Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цөлжилт... Эдгээр үгс зөвхөн арлын улсуудын бэрхшээл байхаа болиод удаж байна. Хэдхэн хоногийн өмнө Монголд дэгдэж есөн хүний амийг авсан түйрэн цөлжилтийн хэмжээ бэлчээрийн доройтлоос хальж, хөрсний эвдрэлийн хэмжээнд хүрснийг дахин нэг сануулав.
Монгол орны хөрсний гадаргыг бүрдүүлдэг алтан химэрлэг хөрс салхинд туугдан Бээжин, Солонгост хүрдэг гэсэн баримт бий. Шар мөрний үржил шимгүй хөрсийг зулгаан аж төрдөг тариачин хятадууд Монголоос ирсэн түйрэнг алтан химэрлэг авчирч хөрс борддог тэнгэрийн хишиг хэмээн үздэг гэж нэг нийтлэлээс уншсанаа сайн санаж байна. Харин солонгосууд үүнийг зогсоохын тулд Монголд олон жил мод тарьсан. Цөлжилт, бэлчээрийн доройтол тодорхой цаг хугацаанд явагддаг. Ингэж доройтсоор тодорхой хэмжээнд хүрэхэд хөрс суларч, салхинд хийсэхэд бэлэн болдог байна. Ийм явдал болохдоо тулбал ганцхан өдрийн дотор асар их газар нутгийг хөрсний доройтолд оруулдаг. Алтан химэрлэгийн дор тогтоц муутай шаварлаг хөрс гарч ирнэ. Түүнийг ургамалжуулахад бэрх. 1950-иад онд жилд 5-6 удаа шар шороон шуурга шуурдаг байсан бол өдгөө 10 дахин нэмэгдсэн гэсэн статистик бий.
Уур амьсгалын өөрчлөлт Монголд илүү нөлөөлж байна
Уур амьсгалын өөрчлөлт далайгаас хэдэн мянган км хол, эх газрын эрс тэс уур амьсгалтай манай улсад дэлхийн аль ч хэсгээс илүүтэй нөлөөлж байгааг эрдэмтэд олж тогтоосон. Дэлхийн дундаж хэм нэг градусаар нэмэгдэж байхад манай улсад хоёр градусаар нэмэгдэж байгаа талаар эрдэмтэд судалж тогтоосон байдаг. Үр дүнд нь нутаг дэвсгэрийн 25 хувийг хамарсан ган 2-3 жилд нэг удаа, 50-иас илүү хувийг хамарсан ган 4-5 жилд нэг удаа тохиолддог болж, шороон шуургатай өдрийн тоо 1960 оныхтой харьцуулахад дөрөв дахин өсчээ. Цөлжилтийг зогсоохын тулд ямар нэг арга хэмжээ авахгүй бол манай улсын бүх нутаг 50 жилийн дотор цөлжинө гэсэн таамаглалыг эрдэмтэд танилцуулсан байдаг.
Дэлхий нийтийн чиг хандлагыг дагаад Монгол Улс ч дэлхийн дулааралтай тэмцэж байгаа. Гэвч хангалттай хэмжээнд байж чадахгүй хэвээр байна. Үүнийг хөрөнгө мөнгөний дутагдалтай холбож ярьдаг байсан бол одоо сэтгэл, хүсэл эрмэлзэл, технологийн хоцрогдолтой холбож ойлгох хэмжээнд хүрчээ.
Гаднын улсын жишээ ийнхүү өөрсдийгөө чамлахад хүргэв. Гэхдээ оройтоогүй, бидэнд өөрсдөө санаачлаагүй ч бусдын шинэ санааг шууд нэвтрүүлэх боломж одоо ч байна.
Бидэнд шууд хэрэгжүүлэхэд бэлэн хөтөлбөр бий
Бидэнд ойжуулах, цөлжилт бууруулах чиглэлээр баталсан, шууд хэрэгжүүлэхэд бэлэн хөтөлбөр бий. “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөр гэхээр хүмүүс санаж байгаа байх. Бүтнээрээ “Цөлжилт, элсний нүүлт, шар шороон шуурга, түйрэн багасгах, хөрсний эвдрэл, газрын доройтлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн бодлогыг хэрэгжүүлэх “Ногоон хэрэм” хөтөлбөр”-ийг Засгийн газар 2005 оны 44 дүгээр тогтоолоороо баталж, 2035 он хүртэл 10, 10 жилийн гурван үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Эхний үе шат 2015 онд дууссан бол одоо хоёр дахь үе шат нь 21 аймаг, 189 сум, суурин газрыг хамран хэрэгжиж байна. УИХ 2015 онд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр үе шатыг дүгнэж 49 дүгээр тогтоол баталсан.
Уг тогтоолоор дөрвөн бүс нутагт ойн- агро аж ахуй байгуулах, ойн тариалан хөгжүүлэх зэрэг олон заалтыг оруулсан байна. Агро паркийн зураг төсөл ч бэлэн болжээ.
“Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн Бүсийн хөгжлийн захирал М.Даш бидэнд дээрх мэдээллийг өгсөн юм. Хувь нэмрээ оруулахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгтэй хамтрахад бэлэн гэдгээ ч илэрхийлж байв.
Түүний өгсөн мэдээллээс “Бидэнд шууд хэрэгжүүлээд явах үндэсний хөтөлбөр байгаа юм байна, гагцхүү хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхдээ олон янзын арга хэрэглэх, технологийн дэвшлийг ашиглаж олон нийтийн оролцоог хангах чиглэлд илүү санаачилгатай ажиллаж, өргөн далайцтай хэрэгжүүлэх л үлдсэн юм байна” гэдэг нь ойлгогдож байна. Цөлжилттэй тэмцэх төрийн бодлого хэрэгжиж л байна. Гэхдээ үнэндээ цөлжилтийнхөө хурдыг гүйцэхгүй бол яваандаа цөлжиж л дуусна шүү дээ.

Эрдэмтэд цөлжилтөд тэсвэртэй ургамлын сорт гаргах, нутагшуулахаар ажиллаж байна
Дэлхий дахинд цөлжилтөөс сэргийлэх олон янзын арга хэрэглэж байна. Тухайлбал, Израиль улс цөлжилтөд тэсвэртэй модны сорт гаргаж авах судалгааг амжилттай туршин үйлдвэрлэлд нэвтрүүлснээр амжилтад хүрсэн байх юм. Цөлийг ургамалжуулах чиглэлээр судалгаа туршилт явуулж байсан Израиль, Италийн эрдэмтдийн хамтарсан баг цөлд ургадаг тамарикс хэмээх ургамлын хуурайшилд тэсвэртэй шинэ сортыг гарган авчээ. Эдгээр мод, ургамлын туршилтын талбай Аравийн үржил шимгүй хөрс бүхий Израилийн нутгуудад таран байрласан бөгөөд нэгэн зэрэг явагджээ. Галил нуур, Үхлийн тэнгис орчмын хамгийн үржил шимгүй элсэрхэг хөрсөнд тамариксын 150 сортыг тарьж, дараа нь моднуудаа хамгийн чанар муутай давстай усаар услах зэргээр туршсаны эцэст тэсвэртэй сортуудыг нь тогтоожээ. Уг мод нь өөртөө их хэмжээний давс агуулж байсан ч ургах чадвартай юм байна. Элсэнд ургадаг тэсвэртэй энэ ургамлыг улам тэсвэртэй болгох, цөлжиж буй бүс нутгуудад тарих ажлыг зогсолтгүй үргэлжлүүлж байгаа аж. Энэхүү тамариксын монгол нэр нь сухай бөгөөд монгол эрдэмтэд ч судалгаа туршилт хийж байгаа юм билээ.
Ер нь бол цөлжилтөөс хамгаалах, цөлд тэсвэртэй ургамал үржүүлэх чиглэлээр манай эрдэмтэд олон жилийн өмнөөс ажиллаж, тодорхой хэмжээний уламжлал, мэдлэгийн суурийг үүсгэсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Жишээлбэл, нэрт эрдэмтэн Ж.Гал бүр 1960-аад оны эхэн үед анх удаа заган ойг үрээр тархи агротехникийг боловсруулсан түүхтэй. Тухайн үеийн төр засаг ч доктор Ж.Гал гуайн судалгааны ажилд үндэслэж, заган ойг түлшинд хэрэглэхийг багасгах, байгалийн аясаар сэргэхэд нь дэмжих зэргээр дэмжиж байсан сайхан уламжлал байна. Ж.Гал гуайн тарьсан ой одоо төгөл болсон байдаг. Гэхдээ одоо ч арилаагүй байгаа нэг дутагдал нь судалгаа лабораторийн шатнаас үйлдвэрлэлийн шатанд шилжих үйл ажиллагаа хангалтгүй явагдаж ирсэн явдал. Үүнд зориулсан хөрөнгө хүч ч хангалтгүй байсаар ирлээ. Түүнээс биш судалгаа, агротехникийн түвшинд бол олон эрдэмтэд судалгаа хийж байна. Говь цөлийн мод бутлаг ургамлыг тарималжуулан ойжуулалт хийхээс гадна ижил төстэй цаг уурын нөхцөлтэй экваторын нэг бүсэд оршдог орнуудын туршилтыг судалж paboloni, saliks-ийн төрөл зүйлийн модлог ургамлын зүйлийг ургуулж байгаа аж. Гэхдээ хараахан нутагшиж жигдрээгүй байна. Монгол орны хөрс усны түвшин цаг уурын онцлогоос хамаарч олон жилийн судалгаа шаардагдах ажээ. Ер нь мод тарих технологийг эзэмших хугацааг хамгийн багадаа 15-20 жил гэж үздэг. Тэгэхээр бидэнд ямар ч байсан агротехникийн шатанд эзэмшчихсэн, үйлдвэрлэлийн шатанд шилжихэд бэлэн ажлууд байгаа юм байна. Гагцхүү хөрөнгө санхүү гэдэг том саадыг л давах хэрэгтэй болжээ.
Ойн чиглэлээр ажилладаг олон хүнтэй уулзаж байлаа. Тэд бүгд “Цаашид Ойн яам, Ойн модны аж үйлдвэрийн яам гэсэн хуучин бүтцийг сэргээж бодлогын хэмжээнд мэргэжлийн баг удирдаж байж Монгол орны ойн бүтэц, ойн сангийн арчилан хамгаалалт, ашиглалт зүй тогтцоороо явна. Хамгаалалтын ойн бодлого үр дүнтэй хэрэгжинэ” гэсэн санаа илэрхийлдэг. Тэр тусмаа нэгэн эрдэмтэн “Зөв бодлого, менежментээр явбал монголчууд модоор дутагдах үндэслэл огт байхгүй” гэсэн нь санаанд тодхон санагдаж байна.
Цөлжилтийг бууруулахад технологийн дэвшлийг ашиглах нь чухал байна
Төрөөс ойн салбарт баримтлах бодлогын баримт бичиг УИХ-д өргөн баригдаад байх үед (2015 он) Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч “Одоогийн байдлаар Монгол орны нийт нутгийн 8.002 хувь нь ойгоор бүрхэгдсэн байгаа. Бид 2020 он гэхэд үүнийг 8.5 хувьд хүргэе, ингэхийн тулд бид зориудын аргаар 315 мянган га талбайг ойжуулах шаардлагатай. 2030 он гэхэд есөн хувьд хүргэе гэж байгаа. Үүний тулд 1.5 сая га талбайг ойжуулах шаардлагатай. Хүн ам цөөтэй манай улсын хувьд ийм хүчин чадал байгаа юу гэвэл байхгүй. Гэхдээ бид үүнийг хийнэ гэж төлөвлөсөн. Яаж хийх вэ гэвэл шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглаж чадвал хэрэгжих боломжтой” гэж байлаа. Одоо эргээд харахад түүний хэлсэн үнэн байжээ. Урд хөрш хот суурин газрын иргэд, технологийн дэвшлийг хоршуулсан хөөрхөн санаа сэдсэний ачаар өнгөрсөн таван жилд цөлжилтийг багасгах чиглэлээр маш их ажил амжуулсан байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн дам нөлөө болох агаарын бохирдлын гол хохирогчид нь хотын иргэд байдаг. Гэхдээ хэчнээн санаа зовлоо гээд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг бодитой тэмцэж чаддаггүй нийтлэг дутагдалтай. Тийм боломж ч хомс. Тэгвэл БНХАУ- ын технологийн компаниуд иргэдийнхээ сэтгэлийг нэгэн чигт хандуулан цөлжилттэй тэмцэх боломжийг олгон гайхалтай үр дүнд хүрсэн байна.
Урд хөршийн нийслэл Бээжин, бусад том хотын иргэд “Al Forest”, “Ant For- est” хэмээх программ, аппликейшнийг ашиглах болсоор хоёр жилийг үджээ. Аппликейшний ажиллах зарчим нь энгийн. Аппликейшнийг хэрэглэгч нь Өвөр Монголын говьд өөрийн гэсэн модыг суулгах боломжоор хангагдана. Ургуулсан мод нь хэрхэн ургаж, хэчнээн хэмжээний цэвэр агаарыг ялгаруулж байгаа тухай мэдээллийг мөн авдаг.
Жишээ нь, 27 настай Бээжингийн уугуул Гэн Гэн гэгч залуу Өвөр Монголын говьд хэзээ ч очиж байгаагүй. Гэсэн ч түүнд Ордост тарьсан 10 жинхэнэ мод бий. Тэрээр Ордост жинхэнэ модтой болохын тулд явган явж, хийсвэр цэвэр агаар цуглуулсан. Найзуудаа уриалж, найзуудаа энэ хэрэгт татаж оролцуулбал тэдний авсан онооноос, өөрөөр хэлбэл цуглуулсан цэвэр агаараас нь бас хувь хүртэнэ. 10000 алхалт буюу 8-10 км алхахад 200 грамм цэвэр агаар хуримтлуулна. Ингэж цуглуулсаар 18000 грамм цэвэр агаар цуглуулахад Өвөр Монголд нэг жинхэнэ модтой болно. Гэн Гэн энэ төсөлд идэвхтэй оролцож, байнга алхсаар өдгөө 10 ширхэг жинхэнэ модтой болжээ. Түүний моднууд өдөрт хичнээн цэвэр агаар ялгаруулж байгаа тухай мэдээллийг Гэн Гэн аппликейшнээрээ дамжуулж авдаг. Аппликейшнээр ирж байгаа мэдээллүүд хийсвэр бус. Бүгд амьдрал дээр бодитой явагддагаараа онцлог. Жишээ нь Гэн Гэн Өвөр Монголд модтой болж байгаа нь үнэн. Очиж шалгасан ч болно. Гэн Гэн Өвөр Монголын цөлжиж буй бүсэд очин өөрийнхөө моднуудыг шалгасан гэрэл зургийг та бүхэн харж байна.
Гэн Гэн бол Ant Financial Services Group-ийн охин компани “Ali pay”-н зохион бүтээсэн “Ant Forest Program”-ын БНХАУ даяарх 400 сая хэрэглэгчийн нэг. Программ яаж амжилтад хүрсэн талаар санаачлагч Шу Ли “Хэдийгээр хотод амьдарч байгаа ч хүмүүс байгаль орчны асуудалд санаа тавьж, сэтгэл нь зовж байдаг. Би хүмүүсийн тэр сэтгэлийг нэг цэгт төвлөрүүлэн бодитой үйл ажиллагаа болгохыг хүссэн” гэжээ. Өдгөө “Цөлжилттэй хийх тэмцэлд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч байна уу. Тэгвэл явган яв, алх” гэсэн уриаг мэдэхгүй хятад хүн үгүй болжээ. Компанийн зүгээс цөлжилтийг бууруулах, хэрэглэгчдийнхээ нэрийн өмнөөс мод тарихад жилд хэдэн арван сая юань зарцуулдаг байна. Эдүгээ уг төсөлд байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус олон байгууллага нэгдэж, Өвөр Монголын малчдад мод тарихад нь дэмжлэг үзүүлдэг болжээ.
Хотын иргэд ч цөлжилттэй тэмцэж чадна
Монгол Улс цөлжилтөд хурдацтайгаар нэрвэгдэж байгаа нь мал аж ахуй голлосон эдийн засагтай улсын хувьд түгшүүрийн харанга дэлдсэн мэдээ. Хүн амын талаас илүү нь ганц Улаанбаатар хотод оршин сууж байгаа учир бид бодит байдал дээр булаг улс хэрхэн хатаж, өвс ургамалтай аглаг тал элсэрхэг хөрстэй талаар солигдож байгааг тэр бүр мэдрэхгүй байгаа нь үнэн. Гэхдээ хотын иргэдэд сэтгэл бий. Дэлхий нийтийн бэрхшээл болоод байгаа энэ асуудалд бид бусдын адил санаа зовдог. Гэрлээ унтраах, жорлонгийнхоо усны саванд тал тоосго хийх гэх мэт глобал арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаа нь үүнийг харуулдаг. Тэгвэл бид Хятадын дээрх жишээгээр “Ногоон хэрэм” хөтөлбөрөө урагшлуулбал яасан юм бэ. “Ногоон хэрэм” бол маш чухал хөтөлбөр. Санаснаар болдог бол 2035 оныг хүлээхгүйгээр өдийд хэрэгжээд дуусчих байлаа. Гэхдээ одоо хоцроогүй.
Одоо технологийн дэвшлээр цөлжилттэй тэмцье. Хотын иргэд мод тарих хүсэлтэй. Гэтэл Монгол орны хувьд, уур амьсгалын онцлогоос шалтгаалаад жилд мод тарих хугацаа 1-2 сар л байдаг. Жил бүрийн тавдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 1 хүртэл буюу тодорхой хэлбэл, газар гэссэнээс нахиа задрах хүртэл биологийн хугацаатай. Тиймээс хүн ам цөөтэй Монгол орны хувьд цаашдаа ой модоо хамгаалъя, өсгөж үржүүлье гэвэл технологийн дэвшил хийхээс өөр арга алга. Бид тарьцыг бортгонд ургуулснаар дээр дурдсан 1-2 сарыг 5-6 сар болгон уртасгаж чадна. Тарьцыг бортгонд ургуулснаар тав, зургаа, долоо, наймдугаар сард ч тарих боломжтой болж, тарилтын хугацаа нь уртассан гэсэн үг. Жилд хоёр удаа болдог мод тарих өдрөөр хангалттай олон мод тарьж, идэвхтэй оролцдог. Энэ бол мод тарья гэсэн хүсэл хүн бүрийн дотор байдгийг харуулж байгаа явдал. Харин хөдөө явж, цөлжилт явагдаж байгаа голомт дээр нь очиж ажиллах боломж үнэндээ хомс. Тиймээс яг хэрэгтэй газар нь таны өмнөөс мод тариад өгье гэхэд суулгацынх нь мөнгийг шилжүүлчих хүн олон байх болов уу. Хятадын хувьд модтой болох боломжийг нь явган алхахтай холбож өгсөн нь автомашин хэрэглэхгүй байхаас гадна эрүүл мэндийн ач холбогдолтой шийдэл болжээ. Энэ нөхцөл манайд ч ижил байх нь мэдээж. Үрсэлгээ, мод тарих чиглэлээр ажилладаг компаниуд цөлжилт явагдаж байгаа газар мод тарьж арчлаад, суулгах зардлыг нь модны эзэн гаргаад, ургах явцыг нь хянах боломжийг технологийн компаниуд нь бүрдүүлэхэд болохгүй зүйл үгүй. Гаднын сайн туршлагыг цаг алдалгүй авч, цөлжилттэй үр дүнтэй тэмцэх боломж бидэнд байна.
“Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн Бүсийн хөгжлийн захирал М.Даш
“Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөр хэрэгжих эрх зүйн орчин бүрдсэн, гагцхүү бодлогын гүйцэтгэлийн үр дүн чанар байдалд цаашид нарийвчилсан төлөвлөгөө гаргаж дахин тодотгож ярилцах зүйлүүд бий. Одоогоор улсын төсвөөс хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг төсвийн хөрөнгөөр хийж байгаа. Орон нутаг байгаль хамгаалах, байгалийн баялаг ашигласны орлогоос хуримтлал үүсгэж зохих зардлуудыг шийдэж байгаа боловч төлөвлөсний дагуу далайцтай хийх боломж бүрдэхгүй л байна. Харин Монгол орныхоо ногоон нөмрөгийг сэргээж, ногоон орчин бий болгоход иргэнийхээ үүргийг биелүүлэн оролцохыг уншигчдад уриалж байна.