Дөрвөн мянганы өмнө дорноос өрнийн ертөнцөд нэвтрэхдээ дэлхийн газрын зургийг өөрчилж, орчин цагийн соёл иргэншлийн үндсийг тавьсан халуун ногооны арилжаа цар тахлын “буянаар” дахин сэргэлтийн мөчлөгт орлоо.
Xалдварын эхний давалгаатай нүүр тулахдаа хүмүүс халуун амтлагчийн анагаах чанарт найдан дархлаа дэмжих эмчилгээний зорилгооор үлэмж хэмжээтэй худалдан авч зохиомол эрэлт үүсгэв. Удаад нь хөл хорионд түгжигдэж, нийтийн хоолны салбар хаагдсанаар гэрийн нөхцөлд шинэ хоол бэлтгэж турших, хүнсний хомсдолоос урьдчилж нөөшлөх давалгаа дэлхий даяар өрнөлөө. Гэнэт л хүн бүр тогооч болж, турмерик, цагаан гаа, шанцай, кумин гоньд, кардамон, хар перецгүй хоолыг хоолой давуулахаа болив. Халуун ногоо, амтлагчийн энэхүү гэнэтийн тэсрэлт нийлүүлэгчдийг сандаргаж, сав баглаа боодлын үйлдвэрлэл ч ачааллаа даахгүйд хүрлээ. Гэтэл бөмбөрцгийн нөгөө бөөрөнд хөлсний ажилчид нь хөл хоригдсон тариалангийн салбар ургацаа хурааж дийлэхгүй талбайдаа ялзарч хаягдаж байв. Чадан ядан ургацаа хураасан ч боловсруулах, түгээх сүлжээ тасалдана. Халуун ногооны хэрэглээ, экспортоор дэлхийд тэргүүлдэг Энэтхэгт 2020 оны гуравдугаар сард бүх нийтийн хөл хорио тогтоосноор боомтууд, дотоодын зах зээл амтлагч ногооны үерт автаж үнэ 50 хувиар унажээ. Гэхдээ цаг зуурын бэрхшээлийн дараа дэлхийн зах зээл дээр халуун ногооны арилжаа сэргэж өдөр тутам үнэ өссөөр буй.
Турмерик амтлагчийн экспортоор тэргүүлэгч улсууд дэлхий нийтийн хэрэгцээ
Энэтхэг 68% Индонези 4.4% Мьянмар 4.1% Хятад 2.2%
Хүн төрөлхтний түүх бичигдсэн цагаас л халуун ногоо тариалж ирсэн туршлагатайн зэрэгцээ цаг уур, газар нутгийн онцлог бүхий анхилуун ургац авдаг тул энэтхэг халуун ногоо хамгийн чанартайд тооцогдоно. Худалдааны танхимынх нь мэдээлснээр 2020 оны зургаадугаар сард экспорт 2019 онтой харьцуулахад 67 сая ам.доллараар өсөж, 359 саяд хүрчээ.
Энэтхэгийн хөдөөх тосгодын хэдэн сая тариаланчийн хувьд үнийн өсөлт сайн мэдээ байх учиртай. Гэтэл халуун ногоо тариалагчдын “Шударга худалдааны хоршоо” нөхөрлөлийг үүсгэн байгуулагч Томи Матьюбарааны эрэлт өссөн ч тариаланчдын гар дээр очих мөнгө огтхон ч нэмэгдээгүйг хэлж буй. Ядуу тосгодоос ирж халуун ногооны тариаланд зүтгэдэг цагаач ажилчид хөл хорионы улмаас орлогоо алдан, эргэж нутаг буцах ч боломжгүй түгжигдэж гудамж талбай өлсөж ундаассан хөлсний ажилчдаар дүүрсэн дүр зургийг дэлхийн хэвлэлүүд өнгөрсөн хавар үзүүлж байв. Түүнчлэн жижиг аж ахуйнууд зах зээлээс бүрэн шахагдаж санхүүгийн хүндрэлд оржээ. “Халуун ногооны эрэлт бодитоор тариаланчийн хаалганы үнэд тулсан бол зах зээлд томоохон өөрчлөлт авчрах байлаа. Энэ хямрал худалдааны шударга байдлыг урьд өмнөхөөс илүүтэй илтгэн харуулж байна” хэмээн Томи Матью өгүүлэв.
Харин томоохон үйлдвэрлэгчдийн хувьд энэхүү өсөлт цар тахлын хямралыг даван туулахад эерэгээр нөлөөлж буй. “4, 5 дугаар сард манай халуун ногооны эрэлт 15 хувиар өссөн” гэж Synthite Industries- ийн менежер захирал Якоб Вижу ярьсан юм. Хойд Уттар Прадеш мужийн халуун чинжүү үйлдвэрлэгчдээс өмнөд бүсийн Керала мужийн шанцай тариалан хүртэлх 10 мянган фермерийг нэгтгэдэг тус компанийн бараа эргэлтэд ч хөл хорионоос үүдэлтэй логистикийн саатал гарч байв. Тээврийн асуудал голдиролдоо ороход компани бүтээгдэхүүний эрэлтээ дийлэхээ больж, харин ч нэмэлтээр Вьетнам, Индонези улсаас куркума, халуун чинжүү импортолж, хамтран ажилладаг дотоодын тариаланчдын тоог 10 хувиар нэмэгдүүлжээ. Орон нутаг дахь сүлжээгээ түшиглэн тариаланч өрхүүдээ амны хаалтаар хангах, гар ариутгагч бэлтгэх жижиг үйлдвэрлэлээр хүрээгээ тэлсэн Synthite одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шугам нээхээр ажиллаж байна.
Тэгвэл халуун ногоо, амтлагчийн хэрэглээгээр шинэ өсөлт харуулж буй Америкийн зах зээлд McCormick & Co-ийн савласан бүтээгдэхүүн ноёрхлоо хэдийнэ тогтоожээ. Азийн орнуудад тариалсан үрээр өрнийн хэрэглэгчид таашаах амтлагч үйлдвэрлэдэг тус компанийн борлуулалт 2020 онд 13 долоо хоногийн турш өсөлтөө хадгалж жилийн эцэст борлуулалт нь 35 хувиар нэмэгдсэн дүн үзүүллээ. Тухайлбал, хоол амтлагчийн хуурай холимогийн борлуулалт 16 хувь, гич 10, далавч амтлах соусных 44 хувь, шарсан махны амтлагчийн худалдаа 35 хувиар тус тус өслөө. Тахлаас үүдэлтэй сэтгэл зүйн дарамтаа даван туулах, цагийг үр дүнтэй өнгөрөөх шинэ амтны эрэл өнөөхөндөө дуусахгүй. Grand View Research-ийн тооцооллоор 2019 онд 13.8 тэрбум доллараар үнэлэгдсэн дэлхийн амтлагч, халуун ногооны зах зээл 2027 он хүртэл тогтвортой өсөлтөө хадгалах ажээ.
Гэхдээ үндсэн түүхий эд халуун ногооны чанарт тавих хяналтыг цар тахлын үед ч орхигдуулж болохгүйг сануулж буй. Учир нь халуун ногооны худалдаа үүссэн цагаас л залилан луйвар сүүдэр мэт дагаж ирсэн түүхтэй. Жишээлбэл, дэлхийн зах зээлд борлуулагдаж буй орегано амтлагчийн 40 хувь нь чанаргүй, хуурамч түүхий эдээс гаралтайг судалгаагаар тогтоожээ. Белфастын их сургуулийн хүнсний аюулгүй байдлын профессор Крис Эллиоттын хийсэн судалгаагаар ч сүүлийн зургаан сард ийм төрлийн залилан эрс нэмэгдсэнийг хэллээ.
“Хөл хорионоос үүдэн, логистикийн асуудлууд үүсэж бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж болно. Гэхдээ энэ бүх нэмэлт ургац гэнэт хаанаас гараад ирэв гэдгийг бодох ёстой” гэж профессор анхааруулж буй. Тэгээд ч боловсруулах үйлдвэрт ирж буй хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх энгийн технологийг бодож олжээ. Мэргэжлийн хяналтын лабораторигүй нөхцөлд ашиглах гар сканнерыг “Хүнсний хурууны хээ” хэмээн нэрийднэ. Уламжлалт аргаар дээжийг лабораторид туршиж хэсэг хугацааны дараа хариу хүлээдэг бол гар сканнераар үр дүнг газар дээр нь шинжих боломжтой. Өөрөөр хэлбэл гар сканнерын гэрлээр тухайн бүтээгдэхүүний молекул хөдөлгөөнийг илрүүлдэг ажээ. Сканнерт молекулуудын хөдөлгөөн, хэлбэлзлийг ялгах өгөгдөл бүхий амтлагч бүрийн “хурууны хээ” байршдаг тул худуутай дээжийг дор нь илрүүлж орхино.
“Бид дэлхий даяар олон мянган дээж цуглуулж, хуурамч амтлагч, халуун ногооны газрын зураг үүсгэх боломжтой“ гэж Эллиотт ярьсан юм.
Жижиглэн худалдааны үр ашиг тариаланчдад хүрэх эсэх нь тодорхойгүй байгаа ч шинэ технологийн тусламжтайгаар ядаж л халуун амтлагчийн чанарыг тодорхойлж, худалдааг хянах боломжтой болох нь.