"Бай"-гаа оноогүй бодлого

Хүү: Гоё доо. Архины үнэ нэмэгдсэн. Ааваа та одоо архи уухаа багасгана, тийм ээ?

Аав: Тэнэг минь, бидний талхны мөнгө л хасагдана биз дээ.

Ийм нэг гашуун яриаг олж сонслоо.

Архидалттай тэмцэх, архинаас үүдэлтэй хүчирхийллийг бууруулах тухай олон жил дээр дооргүй ярив. “Архигүй Монгол” хөтөлбөр  хэрэгжүүлж, онцгой албан татварыг нэмж, хууль эрх зүйг ч өөрчилж шинэчиллээ. Гэвч бор дарсанд гандсан борог амьдрал өргөжсөн үү гэхээс багассангүй. Нэвширсэн архины нэхүүн үнэрт дасаж, нүдэнд нь гуниг хурсан хүүхдүүдийн тоо жилээс жилд өсөж байна. Архины хэрэглээ литр литрээр нэмэгдэж, согтуурагсад сонсоход чихнээс “цус гарам” хэрцгий гэмт хэрэг, хүчирхийлэл үйлдсээр байна. Энэ бол архидалттай тэмцэх үе үеийн төр засгийн тэмцэл байгаа оноогүй, үр дүнгүй, оновчгүй байсны илрэл яалт ч үгүй мөн.

Архины хэрэглээ, үүнээс үүдэлтэй гэмт хэргийн тоо баримтаас цухас дурдвал, Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар нэг хүнд ногдох архи, дарсны хэмжээ 2015 онд 7.2 л байсан бол 2019 онд 8.5 л, шар айрагных 2015 онд 25.3 л байсан бол 2019 онд 28.8 л болж нэмэгджээ. Ингэснээр Монгол Улс архи, согтууруулах ундааны хэрэглээгээр Азид дөрөвдүгээрт бичигдэв. Архины хэрэглээ нэмэгдэхийн хэрээр үүнээс үүдэлтэй гэмт хэргийн тоо ч өслөө. Цагдаагийн байгууллагын мэдээллээр улсын хэмжээнд 2020 оны эхний найман сард л гэхэд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2910 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 14.5 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Энэ нь нийт гэмт хэргийн 16.2 хувийг эзэлж буй бөгөөд өмнөх оны мөн үеэс 5.2 нэгжээр өсжээ. Үүнээс гадна архины хурц болон архаг хордлогын улмаас 299 хүн нас барсан, гэр бүлийн хүчирхийллийн 53.3 хувийг согтуугаар үйлдсэн гээд халаглам тоо баримт олон байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан судалгаанд “Манай улсад архинд донтох эмгэг 1984-1992 оныхоос 40 дахин нэмэгджээ. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд сурагч, өсвөр үеийнхний 29.1 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн төдийгүй 12.9 хувь нь согттол хэрэглэж байсан, тэдний эцэг, эхчүүдийн 39.8 хувь нь архи уудаг гэсэн байна. Мөн оюутан, залуусын 38.8 хувь нь хэтрүүлэн хэрэглэдэг, 70.6 хувь нь баар, диско клубийн үйлчлүүлэгч гэжээ.

Эдгээр тоо баримт нь монголчууд нийтээрээ архинд “живснийг”, одоо оновчтой бодлого, шийдлээр архидалттай тэмцэх зайлшгүй шаардлага үүссэнийг тод харуулж байна. Харин төр засгийнхан архины хэрэглээг бууруулах, архидалттай тэмцэх оновчтой бодлого шийдэл гаргаж чадах болов уу? 

Нэг шил архинаас 200-300 төгрөг татна

Харамсалтай нь, үгүй л бололтой. Архины үнийг нэмж, архичдыг албадан эмчлэх аргаа ашиглана гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тодорхой хэлэв. Архины ширхэг бүрийн борлуулалтаас хуримтлал үүсгэж, Засгийн газрын сан байгуулж, архинд донтсон хүмүүсийг захиргааны аргаар албадан эмчлэхээс гадна сайн дурын эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хуулийн төслийг салбар яамнаас боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа юм. Үүнийг яагаад, улиг болсон оновчгүй тэмцэл гэдгийг тайлбарлахын өмнө хуулийн төслийн зохицуулалтыг сонирхуулъя.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан хуулийн төслийн нэршил нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга. Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, архидан согтуурсан этгээдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах, донтох өвчний хор уршигтай тэмцэх Засгийн газрын санг байгуулна гэсэн нь энэ хуулийн төслийн анхаарал татах хэсэг юм. Сангийн хөрөнгөөс согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тусламж үйлчилгээнд зарцуулж болохоор тусгаад байна.

Харин сангийн хөрөнгийг бүтээгдэхүүний литр тутамд 18-37 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаанд 200 төгрөг, 37, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаанд 300 төгрөгөөр тооцон онцгой албан татварын хамт төлүүлж бүрдүүлэхээр тусгажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа. Сүүлийн жилүүдэд архины үйлдвэрийн тоо цөөрч байгаа ч, үйлдвэрлэж буй архины хэмжээ буурахгүй байна. Тиймээс хуулийн төсөлд үйлдвэрлэн гаргаж байгаа архины ширхэг тутмаас тодорхой хуримтлал үүсгэж, сан байгуулах зохицуулалт оруулж байгаа. Сангийн хөрөнгөөр наркологийн төвүүдийг өргөтгөх, шинээр байгуулах, албадан эмчилгээний төрөл агуулгыг өөрчлөхөөр тусгасан. Энэ хуулийн төслийг УИХ-аар баталбал, 2021, 2022 ондоо багтаж, 1000 ортой эмнэлэг барина. Энэ нь архи болон мансууруулах бодисын хамааралтай хүнийг эмчлэх үндэсний хэмжээний эмнэлэг болно.

2020.10.27

Хүчлэх, үнэ нэмэх нь зөв бодлого биш

Одоо архины үнэ нэмэх, архичдыг албадан эмчлэх нь үр дүнтэй эсэх, энэ хуулийн төслийг баталлаа гэхэд хэрэгжих үгүйг бодоод үзье. Архины ширхэг бүрийн борлуулалтаас мөнгө хураана гэдэг эцсийн дүндээ хэрэглэгчдийн гар дээр очих үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Үнийг нь нэмлээ гээд архины хэрэглээ багасдаггүйг, архичдын тоо буурдаггүйг иргэдийн амьдралыг гадарлах хэн ч сайн мэднэ. Гэтэл өмнөх жишгээр  архины үнэ нэмэх гарцыг л төрийн сайд нь санаачилж, хуульчлах гэж байна. Мэддэг, мэддэггүйг би хэлж мэдэхгүй. Ямартай ч архидалттай тэмцэх нэрийдлээр үнийг нь нэмэх лобби үйлдвэрлэгчдийнх гэдгийг хэн хүнгүй хэлдэг юм билээ. Өнгөрсөн жилүүдэд хэрэглэгчдэд хожилтой байв уу, үйлдвэрлэгчдэд хонжоотой байв уу гэдгийг бодоход л тодорхой болох буй.

Өмнөх жишээ, туршлагыг бодсон ч архины үнэ нэмээд, архичдыг албадан эмчлээд үр дүнд хүрэхгүй гэдэг нь тодорхой байна. Өнгөрсөнд бид архины үнийг нэмсэн үү гэвэл, нэмсэн. Архинд донтсон хүмүүсийг албадан эмчилсэн үү гэвэл, эмчилсэн. Эмчлэх нь ч зөв.  Гэхдээ нийтээрээ архинаас татгалзсангүй, архинд донтогсдын тоо буурсангүй. Харин ч архи үнэтэй болох тусам хямд, чанаргүй хэрэглээ нэмэгдэж, хүмүүс амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Тоо баримт дурдвал, 2020 онд л гэхэд 299 хүн архины хордлогоор нас барсан харамсалтай мэдээ гарчээ.

Түүнчлэн архидалтыг захиргааны аргаар хязгаарлаад бууруулдгүйн жишээ олон бий. Нэгэн суманд болсон жишээг энд өгүүлье. Одоогоос найман жилийн өмнө Баянхонгор аймгийн нэгэн сумынхан “Архигүй сум” хөтөлбөр хэрэгжүүлж нэг ч дэлгүүрт архи худалдахгүй байх журам боловсруулсан юм. Баяр ёслолын үеэр ч архи худалдан борлуулахыг хориглосон байлаа. Гэвч тус сумынхны архины хэрэглээ буураагүй тул нэг ч жил хүрэхгүй хугацаанд сумын удирдлагууд шийдвэрээ цуцалсан байдаг. Харин энэ шийдвэрийн буянаар архи худалдан борлуулагчид л өндөр ашиг хүртсэн. Нууцаар архи, согтууруулах ундаа өндөр үнээр шаглаж худалдсанаас гадна журам цуцлагдсаны дараа шагийн үнээ бууруулаагүй гэдэг. Энэ бол архины худалдаа, хэрэглээг хүчээр хааж боогоод үр дүнд хүрээгүйн тод жишээ. Тэгвэл одоо яагаад архидалт буурахгүй байгаа,  архидалттай хэрхэн зөв тэмцэх тухай өгүүлье.

Ядуурлыг бууруулъя

Архины хэрэглээ, архидалт, түүнээс үүдэлтэй хүчирхийлэл, гэмт хэргийг бууруулах үндэс нь эцэстээ ядуурлыг арилгахад тулж байна. Ажилгүй  хүнд олон төрлийн халамж олгож, архины мөнгийг нь бэлтгэж өгсөн хэрнээ архины үнэ нэмж, донтогсдыг эмчлэх эмнэлэг байгуулан тэмцэх нь бай оноогүй бодлого яалт ч үгүй мөн. Үйлдвэрлэгчдийг шахах, архинд донтогсдыг эмчлэх нь зөв. Гэхдээ архидалтын суурь шалтгааныг эхлээд арилгамаар байна. Өөрөөр хэлбэл, иргэдээ бэлэн мөнгөөр тэжээх биш хөлс хүч хөдөлмөрөө зориулж мөнгө олох, амьдралаа босгохыг нь дэмжмээр байна. 10 хүрэхгүй жилийн дотор 100 сая хүнээ ядуурлаас гаргасан Хятадын бодлогын цаад агуулга нь л энэ. Хүн ямар баян, ядуу төрөх хувь тавилангаа оноож төрөх биш. Ядуу гэр бүлд төрсөн бол яаж ч хүссэн баян тансаг амьдралтай нэгэнтэй дүйх нь амаргүй. Гэвч сэтгэж, сэтгэхүйгээ өөрчилж, хичээж, зүтгэж чадвал амьдралаа өөрчилж элбэг хангалуун амьдарч чадна. Ийм л сэтгэхүйг ард иргэддээ суулгахыг зорьсон хятадууд 100 сая иргэнээ ядуурлаас гаргаснаа саяхан зарлалаа. Манай улсад иргэдээ ядуу гээд бэлэн мөнгө өгөх биш сэтгэлгээг нь өөрчилж ажил хийх, амьдралаа босгоход нь дэмжих бодлого л дутагдаад байгаа юм.

 

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 469

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. arhiig uniig ni nemeed nemergui ee harin humuusiinhee uhamsar bolovsroliin asuudaltai tulj ajillah estoi

    0 0 Хариу бичих