Н.Алтанхуягийн илчлэх "шударга бусын хонгил"

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн бичсэн “Шударга бусын хонгил” баримтат ном тун удахгүй уншигчдын гар дээр очих нь ээ. Ерөнхий сайд, АН-ын даргын албаа өгснийхөө дараахан, өдгөөгөөс таван жилийн өмнө Монголын улс төрийн Шударга бусын хонгилын талаар Төрийн ордонд анх илчилсэн тэрбээр эл номоо баримт түшиглэн бичсэн гэдгээ өөрийн сошиал хуудсаар дамжуулан зарлаад байгаа. Түүнийг ийм мэдэгдэл хийснээс хойш “Шударга бусын хонгил” байдгийг улс төр судлаачид хийгээд улстөрчид өөрсдөө ч хүлээн зөвшөөрөөд байгаа билээ.

Тухайлбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан шүүхийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байх үед судлаачийн байр сууриас “Шүүхийн хуулийг Үндсэн хуульд нийцүүлж, сайн туршлагыг харгалзан батлахгүй бол “Шударга бусын хонгил” нурахгүй” гэж илэрхийлж байсан. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ч мөн 2018 оны арваннэгдүгээр сард М.Энхболд тэргүүтэй намынх нь зарим нөхөд огцруулах бичиг өргөн барих үед “Н.Алтанхуяг Ерөнхий сайдын яриад байсан “Шударга бусын хонгил” үнэхээр байдаг юм байна. Би үүнийг арьс, махаараа мэдэрч байна. Би энэ хонгил дундуур алхаж байна. Энэ хогилыг эвдэж, хэмхчих цаг болсон байна” хэмээсэн билээ.

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд 25 дугаар суваг телевизэд өгсөн ярилцлагадаа мөн л хуулийн хонгилын талаар өгүүлсэн байсан.

Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг гишүүний анх зарласан “Шударга бусын хонгил” үнэхээр байдаг юм байна, энэ хонгил нь гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлдэг юм байна гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрсөн нь энэ байв. Тэгвэл энэ удаа Н.Алтанхуяг гишүүн эл номоороо Шударга бусын хонгилоор хэрхэн алхсанаа, хэлмэгдүүлэлт яаж явагддагийг, хуулийнхнаар дамжуулан Хонгилын цаана ямар эзэн сууж байдгийг баримт түшиглэн тодорхой зарлах бололтой. “Шударга бусын хонгил” номыг бичих болсон талаараа Н.Алтанхуяг гишүүн өөрийн фэйсбүүк хуудсандаа “Дахин нэг ч хүн энэ хонгилоор битгий ороосой хэмээн хүнийг хэлмэгдүүлдэг, тамладаг, зовоодог новшийн аргуудыг нь нэгтгэсэн юм. Уншаарай, тэмцээрэй. Тэмцэхгүй ард түмэн мөхдөг... Урсахгүй гол ширгэдэг...” хэмээсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)