Үр дүнд суурилсан дэмжлэг боловсролын салбарт үгүйлэгдсээр...

“Өндөр төлбөртэй хувийн сургуульд улсаас олгодог хувьсах зардлыг ирэх сараас зогсооно” хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх- Амгалан саяхан мэдэгдсэн.

Тэрээр “Улаанбаатарт 5 сая төгрөг хүртэлх төлбөртэй 106 сургууль, 5-10 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй найман хувийн сургууль байна. Өндөр үнэтэй буюу 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуульд хувьсах зардлыг өгч чадахгүй” гэсэн байв.

Тэгвэл 2020 оны төсөвт төрийн бус өмчийн сургуулийн хувьсах зардал болон үдийн цайны санхүүжилт 13.3 тэрбум төгрөг батлагдсан бол 2021 оны төсөвт 8.8 тэрбум төгрөг буюу өмнөх оныхоос 4.5 тэрбум төгрөгөөр буурч батлагдсан билээ.

БШУ-ы сайдын мэдэгдлийн эсрэг Хувийн сургуулиудын холбоо мэдэгдэл гаргаж зарим нэг хүн популизм хийж байна гэж шүүмжилсэн ч харагдсан. Сайдын зүгээс энэ хөндсөн гол шалтгаан нь аж ахуйн нэгжүүдэд Засгийн газраас Ковидын улмаас хөнгөлөлт үзүүлсэнд байгаа гэж тайлбарласан. 10 сая төгрөгийн төлбөр авчихаад танхимаар биш цахимаар хичээллээд цахилгаан, дулаан, ус , хогны төлбөрөө тэглүүлж, багш ажилтнуудынхаа Нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлүүлчихээд хувьсах зардал авна гэж “луу унжихгүй байлгүй дээ” гэсэн нь шинэ сайдын өнцөг.

Хэрүүлийн алим тарьсан хувьсах зардал ингэхэд хэдэн төгрөг байдаг юм бол? 2020 онд боловсролын салбарт ДНБ-ий 4.5 хувьтай тэнцэх хэмжээний буюу 1.8 их наяд төгрөг төсөвлөсөн. Үүнээс 691 тэрбум төгрөгийг төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудад, 17.5 тэрбум төгрөгийг төрийн бус өмчийн сургуулиудад хувьсах зардал хэлбэрээр олгожээ. Өнгөрсөн жилийн байдлаар байршил, сургуулийн ангиллаас хамааран нэг суралцагчид олгох хувьсах зардлын хэмжээ 286- 683100 төгрөг байгаа юм.

Улсын хэмжээнд 640.5 мянган хүүхэд 820 ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Үүнээс 593.5 мянга нь улсын өмчийн 662 сургуульд, үлдсэн 47 мянга нь хувийн 158 сургуульд сурдаг.

Ерөнхий боловсролын бүх сургуульд хувьсах зардал олгох нь өрсөлдөөнийг нэмэгдүүлэх боломж гэж харж болох ч зардлын зарцуулалтаа тайлагнах шаардлагатай гэдгийг хүүхдийн эрх, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хэлж байлаа.

Нийтлэлч Д.Жаргалсайхан

Хувийн ЕБС, цэцэрлэгт төлбөрийг дундаж орлоготой холбож тогтоон, хамран сургах тойргоос хүүхэд элсүүлсэн бол хувьсах зардал олгож болно. Гэтэл хүүхдүүдийг чадвараар нь шалган авч, хамран сургах тойргоос хүүхэд авдаггүй, өндөр төлбөр авч байхад төр хувьсах зардал хүүхдийн тоогоор олгодог.

Хувьсах зардлын асуудал Үндсэн хуулийн Цэцэд очих уу?

Хэрвээ хувийн сургуулиудад хувьсах зардал огт олгохгүй гэвэл энэ асуудал Үндсэн хуулийн Цэцэд очиж “унана” хэмээн нэгэн хуульч бичжээ. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж заасны 7 дугаарт нь ...Сурч боловсрох эрхтэй” гэж бичсэн байгаа.

Боловсролын тухай хуульд 41.1-т “...Төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр нь үүсгэн байгуулагчийн хөрөнгө, нэг сурагчид ногдох нормативт зардлын төсвөөс санхүүжүүлэх хэсэг, сургалтын төлбөр, хандив, хөнгөлөлттэй зээл, өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ” гэж мөн зааж өгчээ.. Гэтэл энэхүү хуульд заагаад өгчихсөн зардлыг олгохгүй гэдэг нь мөн л төсвийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан гэх шүүмжлэлтэй тулгарч болзошгүй юм.

Төрөөс хүн бүрт боловсрол эдлүүлэх эрхийг олгох ёстой учраас хувийн сургуулийн хүүхдэд хувьсах зардлыг чинь өгөхгүй, улсын сургуульд өгнө гэх нь Үндсэн хуулиа зөрчиж, төр нь иргэнээ ялгаварласан хэрэг болж таарах нь. Өөрөөр хэлбэл, хувийн эмнэлэгт хэвтэхэд эрүүл мэндийн даатгалаас мөнгийг нь төлдөгтэй адил гэсэн үг. Хувьсах зардал бол төрөөс боловсролыг үнэ төлбөргүй олгох үүргийнхээ доод хэмжээг биелүүлж байна гэсэн үг.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин

Хувийн сургууль улсын сургуулиудын ачааллыг хөнгөлөх болон сургалтын чанар стандартыг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулж байгаа. Хувийн сургуулиуд байхгүй бол тэдгээр сурагчид ялгаагүй л улсын сургуульд сурч хувьсах зардал авдгаараа л авна.

Дундын хувилбар

БШУЯ-наас хувийн их, дээд сургуулиудын удирдлагуудтай хувьсах зардлын асуудлаар уулзаж ажлын хэсэг байгуулсан бөгөөд хэн хэндээ ашигтай байх дундын хувилбар гаргахаар ажиллаж байгаа мэдээллийг өгсөн. Дундын хувилбар улсын төсөв, сургууль хоёроос гадна оюутан сурагчдад ашигтай байх ёстой. Энэ ч үүднээсээ одоогийн яригдаж байгаагаар бол сургалтын төлбөрөөсөө хөнгөлөлт үзүүлсэн сургуулиудад хувьсах зардлыг олгох хувилбар яригдаж байгаа юм.

“Дата ком” компанийн захирал Д.Энхбат

Улсын сургууль бол нийгмийн дэд бүтэц. Хэн ч нийгмийн дэд бүтцэд төлсөн татвараа салгаж аваад явна гэдэггүй. Хувийн сургууль бол нэмэлт сонголт. Хоёулаа хэрэгтэй. Гэхдээ хоёр институцийг адил түвшинд хольж ярих нь буруу. Улсын сургууль муу ажиллаж байгаа нь өөр түвшний асуудал.

Хамран сургах тойргоосоо хүүхэд элсүүлсэн тохиолдолд хувьсах зардал олгох жишиг нэвтрүүлэх нь зүйтэй гэж үздэг хэсэг ч байгаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

Хувийн сургуулиуд байршиж буй тойргоосоо сурагч нар авдаг байсан бол нэмэр болох байсан. Одоо бол зөвхөн дарга нарын хүүхдүүд л явдаг сургууль болсон байна. Төрийн сургуулийн боловсролын чанарыг дээшлүүлэх сонирхолгүй, эзэд нь улстөржинө.

Алийг нь буруутгах аргагүй эдгээр хурц өнцгүүд дундаас Монголд боловсролын салбарын тэтгэлэг дэмжлэгийг үр дүнд бус хавтгайрсан халамжийн нэг хэлбэр маягаар л тараадаг дүр зураг тодорч буй юм. Гэтэл боловсролын салбар нь жишиг болон хөгжиж буй улс орнууд манайхаас тэс ондоо, үр дүнд суурилсан уян хатан тогтолцоог ирээдүйдээ санал болгодог ажээ. Энэ талаар Б.Насанбаяр БШУЯ- ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга байхдаа хоёр жилийн өмнө сонирхолтой нийтлэл бичиж байв.

Хөгжингүй Бусад орнуудын жишиг: ҮР ДҮНД НЬ СУУРИЛСАН ДЭМЖЛЭГ

Гадаадын сургуулиуд дэргэдээ сан байгуулж хандив цуглуулж, боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлж байгааг АНУ, БНСУ-аас харж болно. Манай улсын их дээд сургуулиуд цаашид хандив, гэрээт судалгаа, зөвлөх үйлчилгээ, боловсролын хөтөлбөр зэрэг орлого олох, хөрөнгө босгох бусад эх үүсвэрийг дайчлахад суралцах байх. Гэхдээ Засгийн газар дээд боловсролын салбарт л гэхэд зөвхөн хувьсах зардал хэмээх хэрүүлийн алим хөөлгүйгээр ажлын үр дүнг урамшуулах, гүйцэтгэлд суурилсан төсвийн хуваарилалтын механизмыг нэвтрүүлэх шаардлага аль хэдийнэ бий болжээ.

Засгийн газрын 242 тоот тогтоолоор батлагдсан Хувьсах зардлын норматив аргачлалын дагуу сургуулийн өмнөх боловсрол гэхэд нэг хүүхдэд нийслэл, орон нутгаас хамаараад 700-900 орчим мянган төгрөг байна. Тэгвэл энэ хувьсах зардлыг гэр бүлд нь ваучер хэлбэрээр олговол аль сургууль, цэцэрлэгт өгөхөө эцэг эхчүүд өөрсдөө шийдэх боломжтой байж болох юм.

Хувьсах зардлыг оюутнуудад өөрсдөд нь олгодог: Чили, Казахстан, Гүрж, Азербайжан, Литва

Казахстанд оюутнуудын 20 орчим хувь нь боловсролын тэтгэлгийн эрхийн бичгийг авдаг ба энэхүү тэтгэлгийг хувийн болон улсын аль ч сургуульд тухайн тэтгэлэгт хамруулахаар заасан чиглэлээр сонгон суралцахад ашиглах боломжтой.

Мөн үр дүнд суурилсан санхүүжилт ашигладаг: Дани, Голланд

Дани улс шалгалтаа амжилттай өгсөн оюутны тоог үндэслэн урсгал зардлын 30-50 хувийг, Голланд боловсролын зэрэгээ авсан төгсөгчдийн тоонд үндэслэн урсгал зардлын тал хувьтай тэнцэх хэмжээтэй санхүүжилт өгдөг байна.

Гүйцэтгэлийн гэрээ ашигладаг: Франц, Финлянд, Дани, Чили

Засгийн газар гүйцэтгэлд суурилсан зорилгыг тодорхойлсон зохицуулалтын гэрээ байгуулж санхүүжилт зохицуулдаг хэлбэр. Франц улс 1989 оноос хойш урсгал төсвийн 30-50 хүртэл хувийг 4 жилийн хугацаатай гүйцэтгэлийн гэрээгээр олгож байна. Финлянд дээд боловсролын ерөнхий зорилго болон тухайн сургуулийн тодорхой зорилгыг тодорхойлсон гэрээ байдаг. Дани тухайн сургуулийг урт хугацаанд сайжруулах зорилгыг илэрхийлсэн “хөгжлийн гэрээ” байгуулдаг. Чили “гүйцэтгэлийн гэрээ”-г улсын 4 их сургуультай туршилтын журмаар нэвтрүүлж байна.

Өрсөлдөөнт санхүүжилт: Аргентин, Индонез, Египет, Чили

Улс орнуудын хөгжлийн бодлогын онцлогоос хамааран өрсөлдөөнт санхүүжилтэнд тавигдах шалгуур, чиглэл нь ялгаатай байдаг. Аргентин, Индонез улсад өрсөлдөөнт санхүүжилт горилсон төслийг их дээд сургууль бүхэлдээ, эсвэл аль нэг факультет, тэнхим бэлтгэн ирүүлж болдог. Чилид улсын, хувийн аль ч сургууль өрсөлдөх эрхтэй байдаг. Египетэд 1990-ээд оноос эхлэн инженерийн салбарын шинэчлэлийг дэмжих зорилготой өрсөлдөөнт санхүүжилтийн тусгай сан байгуулжээ.

Эх сурвалж: Б.Насанбаяр “Хөгжлийн хөрөнгө оруулалт” нийтлэлээс jargaldefacto.com

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 471

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)