Олон жил яригдаж буй ч амьдрал дээр хэрэгжээгүй хоёр нийслэлтэй болох асуудлыг Eagle.mn эргэн сануулж байна. Энэхүү санаачилгын ач холбогдол улам ч өндөр болсон гэж үзэж байгаа тул энэ сэдвийг хөндлөө.
Нөхцөл байдал
Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.4 хувьд 1.4 сая хүн оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг үйлдвэрлэн, нийт хөрөнгө оруулалтын 50 хувийг “шингээж” байгаа юм. Эдийн засаг, улс төрийн гол төв болохынхоо хэрээр төрөлтийн хувь улсын дунджаас үргэлж дээгүүр байгаа бөгөөд шилжиж ирсэн иргэдийг оролцуулаад жил бүр дөрвөн хувиар өсч байна. ҮСХ-ноос гаргасан хэтийн төлөвт нийслэлийн хүн амыг 2040 онд 2.44 саяд хүрнэ гэж тооцоолжээ. Тэр үед Монгол Улсын нийт хүн ам 3.94 сая болно гэснийг хувьд шилжүүлбэл, нийт хүн амын 61 хувь нь зөвхөн Улаанбаатар хотод төвлөрнө гэсэн үг юм. Дэлхий нийтийн улс төрийн байдал тогтворгүй, мөргөлдөөн, дайн тулаан хаа сайгүй гарч байна. Ийм үед бид нэг газраа шаваад байж таарах уу гэдэг асуудлыг ч бодож үзэх цаг нь болсон. Хүн амыг хэт нягтаршуулж, бага талбайд цуглуулж байгаа нь цэрэг дайны талаас нь аваад үзвэл маш ноцтой үр дагаварт ч хүргэж мэднэ. Муугаар бодоход, дайсны тал ганц бөмбөгдөхөд хүн амын тал нь үгүй болно гэсэн үг шүү дээ.
Нийслэлийн хүн ам эрчимтэй өсөхийн хэрээр шилжилт хөдөлгөөнийг багасгах аргыг хотын удирдлагууд санаачлан хэрэгжүүлэх болсон. Гэвч энэ нь татвар авах, шилжилтийн төлбөр авах, тодорхой хугацаанаас хойш шилжин ирэгсдэд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэхгүй байх гэх мэт хааж, боосон шинжтэй. Энэ нь Үндсэн хуульд заасан хүн амьдрах газар орноо сонгох эрхийг зөрчиж байгаа хэрэг. Зүй нь, төр санаачилга гаргаж, аймгуудад нийслэлд амьдарч байгаа мэт тэгш нөхцөлийг бүрдүүлж ажиллах ёстой юм. Алслагдсан газар суурьшиж байгаа иргэд тээврийн зардлаас үүдэлтэй үнийн өсөлтийн золиос болж амьдардаг. Нийслэлд байгаа бараа бүтээгдэхүүнийг 10-20 хувийн нэмэгдэлтэйгээр худалдаж авдаг ч цалин, тэтгэврийн нэмэгдэл байдаггүй. Алслагдсан аймгуудын төрийн албан хаагчдад “Бүсийн нэмэгдэл” олгох талаар санаачилга гарч УИХ-аар хэлэлцэгдсэн ч хоосон яриа болоод өнгөрсөн. Бүсийн нэмэгдэл олгох асуудал УИХ-аар хэлэлцэгдэх үед “Хилийн бүс нутагт хүн амын 12 хувь нь л амьдарч байна” гэсэн жишээ дурьдагдаж байсныг ч анхаарахгүй орхиж боломгүй.
Үндэслэл
Цар тахал бидний байгуулж буй нийгмийн олон гажиг, согогийг илрүүлж өгсөн билээ. Тэдний нэг нь хүн амын хэт төвлөрөл, хот байгуулалтын оновчгүй зохион байгуулалт юм. Ялангуяа манай улсын хувьд, цар тахлын тархалтыг хумихаар ажиллаж байх тэр үеэс сул талаа харуулсан. Тухайлбал бүх нийтийн хөл хорио тогтоож “0 зогсолт” хийх туршилт хийсэн ч боломжгүй нь батлагдсан юм. Гэтэл Дархан-Уул аймаг “0” зогсолт хийж байгаад голомтуудаа илрүүлж, хотоо дөрвөн бүсчлэлд хуваагаад хөдөлгөөнөө нээчихсэн. Харин нийслэлд өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдэж, хянах бололцоогүй болж байна. Аз болж вакцин гараагүй бол манай улс яах байсан нь ер нь л ойлгомжтой байна, одоо байгаа байдлыг харахад. Дууссан ч дуусахгүй байх эрх ашгийн зөрчил ч энд бий.
Өнгөрсөн жил, цар тахал ид дэгдэж байхад зарим улсууд парламент, Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулалгүйгээр зохион байгуулсан. Цар тахлын үеийн сонгуульд эрх баригчид давуу талтай ордог бичигдээгүй хууль байдаг аж. Жишээ нь, Польш улс цар тахлын тархалтын ид үе тохиож байсан ч тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг цуцлаагүй. Ингэснээр сөрөг хүчний нэр дэвшигч сурталчилгаа хийх ямар ч боломжгүй болсон бол эрх баригч намын нэр дэвшигч, Ерөнхийлөгч Анжей Дуда цар тахлын нөхцөл байдлын улмаас байнга зурагтаар гарч, далд байдлаар сурталчилгаа хийсээр сонгуульд ялалт байгуулсан. Тэрээр өрсөлдөгч Рафал Тразаковскиг 51.2 хувийн санал авч давамгайлсан нь 1989 оноос хойших хамгийн бага зөрүүтэй ялалт болж тэмдэглэгдсэн. Тэгш нөхцөлтэй сонгуульд орсон бол ялалт нөгөө талд эргэхэд ойрхон байсан гэдгийг энэ дүн харуулж байгаа юм. Цар тахлаар далимдуулсан, цар тахлын хамгийн сул талыг харуулсан жишээнд манай улс ороход ойрхон байгаа нь харамсалтай.

Тэгэхээр, бид бүхэн цаашдаа Монгол улсын нийт хүн амын бараг тал хувийг ийм өндөр эрсдэлтэй байлгасаар байх уу, зохион байгуулалтын ажил хийх үү гэдэг сонголтын өмнө ирчихээд байна.
Нийслэлийг нүүлгэх, өөр газар шинэ нийслэл барих, одоо байгаа Эрдэнэт, Дарханы аль нэгийг хоёр дахь нийслэлээр сонгохын аль ч байсан одоо байгаа байдлыг дээрдүүлэх юм.
Эртний нийслэлээ сэргээх санаачилга
1996 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ “Монгол Улсын нийслэлийг XXI зуунд Хархоринд шилжүүлэх шаардлага, хугацаа, бололцоо, нөхцлийг судалж дүгнэлт гаргах УИХ-ын Ажлын хэсэг”-ийг Р.Бадамдамдин гишүүнээр ахлуулан байгуулж, түүхч, доктор Д.Хоролдамба нарийн бичгийн даргаар нь ажиллаж байв. Сүүлд 2004 онд мөн Засгийн газрын Ажлын хэсэг байгуулсан, сайхан санал санаачлага, шийдвэр бэлдсэн байдаг. Үндсэндээ бол шийдвэр гарахад бараг бэлэн болжээ. Д.Хоролдамба доктор одоо ч энэ асуудлыг орхилгүй байнга хөндсөөр байгаа. Тэрээр энэ сэдвээр өгсөн нэгэн ярилцлагадаа “Манай ажлын хэсэгт Д.Лүндээжанцан, Лу.Болд, Э.Бат-Үүл, Т.Султан, Д.Энхтайван, бурхан болооч С.Төмөр, М.Зэнээ, О.Дашбалбар гишүүн гээд дээр нь ШУА-ийн Ерөнхийлөгч, МУИС-ийн ректор ордог, 20-иод хүний бүрэлдэхүүнтэй байв. УИХ-ын эрхэм гишүүн М.Зэнээ гуай бид хоёр 1999 оны тавдугаар сарын 24-нд Үндэсний Телевизийн нэвтрүүлэгт орсон минь санаанаас гардаггүй юм. М.Зэнээ гишүүн инээмсэглэж байгаад Хархориныг улсын нийслэл болгох шаардлага, бололцоо, ач холбогдлын тухай яриаг минь дэмжин ярьж байсан нь тодхон санагддаг. Харин О.Дашбалбар гишүүн эхлээд уулзахад “Р.Бадамдамдин, та хоёр Улаанбаатарыг хаяна гэж байж тархиа хага цохиулав!” гэж загнаж байв. Учир начрийг нь тайлбарлахад тун сайн ойлгож, надад сайхан сэтгэгдэл төрүүлж байж билээ. Ер нь Хархоринд нийслэлийг шилжүүлье, нийслэлээ шинээр байгуулъя гэдэг маань хөгжилдөө бүтээлчээр хандах гэсэн сэтгэлгээний тэсрэлт байхгүй юу даа. Улсын хөгжилд үнэхээр том дэвшил гарна” гэж өгүүлж байв.
Үүнээс арай хожуу Нийслэлийг Их Монголын эртний нийслэл Хархоринд шилжүүлэх санаачилгыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гаргаж, олон нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулж чадаж байлаа.
Энэ санаачилгыг дэмждэг, эртний нийслэлээ сэргээх сэн, агуу түүхээ ертөнцийн чихнээ байнга дуудуулж явах сан гэж хүсдэг хүн олон байдгийг хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан С.Болдхэттэй ярилцах үедээ мэдэж, дотроо зөвшиж байсан юм. Нийслэлийг хэрвээ Хархоринд шилжүүлье гэвэл дархан, Эрдэнэт рүү шилжүүлэхээс илүү их зардал гарах нь мэдээж. Би бээр С.Болдхэтээс яг энэ агуулгаар “Их зардал гарна даа. Тэр мөнгийг хаанаас олох вэ” гэж асуухад “Олж болно. Бид хот байгуулалт төлөвлөлтийн тал дээр гаднаас мөнгө босгож болох юм байна лээ. Олж харсан. Жишээ нь, хүн ам нь нягт, шигүү суурьшилтай, газар нутаг багатай орнуудын хот байгуулалтын инженерүүд шинээр гарсан нээлт, ололт амжилтаа практик дээр турших хүсэл их байдаг юм байна л даа. Гэтэл газар байдаггүй. Японд гэхэд л шинээр хот байгуулья гэхэд ямар ч газар байхгүй шүү дээ. Ихэнх нь уулархаг байдаг. Сүүлийн үед их ярих болсон эко хот, тосгодыг турших хүсэл ч байдаг юм шиг билээ. Тэр хүсэл эрмэлзэлтэй улсуудыг нь олоод, сайн хөөцөлдөж чадвал хот байгуулах, нүүлгэх санаа бодит ажил хэрэг болох бүрэн боломжтой. Тийм учраас Ерөнхийлөгч маань зарлиг гаргаж, нийслэлийг Хархоринд шилжүүлэх ажлыг хурдхан эхлүүлээсэй гэж хүсдэг” хэмээн итгэлтэй хэлж байсан нь санаанд тод байна.
Дархан, Эрдэнэт, Чингисийн боломжууд
Дээр хэлсэнчлэн, нийслэлийг Хархорин руу шилжүүлэх асуудлыг судлахдаа Дархан, Эрдэнэт, Өндөрхаан гэх мэт бүс нутгийн хөгжлийн төв болох боломжтой хотуудыг давхар судалсан юм билээ. Энэ санаачилгыг гаргаж тавьдаг гишүүд ч үе, үеийн парламентад байсаар ирсэн. Ялагуяа тухайн бүс нутгаас сонгогдсон гишүүд энэ асуудлыг сонирхдог нь харагддаг. Дээрх хотууд руу шилжүүлбэл зардал бага гарах давуу талтай. Тэгэхээр дээрх хотуудад бүгдэд нь боломж бий. Дэлхий дээр хоёр, тэр байтугай гурван нийслэлтэй улсууд бий. Бенин, Боливи, Бурунди, Чили, Нелерланд, ӨАБНУ, Шри Ланка зэрэг 20 шахам улс байна.

Тэд бараг бүгд хуучин нийслэл нь өнөөгийн Улаанбаатар шиг бэрхшээлтэй тулгараад засаг захиргааны төвөө шилжүүлсэн байдаг. Огт шинэ газар шинэ хот байгуулсан туршлага ч бий. Гэхдээ ингэхийн тулд ажлаа эрт эхлэх хэрэгтэй. Шинэ хот байгуулсан хамгийн амжилттай жишээнд Казахстан алма атагаас Астанад шилжүүлсэн жишээ гарцаагүй бичигдэнэ. Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, Парламентын дарга М.Оспанов нар 1997 оны аравдугаар сарын 20-ны өдөр нийслэлээ шилжүүлэх шийдвэр гаргаж байсан байдаг. Өөрөөр хэлбэл, шинэ нийслэл байгуулахад дор хаяж 15 жил шаардагддаг ажээ.
Өмнөх Парламентын үед баталсан “Алсын хараа 2050” “Орхон, тамирын хөндийд шинэ нийслэл барих” тухай заалт орсон нь энэ асуудал төр засгийн анхааралд байгааг харуулдаг. Гэхдээ цар тахлын дараа ажлаа даруйхан эхлүүлэх шаардлага байна.
С.Болдхэт: Хархоринд дээд зэргийн төлөвлөлттэй орчин үеийн хот байгуулах юм сан
/УИХ-ын гишүүн асан/
Хархорин бол Их Монгол Улсын үед эдийн засаг, соёл, хөгжил, баян тансаг байдлаараа гайхагдсан, дэлхийн №1 нийслэл хот байлаа шүү дээ. Тэгэхээр энэ түүхээ бид маргааш биш юм гэхэд хэзээ нэгэн цагт сэргээх ёстой. Монгол үндэстний соёлын төв гэдэг утгаар хөгжүүлбэл их гоё. Соёлын холбогдолтой үндэсний их сургуулиуд, төв театр, төв музей, үндэсний архивын газар зэрэг байгууллагуудыг тэнд байгуулна. Мэдээж, Засгийн газрын ордон, төрийн яамд бас тийшээ нүүх ёстой. Улаанбаатарынхаа жишээнээс суралцаад, дээд зэргийн төлөвлөлттэй орчин үеийн хот байгуулах юм сан гэж боддог.
/”Монголын мэдээ” сонинд өгсөн ярилцлагаас... 2015 оны IV сар/
О.Баасанхүү: Хоёр нийслэлтэй байж болох уу
/УИХ-ын гишүүн асан/
Хоёр нийслэлтэй байж болдоггүй юм уу. Уг хуулийн төслийг баталснаар ийм гарц гарах боломж байна уу. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байна гэж заасныг өөрчилж хоёр нийслэлтэй болгож болох уу. Дэлхийн улс оронд ийм жишиг бий. 1976 онд байгуулагдсан Эрдэнэт хот удахгүй хаягдсан хот болох гээд байна.
Тиймээс Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилж байж Нийслэлийн эрх зүйн байдлын хуулийн төслийг оруулж ирэх хэрэгтэй. Дан ганц нийслэлд зориулсан хуулийн төслийг батлахаар өөр бусад асуудал хаягдана шүү дээ
/УИХ-ын нэгдсэн чуулган 2017 оны VI сар/
Д.Хоролдамба: Хүчээ 21 аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлэхэд дайчлах хэрэгтэй
/Түүхч, доктор/
Одоо сум гэсэн статустай 21 аймгийн төвүүдийг хот болгон хөгжүүлэхэд дайчлах хэрэгтэй. Улаанбатар хотын зүй зохистой бус төвлөрөлийг хуваарилах ёстой. Хэт төвлөрлийг сааруулая л гэж байгаа бол энэ мэтээс эхлээд олон арга байна шүү дээ. Нийслэл хот бол харьцангуй цомхон, цэвэр цэмцгэр, амгалан тайван орчинтой байж, ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг зэрэг нийгмийн элдэв сөрөг үзэгдэлгүй, засаг захиргаа, соёл, оюун санааны төв болж, тухайн орны өнгө төрх-нүүр царайг эерэгээр илэрхийлэхүйц байх учиртай.
/polit.mn сайтад өгсөн ярилцлагаас. 2020 оны V сар/