Нийгмийн сүлжээгээр консерватив үзэл санааг түгээн сурталчлах зорилготой PragerU нэртэй Твиттер хаяг бий. Саяхан уг хаягаар америк оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийг хүчингүй болгох тухай уриалгыг шүүмжилсэн сэтгэгдэл бичсэн нь анхаарал татжээ.

Тэр шүүмж нь “100,000 доллар төлж, ямар ч хэрэггүй жендэр судлалын зэрэг эзэмшсэн хүмүүсийн өрийг Америкийн татвар төлөгчдөөр төлүүлэх нь шударга уу?” гэх утгатай. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихийн төлөө өрсөлдсөн ч азаар ялагдсан Берни Сандерс, Элизабет Уоррен нарын зүүний үзэлтнүүд америкийн баячууд, тэрбумтнууд, корпорациудаас өндөр татвар авч, төсөв бүрдүүлээд оюутнуудын сургалтын төлбөрийн өрийг тэглэх тухай санаачилга ярьж байв. Сайн дураараа өргөдөл өгч, их сургуульд суралцсан хүмүүсийн өрийг бусад америкчуудаар даалгах нь хэр зохистой вэ гэж асуухаас өөр яах вэ? Нөгөө талаар Америк, Барууны их сургуулиуд хөдөлмөрийн зах зээлд ямар ч эрэлт хэрэгцээ байхгүй мэргэжлүүдээр баахан оюутан сургаж, мөнгө хийж байна уу гэх хардлага ч бий. Би энэ нийтлэлдээ Барууны боловсролын талаар шүүмжилсэн хэд хэдэн ярилцлага, судалгааг багцалж, уншигчдад сонирхуулахыг хүссэн юм.

Толгойтой хүмүүс хэт олшрох нь аюултай юу?

1990-ээд онд дунд сургуульд суралцсан бидний үеийнхэн сайн сурагчдыг гавал, толгойтой гэж ярьдаг байв. Зарим эрдэмтэд толгойтой, боловсролтой хүмүүс хэт олширсноор амьдралдаа сэтгэл хангалуун бус элит давхарга улам зузаарч, улмаар улс төрийн тогтворгүй байдалд хүргэдэг гэж үзжээ. Жишээлбэл Орос гаралтай Америкийн эрдэмтэн, Коннектикутын Их сургуулийн багш Пётр Турчин соёлын эволюцийн чиглэлээр дагнасан судалгаа явуулсан үр дүнгээ сонирхуулжээ.

Тэрээр эртний Ром, Хятад, Англи, Франц, Америкийн нийгмийг судалж үзээд 50 орчим жилийн зайтайгаар улс төрийн тогтвортой болон тогтворгүй үе ээлжлэн үргэлжилж буйг анзаарчээ. П.Турчин улс төрийн тогтворгүй байдлыг нийгмийн тэгш бус байдал, баян хоосны зааг ялгаа нэмэгдсэнээс гадна элит давхаргад харьяалагдах хүмүүсийн тоо нэмэгдсэнтэй холбоотой гэж дүгнэжээ.

Америкийн Хуулийн Холбооны мэдээлснээр 1970-2011 оны хооронд бүртгэлтэй хуульчдын тоо 400 мянгаас 1.2 сая болж бараг гурав дахин нэмэгджээ. Гэтэл жил бүр Америкийн хуулийн сургуулиуд зах зээлд илүүдсэн 25 мянган хуульчийг бэлтгэж, төгсгөдөг ажээ. Тэдний дийлэнх нь ирээдүйд төр, засагт ажиллах сонирхолтой боловч оюутны зээлийн өртэй бөгөөд ажилгүй хоцорч байна. Зөвхөн хуульч мэргэжил ч биш ээ. Бизнесийн удирдлагын мастер зэрэгтнүүд ч боловсролтой ажилгүйчүүдийн хүрээллийг нэмэгдүүлжээ. Улмаар элит давхаргын хүрээлэлд дотоодын өрсөлдөөн улам эрчимжиж, хамтын ажиллагаа нь харилцан үл ойлголцол, тогтворгүй байдалд хүргэдэг гэж Турчин дүгнэжээ. Тун сонирхолтой судалгаа.

Илон Маск бизнесийн удирдлагын мастер зэрэгтнүүдийг шүүмжилсэн нь

Дэлхийн хоёр дахь баян хүн Илон Маск саяхан “Волл Стрийт Журнал” сонины зохион байгуулсан уулзалтад оролцохдоо Америкийн корпорациудад бүтээлч сэтгэлгээ дутагдаж байгаа нь бизнесийн удирдлагын мастер зэрэгтнүүдтэй холбоотой гэв. Тэрээр гүйцэтгэх захирал, менежер, удирдах албан тушаалтнуудад хандан бичиг цаас, хурал зөвлөгөөнөөс татгалзаж, шууд үйлдвэрийн байранд очиж ажиллахыг зөвлөжээ. Захирлууд цаас үйлдвэрлэж, хуралдаж цагаа үрснээр зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг огт хайхрахаа больсон гэж Маск дүгнэв. Станфорд, Харвардын зарим профессорууд Илон Масктай санал нийлэхгүй гэдгээ хэлж байна билээ.

Гэхдээ л сансрын пуужин, цахилгаан автомашин зохион бүтээсэн энэ эрхэм бизнесийн удирдлагаар төгссөн хүмүүст бүтээлч сэтгэлгээ, инновацид анхаарал хандуулахыг зөвлөсөн нь оргүй ч зүйл биш болов уу. Америкийн хамгийн шилдэг 100 гүйцэтгэх захирлын 30 гаруй хувь нь бизнесийн удирдлагын зэрэгтэй боловч тэд бүгдээрээ өндөр төлбөртэй, нэр хүндтэй сургуулиудыг төгсөөгүй ажээ. Илон Масктай хамт ажиллаж байсан тэрбумтан Питер Тиль “Бизнесийн удирдлагын мастер зэрэгтнүүдийг хэзээ ч битгий ажилд ав. Тэд компанийг чинь сүйрүүлнэ” гэж зөвлөж байв.

Боловсролын зэргийн инфляци

Барууны улс орнуудад боловсролын зэргийн инфляци гэгч үзэгдэл нүүрлэсэн тухай Харвардын хэсэг судлаачид үзжээ. Учир нь Барууны компаниуд нийтээрээ коллежийн боловсролтой хүмүүсийг ажилд авах сонирхолтой буюу шинээр ажилд орох хүсэлтэй хүмүүст тийм шалгуур тавьдаг болсон нь боловсролын зэргийг үнэгүйдүүлж, компанийн үр ашигт ч сөргөөр нөлөөлдөг ажээ. Жишээлбэл, коллеж төгсөөгүй боловч тухайн ажлын байранд ажиллах сонирхолтой, эзэмшсэн туршлагатай хүмүүс зарлагдсан ажлын байрнаас автоматаар хасагдахад хүргэдэг. Монголд үйлчлэгч, худалдагчийн ажлын байранд их сургууль төгссөн байхыг шаарддаг болсон нь ч үүний илрэл биз ээ.

Дэлхийн хүн амын дөнгөж 7 хувь нь бакалавр зэрэгтэй. Гэтэл боловсролын зэрэг онцын шаардлагагүй ажлын байранд ийм шаардлага тавьчихаар ажил эрхлэх хүн олоход төвөгтэй болдог гэнэ. Түүнээс гадна их сургууль, коллежид өндөр төлбөр төлж, зэрэг эзэмшсэн хүмүүст жирийн ажилчидтай харьцуулбал бараг 30 хувь илүү цалин төлдөг ажээ. Коллежийн зэрэгтнүүд тухайн ажлын байран дээрээ өндөр цалин авахаас гадна тодорхой хугацааны дараа их сургуульд сурснаас нь өөр мэргэжил байдаг учраас ажлаасаа уйдаж, улмаар тэдний сэтгэлгүй байдал нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж судлаачид үзсэн байна.

Америкийн зарим том компаниуд ажилчдынхаа мэргэжлийн ур чадвар, боловсролыг дээшлүүлэхэд анхаарч эхэлсэн сайн жишээ байна. Тухайлбал, “Амазон” компани 2019 онд ажилчдын боловсрол, сургалтад зориулан 700 сая долларын хөтөлбөр эхлүүлжээ. Энэ хөтөлбөр нь коллеж, их сургууль төгсөөгүй ажилчиддаа зориулсан бөгөөд гаднаас хүн хайхын оронд өөрсдийн ажилчдаа бэлтгэж, сургаж, удирдах албан тушаал дэвшүүлэх нь үр ашигтай гэж үзсэн байна. Дээд боловсрол эзэмшихийг хүсч, мөрөөдөж буй сурагч, оюутан залуус маань нийгэм даяар шуурч буй мэргэжлийн оронд тухайн үндэстэндээ эрэлт хэрэгцээтэй, нарийн мэргэжлээр суралцах нь үр ашигтай ч юм шиг. Мэдээж залуу хүмүүсийн хүсэл эрмэлзлийг хязгаарлах нь утгагүй боловч нийгэмд цаг минут тутамд гарч буй өөрчлөлтүүдийг анхааран судалж, ирээдүйн чиг хандлагаа төлөвлөх нь зүйтэй болов уу гэж үзээд энэ товчхон нийтлэлээ өндөрлөе.