Ковид19 халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж, өвчлөл өдөр бүр өсөж байгаатай холбоотойгоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоож болзошгүй талаарх мэдээлэл гуравдугаар сарын дунд үеэс гарсан.

Тодруулбал, хөл хорио тогтоож, өвчлөлийн тархалтыг бууруулах саналыг ЭМЯ-наас Засгийн Газарт хүргүүлсэн юм. Улмаар дөрөвдүгээр сарын 5-наас тэг зогсолт хийж, дархлаажуулалтаа идэвхжүүлэх талаар холбогдох байгууллага мэдээлээд байсан.

Уг асуудлыг Засгийн Газар эцэслэн шийдэж, хөл хорио тогтоохгүй ч зарим аж, ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлах талаар мэдээлсэн. Уг шийдвэр гуравдугаар сарын 31-нд гарсан бөгөөд худалдаа үйлчилгээний байгууллага, үсчин гоо сайхан амралтын өдөр ажиллахгүй, ресторан, хоол бэлтгэлийн газрууд зөвхөн хүргэлтээр үйлчлэхээр болсон юм.

“Ядарсан иргэдийг битгий нидрээч”

Гэвч өнгөрсөн бямба гарагт дээрх шийдвэр өөрчлөгдөж, амралтын өдрүүдэд үйлчилгээний байгууллагууд ажиллах боломжтой болсон бөгөөд хоолны газрууд ч зааландаа үйлчлүүлэгч хүлээж авах боломжтой болсон. Гэвч энэхүү мэдээллээ олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй хүргээгүйн улмаас ихэнх иргэн, бизнес эрхлэгчид эдийн засгийн хохирол амссан байна.

Энэ талаар Маникюрчин А.Анужин

“Засгийн газраас гоо сайхны газруудыг амралтын өдөр ажиллахгүй байхыг анхааруулсан. Тиймээс бямба, ням гаргийн бүх цагаа цуцалсан. Гэвч дараа нь ажиллаж болох тухай шийдвэр гарсан юм билээ. Хааж, хорих болохоороо  сайд, дарга нар нь сүржин мэдээлэл хийдэг хэрнэ ажиллаж болох тухай мэдээллийг яагаад хүртээмжтэй хүргэж болдоггүй юм. Тэдний хувьд нэг, хоёр өдөр ажиллах эсэх нь чухал биш байж болох ч хувиараа бизнес эрхэлж буй бидэнд нэг өдөр, нэг цагийн орлого ч асар чухал байдаг. Ялангуяа амралтын хоёр өдөр хамгийн их үйлчлүүлэгч ирдэг. Гэтэл төрийн уялдаа холбоогүй шийдвэрийн улмаас хоёр өдрийн орлогоо алдсан хүн олон бий. Мөн энэ амралтын өдрүүдэд дахиад ажиллахыг хориглосон байна. Жил гаруй хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй, түрээсийн төлбөрт дарлуулж байгаа ядарсан иргэдийн битгий нидрээч гэж хүсмээр байна” гэсэн юм.

“Цайны газар ресторан ижил эрх, үүрэгтэй баймаар байна”

Түүнчлэн хоолны бизнес эрхлэгчид ч үйл ажиллагааны хязгаарлалтын талаар нэгдсэн ойлголтгүй байна. Улмаар зарим цайны газрууд  хаалгаа барьж, зарим нь зааландаа үйлчлүүлэгч авч, хэвийн ажиллаж байлаа.

Энэ тараар нэрээ нууцлахыг хүссэн бизнес эрхлэгч Н “Өнгөрсөн долоо хоногт хоолны газрууд ажиллахгүй гэх шийдвэр гарсан болохоор зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байна. Гэтэл зарим цайны газрууд зааландаа үйлчлүүлэгч аваад, хэвийн ажиллаж байх юм.  Ресторан, цайны газар хоёр ижил, тэгш эрхтэй байх ёстой биз дээ. Олон салбартай гэх шалтгаанаар хаалгаа баримааргүй байна. Бид ч гэсэн адилхан л хүмүүс цалинжуулж, үйлчилгээ явуулдаг бизнес эрхлэгчид. Ер нь хэсэг газрын үйл ажиллагааг хязгаарлалаа гээд халдварын тоо буурч байгаа биш хэнд ч хэрэггүй ийм арга хэмжээ авахаа болиосой” гэсэн юм.

Төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажиллаж байна

Түүнчлэн төрийн шийдвэр иргэдэд хүртээмжтэй хүрэхгүй байгаагийн зэрэгцээ гүйцэтгэх албаныхантайгаа ч уялдаж ажиллахгүй байна. Тодруулбал, гуравдугаар сард шөнийн цагаар хөл хорио тогтоосон. Уг шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт цуцалсан. Гэтэл дээрх шийдвэр гарсан талаар олон нийтэд мэдээлсний дараа цагдаагийн алба хаагчид шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцож байсан иргэдийг торгосон зөрчил илэрчээ.

Мөн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр 50-аас дээш насны иргэд харьяалал харгалзахгүйгээр вакцинжуулалтад хамрагдах боломжтой талаар мэдээлсэн. Уг мэдээллийг сонссон ахмадууд шинжилгээний цэгт очиж вакцин хийлгэх гэтэл вакцинжуулалт хийж буй эмч, сувилагч нар “Тийм чиглэл ирээгүй” гэж вакцин хийхээс татгалзсан байна.

Энэ мэт төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, төлөвлөгөө зохион байгуулалтгүй гэнэтийн шийдвэрийн балгийг жирийн иргэд үүрч байна. Иргэндээ ээлтэй, судалгаа, зохион байгуулалттай шийдвэр гаргаж, ажиллах шаардлагатай байна.