зардлын данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан нөхөн сонгуульд оролцохыг хориглоно. Эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд эвслийг тарсанд тооцно” гэж заасан. Хуульд зааснаар бол эвслээс нэг нам нь гарсан учраас тарсанд тооцохгүй нь. Гэхдээ дарга ч үгүй, гишүүн ч үгүй энэ эсвэл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй л болов уу.
АН-ын талцал анихгүй нь
УИХ-ын сонгуулийн дараагаас дотоод зөрчил нь хурцадсан АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүйд хүрээд байна. Учир нь, хоёр тал болсон АН тус тусдаа удирдлагаа сонгож, Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан. Гэвч намын дотоод асуудлыг Дээд шүүх шийдвэрлэхгүй хэмээн хоёр талын хүсэлтийг хоёуланг нь шийдвэрлэхээс татгалзсан юм. Тиймээс О.Цогтгэрэл даргатай АН-аас уриалга гаргаж, эвлэлдэн нэгдэхийг санал болгож буй. Харин М.Тулгат даргатай АН-ынхнаас эвлэлдэн нэгдэх чимээ гарсангүй. Харин ч өнөөдөр 15.00 цаг хүртэл нэр дэвшигчдээ бүртгэнэ гэдгээ олон нийтэд мэдээлэв. Мөн О.Цогтгэрэл даргатай АН нь МАХН-аас гарсан С.Ганбаатар гишүүнийг элсүүлсэн бол М.Тулгат даргатай АН буюу С.Эрдэнийн талынхан нь С.Ганбаатар гишүүнийг намд элсүүлээгүй гэдгийг мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах эгзэгтэй мөч ирчихээд байхад эвлэлдэн нэгдээгүй АН энэ байдлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй бололтой. АН-ын хоёр талаас тус бүр нэр дэвшигч тодруулбал СЕХ бүртгэхээс татгалзана. Учир нь, дээд шүүхээр АН-ын хоёр талыг алийг нь ч албан ёсных гэж бүртгэж аваагүй. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо хоёр талын нэр дэвшигчийг бүртгэхгүй байх магадлал маш өндөр. Хэрвээ СЕХ нэр дэвшигчийг бүртгэхгүй л бол Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй болох юм.
Түүнчлэн “Та бидний эвсэл”-ээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэгдэж байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатар О.Цогтгэрэл даргатай АН-д элссэнээр түүнийг АН-аас нэр дэвшүүлэх нь гэдэг таамаг нэлээд өрнөж байна. “Нэг л өдөр би Ерөнхийлөгч болно” гэдэг амбийцтай С.Ганбаатар гишүүний хувьд яаран түргэн АН-д элссэн нь нэр дэвшилттэй ч холбоотой байж мэднэ.
МАН хүчээ чангатгалаа
Сүүлийн 10 гаруй жил Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаагүй МАН 100 жилийн ойн дээрээ Ерөнхийлөгчтэй болохын тулд хүчээ чангатгалаа. Угшил нэгтэй МАХН-ыг өөртөө нэгтгэж, бусдыг нь халаасалж, гол өрсөлдөгч АН-аа учраа олохгүй болтол нь МАН-ынхан хүчээ нэгтгэлээ. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах магадлал МАН-д хамгийн их төвлөрөв. Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой болсон билээ.
У.Хүрэлсүхтэй ХҮН өрсөлдөх үү?
“Та бидний эвсэл”, Ардчилсан нам сонгуульд оролцох боломжгүй болбол МАН-тай ХҮН-аар толгойлуулсан "Зөв хүн электорат" эвсэл өрсөлдөнө. УИХ-д нэг суудалтай энэ эвслийн хувьд ХҮН-ын дарга Т.Доржхандаа нэр дэвшүүлэх магадлал өндөр. Гэхдээ тэрээр “Бид У.Хүрэлсүх гэдэг хүнтэй эн тэнцүү өрсөлдөхүйц хүнийг нэр дэвшүүлнэ” гэдгийг хэлж буй. Харин тэр хүн нь одоогоор хэн гэдэг нь тодорхой бус байна.
Зургаан жилийн бүрэн эрхтэй Ерөнхийлөгчийн шалгуур
Нам, эвслүүд нэр дэвшигчийн баримт бичгийг тавдугаар сарын 5-ны дотор СЕХ-нд бүртгүүлэх учиртай. Харин СЕХ тавдугаар сарын 8-ны дотор нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн байх ёстой. Мөн банк болон бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх шаардлагатай. Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байхаас гадна сэтгэцийн эмгэггүй байх шаардлагыг нэр дэвшигчдэд тавих юм.