Аль ч тийшээ хазайж мэдэх “алаг туг”-тай тойрог

1992 оноос хойшхи сонгуулийн түүхийг аваад үзвэл Өмнөговь аймгийг "алаг тойрог" хэмээн нэрлэж болно. Монголын улс төрийн хоёр том намын нэр дэвшигчид ээлжлэн ялалт байгуулж байсан нь ч үүнийг гэрчилнэ. Аль ч тийшээ хазайж мэдэх “алаг тугтай” 11 дүгээр тойрогт энэ удаа хэн хэн нэр дэвших бол. 

Өмнөговь аймгаас өнгөрсөн хугацаанд УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон гишүүн бол Ц.Баярсайхан. Тэрээр 1996, 2004, 2008 онд арваннэгдүгээр тойрогт нэр дэвшин сонгогдсон юм. Харин өнгөрсөн 2012 онд сонгуулийн хуульд өөрчлөлт орсноор хоёр мандаттай байсан энэ тойргийн сонгогчид өөрсдийгөө төлөөлүүлэн УИХ-д ганцхан хүн илгээх л эрхтэй болсон. Ингэснээр Өмнөговьчуудын итгэлийг гурвантаа хүртсэн Ц.Баярсайханд заавал нэр дэвших бус намын жагсаалтад нэрээ бичүүлэх боломж нээгдсэн юм. АН-ын нэрийг парламентад гурван ч удаа өндөрт өргөж явсан гавьяаг нь намынхан нь жагсаалтын “найм”-ын тоогоор үнэлсэн. Ингээд Ц.Баярсайхан дөрөв дэхээ УИХ-д сонгогдсон юм. 

Харин цорын ганц мандатыг “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэд сонгог­чид нь атгуулав. 2008 онд энэ тойргоос УИХ-д сонгогдож байсан Х.Бадамсүрэн түүний ард барианд орсон ч хуулиараа “аман хүзүү”-нд медаль өгөхгүйгээр шийдсэн байлаа. 

2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчиддээ тавих шалгууртаа намын нэрсийн жагсаалтад бичигдэн УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүнээ дахин намын листэд оруулахгүй байх зарчмыг АН-аас баривал Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын байр солигдоно.

Тэгвэл хоёр сар гаруйхны дараа болох УИХ-ын ээлжит сонгуульд Өмнөговь аймгийн арваннэгдүгээр тойрогт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт эхнээсээ тодорч эхэллээ. Эрх баригч намаас эхэлье. АН энэ тойрогт УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ болон Ц.Баярсайхан нарын хэн нэгийг илгээхээр зэхэж байна. Гол нь 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчиддээ тавих шалгууртаа намын нэрсийн жагсаалтад бичигдэн УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүнээ дахин намын листэд оруулахгүй байх зарчмыг АН-аас баривал Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын байр солигдоно. Өөрөөр хэлбэл, жагсаалтаар сонгогдсон Ц.Баярсайхан нэр дэвшиж, Д.Бат-Эрдэнэ намын листэд орох юм. 

Нэмж хэлэхэд Өмнөговиос сон­гогдсон энэхүү хоёр гишүүн хоёулаа Н.Алтанхуягийн тэргүүлж байсан Шинэчлэлийн Засгийн газрын ги­шүүн байсан. Д.Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын салбарыг хариуцаж байсан бол Ц.Баярсайхан Барилга, хот байгуулалтын сайдын албан тушаал хашиж байв. Энэ нь ирэх сонгуульд оролцох АН-ын мөрийн хөтөлбөрт том түлхэц болох нь дамжиггүй ээ.  

Дээрх хоёроос гадна Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн нэр мөн сүүлийн үед хүчтэй яригдаж эхэллээ. Харин намын жагсаалтад уу, үгүй юү гэдэг нь тодорхойгүй байна. Гэхдээ энэ бүхний хариулт хэдхэн хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 16-нд болох АН-ын ҮЗХ-ны хурлаар тодорхой болох юм.

Харин МАН-аас хэн нэр дэвших вэ. Ганцхан мандаттай энэ тойрогт нэр дэвших эрх авахын тулд багагүй өрсөлдөөн бий болж байгаа гэх. Удахгүй буюу дөрөвдүгээр сарын 24-нд болох МАН-ын Бага хурлаар энэ асуудлыг шийдэх бөгөөд намынхнаасаа дэмжлэг авахаар хэд хэдэн хүн ажиллаж эхэлсэн байна. 2008 онд сонгогдож байсан Х.Бадамсүрэнг нэр дэвшинэ гэж хамгийн түрүүнд таамаглаж байсан ч даагаа нэхэхгүй гэдгийг зарим эх сурвалж мэдээлж байна. Х.Бадамсүрэнгийн хувьд одоогоор Зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх нэгжийн захирлын ажлыг хийж байгаа юм.  

Харин түүний араас Өмнөговь аймгийн МАН-ын даргаар ажиллаж байсан Л.Энхболдыг нэрлэж байна. Түүний хувьд орон нутагтаа танигдсан бизнесмэн аж. 

МАН-аас 11 дүгээр тойрогт нэр дэвших туршлагатай "том" нэр дуулдаагүй бол тэднээс туурга тусгаарласан МАХН-аас харин одоогийн Шадар сайд нэр дэвших тухай яриа гарлаа. Ц.Оюунбаатарын хувьд 2012 оны сонгуульд төрөлх нутаг Өмнөговиосоо нэр дэвшээгүй ч намын жагсаалтаар УИХ-д орж, хоёр дахь удаагаа парламентын гишүүн болж чадсан юм. Өмнө нь тэрээр 2000 онд Өмнөговьд нэр дэвшсэн бөгөөд Ерөнхий сайд асан С.Баярын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Б.Долгорын хамт сонгогдож байсан удаатай. 

Тэгэхээр Шадар сайд Ц.Оюунбаатар энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж магадгүй нь. 

Нөгөө талдаа МАН, МАХН-ын сонгуульд эвсэж орох, эсэх асуудал олон хүний хувь заяаг эргүүлнэ. Хоёр намын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг энэ тал дээр санаа тавьж байгаа. Эвсэхээр тохирвол МАН давуу эрх эдлэх үү, МАХН хүнээ илгээх үү гэдэг асуудал гарч ирнэ. 

Бусад нам болон бие даагч нарын нэр хараахан тодроогүй байна. Ямартай ч ИЗНН-аас өмнө нь нэр дэвшиж байсан Г.Гансүх, Монголын ногоон намаас мөн нэр дэвшиж байсан Н.Сугар нар Өмнөговь руу дахин “дайралт” хийнэ гэнэ. Гэхдээ тэдний нэр дэвших нь мөн л намуудын эвсэх асуудлаар хязгаарлагдаад байна.    

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд: 

1992 он: Р.Цагаанхүү (МАХН),Д.Идэвхитэн  (МАХН)
1996 он: Ч.Отгонбаяр (АХэвсэл),Ц.Баярсайхан (АН)
2000 он: Ц.Оюунбаатар (МАХН), Б.Долгор (МАХН)
2004 он: Д.Бат-Эрдэнэ (“Эх орон ардчилал” эвсэл),Ц.Баярсайхан (АН) 
2008 он: Х.Бадамсүрэн (МАХН), Ц.Баярсайхан (АН)
2012 он: Д.Бат-Эрдэнэ (АН)
2016 он: ?

Г.Балжинням


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ардчилсан намаас өөр нохой ч байсан саналаа өгнө. Улсад хэрэгтэй өндийлгөх бол хорт могой байсан яадаг юм.

    1 1 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ