Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш 30 гаруй жил өнгөрчээ. Хууль боловсруулах батлах, хүчин төгөлдөр хэрэгжих, амьдрал дээр хэрэгжүүлэх бол хууль төрөх энгийн үйл явц. Хууль нь амьдрал дээр бий болсон бодитой бэрхшээл, шинэ үүссэн нөхцөл байдлыг зохицуулах зорилготой байдаг, тэр ч утгаараа шинээр төрөхөөс гадна байнга шинэчлэгдэж, өөрчлөгдөж байдаг онцлогтой.

Энэ үйл явц хэдий чинээ саадгүй, хурдан байна, үүргээ төдий чинээ сайн биелүүлдэг гэж ойлгож болно. Тэгвэл манайд энэ үйл явц хэтэрхий удаан  явагдаж байгаагаас амьдрал дээр асуудал үүсдэг байдал хамаа замбараагаа алджээ. Үүнээс болж иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрхээ хамгаалах, үүргээ биелүүлэх боломжгүй байна. Мэдээж, амьдралыг 100 хувь хуулиар зохицуулах боломжгүй. Гэсэн ч энэ нь хуулийн уян хатан, хурдтай хэрэгжих шаардлагыг нэмэгдүүлнэ үү гэхээс удаашруулж гацаах шалтгаан болохгүй нь лавтай. Бодит нөхцөл байдлыг буруу тооцоолсон буюу судалгаагүй хэт яарч хууль баталсан, гүйцэтгэх түвшинд аливаа ажлыг гүйцэтгэхдээ холбогдох хууль журмыг, ялангуяа Үндсэн хуулийн 18 дугаар зүйлийг хайхардаггүйгээс иргэний эрүүл мэнд, амь нас, улсын өмч хөрөнгө, бүр цаашилбал цаг хугацаа буюу хөгжих  боломжоо алдаж байна. УИХ-аар баталсан ч хэрэгжих хугацааг нь нэг, нэг жилээр хойшлуулдаг хуулиуд, цаг үеэ мэдэрч баталсан хэр нь хэрэгжүүлэх гэж хичээдэггүй байдал их байгаа нь үүнийг баталж байна.

Жишээ нэг: Хадгаламжийн хүүнээс татвар авах тухай хууль: Хадгаламжийн хүү маш өндөр буюу 15 хувьтай байх үед батлагдсан ч хэрэгжилт нь нэг, нэг жилээр хойшилж олон жил явсан. Нийт хадгаламжийн 90 хувийг хадгаламж эзэмшигчдийн найман хувь нь эзэмшдэг гэсэн статистик гарсан ч жишим ч үгүй хойшлуулдаг байлаа. Улмаар саяхнаас л хэрэгжиж эхэлсэн. Өмнө нь хүү өндөр байхад “Иргэдийн амьдрал хэцүү байна” гээд хойшлуулдаг байсан мөртөө Засгийн газар, Монголбанкны “Зээлийн хүү бууруулах стратеги” хэрэгжиж, хадгаламжийн хүү 10 орчим  хувь болж бодитоор буурчихаад байхад цуцлах талаар ярихгүй байгаа. Ядаж их хадгаламжаас их татвар авдаг шатлалтай болгох талаар Т.Доржханд гишүүн санал гаргасан ч үйлдэл үзүүлээгүй. Хөрөнгийн зах зээлийг үүсгэж, Засгийн газрын дотоодын үнэт цаасыг тогтмол гаргаж, иргэд жижиглэнгээр худалдаж авах боломж олгох, Төрийн өмчийн зарим компаниудыг олон нийтийн болгох зэрэг ажлууд энэ салбарт олон жил хүлээгдэж байна.

Жишээ хоёр: Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль. 1999 онд анх батлахдаа 1960 оноос хойш төрсөн хүмүүст хэрэгжихээр заасан ч 2015 онд хэрэгжилтийг нь хойшлуулж, агуулгыг нь өөрөөр тайлбарласан. Бүр тодруулбал хуримтлалын тогтолцоонд шилжин орно гэж төсөөлж, тэр агуулгаар баталсан хуулийг тухайн иргэний төлсөн шимтгэлийг тэтгэвэр тогтооход ашиглах зориулалттай мэтээр булзааруулсан. 1999-2015 он хүртэлх хугацаанд явагдсан хавтгайрсан халамж, ажлын байрны хомсдол, салбарын сайд дарга нарын үйлдэл бас бус хүчин зүйлээс болоод Нийгмийн даатгалын сангуудын ачаалал нэмэгдэж, 2037 оноос л ашиггүй болох тооцоотой “Эв хамтын” тогтолцоо нурж унахдаа тулаад байна. Цаашдаа энэ тогтолцоогоор явбал хөгшчүүд улам ядуурсаар байх нь гарцаагүй ч шийдлээ одоо болтол олоогүй хэвээр. 2015 онд буруугаар мушгиж тайлбарлахдаа л “Хэрэгжүүлье” гээд зүтгэсэн бол өдийд нэрийн дансныхаа тодорхой хувийг мөнгөжүүлчихсэн, ахмадууд шимтгэлээр өчнөөн хуримтлал бий болгосон хэрнээ өндөр хүүтэй зээл авдаг тогтолцоо арилсан байх байв.

Жишээ гурав: Шахмал түлшний үйлдвэрийг нүүлгэх шийдвэр. Хүний амь нас эрүүл мэнд, эцэг хуультай холбоотой, олон давтагдаж болохгүй дутагдал тул нэлээд тогтож ярья.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Толгойтод байрлах шахмал түлшний үйлдвэр их хэмжээний тоосонцор үүсгэж, агаар орчныг бохирдуулж байгаа байдал олон нийтийн анхааралд хүрсэн билээ. Уг үйлдвэрийг Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах зорилгоор 2018 онд барьж ашиглалтад оруулсан юм. Тус үйлдвэр нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн. Үүнтэй хэн ч маргахгүй. Гэвч үйлдвэрийн орчинд амьдардаг иргэдийн баталгаатай эдлэх ёстой, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заасан “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах” эрхээ зөрчжээ. Үйлдвэрээс ялгарсан тоосонцор хоёр жил хуримтлагдаж байж олны анхаарлыг татаж байгаа болохоос сая ийм болчихоогүй, анхнаасаа л тоосонцор ялгаруулж байсан нь тодорхой. Тэгэхээр, нэгд, үйлдвэрийг анх төлөвлөхдөө л суурьшлын бүсээс хол байгуулах, эс бөгөөс орчиндоо учруулах хор хөнөөл багатай технологи сонгох ёстой байсан. Хоёрт, цаашдаа авах арга хэмжээ нь эрсдэлийг дахиж давтахгүй байх ёстой байлаа. Гэтэл Налайх руу нүүлгэхээр шийдчихсэн.

Аливаа юм цаг өнгөрөх бүр шинэчлэгдэж, сайжирч байх ёстой. Налайхад бас нэг ийм үйлдвэр бий. Гэтэл Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх үйлдвэрийн талаар холбогдох хүмүүст “Аль болох гар ажиллагаатай, олон хүн ажиллуулахаар бодож хийгээрэй” гэж захиж байв. Энэ үйлдвэрийн түүхий эд хүлээн авах, бутлах, шигших үйл явц нь газар доорх байгууламжид хийгддэг. Түүхий эдийг нунтаг болгох ажиллагаа нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар төлөвлөгдсөнөөрөө өмнөх үйлдвэрээсээ давуу талтай болсон ч Ерөнхий сайдын захиас хаачих вэ, савлах ажиллагаа гар аргаар хийгдэж байгаа. Шахмал түлш савлах бол хүнд хөдөлмөр. Хэдий ажлын байрны хэрэгцээ шаардлага их байгаа ч хүнд, хортой нөхцөлд олон хүн ажиллуулах нь олон хүнийг хордуулж байгаатай ялгаагүй. Гүйцэтгэх түвшинд ажил үүрэг хэрэгжүүлэхдээ Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой заалтуудыг онцгой анхаармаар байна гэсэн нь ийм учиртай.

Шахмал түлшний анхны үйлдвэрийг Налайх руу нүүлгэснээр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд амьдардаг 3656 өрхийн 13708 иргэний зөрчигдсөн эрх сэргэх нь сайн хэрэг. Гэтэл Налайх руу нүүлгэх нь асуудлыг зайлуулж байгаа болохоос шийдэж байгаа биш. Нарийндаа, Сонгинохайрханы иргэд хүн, Налайхын иргэд хүн биш юм уу гэсэн асуудал ч энд яригдах болчихоод байна. Наанадаж л өч, төчнөөн тэрбум төгрөгөөр барьсан үйлдвэрээ нүүлгэж суулгана гэдэг улсын хөрөнгийг үрэгдүүлж байгаа нэг хэлбэр мөн.

Энэ бол яах аргагүй, анх үйлдвэрээ барьж ашиглалтад оруулахдаа үүнийг тооцоолж, техник технологийн шийдлийг нь байгаль орчинд ээлтэй байхаар боловсруулаагүйн алдаа. Гэвч “Тавантолгой түлш” компанийн захирал М.Ганбаатар үйлдвэрээ стандартын дагуу ажиллаж байгааг тодотгосоор байна.

Сайн түлшинд агуулагдах хүхрийн агууламж 0.8-0.96 миллиграмм буюу стандартад нийцэж байгаа.

Монгол Улсын хатуу түлшний стандартад зааснаар сайжруулсан шахмал түлшинд агуулагдах хүхрийн хэмжээ нэг бүхэл байх ёстой бол “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан сайн түлшинд агуулагдах хүхрийн агууламж 0.8-0.96 миллиграмм буюу стандартад нийцэж байгаа. Үүнд төрийн хяналтын чиг үүрэг бүхий байгууллагууд хяналт тавин ажилладаг.

“Тавантолгой түлш” компанийн удирдлага ийм тайлбар хэлж байгаа ч бодит байдал дээрээ үйлдвэрийн ойролцоо амьдардаг айлууд хүүхэд багачуудаа гадаа тоглуулах, угаасан хувцасаа гадаа хатаах боломжгүй болтлоо тортогт дарагдаж байгаа учраас өнгөрсөн өвлөөс эрхээ хамгаалуулахаар дуу хоолойгоо өргөж эхэлсэн юм. Тиймээс тус үйлдвэрийг Налайх дүүрэг рүү нүүлгэж асуудлыг шийдвэрлэхээр болоод байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл нар “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтай танилцах үеэрээ тус үйлдвэрийг Налайхад шинээр ашиглалтад орсон үйлдвэр рүү нүүлгэх бэлтгэл хангах үүрэг өгсөн юм.

Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байсныг олон нийт мартсан байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрээд байсныг олон нийт мартсан байна. Тэр цаг үеийг шийдвэрлэж, даван туулахын тулд баруун бүсийн үйлдвэрийг дэд бүтцээ дагаж энд байгуулсан. Өнөөдөр энэ үйлдвэр түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Гэхдээ нэг тодорхой зүйл нь орчны бохирдол үүсгэсэн байна. Тиймээс Налайхад барьсан шинэ үйлдвэрийн ажлыг жигдрүүлж, баруун бүсийн үйлдвэрийг 2021 оны гуравдугаар улиралд багтаан нүүлгэнэ. Бид өвлийн ид хүйтнийг даван тууллаа. Тиймээс нүүлгэх ажлыг Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулж, ажлын баг байгуулна. Харин танай хамт олон нүүх бэлтгэл ажлыг сайн зохион байгуулж, нүүх хүртэлх хугацаанд орчны бохирдлыг багасгах тал дээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй.

Ийнхүү олон тэрбумын хөрөнгө оруулалт хийж босгосон үйлдвэрээ буулгаж нүүлгэхээр болж байна. Хайран ажил, хайран зардал мөнгө. Энэ үйлдвэрт зарцуулсан төсвийн мөнгө их. Хамгийн сүүлд л гэхэд, сар гаруйн өмнө сайжруулсан шахмал түлшээ тээвэрлэдэг 522 авто машинаа засварлах, угаах зориулалттай завсар, үйлчилгээний газар барьж ашиглалтад оруулаад байв. Нэг дор зургаан автомашин засварлах, угаах хүчин чадалтай засварын төв босгоход багагүй хэмжээний хөрөнгө мөнгө орсон нь ойлгомжтой. Энэ бол манай төрийн бүх ажил тооцоо судалгаа, төлөвлөлтгүй явдгийг харуулсан ганцхан жишээ. Анхнаасаа бүх зүйлээ төлөвлөсөн бол ийм зүйл болохгүй байв. Мөн үйлдвэрээ засаж сайжруулж, технологийн дагуу тортог гаргадаггүй болгохын оронд нүүлгэхээр шийдвэрлэж байгаа нь энэхүү нийтлэлийн гол агуулга болох, асуудлыг тэрүүхэн тэнд нь зохицуулдаг Монгол төрийн уламжлалт арга барил болохыг уншигч авхай анзаарсан биз ээ. Ийм жишээ олон бий. Тиймээс Түлшний үйлдвэрийг нүүлгэхдээ технологийн асуудлыг давхар шийдэж, Налайхын иргэдийн эрх ашгийг хамгаалах талаас нь бодолцохыг шийдвэр гаргагчдаас шаардаж байна. Энэ үйлдвэрийг Налайхаас дахиад нүүлгэх нөхцөл үүсгэж болохгүй.

Асуудлыг шийдвэл шийдсэн шиг шийд

Хууль батлах, хэрэгжүүлэх, гүйцэтгэхтэй холбоотой дутагдал дээр төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй байдал Монгол төрийг чадамжгүй болгож байна.

Зам засвар, шугам сүлжээ засварлаж солих ажлын төсөв хугацааны хувьд ялгаатай орж ирдэг гэдэг шалтгаанаар эхлээд замаа засаад дараа нь зассан замаа эвдэж шугам сүлжээгээ сольдог. Шийдвэр гаргаж буй дарга нарын шийдвэрийг нь хэрэгжүүлэхэд өөрийнх нь бус татвар төлөгчдийн мөнгө урсаж байдаг учраас тэд санаа зовдоггүй. Үнэндээ төрийн албан хаагч, хувийн хэвшлийн ажилтан хоёрын асуудлыг харах өнцөг огт өөр болчихоод байна. Сайншанд, Замын-Үүд чиглэлд тавьсан шинэхэн зам эвдэрсэн байхыг хараад санаа зовоход Зам тээврийн яамны ажилтан “Улс хүлээж аваагүй юм чинь юунд нь зовдог юм” гэж жишим ч үгүй хэлж байсан. Улс хүлээж авахгүй нь гэтэл хүлээгээд авчихсан л байх жишээтэй. Улс нэгэнт хүлээж авах юмандаа эзний ёсоор хандаж, санаа зовох ёстой баймаар. Төрийн нүүр царай бол төрийн албан хаагч байдаг. Тэнд хууль журам гажуудаж, гацаа түгжрээ үүсгэх нь иргэдийн амьдралд шууд сөргөөр нөлөөлнө.

Төрөөс авто худалдааны захуудыг хотын төвөөс гаргах шийдвэр гаргаж, хуучин 22-ын товчооны урд талд авто худалдааны төв байгуулсан. Зам тавьж, томоохон хэмжээний зогсоол байгуулах, гэрэлтүүлэг хийх гэх мэтээр дэд бүтцийн ажилд нь багагүй мөнгө зарцуулсан. Гэвч өнөөдөр авто худалдааны захууд нь хот дотроо үйл ажиллагаа явуулсан хэвээрээ. Шинээр байгуулсан авто худалдааны төв нь эл хуль. Энэ мэтээр дурдаад байвал манай улстөрчдийн асуудлыг түр зуур зохицуулсан, гаргасан шийдвэрээ бүрэн хэрэгжүүлэхгүй орхисон жишээ дуусахгүй. Төр өөрөө цомхон, бүрэн чадамжтай, хурдтай байж улсын хөгжил хурдсах нь жам билээ.