
Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 472 дахь дугаар хэвлэгдэн таны гарт хүрч байна. Энэ удаагийн дугаарын онцлох есөн санааг танилцуулж байна.
Нэг. Тэд биднийг бус тэднийг бид тэжээдэг
Цар тахал олон хүний амьдралд сөргөөр нөлөөллөө. Сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх, бизнесийн орлогыг хааж, эрүүл мэндийн үйлчилгээ авах гээд олон олон боломжийг нь хумив. Мөн эсрэгээрээ зарим хүнд завших боломж ч олгов. Зуд болоход нохой зоолно, зовлон учрахад лам таргалдаг гэдэг шиг. Цар тахлыг далимдуулан зарим хүн ямар ч сонгон шалгаруулалт, хяналтын босгогүйгээр албан тушаалд томилогджээ. Ийм боломжийг хууль олгосон ч тэрхүү хуулийг хүн боловсруулсан билээ. Арваад жилийн өмнө 120 гаруй мянган албан хаагчтай гэж асан төр өнөөдөр 200 мянгад дөхсөн албаттай болжээ. Энэ тоо өсөх тусам хувийн хэвшилд тушаа болж, хөгжлийн чөдөр, иргэдийн жаргах замын садаа болж буйг өнөөгийн хүнд суртал, авлигын индекс, түгжрэл, тэр ч бүү хэл агаарын бохирдол хэлээд байна.
С.Шийлэгтөмөрийн “Урагшгүй албатууд” нийтлэлээс
Хоёр. Монголыг гадаадад хэн төлөөлдөг вэ?
Болдогсон бол энэ хүнд суртлыг чононд хаяж өгөхсөн гэж үг бий. Их үнэн үг. Төрийн алба хүнд суртлаар дүүрч, төрдөө ч, иргэндээ ч олигтой үйлчлэхээ байчихсан иймэрхүү байгууллага Монголд цөөнгүй бий. Үүний шалтгаан нь төрийн алба төрлийнх, танил талынх болдогтой шууд холбоотой. Даргын тавиулууд даргад үйлчлэхээс иргэнд үгүй... Үе үеийн сайд нар дипломат албыг намдаа төлөх төлөөс мэтээр ашиглаж, улстөрчдийн хүүхдүүдийг орогнуулах газар болгож ирсэн нь нууц биш. Гэхдээ Монголд төр, төрд бодлого байдаг болохоор тэрхүү аминч үзлийг нь тодорхой хэмжээнд хязгаарлаж, таслан зогсоож ирсэн. Харин энэ удаад бүр утгаа алджээ. Улстөрчдийг ойр дотныхон нь эл яаманд төлөөлдөг юм байж. Асуудал Монголын ашиг сонирхлыг хэн төлөөлөх вэ гэдэгт байна.
Л.Нарантөгсийн “Гадаад яамны дотоод явдлаас” нийтлэлээс...
Гурав. Бидний асуудал ядуудаа биш...
100 жилийн өмнө эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх эрхгүй байсан. 50 жилийн өмнө АНУ-д хар, цагаан арьстай хүн нэг 00-д ордоггүй байлаа. Одоо бол эмэгтэйчүүд санал өгөх байтугай нэр дэвшиж байна. Тэгвэл эмэгтэйчүүд эрэгтэй болсон уу гэвэл үгүй. Арьс өнгөний үзлийг дэлхий нийтээрээ буруушааж, ижил тэгш болж байна. Хар арьстнууд цагаан арьстай болсон уу гэвэл бас л үгүй. Харин хандлага л өөрчлөгдсөн хэрэг.
Сэтгэлгээ, хандлага өөрчлөгдвөл амьдрал өөрчлөгдөнө. Түүх ч өөрөөр бичигдэнэ. Үүнийг батлаад буйн нэгэн жишээ нь хуучны Монгол кинонууд. Өмнөх нийгэмд тэрхүү кинонуудын гол дүрүүд баатар, эсрэг дүр нь хар, шар феодал байж үзэн яддаг байлаа. Харин өнөөдөр үзэхэд эсрэг дүр нь гол дүр, гол дүр нь адгийн амьтас байж гэмээр бодогдоно. Анх хийснээрээ л байгаа кинонууд шүү дээ. Кино өөрчлөгдсөндөө бус хандлага өөрчлөгдөхөд харах өнцөг даган өөрчлөгддөг ажээ. Хандлагын ийм өөрчлөлт эргэн тойронд дүүрэн бий.
Х.Батсайханы “Хандлага өөрчлөгдөхөд амьдрал гийнэ” нийтлэлээс...
Дөрөв. Бид нэг тал
Энэ бол Монголын Засгийн газар, хөрөнгө оруулагч талын элэг нэгтэй давах асуудал. Учир нь Оюутолгой бол Монголын топ татвар төлөгчдийн жагсаалтын гуравт бичигддэг. Хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн гол хөшүүрэг. Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлснээр Монголын эдийн засаг өнөөдөр гурав дахин өссөн нь бодит үзүүлэлт. Харин хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн хувьд бол 10 жил тордсон, 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт зарцуулсан, группын зэсийн орлогын тавны нэгийг бүрдүүлдэг, шинэ технологи нэвтрүүлж байгаа төслүүдийнх нь нэг юм.
Б.Болор-Эрдэнийн “Оюутолгойг ойлгохуй” нийтлэлээс...
Тав. Төрийн түшээ хэмжээгүй эрхэт хаан биш...
Б.Баярсайхан гишүүний горимын саналд дурдсанаар бол өнгөрсөн долоо хоногт УИХ дахь намын бүлгүүд уг асуудлыг хэлэлцээд, дараа нь Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байв. Гэвч хэлэлцэхээс татгалзаж, хойшлуулсан УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийн сураг алдарч эхэллээ. Үүнээс үзвэл ёс зүйн шинэ дүрэм нь УИХын гишүүдэд таалагдахгүй байгаа бололтой. Тодруулбал, УИХ-ын гишүүд үг, үйлдлээ хязгаарлуулахыг хүсэхгүй байна. Ингэхээс ч аргагүй ажээ. Учир нь, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төсөлд өмнө нь гишүүдийн гаргаж байсан ёс зүйгүй үйлдлийг бүгдийг нь хязгаарлажээ. Энэ төслийг уншаад үзвэл зарим заалт нь ёс зүйгүй үйлдэл гаргасан гишүүдийг эргэн сануулж байна.
С.Шийлэгтөмөр “Дөрлүүлэхийг хүсээгүй дүрэм” нийтлэлээс
Зургаа. Эрх чөлөөний сүүдэр хариуцлага
Сошиал нөлөөлөгчдөд ажлын санал тавьж буй компаниуд агуулга, чанарт бус тоонд ач холбогдол өгдөг. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүнийх нь нүүр царайгаар ажиллах инфлюнсер, сошиал нэвтрүүлэг нийгэмд ямар нөлөө үзүүлдэг талаар нь болон үзэл бодол, үнэ цэн, агуулга нь юу болохыг анхаарч үздэггүй. Харин хэчнээн дагагч, хэдэн үзэгчтэй л ач холбогдол өгдөг. Гэтэл гадаадад нэвтрүүлгийн зочин ёс бус үг хэллэг хэрэглэж, түүнийг нь нэвтрүүлгийн багийнхан олон нийтийн сүлжээнд байршуулсан бол хэн, хэн нь хариуцлага хүлээдэг. Тухайлбал, Оросын алдартай “Орёл и Решка” нэвтрүүлгийн хөтлөгч, дуучин Регина Тодоренко нэгэн цахим нэвтрүүлэгт ярилцлага өгөх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй эрэгтэйд бус эмэгтэйчүүдэд буруу байдаг гэсэн утга бүхий зүйл ярьсан. Үүнийхээ улмаас “Glamour” сэтгүүлээс олгосон “Оны шилдэг эмэгтэй” шагналаа эргүүлэн өгсөн. Мөн “L’Oreal Paris”, “Pampers” зэрэг брэндүүд сурталчилгааны гэрээгээ цуцалсан...
О.Даваасүрэн “Цахим нөлөөлөгчдийн сөрөг нөлөө” нийтлэлээс
Долоо. Сүлжээ таны юу идэхийг зааж байна
Хувцас загварын чиг хандлага байнга хувьсан өөрчлөгддөгийн адил хоол хүнсний хэрэглээнд ч орц, найрлага, түүхий эдийн мода эргэнэ. Төмс, луувангаас өөр ногоо амталж үзээгүй шахам байсан монголчууд сүүлийн арваад жилд авакоданы чанарыг дэнсэлж, чиа үртэй тараг тамшаалан хүртдэг боллоо. Хоол шүүмжлэгч хэмээх ховор хийгээд сонихон мэргэжилтнүүд ч ирэх жилүүдэд ямар хүнс зонхилохыг таамаглан нийтлэл бичдэг байсан бол одоо нийгмийн сүлжээний инфлүүнзерүүд хэдхэн секундын бичлэгээрээ хүн төрөлхтний ам руу юу орохыг шийдэж байна. Бидний өдөр тутмын хоол хүнс хүртэл зах зээлийн чиг хандлагыг даган орц найрлага өөрчлөгдөж, баяжин шинэчлэгдэж эсвэл ор тас мартагдаж байдаг ажээ. Ирэх жил ямар хүнс моданд орох бол?
С.Лхагвасүрэнгийн “Идэх хүнсийг минь Instagram тодорхойлдог” нийтлэлээс
Найм. Хөлбөмбөгчид “шатар” сурах шаардлагатай
Аливаа зүйл цаг хугацааны явцад нөхцөл байдалдаа тохирон өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Спорт ч ялгаагүй, дүрэм, тэмцээний форматаа өөрчилдөг. Спортын төрлийн дүрэм ойр, ойрхон шинэчлэгдэн сайжирч байгаа бол формат арай удаан, 30-35 жил болоод өөрчлөгддөг ерөнхий зүй тогтол байна. “Аваргуудын лиг”-ийн формат ч адилхан. Францын “L’Équipe” сонины ерөнхий редактор Габриэль Аногийн санаачилсан “Европын аваргуудын цом” нэртэй тэмцээний формат 1955-1990 он хүртэл хэрэгжээд одоогийн форматад шилжсэн. Одоо хэрэгжиж байгаа формат 2024-2025 оны улиралд хэрэгжихээ болих гэж байна. Тэгэхээр шинэ формат нь ямар байх вэ. Үнэнийг хэлэхэд, Европын хөлбөмбөгийн холбоо 136 жилийн өмнөөс шатрын спортын тэмцээнүүдэд хэрэглэгдэж ирсэн Швейцарь системийг тэмцээнүүддээ нэвтрүүлэхээр судалж, аргачлал боловсруулж байгаа юм.
Х.Батсайхан “Хараахан эцэслэгдээгүй байгаа “Аваргуудын лиг”-ийн шинэ формат” нийтлэлээс
Ес. АНУ-ыг хэн удирдаж байна вэ?
Цагаан ордон саяхнаас албан ёсны баримт бичиг, вэб сайт, нийгмийн сүлжээнд АНУ-ын Засгийн газрыг Байден-Харрисын засаг захиргаа гэж нэрийдэхээр тогтжээ. Үүнийг нь хэвлэлүүд өлгөн авч, “Цагаан ордны жинхэнэ эзэн хэн бэ” гэж асуусан байх шиг. Байден арванхоёрдугаар сард Камала Харрисыг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Харрис гэж тодорхойлсон бол саяхан болсон хэвлэлийн хурлын үеэр Ерөнхийлөгч Харрис бид хоёр хэмээн үг алдлаа. 78 настай Байдены бие махбодь, оюун санааны хэлэмж, бодит чадамжийг цаашид ч олон нийт ажиглах бололтой. Тэрээр Ерөнхийлөгчийн онгоцны шатаар өгсөхдөө гурван ч удаа бүдэрч унаж харагдсан билээ.
Г.Ганбаярын “Байдены 100 хоног” нийтлэлээс...
