Ковид19-ийн нөлөөнд өртсөн олон салбарын нэг бол яах аргагүй гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл. Гэхдээ тэр чигээрээ үйлдвэрлэл, борлуулалт буурсан юм биш. Цар тахлын улмаас үүссэн шинэ амьдралын хэв маяг хүмүүсийн хэрэглээг ч шинэчилсэнийг энэ зах зээлд гарсан өөрчлөлт харуулж байна.
Нүүр будалтад мөнгө зарцуулахгүй
Хүмүүс хөл хорионд орж, гэрээсээ гарах шаардлагагүй болсноор гоо сайхны бүтээгдэхүүний зарим төрлийн хэрэглээ багасжээ. Эсрэгээрээ зарим төрлийнх нь бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдсэн байна. Тухайлбал, цар тахлын улмаас хүмүүс гэртээ хоригдсоноор нүүрээ будах шаардлагагүй болж энэ төрлийн бүтээгдэхүүний боруулалт буурчээ. “McKinsey & Company”-ийн өнгөрсөн оны долоодугаар сард гаргасан судалгаагаар цар тахал гарснаар эмэгтэйчүүдийн 50 хувь нь нүүр будалтандаа мөнгө зарцуулахаа больсон гэжээ. Түүнчлэн тус судалгаагаар нүүр будах бүтээгдэхүүнүүдийн борлуулалт өнгөрсөн онд 2019 оноос 75 хувиар буурсан байна.
Үс, хумс, нүдний будаг эрэлттэй байжээ
Цар тахал гоо сайхны ертөнцөд зөвхөн уналт авчирсангүй. Хэрэглээний хувьд томоохон өөрчлөлтийг авч иржээ. Өөрөөр хэлбэл, амны хаалт зүүгээд нүүрээ будахаа больсон эмэгтэйчүүд ил гарах хэсэг буюу нүд, хумс, үсээ будах нь нэмэгдсэн байна.
Учир нь энэ хугацаанд нүдний будагны борлуулалт 150, хумсных 218, үснийх 172, ванны хөөс, бөмбөлөг, давс тэргүүтэй бүтээгдэхүүн 65 хувиар өсжээ. Яах аргагүй гэртээ цагийг өнгөрөөж буй эмэгтэйчүүдийн хийх л ажил.
Мөн сонирхолтой нь батга цэвэрлэх бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэн байна. Энэ нь мэдээж амны хаалт олон цаг зүүсэнтэй холбоотой. Түүнчлэн 2020 онд Гүүглийн хамгийн тренд хайлтад “Эрэгтэй үс хэрхэн засах вэ”, “Гэртээ үсээ яаж будах вэ”, “Гэрийн нөхцөлд арьсаа яаж арчлах вэ” гэсэн асуултууд зонхилжээ.
"McKinsey & Company" 2020 оны дөрөвдүгээр сард БНХАУ (Хубэй), Япон, Их британи, АНУ зэрэг дөрвөн улсад гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээг хүнс, хувцастай харьцуулан судалсан байна. Ингэхдээ ердийн үеийнхтэй 2020 оны дөрөвдүгээр сарын сүүлийн хоёр долоо хоногийн хэрэглээний өөрчлөлтийг харьцуулжээ. Судалгааны үр дүнг доор үзүүлье. (хувиар)
Цахим худалдаа ноёлов
Цар тахлаас өмнө энэ зах зээлийн борлуулалтын 85 хувийг дэлгүүрүүд эзэлж байв. Товчхондоо бол шууд худалдан авалт буюу лангуун дээрээс борлуулах юм. Гэвч цар тахлын нөлөөгөөр дэлгүүр, жижиглэн худалдааны цэгүүд хаалгаа барьснаар цахим худалдаа энэ салбарт ноёлжээ. Тухайлбал, арьс арчилгаа, гоо сайхны бараа үйлдвэрлэлийн тэргүүлэгчдийн нэг Glossier компанийн цахим худалдаа цар тахлын үед 23.6 хувиар өсөж, 5 тэрбум гаруй долларын борлуулалт хийсэн байна. Энэ нь дэлхийн ТОП 100 компанийн өсөлтөөс ч давсан үзүүлэлт гэж дэлхийн зах зээлийн судалгааны Мintel.com цахим хуудаст дурджээ.
Үйлдвэрлэл өөрчлөгдөв
Өнгөрсөн онд амссан энэ зах зээлийн алдагдал 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеийн алдагдлаас давсан гэж шинжээчид хэлж байна. Гэхдээ тойроогүй дайрсан ковидын үед гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид гараа хумхиад суулгүй эсрэгээрээ боломж болгосон гэж “Ковид гоо сайхны ертөнцийг хэрхэн өөрчлөв” нийтлэлд мөн дурджээ. Өнгөрсөн оны эхний улиралд үйлдвэрүүд хаалгаа барьж байсан бол дараа нь үйлдвэрлэлийн чиглэлээ өөрчилж, гар ариутгагч, цэвэрлэгээний бодис тэргүүтэй цаг үетэйгээ нийцсэн, эрэлттэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн байна. Мөн үйлчилгээний хэлбэрээ өөрчилж, маркетингийн шинэ арга ч хэрэгжүүлжээ. Амьдрал нэгдүгээрт тавигдах ёстой ч амьжиргаа түүнээс дутахгүй чухал шүү дээ. Энэ мэт тухайн салбарт ковид эерэг, сөрөг нөлөө үзүүлсэн байна. Гэхдээ том дүнгээр нь харвал бусад салбарын адил удаашрал, уналт, “унталт” ажиглагджээ. Тиймээс салбарын нөхцөл байдлыг бүхэлд нь “Нойрсож буй” гэж нэрийдлээ.