Дарсны терроризм

Усан үзмийн дарс бол хүн төрөлхтний тансаг эрхэм хэрэглээний нэг басхүү Францын түүх, соёлын бэлгэдэл билээ. Үйлдвэрлэлээрээ Италийн дараа дэлхийд хоёрт ордог ч дарсны түүх, өв уламжлалаараа Францыг гүйцэх газар нутаг үгүй.

Жилд ойролцоогоор 1.5 тэрбум галлон дарс үйлдвэрлэдэг энэ улсын Alsace, Beaujolais, Bordeaux, Burgundy, Champagne, Loire Valley, Rhone Valley нэрийн өвөрмөц амт үнэр, өнгө чанартай бүтээгдэхүүнүүд хэдэн зууны өмнөөс дэлхий нийтийн жишиг болсоор ирсэн. Тэгвэл өмнөд нутгийн Лангедок-Руссильон мужийн нэр дарсны зах зээлээс гаднах хүмүүст төдийлөн танил бус. Гэтэл дэлхийд борлуулагдаж буй нийт дарсны таван хувийг энд үйлдвэрлэдэг. Усан үзмийн тариалан нь Газар дундын тэнгисийн зөөлөн чийглэг уур амьсгалд ургаж, өдөртөө олон цагаар наранд боловсрон шөнөдөө далайн сэвлэгээр сэрүүцэн арвин их үр жимс өгдөг онцлогтой. Лангедок нутаг өөрийн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эртний соёлтой ч эндэхийн дарс хэзээ ч тансаг ангилалд багтаж байсангүй. Өөрөөр хэлбэл тамшаалж хүртэх дээд зэрэглэлийн эд бус таваараа хүссэн нь зооглох, үдийн хоолны ширээн дээр элбэг тааралдах ердийн дундаж дарсны эх нутаг юм. Тийм ч учраас Францын дарс үйлдвэрлэгчдийн дунд тэд бараг гаднын хүмүүст тооцогдоно. Дотоодын хэрэглээ улам бүр хумигдаж, гадаад зах зээлд ойрын хөрш Испани, Италийн бүтээгдэхүүнээс гадна алс тивийн Чили, Австралитай өрсөлдөх шаардлагатай болсон тариаланчид саяхнаас л их хэмжээгээр хямд дарс үйлдвэрлэх хэв маягаасаа татгалзаж, бага талбайгаас өндөр ашиг шим авах гэж чармайх болжээ. Гэтэл шинээр эхлэх санаа уламжлалаа хадгалагчдад таалагдсангүй.

Дарс үйлдвэрлэгч Жефф Кутелу

Бид усан үзмийн талбайгаа органик болгож хэмжээг нь багасгасан. Бусад дарс үйлдвэрлэгчид өргөн уудам тариалан эрхэлж байхад бид хөрсөө хамгаалахын тулд бутнуудаа сугалж байв. Мэдээж бидний санаа хүн бүрт таалагдаагүй. 2017 оны арваннэгдүгээр сард үл таних этгээдүүд халдаж, тариаланг маань шатааж орхисон. Шинэ бут авчирч нөхөн сэргээлт хийсэн ч мөдхөн ахиад л халдлагад өртсөн. Ургаа мод бутыг хайр найргүй шатаж орхидог тэднийг би террористуудаас долоон дор гэж боддог.

Харамсалтай нь Кутелу ганцаараа биш. Лангедокын дарсны үйлдвэрлэгч, борлуулагчид байнга шахуу халдлагад өртөж босгосон аж ахуй, ургуулсан талбайгаа их бага хэмжээгээр сүйтгүүлж буй.

Франц улс эрт үеэс эсэргүүцлийн хөдөлгөөн, хувьсгалын түүчээ болж ирсэн түүхтэй билээ. Тэр дундаа Лангедокын тэмцэгчид бүр ч цуутай. 1970-аад оноос нэрээ цуурайтуулж ирсэн Бүс нутгийн дарсны хороо буюу KRAV бүлэглэлийг Лангедокт үйлдэгдэж буй халдлагын хэргүүдэд буруутай гэж үздэг. Төвлөрсөн оффис тэр бүх хэл гишүүнчлэлийн үнэмлэх ч байдаггүй уг бүлэглэлийг санаачлагчид нь нутгийн дарс үйлдвэрлэгчид өөрсдөө. Илүү ашиг олж байгаа хэнийг ч арилжааны тэгш бус байдал нэрээр шалтаглан хүчирхийллээр асуудлаа шийдэх гэж оролддог KRAV- чууд анхандаа гаднын импортын дарстай тэмцдэг байжээ. 1960-аад онд Алжираас дарс импортлох болсон нь францчуудын дургүйцлийг төрүүлж үндэстний хэмжээний эсэргүүцлийн давалгааг эхлүүллээ. Зах зээлээ хамгаалахыг хүссэн усан үзэм тариаланчдын тэмцэл яваандаа уг зорилгоосоо хэтийдэн хүчирхийллийн шинж чанартай болж иржээ. Бүр Ливийн дарангуйлагч Муаммар Каддафи элч илгээн Францын бүгд найрамдах засаглалыг унагахад нь зэр зэвсэгээр тусалж, хөрөнгө мөнгөөр санхүүжүүлэх санал тавьж байсан гэдэг. Гэхдээ тэд эрс татгалзсан хариу өгсөн юм. Төрийн байгууллагуудын албан өрөө, төмөр зам, тээврийн дэд бүтцэд халддаг гэлээ ч KRAV-чуудын тэмцэл хэзээ ч нийгмийн байгуулал, хүмүүс рүү чиглэж байсангүй. Засгийн газартай олон удаа хэлэлцээрийн ширээний ард суусаар 1980-аад оны сүүлээр л импортын хязгаар тогтоож, Лангедокын усан үзмийн тариаланчдад төрөөс татаас олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Гэхдээ л бага талбайгаас илүү чанартай ургац авах зорилготой хөтөлбөрийг нутгийнх нь дарс үйлдвэрлэх өв соёлыг устгах оролдлого гэж үзэн хөршийнхөө талбайг галдан шатааж, ургацыг нь сүйтгэсээр.

Супермаркетад зарагдаж буй дарс

5$ дарснаас үйлдвэрлэгчид очих ашиг 6%

20$ дарснаас үйлдвэрлэгчид очих ашиг 35%

Мөдхөн Лангедокын тариаланчид шинэ “дайсан”-тай болжээ. Алжираас хямд дарс орж ирдэг байсан бол хил залгаа Испанийн тариалангийн талбайгаас усан үзэм машин машинаар цувах боллоо. Томоохон үйлдвэрүүд амт орцоо шинэчлэхээр испани үзмээр “цус сэлбэж” эхлэв. Үүнд орц найрлагаас илүүтэй эдийн засгийн шалтгаан байсан нь Испанид хөдөлмөрийн хөлс харьцангуй хямд тул үйлдвэрлэгч ажиллах хүчний зардал хэмнэнэ гэсэн үг. Испанид ургуулсан сортын усан үзмийг Лангедокт нэрж “Францад үйлдвэрлэв” шошго наагаад л дэлхийн зах зээлд өрсөлдөхөд бэлэн. Үйлдвэрлэл хуулийн хүрээнд явагдаж буй ч франц дарсчдын олонх нь үүнийг хууран мэхлэлт гэж үздэг. Тэгэх нь ч аргагүй юм. Франц дарс нэр хүндээр илүү тул испаниас илүү үнээр борлуулагдана. Тансаг зэрэглэлийн дарсны зах зээлд ийм аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн амжилт олохгүй ч хямд дарсыг бол хэрэглэгч хаяг шошгыг нь уншсан ч төдийлөн тоомсорлодоггүй ажээ.

2016 онд KRAV-чууд Vinadeis хэмээх томоохон импортлогч компани руу халдаж албан өрөөнүүдийг нь эвдэн бусниулж, дарс нэрдэг цистернүүдийн цоргыг нээн хоосолж орхив. 2016 оны дөрөвдүгээр сараас 2017 оны наймдугаар сар хүртэл хугацаанд Испаниас усан үзэм импортолж дарс нэрдэг үйлдвэрүүд рүү халдсан, эвдэн сүйтгэсэн 32 тохиолдол цагдаад бүртгэгджээ. Эсрэгүүцлийн ажиллагаа мужаас хальж тансаг дарсны эх орон Бордо орж испани усан үзэм импортлогчидтой “тэмцэх”-ээр сүх, молотов коктейлээр зэвсэглэсэн машины цувааг золоор хүчний байгууллагынхан зогсоожээ.

“Les Vigneros de L’Occitane” компанийн захирал Марсиаль Бори

Бид Бордогийн тариаланчид испани усан үзмээр дарс нэрж франц дарсны нэр хүндийг гутааж байгаа талаар мэдээлэл авсан. Намайг бусдын өмчид халдсан хэргээр шалгаж террорист гэж нэрлэж болно. Гэхдээ бид өөрийн газар нутаг дээрээ амьдрах, ажиллах эрхийн төлөө тэмцэнэ. Бид даяарчлалын зах зээлийн нэг эд эс байхыг хүсэхгүй байна.

Харин дарсны зах зээл шинжээчид франц тариаланчдыг мөдхөн испани хөршөө дайсан гэж харахаа болино гэдэг найдаж буй ажээ. Учир нь дэлхийг эзлэх шинэ төрлийн дарсны давалгаа дорно зүгээс ирж байна. Ердөө 10 жилийн өмнө дундаж вино үйлдвэрлэдэг байсан БНХАУ одоо тансаг зэрэглэлийн дарсны зах зээлд хүч түрэн орж ирлээ.

Ялангуяа Алшаагийн говийг эмжин, Шар мөрнийг хөвөөлөн оршдог Нинша муж дарс үйлдвэрлэлтээрээ онцгой амжилт олж буй. Ердөө 1990-ээд онд элсэн цөл байсан нутагт одоо усан үзмийн тариалан алаглана. Ниншагийн бүтээгдэхүүн “Jia bei lan” дарс 2011 онд “Decanter world wine awards”- аас тэргүүн шагнал хүртэж олныг гайхшруулав. Жилд 1.8 тэрбум шил дарс борлуулагддаг Хятад улс хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Гаднын дарс ууж хэвшсэн иргэд нь ч дотоодын үйлдвэртээ итгэж эхэлжээ. Усан үзмийн тариалангаа түшиглэн жуулчдыг татах дарсны шато буюу цайз байгуулж эхэлсэн Хятадын дарс үйлдвэрлэгчид одоо Европын зах зээлийг эзлэхээр зэхэж улам бүр уруудан доройтож буй Лангедок мужийн дарсны үйлдвэрүүдэд хөрөнгө оруулж эхэллээ.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 469

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)