Бодит түүх

Харааны бэрхшээлтэй эмэгтэй жирэмсний хяналтад орохоор дүүргийн эмнэлгийг зорив. Эмнэлэг гэрээс нь багагүй зайтай учир оюутан дүүгээсээ тусламж хүссэн байна. Жавар тачигнаж, цас орсон хүйтэн өдөр байсан тул зам дээр халтиргаа үүсжээ. Тэд багагүй хугацаанд цөөнгүй бартаа туулсаар зорьсон газраа хүрлээ. Гэхдээ замын турш тулгарсан бэрхшээлийн аль нь ч эмнэлэгт ирээд мэдэрсэн сэтгэлийн зовиураас хэцүү байсангүй.

Эмнэлэгт ирээд, хяналтын эмчдээ үзүүлэхээр дугаарлаж байтал эргэн тойронд нь байгаа эмэгтэйчүүдийн “хорон” яриа сонсогдов. Тэд “Суух сандлаа олохгүй хэр нь жирэмсэн болчихжээ, юу ч харахгүй байж яаж хүүхэд төрүүлэх гэсэн хүн юм бол, хөөрхий хүүхдийг нь өрөвдчихлөө” гэж шивэр, авир хийнэ.

Төд удалгүй үзлэгт орох түүний ээлж ирэв. Эмчийн өрөө рүү дүүтэйгээ орохыг хүссэн ч эмнэлгийн журамд нийцсэнгүй.

Өрөөнд ороод хэрхэх учраа олохгүй зогсож байтал цээл хоолойтой эмэгтэй “За, наашаа суугаарай” гэв. Үүнийг сонсоод “суух сандлаа олохгүй хэрнээ хүүхэд төрүүлэх гэнэ” гэх үг санаанд нь орж, сэтгэл нь дахин сэрдхийв. Эмчид учир байдлаа тайлбарлаад тусламж хүстэл “Юу вэ, би чамайг суулгаж, хэвтүүлэх болж байна уу, өөрийгөө яая гэж байж яаж хүүхэд төрүүлэх гэж байгаа хүүхэн бэ. Төрнө гэдэг чинь тоглоом биш” гэж хэмлэх, зэмлэхийн хооронд хэлэх нь тэр.

Энэ явдлаас хойш тэрээр төрөх хүртлээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваагүй бөгөөд хүүхдээ төрүүлэх үедээ дээрх жихүүцэм хандлагыг дахин мэдрээд бяцхан үртэйгээ уулзжээ. Энэ үйл явдал одоогоос дөрвөн жилийн өмнө болсон.

Төрөх эмнэлгүүдэд нөхцөл байдал одоо ч дорвитой өөрчлөгдөөгүй хэвээр байна. Төрөх орчин, хүмүүсийн хандлага, эмч, ажилчдын харилцаа зэргийн улмаас эмнэлэгт очихоос эмээж, эмнэлгийн үйлчилгээ авалгүй гэртээ төрсөн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй ч цөөнгүй байдаг аж. Гэхдээ хэчнээн эмэгтэй гэртээ нууцаар төрж, хэдэн хүүхэд эндсэн талаарх албан ёсны тоо, мэдээлэл хаана ч алга.

Ээж байх эрхийн зөрчил

Хүний Эрхийн Үндэсний комисс хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд,эрхийн  хэрэгжилтийн  байдлыг  үнэлэх, нөхцөл  байдлыг тодорхойлох  зорилгоор нийслэл, орон нутгийн 300 орчим эмэгтэйд судалгаа хийжээ. Тус судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг жирэмснээс хамгаалахыг хүчээр шаарддаг талаар дурдсан байна. Тодруулбал, судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 20 гаруй хувь нь хэн нэгний шахалтаар жирэмснээс хамгаалах арга хэрэглэсэн гэж хариулжээ. Түүнчлэн тэдний 35 хувь нь эмчийн шаардлагаар, 23 хувь нь аав, ээжийн шахалтаар, 23 хувь нь нөхрийн хүсэлтээр жирэмснээс хамгаалах арга хэрэглэсэн гэсэн бөгөөд халамжийн ажилтан, хамаатан садны нөлөө ч байдаг аж.

Мөн  эмэгтэйчүүдтэй  хийсэн ганцаарчилсан болон бүлгийн  ярилцлагаар хот, орон нутагт оюуны бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд  жирэмслэлтээс  сэргийлэх  тариаг  заавал  хийдэг,  татгалзсан тохиолдолд халамжийн тэтгэмж олгохгүй, асаргааг сунгахгүй гэх мэтээр халамжийн ажилтан,өрхийн эмч нар дарамт үзүүлж хүчилдэг байна. Мөн зарим аймагт гурван сар тутмын аян болгож энэ ажлыг зохион байгуулдаг талаар эмэгтэйчүүд ярьжээ.

Бид энэ талаар тодруулахаар хэд хэдэн эмэгтэйтэй болон орон нутгийн эмнэлгийн эмч, алба хаагчтай ярилцсан юм. Жирэмснээс хамгаалах хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүчээр хийдэг эсэхийг нэгэн сумын эмчээс тодруулсан юм. Мэдээлэгчийн хүсэлтээр нэр, албан тушаалыг нь нууцлав. Тэрээр "Хөгжлийн бэрхшээлтэй охидод жирэмснээс хамгаалах хэрэгслийг үнэ төлбөргүй хийдэг. Аль болох л жирэмслүүлэхгүй байхыг хичээдэг. Учир нь тусгай хэрэгцээт охид хүсээгүй жирэмслэлтэд өртөх тохиолдол элбэг. Өөрсдөө жирэмснээс хамгаалах арга, хэрэгсэл хэрэглэхгүй гэж эсэргүүцсэн тохиолдолд учиргүй хүчлэхгүй. Гэхдээ аль болох учирлаж, хүндрэл бэрхшээлийг нь ойлгуулдаг" гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй охид хүчирхийлэлд өртөх эрсдэл гурав дахин өндөр

Манай улсад 107 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Үүний 43 хувь нь буюу 46 мянга орчим нь эмэгтэй бөгөөд тэдний 38 мянга гаруй нь нөхөн үржихүйн насных юм. Эдгээр иргэний нөхөн үржихүйн болон хүүхэд төрүүлэх эрх, эрх чөлөө зөрчигдөж байна.

НҮБ-ын Хүн амын сангийн тайланд хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, эмэгтэйчүүд бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн талаар бие даасан шийдвэр гаргаж чаддаггүй бөгөөд бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртөмтгий байдгийг дурджээ. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй охид, хөвгүүдийг үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад бэлгийн хүчирхийлэл, хүсээгүй жирэмслэлтэд өртөх эрсдэл гурав дахин өндөр байдаг аж. Түүнчлэн хүчээр үр хөндүүлэх явдал ч түгээмэл тохиолддог байна.

Тусгай хэрэгцээт эмэгтэйчүүдийг тусгайлан ялгаварладаг

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал, хэрэгцээг үнэлж, тэдгээрийн онцлогт тохирсон үйлчилгээ үзүүлнэ” гэж заасан байдаг. Гэвч дээрх хууль хангалттай хэрэгждэггүй.

Учир нь эмч, эмнэлгийн ажилтнуудын хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголт дутмаг байдаг бөгөөд энэ тал дээр мэргэшсэн мэргэжилтэн аль ч эмнэлэгт байдаггүй гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, сонсголын бэрхшээлтэй иргэнтэй ойлголцох дохионы хэл мэддэг эмч, харааны бэрхшээлтэй үйлчлүүлэгчид зориулсан гарын авлага, удирдамж зэрэг дутагдалтай байна. Мөн ихэнх улсын эмнэлгийн нөхөн үржихүйн кабинетад тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд тохирсон үзлэгийн ор, эмнэлгийн хэрэгсэл байдаггүй.

Түүнчлэн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн бүртгэл, мэдээлэлд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдтэй холбоотой асуулт ордоггүй тул тэд ямар төрлийн үйлчилгээ илүү авдаг талаар болон жилд хэчнээн хүн үйлчлүүлж байгаа талаарх тоон мэдээлэл улсын хэмжээнд алга.

Үнэндээ “Хөгжлийн бэрхшээл” гэдэг асар бүдүүлэг нэр томъёог хүмүүст биш эмнэлгүүдэд л хэлмээр болжээ.

Цар тахлын улмаас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд өсчээ

Түүнчлэн хүч, хүйсээсээ хамаарч ихэнх эмэгтэйчүүдийн эрх ашиг зөрчигдөж байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд жендерт суурилсан гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь элбэг. Мөн хөл хорио, цар тахлын улмаас энэ төрлийн гэмт хэрэг улам гаарчээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2020 онд үйлчлүүлсэн хүний тоо өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдсэн байна. Тус төв нь жендерт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст хамгааллын үйлчилгээ үзүүлдэг аж. Мөн цар тахал, хөл хорионы үед энэ төрлийн хүчирхийлэл улам нэмэгдэж байгааг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас мэдээлжээ.