“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаанаар өчигдөр Оюутолгой ордын ашиглалтын талаар танилцуулга, мэдээлэл сонслоо.
“Эрдэнэс-Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, Хөрөнгө оруулалтын гэрээ; Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тогтоосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ; Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүгийн төлөвлөгөө болон Бусад гэрээ, баримт бичгийн талаар танилцуулав.Мөн “Эрдэнэс-Оюу толгой” ХХК-ийн Санхүү, шинжилгээний албаны дарга Ц.Алтанхуяг Оюутолгой төслийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт болон ТЭЗҮ; “Эрдэнэс-Оюутолгой” ХХК-ийн Геологи, уул уурхайн хэлтсийн дарга Л.Өнөрбаатар тусгай зөвшөөрөл, геотехник, далд уурхайн бүтээн байгуулалт зэрэг асуудлаар тус тус мэдээлэл хийжээ.
Х.Болорчулуун гишүүн Оюутолгой ордын хөрөнгө оруулалт, гэрээ болон олборлолттой холбогдуулан мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, уг гэрээнд зааснаар зардал, ашиг хоёр тэнцүү байгаа нөхцөлд Монгол Улсад ногдох бодит ашиг харагдахгүй байгаа талаар дурдаж байсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн зарчим зөрчигдсөн эсэх тухай; Монголын талын хүртэх ашиг; Дэлхийн төмрийн хүдрийн зах зээл; ТЭЗҮ болон Менежментийн төлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, тодруулга хийв.
Дээрх гурван мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Улсын Их Хурлын гишүүдийн хийсэн мэдээлэлтэй санал нэг байгаа эсэх талаар, мөн санхүүжилт, гэрээтэй холбогдуулан цаашид анхаарах асуудлын талаар Ажлын хэсгээс тодруулахад ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо санхүүжилтын асуудал бол яах аргагүй анхаарал татаж буй асуудлын нэг, мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар удирдамжийн төслийг хэлэлцүүлнэ. Ингэснээр санхүүжилтийн бүтэц, төслийг бүхлээр нь эргэн харах боломж бүрдэнэ гэсэн тайлбар хийв.
Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, олон улсын арбитрын шүүхэд маргаан байнга үүсдэг тул Монгол Улсыг төлөөлөх эрх бүхий олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөхийг эртнээс бэлтгэх, мөн Оюутолгой төслийн хүрээнд говь газрын экологийн тэнцвэрийн алдагдалд онцгой анхаарч ажиллах тухай санал хэлжээ.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ нар удирдамжийн төсөл болон ТЭЗҮ-г эрх бүхий байгууллага хийсэн эсэх талаар тодруулж байв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо хийсэн тайлбартаа, удирдамжийн төсөлд холбогдох яам, газруудаас санал авч, Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр нэгтгэсэн гэсэн бол ТЭЗҮ-г олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр бүхий Австрали, АНУ-ын компани боловсруулсан талаар “Эрдэнэс-Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт хариулт өгөв.