ОХУ-ын "Известия" мэдээллийн агентлаг хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудын өрийн тухай  Дэлхийн банкны илтгэлийг авч судалсан ажээ. Үүнд ОХУ-аас бусад буюу Армен, Азербайжан, Беларусь, Гүрж, Киргиз, Казахстан, Молдав, Тажикистан, Туркменистан, Украин, Узбекистаны өрийг авч үзжээ. Харин Балтийн орнуудын  мэдээллийг гаргасангүй.

2019 оны эцсийн байдлаар хуучин зөвлөлтийн орнуудын томоохон зээлдүүлэгч нь ОХУ болж байна.  Эдгээр орнуудад Оросоос олгосон улсын зээл нь  9,2 тэрбум доллартай тэнцжээ. Гол зээлдэгч нь Беларусь ($8,1 тэрбум), Украин ($600 сая), Армен ($400 сая) гурав ажээ.

ОХУ-ын дараа эдгээр орнуудад хамгийн их зээл олгосон нь БНХАУ болж байгаа ба  нийт $6,6 тэрбум долларын зээл олгожээ. Хятадаас  Беларусь $3,5 тэрбум, Киргиз $1,8 тэрбум, Тажикистан $1,1 тэрбум долларын зээл тус тус авчээ.

Хятад бол дэлхийн томоохон бие даасан зээлдүүлэгч бөгөөд зээлийн сан нь $113  тэрбум болдог. Хятадаас авсан зээлээр Пакистан ($19 тэрбум), Кени ($7,5 тэрбум),  Ангола ($6,9 тэрбум) тэргүүлдэг юм.

Тэгвэл Япон улс хуучин Зөвлөлтийн орнуудад $3,2 тэрбум долларын зээл олгожээ.