Далайн самар хаана ургадаг вэ

Самар далайд ургахгүй нь тодорхой шүү дээ. Гэтэл яагаад “Далайн самар” нэртэй самар байдаг юм бол. Үүний учрыг одоо хэлж өгье.

Хэзээ гэдгийг нь тогтоож чадахааргүй тийм эрт цагт хүмүүс Энэтхэгийн далайн эргээс зүрхэн хэлбэртэй асар том самар олоод хоол хүнсэндээ хэрэглэж эхэлжээ. Удалгүй самар анагаах асар их увидастай болох нь тодорсон байна. Гэсэн ч түүнийг хаана ургадаг, чухам хаанаас урсан далайн эрэг дээр хаягддагийг нь хэн ч мэдэхгүй байлаа. Тийм болоод ч тэр үү бараг л ид шидийн хүнс, далайн бурхны хишиг гэж нэрлэх нь холгүй байлаа. XVI зууны үед Европт нэвтрэхдээ бүр их нэр хүндийг олж лам нар, хаад ноёдын л хэрэглэдэг зүйл болсон байна. Учир нь тэд л самрын үнийг төлж чадахаар байжээ.  Тэр цагт 50 см диаметртэй нэг далайн самарны мөнгөөр эд бараа ачсан бүхэл бүтэн хөлөг онгоц авч чадах байсан гэдэг.   

            Гэтэл… Шидэт самрын нууц 1742 онд тодорхой болсон юм. Сайшелийн арлуудад судалгаа хийж байсан францын аялагчид тэндхийн нэгэн арлаас дээрх гайхалтай жимсний модыг олжээ. Дал модны төрөлд хамаарах 30 метр өндөр, 30 см өргөн мөчиртэй тэр ургамал дэлхий дээрх хамгийн хатуу хальстай, хамгийн удаан боловсордог дээр дурдсан үр жимсийг /sea coconut/ гаргадаг гэдгийг одоо бид мэднэ. Нэг ширхэг самар бүрэн боловсорч гүйцтэлээ 7-10 жил зарцуулдаг аж. Хэдийгээр ид шидийн хэмээн биширч байсан жимсний уг гарвал тогтоогдож, үнэ цэнэ нь буурсан ч хүмүүс одоо болтол анх сурснаараа далайн самар гэж нэрлэсээр байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)