Болдогсон бол энэ хүнд суртлыг чононд хаяж өгөхсөн гэж үг бий. Их үнэн үг. Төрийн алба хүнд суртлаар дүүрч, төрдөө ч, иргэндээ ч олигтой үйлчлэхээ байчихсан иймэрхүү байгууллага Монголд цөөнгүй бий. Үүний шалтгаан нь төрийн алба төрлийнх, танил талынх болдогтой шууд холбоотой. Даргын тавиулууд даргад үйлчлэхээс иргэнд үгүй.
Гай газар дороос, гахай модон дотроос гэгчээр Монголыг элгээр нь хэвтүүлчихгүй байгаа ганц тэжээгч болсон уул уурхайн салбарын хамгийн том тоглогч Оюутолгойд халдварын хоёр тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбоотойгоор БНХАУ хилийн боомтуудаа тодорхойгүй хугацаагаар хаав. Ингэх болсон шалтгаанаа өөрсдийн иргэдээ халдвар авахаас хамгаалж байна гэдгээр тайлбарлав. Зэсийн үнэ өсч байгаа ч экспортлож чадахгүйгээс Монголын төсвийн орлого их үү, бага уу тасалдах нь тодорхой болжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд сандарч БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай холбогдон асуудлыг нааштайгаар шийдвэрлүүлэхээр хичээжээ. Харин хамгийн түрүүнд энэхүү асуудлыг шийдүүлэхээр хөөцөлдөх ёстой Монголыг гадаадад төлөөлөгчдийн яам таг чиг. ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтой “утсаар ярьсан, яриагүй” таавар таалгаад сууж байна. Гэтэл Ерөнхийлөгч Гадаад харилцааны сайдыг томилогдсон даруйд нь хэрэг болгон анхаарч ажиллах асуудлуудыг өөрийн биеэр захиж байсныг эргэн сануулсан.
Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэгийг томилогдох үед Ерөнхийлөгч Х.Баттулга “Нэн түрүүнд анхаарах асуудал хоёр хөрштэй явуулж буй бодлого байна. Мөн түүнчлэн гадаад харилцаан дахь эдийн засгийн асуудлууд, гуравдагч хөршийн бодлого, Оюутолгойтой холбоотой хөрөнгө оруулалтын асуудлууд байгаа. Бүгд л тулгамдсан асуудлууд” гэдгийг онцлоод “Мөн 10 гаруй Элчин сайд томилогдоогүй байгаа асуудал байна. Энэ асуудлыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Гадаад харилцааны яам, Монгол Улсыг гадаадад төлөөлж буй Элчин сайд нарын нэр хүнд унасан. Гадаад харилцааны яам, Элчин сайд нар Монгол Улсыг гадаадад төлөөлж байгаа учраас өөрчлөлт хийгээрэй” гэж захьсан.
Монголын хугацаа нь дууссан, энэ онд дуусах гээд 30 орчим Элчин сайдын асуудал хүлээгдэж буй. Энэ талаар өмнөх Засгийн газрын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван огцрохынхоо өмнө “Хуулийн дагуу шинээр Элчин сайд нарыг дахин тодруулж, Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулж өргөн мэдүүлэх ажил бий. Энэ оны төгсгөл гэхэд 20, ирэх оны эхэнд 10, нийтдээ 30 орчим Элчин сайдын томилгооны асуудал яригдана. Энэ ондоо багтаагаад эхний ээлжинд хугацаа нь дууссан 10 гаруй Элчин сайдын асуудлыг УИХ-д оруулахаар төлөвлөж байна” гэж 2020 оны арваннэгдүгээр сарын 2-нд мэдэгдэж байсан ч томилгоо хийж чадалгүй байсаар дараагийн сайддаа “бялуугаа” шилжүүлсэн юм.
Дипломат албаны хүний нөөцийн гомдол
Монгол Улсаас Истанбул хотод суугаа Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарын дипломат албаны дугаартай автомашиныг шалгахад 500 граммаар савласан 140 багц гурван сая еврогийн үнэ хүрэх 70 кг хар тамхи илрүүлсэн хэрэг одоогоос хоёр жилийн өмнө мандсан. Ингэж хэрэг мандахад Б.Баттүшиг өөрийгөө нууц ажиллагаа хийж байсан гэж мэдэгдсэн бөгөөд Монголыг шившигтэй хутгав.

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах, Хөх хот дахь дэд консул Ж.Баатарчулуун гэгч дипломат дугаартай машинаар байнга мах, будаа зөөх бизнес хийдэг тухай Хөх хотын Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ мэдэгдэж байсан ч өөрөө ч бас л “но”-той нэгэн байсан гэж хэвлэлээр шуугисан. Гадаадад суугаа Элчин сайдын яам, консулын газрын ажиллагсдад мэдлэг боловсрол гэхээсээ илүүтэй улстөрчдийн ойр дотнынхон томилогддог явдлын гайгаар энэ мэт үйлдэл гарах болжээ.
Гадаадад суугаа Монголын төлөөлөгчид хар тамхи тээвэрлэх, хууль бус наймаа эрхлэх эл мэт үйлдэл гаргадаг ч хариуцлага тооцдоггүй шалтгаан нь улстөрчдийн томилгоотой холбоотой. Өнөөгийн Гадаад харилцааны сайд ч үүнийг тойрсонгүй.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дэд сайд байхдаа өөрийн нөхрийн дүү болох Э.Ганчимэг гэгч эмэгтэйг Гадаад харилцааны төв архивын ажилтнаар ажиллаж байхад нь Хөх хот дахь Ерөнхий консулын газарт консулын техник ажилтнаар 2019 оны долдугаар сарын 1-ний өдөр томилсон гэдэг. Тэрээр сайдын хувийн компани болох “Мөнхийн үсэг” компанид ажиллаж байгаад Гадаад харилцааны яаманд архивын ажилтнаар орсон талаар хэвлэлээр гардаг ч хэн ч хариуцлага ярьдаггүй нь хачирхалтай.
Тэгвэл Гадаад харилцааны сайд энэ сарын 19-нд ээлжит томилгоогоо хийсэн бөгөөд Гадаад харилцааны яамны харьяа Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын ажилтнуудыг томилжээ. Үүнээс гадна өөрийн хамаатны эгчийн хүүхэд болох Б.Мягмарсүрэнг АНУ-ын Сан-Франциско дахь Консулын газар жолоочоор явуулжээ.
Амташсан тэрээр сайд болмогцоо дараагийн томилгоогоо гадаадад суух Элчин сайдын яамны жолооч нарын томилгоогоор үргэлжлүүлсэн бөгөөд гэнэтийн бэлэг барьжээ. Гэнэтийн гэсэн учир нь дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газарт доод тал нь 4-5 жил ажилласан, тодорхой шалгуурыг давсан хүнийг Элчин сайдын яамны жолоочоор явуулдаг бөгөөд ээлжээ хүлээсэн мэргэшсэн хүмүүсийг томилгоо тойрч, шахааны хүмүүсээр томилгоо хийжээ. Ингэхдээ жолооч нар тодорхой албан тушаалтнуудад өөрийн сонгосон улсынхаа томилолтыг авах бол нэг дүнгээр, томилсон газарт нь очиж ажиллах бол арай доогуур дүнгээр тодорхой хэмжээний шан өгөх жишиг тогтоосон гэсэн яриа ч чих дэлсэв.
Одоо бол жолооч нарыг “Б.Батцэцэг сайдын хүн” “Б.Мөнхжин сайдын хүн” гэх тодотголтойгоор томилсон талаар Гадаад харилцааны яамныхан гомдоллож байна.
Гадаад харилцааны мэдлэг, боловсролтой гэхээсээ илүүтэй танил талаа харсан, ашиг сонирхлын зөрчилтэй энэ мэт томилгооноос болоод гадаадад Монголыг төлөөлөн суух албан хаагчид амин хувийн ашигаа нэгт тавьж, элдэв асуудалд орооцолдох нь элбэг болсон бөгөөд тухайн улсад суугаа монголчуудын эрх ашгийг хамгаалдаггүй тухай байнгын гомдол гардаг. Гадаад харилцааны яаманд ажиллаж, багагүй туршлага хуримтлуулсан, ажиллах гэж буй улсынхаа талаар мэргэшсэн залуус танил талгүй, сайдын ивээлд багтаагүйгээс томилогдож чаддаггүй болсон бололтой. Хашир дипломатчид ярьж, хэлдэг ч нохой хуцсан чинээ тоодоггүй нь дээрх томилгооноос ил болов.
Хүлээгдэж буй Элчин сайдууд
Өмнөх Засгийн газраас нэр дэвшүүлсэн ч УИХ-аар хэлэлцээгүй 11 Элчин сайд бий бөгөөд тэдний дунд Баянхонгорын гэх тодотголтой өнөөгийн Гадаад харилцааны сайдын нэр байгаа нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн гэхээсээ илүүтэй намдаа томилгоо бүхний эхэнд явдаг дархлагдсан хүмүүсийн нэг болсныг илтгэнэ. Ерөнхийлөгчид ч тал алдаагүй нэгэн гэдэг нь эргэлзээгүй.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашжамцын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэгмидийн Цэнгэлийг,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нямаагийн Наранбатыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүхийг,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг,
Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэгийг,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүрэнгийн Цоггэрэлийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Жамбалдоржийг эгүүлэн татаж,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батмөнхийн Батцэцэгийг,
Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гончигийн Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чанравын Бүрэнбаярыг
Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цогтоогийн Өнөрзаяаг,
Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чимэддоржийн Баттөмөрийг,
Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайханыг,
Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболдыг тус тус томилох саналыг Засгийн газраас дэмжсэн билээ.
Эдгээр жагсаалт Монголыг гадаад ертөнцөд ямаршуухан чадамжтай, хэн төлөөлөөд буйг бэлхнээ харуулаад өгнө. Ганц нэгийг эс тооцвол улстөрчид, тэдний тохиролцооны хүмүүс дурайна. Харамсалтай нь гадаад бодлого байтугай хэлний мэдлэг хомс хүн ч тоон дотор үсэг гэгчээр эдгээр нэрсийн дунд нүд сохолчих гээд дурайж байна. Гэхдээ өмнөх сайдын хийж чадаагүй томилгоог Б.Батцэцэг сайд хийлгэх юм. Эхлээд ажилчдыг нь, дараа нь сайд нарыг нь тэр томилуулах билээ.
Дэд сайдын тохуурхал
Нийслэлд 23 цагаас хойш хөл хорио тогтоочихсон үеэр дэд сайд Б.Мөнхжингийн албаны машинаар "шоудаж" буй залуусыг буудлаас буудалд зөөж буй тухай шуугиан сошиалд ил болов. Гэвэл Гадаад харилцааны яамны зүгээс "0240 УНҮ улсын дугаартай бенз маркийн автомашин дэд сайдынх биш. Дэд сайд Б.Мөнхжин өөрийн автомашины дугаар гарахгүй эсвэл автомашин нь эвдэрсэн үед дуудаж, ашигладаг. Энэхүү автомашин нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяа "Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" ТӨҮГ-т бүртгэлтэй байдаг. Тус газар нь ашгийн төлөө байгууллага учраас Элчин сайдын яам, олон улсын байгууллага гэх мэт бенз маркийн автомашин хэрэг болсон үед дуудлагаар үйлчилдэг" гэх хөх инээд хүргэм тайлбарыг хэвлэл мэдээллийнхэнд өгчээ. Бүх хөдөлгөөнийг хориглочихсон байхад дэд сайд төсөвтөө орлого оруулах гээд дуудлагаар дээрх машиныг дуудуулж, шоучин бүсгүйчүүдэд үйлчилдэг болж таарав. Төрийн өндөр албан тушаалтай эрхэмүүдийн эхнэр, ойр дотны эмэгтэйчүүдэд цар тахлын хууль үйлчилдэггүй жишээний нэг болов. Гэнэт гэх үү, утгагүй гэх үү. Тайлбарлаж, тайлбарлуулсан нь бас шившигтэй тэнэглэл болов. УОК, НОК-ын дарга нар сүржигнэдэг шигээ хариуцлагаа нэхнэ үү.
Энэ ч дүүрч гэж бодоход дараагийн жишээг эрүүл нийгмийн дэд сайд гаргавал үг, дуугүй огцруулах шалтгаан болно.
Элчин сайд нь аливаа нэг улс оронд эсвэл олон улсын байгууллагын дэргэд суухаас гадна онцгой үүрэг хүлээсэн “Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд” гэсэн албыг нэрлэх нь бий.
Дипломат албаны тухай хуулийн 13.2-т “Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тодорхой үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдыг томилон ажиллуулж болно” гэж заажээ. Гэхдээ энэхүү албан тушаалд тавигдах хүн нь гадаадад олон жил үр бүтээлтэй ажилласан Элчин сайдаар ажилласан туршлагатай, хүлээн зөвшөөрөгдсөн байх бичигдээгүй хуультай.
Харин Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин дипломат байтугай барилгын салбарт ажиллаж байсан өөрийн багын найз Ж.Энхсайханаа тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар томилуулжээ. Эл албанд энгийн байтугай баргийн Элчин сайд нарыг томилдоггүй. Яагаад гэвэл, Монгол Улсыг бүрэн, дүүрэн төлөөлж чадах мэргэжлийн дипломатчдаас олон улсад танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн дипломатчдыг нь томилдог гэдгийг Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд нарын намтраас харахад л хэн ч ойлгоно.
Гэтэл мэргэжлийн бус багын найзаа томилуулсан дэд сайд өөрөө ч гадаадад томилогдон ажиллахдаа хэл ам таталж, хугацаанаас өмнө ирсэн гэх таагүй тодотголыг учир мэдэх дипломатчид хэлдэг. Тэрийг ч батлах мэт саяхан гаднын хандивлагч нар вакцин гардуулсны дараа “талархал илэрхийлсэн” гэж дипломат ёсонд байхааргүй үйлдэл үзүүлж шившиглэсэн нь олны өмнө болсон үйлдэл билээ.
Монголын гадаад бодлогыг, дэлхийд бидний нэр хүнийг өргөх, харилцан ойлголцох, харилцаагаа сайжруулах хамгийн чухал яамыг энэ мэт сайдууд унагааж, өөрсдийн томилгоогоо бүр “басамжилж” байх шиг.
Үе үеийн сайд нар дипломат албыг намдаа төлөх төлөөс мэтээр ашиглаж, улстөрчдийн хүүхдүүдийг орогнуулах газар болгож ирсэн нь нууц биш. Гэхдээ Монголд төр, төрд бодлого байдаг болохоор тэрхүү аминч үзлийг нь тодорхой хэмжээнд хязгаарлаж, таслан зогсоож ирсэн. Харин энэ удаад бүр утгаа алджээ.
Улстөрчдийг ойр дотныхон нь эл яаманд төлөөлдөг юм байж. Асуудал Монголын ашиг сонирхлыг хэн төлөөлөх вэ гэдэгт байна.