АН-ын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнөөдөр мэдээлэл хийж, АН-аас С.Зориг агсанд Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох санаачилга гаргаж буйг мэдэгдэв. Тэрээр "Ардчилсан нам байгуулагдсаны 31 жилийн ойн мэндийг хүргэе. Ардчилсан намаа бүтэн болгох уриалгыг дэвшүүлж байна. Чиг баримжаа, үзэл санаа нэгтэй нөхдөө, намаас салсан улс төрийн хүчнүүдээ нэгдэхийг намын удирдлагын хувьд уриалж байна.
Мөн энэ өдөр ардчиллын алтан хараацай Санжаасүрэнгийн Зоригт Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох санаачилгыг АН-аас эхлүүлж байгаагаа зарлаж байна. Энэ бол хэн нэгэнд хэлбэр төдий баатар цол олгох гэж байгаа хэрэг биш. Харин өдрөөс өдөрт үгүй болж байгаа монгол хүний үнэ цэнийг өгсөх, монголчуудын эрхийг эргүүлэн авчрах оролдлого гэж үзэж байгаа" гэсэн юм.
Тэрээр үргэлжлүүлэн С.Зориг агсанд Монгол Улсын баатар цол нэхэн олгох асуудлаар Ерөнхийлөгчид хандана гэдгээ мэдэгдэв.