Ардчилсан нам амьд үлдвэл Монгол амьд үлдэнэ гэдгийг эхлээд ам бардам хэлчихье. Энэ нь Ардчилсан нам байнга төрийн эрх барих ёстой гэсэн санаа биш. 30 жилийн түүхэнд институцийн түвшинд төлөвшсөн энэ нам нэг хүчний эрх мэдэл хэт давамгайлсан одоогийн нөхцөлд хүчтэй сөрөг хүчин байх нь монголчуудад ашигтай. Угтаа бол Ардчилсан намдаа ч биш. Ардчиллынхныг орлож, эрх баригчдын бурууг сөрөх, үнэмлэхүй эрх мэдлийг хязгаарлах, хяналт тавих гуравдагч хүчин төлөвшөөгүй учраас Монголд Ардчилсан нам хэрэгтэй гээд байгаа юм.
Олон намын тогтолцоот ардчилсан нийгэмд хүчтэй сөрөг хүчний үүрэг нөлөө их бий. Нэг намын хэт эрх мэдлийг хязгаарлах, эрх баригчдыг ажил хийлгэх ташуур нь байх үүрэг сөрөг хүчнийх. Өөрөөр хэлбэл, одоогийн нөхцөлд эрх баригчдын алдаа дутагдлыг шүүмжлэн залруулж, нийгмээ улам сайжруулахын төлөө хүчин зүтгэл гаргах ёстой нам нь Ардчилсан нам. Гэвч сөрөг хүчнээр сонгогдсон энэ нам эрх баригчдын бурууг сөрөх нь битгий хэл өөр хоорондоо сөргөлдсөөр бүтэн жилийн нүүрийг үзлээ. Хоорондоо тэмцэлдэж, өрсөлдөж, нэг нэгээ үгүйсгэсэн түүх ардчиллынханд бишгүй олон ч одоогийнх шиг сонгуулийн өмнө хоёр тийш зүглэсэн түүх үгүй. Эвсэж хоёр, дангаар нэг удаа эрх барьсан жилүүдээс бусдад нь сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн Ардчилсан намынхан одоогийнх шиг ийм сул дорой ч байсангүй. Намын тамга тэмдгээ булаацалдаж, нэг нэгээ үгүйсгэж, үндсэн өрсөлдөгчийнхөө тоглоом л болж дуусаж байна. Тэдний энэ тэмцэл арилахгүй бол эрх баригчдын үнэмлэхүй эрх мэдлийг хязгаарлах, хяналт тавих сөрөг хүчин үндсэндээ үгүй болох нь.
Гуравдагч хүчингүй 30 жил
Одоогийн нөхцөлд Ардчилсан намыг орлох гуравдагч хүчин Монголын улс төрд алга. Үндсэндээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд гуравдагч хүчин манайд бий болсонгүй гэхэд хилсдэхгүй.
Түүхэндээ ганцхан удаа “Шударга ёс эвсэл” УИХ-д бүлэг байгуулж байсан ч тэднийг гуравдагч хүчнээр нэрлэхэд тун хэцүү. Эргэн сануулахад, МАН- ыг хоёр хуваагдсаны дараах сонгууль буюу УИХ-ын 2012 оны сонгуулиар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11 суудал авч, УИХ-д бүлэг байгуулж байв. Тус эвслийнхэн анх байгуулагдахдаа Монголын төр болон парламентад шударга ёсыг тогтоож, хэлмэгдүүлэлтийг зогсоохын төлөө нэгдсэн хэмээн зарлаж байсан. Тэд сонгуульд ч амжилттай оролцож, Монголын түүхэнд анх удаагаа бүлэг байгуулах хэмжээний хүчтэй гуравдагч хүчин болсон гэгдэж байв. Тэр ч бүү хэл, Засгийн газарт хамтарч, төр барилцаж явсан нь эвслийн бүлгийн хувьд том амжилт байсан юм. Гэхдээ энэ бүхэн ердөө дөрөвхөн жилийн настай байв. Гишүүд нь ээлж дараалан гарч, бусад намд элссэнээр “Шударга ёс” эвсэл 2016 онд тарж байлаа. Үүнээс өөрөөр манайд гуравдагч хүчин цойлсон удаагүй. Сүүлийн сонгуулиудад ХҮН чамлахааргүй амжилт үзүүлсэн ч огтхон ч төлөвшиж амжаагүй. Тэднийг одоо гуравдагчийн орон зайг нөхнө гэвэл дэндүү эртэдсэн дүгнэлт болно. Тиймээс л Ардчилсан нам одоо ямар байх нь хамаагүй, үнэмлэхүй эрх мэдлийн эсрэг, Монголын ард түмний эрх ашгийн төлөө Ардчилсан намыг амьд үлдэх хэрэгтэй гээд байгаа юм. Ардчилсан нам сул байх нь бусад нам, тэр дундаа МАН-д ашигтай ч, монголчуудад хортой.

Ардчилсан нам одоо сэргэ, ухаан сийл, зориг гарга. Монгол гэрийг хоёр багана босгодог шиг, Монголын төрийг хоёр том нам авч явна. Нэг том баганатай бид байж үзсэн. Бүтээгүй. Ачааг хамт үүрэлц. МАН бүү хөөр. Хүнд жилүүд айсуй. Ардын тань амьдрал хэцүү байгаа шүү. Чадалтай нь өгөөмөр, өрөвч байдаг. 2020.06.25
АН-д жинхэнэ шинэчлэл хэрэгтэй
Сонгуульд ялагдах бүрдээ шинэчлэл ярьдаг энэ намд одоо жинхэнэ шинэчлэл хэрэгтэй байна. Өнгөрсөн хугацаанд намын удирдлага бүр нь Ардчилсан намыг бодлогын нам болгож төлөвшүүлэх, сонгуулийн бус үеэр ч иргэдийн дуу хоолой болж, үзэл бодлыг нь илэрхийлэх, тэднийг төлөөлөх, улс орныг зөв удирдахуйц хэмжээний өөрчлөлт шинэчлэлтийг намдаа хийж буйг зарладаг байсан. Гэвч Ардчилсан намынханд үнэндээ шинэчлэл хийх, бодлогын нам болох, үнэт зүйл, үзэл санаандаа нэгдэх эрмэлзэл, хүсэл байсангүй. Гишүүдийн мөнгөний босго мэтээс өөр өөрчлөлтийг энэ намд оруулсангүй, дорвитой шинэчлэлт ч хийсэнгүй. Эцэст нь, Ардчилсан нам лидергүй, эрх мэдэлгүй, хүчгүй боллоо. Мөнгөтэй нэгэн нь хандив нэрээр намын хойморт заларч, итгэл үнэмшлээрээ зүтгэсэн хүмүүс, мэдлэг боловсролтой, улс орноо гэсэн чин сэтгэлтэй залуусын дэвших боломжийг хаав.
Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилж, Ардчилсан нам сэхэхгүй бол Монголыг нэг л нам эзэгнэх нь тодорхой. 100 жилийн түүхтэй Монгол ардын намын эсрэг зогсох, өөдөөс нь өрвөлзөх, ардчиллын үнэт зүйлийг нэхэх, ард түмний дуу хоолойг хүргэх улс төрийн хүчин мөддөө төрөхгүй. Тиймээс одоо л ардчиллынхан дотоод зөрчил, тус тусын эрх ашгаа дарж, үнэт зүйл, үзэл санаагаараа нэгдэх цаг.
Уг нь хоёр тийш харсан ардчиллынхан зөвшилцлийн ширээний ард сууж, хоёр сонгуулийн өмнө эв нэгдлээ хангах тухай мэдээлэл саяхан цацагдсан. Гэвч хоёр талынхны намын дарга сонгох сунгаа зэрэг үйлдлээс тэдний зөвшилцөл бодит эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.
Тэд хэлэлцээрийн ширээний ард өөрсдийн эрх ашиг бус намын үзэл бодол, ирээдүйг чухалчилсан цагт амьд үлдэх боломжтой. Эс тэгвээс олон хэсэг задарч, улс төрийн тавцангаас арчигдаж ч мэднэ. Тиймээс зөвшилцлөө түргэвчилж, улс төрийн хоёрдогч хүчний байр сууриа хадгалж үлдэх, хүчтэй сөрөг хүчний үүргээ биелүүлэх шаардлагатай байна.
Эцэст нь, Ардчилсан нам амьд үлдэх нь монголчуудад ашигтай гэдгийг дахин хэлье. Харин энэ намын амьд үлдэх гарц гишүүдийнх нь гарт бий. Тэдний амбийц, эрх ашиг нэг цэг дээр, ардчиллын туган дор нэгдэж чадах эсэхээс Ардчилсан нам амьд үлдэх, үгүй нь шийдэгдэнэ.
Үнэхээр л Ардчилсан нам ардчиллын автор юм бол, гишүүд нь автороороо овоглодог бол одоо л эрх ашгаа хойно тавьж, эв санаагаараа нэгдэх сэтгэл зүтгэл гаргах буй.