Улстөрчдийн хийрхэл, хоосон амлалт, сүржин мэдэгдэлд хэдийнэ дасчихсан иргэд долоо буудуулсан чоно шиг хашир суухаараа л нэг болов. Хэрсүү иргэд ийн олширч байгаа ч ихэнх нь ядуу, боловсрол тааруу, мэдээлэл багатай нийгмийн бүлгийн эмзэг байдлыг ашиглаж популистууд хүчээ авсаар байна.
Байгалийн баялгийг тэгш хуваарилах, эрх мэдэлтнүүдийг огцруулах, төрийн хөрөнгийг ард түмэнд өгөх гээд чихэнд чимэгтэй үгсээр нэр хүнд олж, эрх мэдэлд хүрч байна. Харин тэд шударга нийгмийг цогцлоож, хүн бүрийг баяжуулах хоосон үгээр иргэдийг молигодсондоо, хүмүүсийг ёс бус үг үйлдэлд өдөөн турхирсандаа хэзээ ч хариуцлага хүлээдэггүй. Улстөрчдийн хариуцлагагүй мэдэгдэл, өдөөн турхиралтад иргэд хохироод зогсохгүй улс орны эдийн засаг тогтворгүй болох цаашлаад гадаад орчинд Монголын нэр хүнд унах зэрэг сөрөг нөлөө үзүүлэх нь энүүхэнд. Уг нь улстөрчдийн мэдэгдэл гадаад орчинд Монголын шийдвэр шиг, дотоод орчинд төрийн шийдвэр шиг ойлгогддогийг тэд мэдэхийн дээдээр мэднэ. Тэглээ гээд тэд хариуцлагатай байх тухай биш улсаа, ард иргэдээ хорлоод ч хамаагүй өөрөө л зорилгодоо хүрэхийг урьтал болгосоор өдийг хүрлээ. Эцэст нь, улстөрчдийн хийрхэл, хоосон мэдэгдэл, өдөөн турхиралт хүний аминд хүрсэн эмгэнэлт жишээ одоо ч давтагдсаар байна. Тодорхой дурдъя.
Жишээ 1. Сар шинийн өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй холбоотой акцыг Сүхбаатарын талбайд хийсэн. Ингэхдээ тэрээр “Хуурай өлсөх үү, өөрийгөө шатаах уу гэдгээ эхнэртэйгээ ярилцаж шийднэ” гэсэн туйлын хариуцлагагүй мэдэгдэл хийсэн нь хоёр ч хүнийг өөрийгөө шатаах сэдэл өгөв. Энэ мэдэгдэл түүний хувьд ард түмэнд таалагдах, олны анхаарлыг татах гэсэн зүгээр л ээлжит арга байж болно. Харин нийгэм, ард иргэдэд түүний энэ үлгэрлэл буруугаар нөлөөлж, үр дагавар нь маш хортойгоор илрэв. Гишүүнийг акц хийсний дараахан 30 гаруй насны залуу Сүхбаатарын талбайд өөрийгөө шатаасан бол үүнээс зургаа хоногийн дараа Ховд аймагт 17 настай хүү мөн л өөрийгөө шатаасан хэрэг гарлаа. Хэдийгээр С.Ганбаатар гишүүн тэднийг шатаагаагүй ч асуудал үүсвэл өөрийгөө шатаах сэдлийг хүүхэд залууст өгсөн нь илэрхий. Ийм хор хөнөөлтэй мэдэгдэл хийж, бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлснийхээ төлөө тэр даанч хариуцлага хүлээхгүй. Хоёр халуун амь л зулын гол болж хохиров.
Жишээ 2. Монголын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн үйл явдал 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон. УИХ-ын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй улстөрчид иргэдийг өдөөн турхирч, онц байдал зарлах хэмжээний үймээн болоход нөлөөлсөн нь хэн ч маргашгүй үнэн. Үймээний улмаас таван хүний амь эрсдэж, олон зуун хүн гэмтэж, бэртсэн ч өнөө л өдөөн турхирсан улстөрчид ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй. Харин ч эрх мэдэл, албан тушаал дэвшсэн нь бий. Гэтэл цагдаагийн удирдлагууд, жирийн алба хаагчид л үймээний хариуцлагыг хүлээж, ял үүрсэн байдаг. Өдөөн турхирсан улстөрчдийн нэг нь УИХ-ын гишүүн болтлоо өсч дэвжиж байв. Намд орж, хариуцлагаас бултаад УИХ-ын гишүүн болтлоо дэвшсэн түүний өдөөн турхиралт, хоосон хийрхэл, хариуцлагагүй үйлдэл үүгээр дуусаагүй. Ганц жишээ дурдахад “Хувьсгал хийхийн тулд хууль хэрэггүй” гэж туйлын хариуцлагагүй үгийг чуулганы танхимд унагасан удаатай. Энэ бол жирийн иргэдийг хууль хэрэггүй гэж турхирчхаад өөрөө хуулийн хариуцлагаас бултаж, бусдыгаа хөлдөө чирэх санаа нь.
Жишээ 3. Одоо арай өөр жишээ сонирхуулъя. Энэ бол улстөрчийн шийдвэр эдийн засагт хэрхэн нөлөө үзүүлсэн тухай. Ерөнхий сайд асан С.Баярыг Засгийн газар тэргүүлж байхад Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж, хөдөлгөж байлаа. Үүний дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж үүнээс хойш улстөрчдийн мэдэгдэл хэдэн арван ам.долларын өртөгтэй боллоо гэсэн утгатай үг хэлж байв. Тэгтэл төд удалгүй Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн нь олон улсын зах зээлд Оюутолгой компанийн хувьцаа унахад нөлөөлсөн жишээ бий.
Жишээ 4. УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа эрх баригчид Монгол Улс эдийн засаг, санхүүгийн гүн хямралд орсныг зарлаж байлаа. Харин уг мэдэгдлийн дараа Засгийн газрын бондуудын үнэ огцом доошилж цаашлаад зээлжих зэрэглэл ч буурсан жишээ бий. Улмаар 2016 онд олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын бонд гаргахаар бэлтгэж эхлэх үеэр популистууд Засгийн газрыг огцруулахаар бужигнахад манай улсын зээлжих зэрэглэл буурч, бондын хүү өсөж байв. Үүнээс болж манай улс жилд 50 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэдгийг эдийн засагчид тооцсон байдаг.
Жишээ 5. Энэ бол улстөрчдийн ямар ч тооцоо судалгаагүй, хоосон мэдэгдэл амлалтын жишээ. МАХН УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө үнэгүй байр олгох нэрийдлээр иргэдийг бүртгэлжүүлж, санал худалдаж авахаар оролдсон. Ингэхдээ 450 мянган айлын орон сууц барьж, авлига авч олон байртай болсон хүмүүсийн байрыг хурааж, иргэдийг орон сууцжуулахаа мэдэгдэж байлаа. Бүртгүүлсэн иргэдийг өнөө маргаашгүй шууд байранд нь оруулах ойлголт өгч, олон хүнд түвэг чирэгдэл учруулсан. Өнөө цагт яагаад ч ийм боломж байхгүйг сайн мэдэх хэр нь санал авахын төлөө иргэдийн тархийг угааж, тэднийг хохироохыг юман чинээ бодоогүй юм.
Өөрийн эрх ашгийн төлөө хүний амь нас, эрүүл мэнд, улс орны эдийн засгийг үл хайхарсан улстөрчдийн үг үйлдлийг тоочоод байвал дуусахгүй. Эдийн засгийн тооцоо судалгаагүй, хоосон мэдэгдэл, үг үйлдлээр нийгмийг өдөөн турхирч хүссэндээ хүрэх, нэр хүнд олох жишиг Монголын улс төрд хэдийнэ тогтчихсон.
Хэдийгээр ардчилсан нийгэмд хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсах, шаардах эрхтэй ч болж бүтэхгүйд уриалан дуудаж, буруу үлгэр дуурайлал үзүүлээд зогсохгүй улсын бодлого тогтворгүй, Монгол Улс найдваргүй гэж гаднынханд байнга үзүүлэх нь улстөрчдийн хувьд зохисгүй үйлдэл. Асуудал байгаа бол шийдэх нь зөв. Гэхдээ популизм хийхгүйгээр УИХ, Засгийн газрын түвшиндээ шийдвэрлээд явах гарц бийг хэн хүнээс илүүтэй улстөрчид мэднэ. Тэгвэл яагаад хүссэн болгон нь ингэж дур дураараа хоосон хийрхэж, хүмүүсийг өдөөн турхирч улс, ардаа хохироож байна вэ. Тэдэнд зөвхөн өөрийнх нь эрх ашиг л хамгаас чухал учраас тэр. Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээдэггүй учраас ингэж дур зоргоороо авирладаг улстөрчид өсөж өндийж байна. Үүнд иргэд ч буруутай. Хоосон ярихад нь итгэж саналаа өгдөг, үймээнд дуудахад нь оччихдог. Популистуудын өгсөх шат нь ерөөс иргэд өөрсдөө болж байна. Тиймээс нийтээрээ боловсорч, хэрсүү сонголт хийдэг болмоор байна. Түүнчлэн улс төрийн намууд үнэхээр л улс орны ирээдүйг бодож, бодлого тодорхойлдог юм бол популизмаас татгалзах цаг нь хэдийнэ болсон.
Төрийн түшээ ямар байх ёстой вэ?
Уг нь төрийн түшээ хүн гэдэг тодорхой түвшинд бэлтгэгдсэн, өөрийн эрх ашгийн өмнө улс орны эрх ашгийг тавьж чаддаг, ард түмэн, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарладаг байх ёстойг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Төрийн хүнд байх ёстой чанарууд нь тогтсон стандарттай байдаг. Хаан хүн гэхэд 35 эрдэмтэй байх ёстой гэдэг. 35 эрдмийн хамгийн дээд нь хайрлах сэтгэл. Энэ нь бусдын зовлонг өөрийнхөө биед оноон бодох юм. Сүүлийн үед эх орноо гэсэн хүнийг шоглох, эх орны үнэ цэнийг унагаах хандлага ажиглагддаг. Төрийн түшээ хүн улс үндэстэнтэйгээ цуг амьдарч, хамт сэтгэх чадвартай байх ёстой. Тэд боловсролтой байх нь маш чухал. Төр гэж чухам юу болох, ард түмний өмнө ямар үүрэг хүлээдэг вэ гэдгийг ойлгох хэмжээний боловсрол, ухамсартай байх ёстой.

Одоогийн улстөрчид ярьж л чадаж байна. Төрийн түшээ гэж хийх ажлаа мэддэг, тодорхой түвшинд бэлтгэгдсэн хүн байх учиртай. Одоо бол төрд төрийн ажлыг хийх биш өөр зорилготой хүмүүс олон болж. Төрийн түшээ бол нийгэм, улс орны амьдралын төлөө нойр хоолгүй ажиллаж, өөрийн чадах мэдэх бүхнийг түүнд зориулдаг хүн.