Нүүдлийн шувууд хавар, намартаа нүүдэг бол манай төрийн албан хаагчид бүр жилийн дөрвөн улиралд “нүүсээр” байна. УИХ, ИТХ-ын сонгуулийн дараа эрх баригч хүчин солигдоход хэдэн мянгаараа нүүдэл суудал хийдэг төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах ёстой гэдэгт улс төрийн намууд нэгддэг ч үг, үйлдэл нь зөрсөөр өнөөг хүртлээ. Төрийн албаны тухай хуулиа шинэчлэн найруулж батлан хэрэгжүүлж эхэлсэн, ажлаасаа халагдсан төрийн албан хаагчдын зовлонг хамгийн сайн мэдэх Төрийн албан хаагчдын холбооны тэргүүн Б.Энхбаяр УИХ-ын гишүүнээр сонгогдож, шийдвэр гаргах эрхтэй болсон, нэг нам анх удаа дангаараа дараалан засаглаж эхэлсэн гээд төрийн албыг тогтвортой ажиллуулж болох үндэслэл өнгөрсөн хугацаанд бүрдсэн.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлуулсныхаа дараа “Улстөрчид буцаж, төрийн албан хаагчид үлддэг хуультай боллоо” гэж хэлж байлаа.

Гэвч салбарт нь нэг улстөрч ирэх, буцах бүрт төрийн албан хаагчид дагаад хөдөлгөөнд ордог байдал яг хэвээрээ л байна. Засгийн эрх нэг намаас нөгөөд шилжих бус эрх баригчид Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахад, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч солигдоход л төрийн алба дагаад бужигнасан хэвээр.

Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд томилогдож, танхимаа бүрдүүлснээр 29-нд сайд нар нь УИХ-д тангараг өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтцийг өөрчлөөгүйгээс гадна өмнөх танхимынхаа долоон сайдыг улираан томилсон юм. Энэ нь төрийн алба тогтвортой байхад эерэгээр нөлөөлөх учиртай. Ийнхүү шинээр яам, агентлаг байгуулаагүй, засгийн эрх нэг намаас нөгөөд шилжээгүй, сөрөг хүчинтэйгээ хамтраагүй байхад л төрийн албан хаагчдын “нүүдэл” үргэлжилсээр байна. Уг нь нэг сайдыг дагаад хэдхэн улс төрийн албан тушаалтан яаманд очиж ажиллах ёстой. Гэвч нийтийн алба буюу төрийн албанд томилогдох хүсэлтэй хүмүүсийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг Авлигатай тэмцэх газарт хэдэн зуугаараа хянагдсаар байна.

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн нэгдүгээр сарын 25-29-нд буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эмхлэн байгуулагдахаас өмнө төрийн албанд томилогдох хүсэлтэй 53 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянажээ. Харин шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш төрийн албанд томилогдохоор нэр дэвшиж хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ хянуулах хүсэлт гаргасан хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх газар хоёрдугаар сарын 1-5-нд 332, хоёрдугаар сарын 23-26-нд 147, гуравдугаар сарын 1-5-нд 130 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Энэ бол улстөрчид төрийн албыг тогтвортой ажиллуулах ёстой гэж ярьдаг ч цагаа тулахаар үг, үйлдэл хоёр нь зөрдгийн баталгаа. Мөн томилгоо хийхдээ Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн тохиолдол ч гарчээ. Тодруулбал, Төрийн албаны зөвлөл аравдугаар хуралдаанаараа Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцжээ. Ингэхэд 13 байгууллагын 25 албан тушаалтан Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилогдсоныг тогтоон, зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өгсөн байна.

Төрийн албаны зөвлөлөөс одоогийн байдлаар дараах удирдах албан тушаалуудад сонгон шалгаруулалт зарлаад байна.

Цаашид төрийн албыг тогтвортой, цомхон бүтцээр ажиллуулах нэг л боломж бий. Энэ бол цахим засаглалаа хөгжүүлэх. Засгийн газар цахим шилжилт хийхээр эхний ээлжид "E-Мongolia" цахим хуудсыг ажиллуулж эхэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдсон даруйдаа энэ талаар дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Цахим үндэстэн байгуулах ажлаа илүү далайцтай өрнүүлнэ. "E-Мongolia" цонхонд төрийн бүх үйлчилгээг нэгтгэнэ. Төрийн аливаа үйлчилгээг цахимжуулаагүй авч үлдсэн албан тушаалтанг авлигыг дэмжиж байна хэмээн үзэж, хариуцлага тооцох болно. Цахим шилжилтийг 2021-2024 оны хооронд 90 хувь хүртэл хийх болно. Ингэхийн тулд Цахим хөгжлийн яам байгуулна. Энэ бол орон тоо нэмж буй зүйл биш, харин төрийн бүх шатны байгууллагын орон тооны давхцлыг байхгүй болгож, төрийн данхайсан бүтцийг 30-40 хувиар бууруулах цорын ганц шийдэл юм. Төрийн хүнд суртал багасч, иргэн таны цаг хугацаа хэмнэгдэнэ. Төрийн өмчийн байгууллагыг анхаарч ажиллана. Хувийн хэвшлийн 30 хүний хийх ажлыг төрийн өмчит байгууллага 100 хүнээр хийлгэдэг. Энэ байдлыг анхаарахгүй бол болохгүй.

Цахим засаглалтай болсноор гүйцэтгэлд тулгуурласан бүтцээр төрийн албаа шинэчлэх боломж үүснэ. Аль ч яаманд дунджаар 80-90 хүн байгаа гэж бодоход 15-20 хүн дээр нь хэт их ачаалал ирдэг. Бусад хүмүүс дээр харьцангуй ачаалал бага байдаг нь ажиглагдсан.