Цар тахал бидний амьдралыг олон зүйлээр өөрчилсний нэг нь байгальд ээлтэй амьдарч, хэт тансаг хэрэглээнд шүтсэн ахуйгаасаа ангижрах ёстойг ухааруулж өглөө. Дэлхий даяар бизнесүүд оршин тогтнох эсэх хүндхэн сорилттой тулгарч байхад унадаг дугуйн худалдаа эсрэгээрээ сүүлийн 50 жилд үзэгдээгүй борлуулалт хийж буй.
Автобус, галт тэрэг зэрэг битүү, хөл ихтэй орчноос халдвар тархаж болзошгүй тул хүмүүс аюулгүй байдлаа бодоод басхүү эрүүл задгай агаарыг илүүтэй хүсэмжилж дугуй худалдан авах нь үлэмж нэмэгджээ. Бүр огт унаж сураагүй хүн ч өнгөрсөн зун дугуй жийж үзэх талаар бодож үзсэн гэхэд хилсдэхгүй биз. Ийнхүү унадаг дугуйн тэсрэлт болоход халдвар хамгааллын дэглэмээс гадна хөдөлгөөний хязгаарлалт ч нөлөөлсөн. Метрополитан хотууд хурдны замаа хааж автомашины хөдөлгөөнийг эрс багасгаснаар гудамж, талбай дугуй сонирхогчдод илүү ээлтэй боллоо.
Цөөнгүй улс орон иргэдээ нийтийн тээврээс дугуйн хэрэглээнд шилжихэд татаас дэмжлэг үзүүлж, дугуйн зориулалттай аюулгүй эгнээгээр автозамаа өргөтгөж эхэллээ. Бас дугуй худалдаалдаг, түрээслэдэг газруудад эмийн сан, хүнсний мухлагтай адил үеэр ажиллах тусгай зөвшөөрөл олгож хоногийн 24 цагт нээлттэй үйлчлэх болгожээ.
Гэхдээ унадаг дугуй руу хошуурсан анхны тохиолдол энэ биш. 1973 оны газрын тосны хямралын үеэр дэлхий ертөнц тэр чигтээ унадаг дугуйн дээр тогтох шахаж байв. Шатахууны хомсдол арилахад эргээд автомашины хэрэглээ дэлгэрсэн ч унадаг дугуй найдвартай тээврийн хэрэгсэл гэсэн байр сууриа алдаагүй юм. Ерөөс 140 гаруй жилийн туршид хүн төрөлхтний тээврийн гол тулгуур болсоор ирсэн унадаг дугуй байгалийн гамшиг сүйрэл, дайн дажингийн цагаар хөл залгуулах унаа болдог. Нийтийн тээвэрт гэнэтийн асуудал үүсэж магад хэмээн сэрэмжилж унадаг дугуй гэртээ хадгалдаг уламжлал өдгөө ч Европт буй.
Харин шинэ цар тахал хөгшин тивийг дугуйн үүцээ задлахад хүргэлээ. Өнгөрсөн жил Европын хэмжээнд дугуйтай холбоотой шинэ дэд бүтцэд 1 тэрбум евро зарцуулж тахал эхэлснээс хойш 2300 км (1400 миль) дугуйн зам байгуулжээ.

Хот хийгээд өөрсдийн амьдралын хэмнэлээ өөрчлөх боломжийг цар тахал бидэнд харууллаа. Коронавирус бол зарим талаараа бодлого боловсруулагчид хотоо өөрчилж болох таатай цаг мөч.

Бид өмнө нь дугуйн зам барих гэж оролдсон ч жолооч нарын эсэргүүцэлтэй тулгардаг байв. Тусгай зориулалттай дугуйн зам хэрэгтэй гэдгийг тэдэнд ойлгуулахад коронавирус л хэрэгтэй байж. Тахлаас өмнө худалдааны гудамж маань 1000 дугуйчинтай байсан бол одоо 7000 давсан.
Милан хотод шинэ дугуйн замууд баригдсанаар дагалдах засвар үйлчилгээний бизнес ч цэцэглэж эхлэв. Зочлох үйлчилгээний газрууд хаалгаа барьж байхад дугуй засварууд ачааллаа дийлэхгүй, шинэ салбараар өргөжин тэлж байв. Хойд Италийнзасаг захиргаа өнгөрсөн жил иргэдийн хэрэглээг идэвхжүүлэхийн тулд 115 сая евро зарцуулжээ. Үнэгүй сургалтын зэрэгцээ иргэд шинэ дугуй, цахим скутер худалдаж авахыг хүсвэл Засгийн газар 500 еврогийн татаас өгөхөөр амласан юм.
Тэгвэл Парист дугуй хэрэглэгчдийн тоо 27 хувиар өсжээ. Францын нийслэлийг хөндлөн дайрдаг хөл ихтэй Руе де Риволи гудамжны ихэнх хэсэг автомашингүй бүс боллоо.
Парист цар тахал эхэлснээс хойш дугуйн зориулалтын замын бүтээн байгуулалтад 20 сая еврогийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа бол хуучин дугуйгаа засуулсан иргэд төрөөс 50 еврогийн нөхөн олговор авах боломжтой. Сена мөрний эрэг дээрх дугуйн үнэгүй сургалтанд анхлан суралцагчийн тоо гурав дахин нэмэгджээ.
Тахлын нөлөөгөөр танхимын спорт хорионд орж дасгал хөдөлгөөн эрэлхийлсэн хүмүүс унадаг дугуй шохоорох хандлага Америкт ч ажиглагдаж байна. Өнгөрсөн зун Нью- Йоркийн дугуйн дэлгүүрүүд ердийнхөөс хоёр дахин их дугуй борлуулж чаджээ. Вашингтоны жижиглэн худалдаа эрхлэгч нэгэн дөрөвдүгээр сарын сүүлээр агуулахдаа байсан бүх дугуйгаа зарж борлуулсан төдийгүй бизнес эрхэлсэн 50 жилийн түүхэндээ байгаагүй их урьдчилсан захиалга авсан тухай ярилаа. Энэ хугацаанд АНУ даяар фитнесс дугуйны борлуулалт 66 хувь, энгийн дугуй 121 хувь, хүүхдийнх 59 хувь, цахилгаан скүүтерийн борлуулалт 85 хувиар өссөн байна. Мөдхөн Нью- Йоркийн иргэдийн хувьд унадаг дугуй хотын метро шиг амьдралынх нь салшгүй нэг хэсэг болох буй заа.
Нэгэн цагт унадаг дугуйны улс гэгддэг байсан Хятад улс одоо дугуй үйлдвэрлэгч, экспортлогч орны хувьд шинэ үүрэг гүйцэтгэх боллоо. 2020 оны гадаад худалдааны зураглалаас харахад хоёрдугаар сард амны хаалт, гуравдугаар сард халуун хэмжигч, дөрөвдүгээр сард маск үйлдвэрлэх даавуу, тавдугаар сард хамгаалалтын малгай, зургаадугаар сард дугуйн экспорт огцом нэмэгджээ. “Алибаба” цахим худалдааны компанийн мэдээллээр унадаг дугуйны экспортын захиалга гуравдугаар улиралд илт нэмэгдэж, аравдугаар сарын захиалга ноднингийн мөн үеэс 220 хувиар өссөн байна. Хятад улс 2020 оны эхний хагаст АНУ-д 6.11 сая, Вьетнамд 7.84 сая, Өмнөд Солонгост 7.34 сая ширхэг унадаг дугуй экспортолжээ. Унадаг дугуйны экспортын мөнгөн дүн хоёр, гуравдугаар улиралд тус тус 80.7 сая, 1.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнд ганц улиралд 1 тэрбум ам.доллароос давсан нь сүүлийн 25 жил дэх дээд үзүүлэлт болж байгаа юм.
Дэлхий даяар нэг тэрбум хүн дугуй байнга хэрэглэдэг бол бараг 4 тэрбум хүн ямар нэгэн хэмжээгээр дугуй унаж чадна. Мөн секунд тутамд дөрвөн дугуй үйлдвэрлэгдэж, хоёр секунд тутамд хэн нэгэн нь шинээр худалдаж авдаг ажээ. Дугуй унах нь амьдралын чанар, эдийн засгийн өрсөлдөх чадварт эерэг нөлөө үзүүлдэг болохыг Их Британийн Үндэсний дэд бүтцийн хорооноос 2018 онд бэлтгэсэн тайланд өгүүлжээ. Унадаг дугуйчид хотыг амьдруулдаг бол автомашин гудамжны эрч хүчийг бууруулдаг. Өөрөөр хэлбэл хотод дугуйн зориулалттай дэд бүтэц байгуулах нь жижиглэн худалдаа дэвжихэд нөлөөтэй. Дугуйчид орон нутгийн бизнес эрхлэгчдэд орлого оруулах байдлаараа автомашины жолооч нараас гурав дахин их.
Дугуйн хэрэглээг дэмжсэнээр гараг ертөнцийн өмнө тулгамдаад буй хүлэмжийн хийн ялгаруулалтыг 16 хувиар бууруулах боломжтойг дэлхийн хамтын нийгэмлэг онцолж буй. Унадаг дугуйнд ээлтэй дэд бүтцийг бий болгосон хотуудад хэрэглээ дагаад нэмэгддэг бэлээхэн жишээ бий. Дугуйтай үндэстэн гэгддэг нидерландчуудаас үлгэр дуурайл авч шведүүд Копенгаген хотоо зориулалтын зам, эгнээгээр өргөтгөснөөр автомашины хэрэглээ нь 50 хувиар буурсан. Гэхдээ эрүүл мэндэд тустай дугуйн хэрэглээг дэлгэрүүлэхэд нийгмийн санаа бодлыг өөрчлөх амаргүй сорилттой тулгардаг. Автомашины үйлдвэрлэгчдийн лоббигоос илүүтэй хүмүүсийн ухамсарт “Дугуй бол ядуу хүний тээврийн хэрэгсэл” үзэл хандлага суусан байдаг ажээ. Харин зарим хүмүүсийн хувьд дугуй унах нь тээврийн хэрэгсэл гэхээсээ илүү ердөө л спорт, зугаа цэнгэлийн нэг хэсэг гэж үздэг юм. Харин Монголын хувьд дугуйн соёл хотын соёлдоо хашигдсан хэвээр байна. Манай хотын соёл автомашинтай иргэдийн тав тухад зориулагддаг мөртлөө, түүнийгээ ч бүрэн шийдэж чадаагүй байгаа билээ.

30 долларын унадаг дугуйтай иргэн 30 мянган долларын үнэтэй автомашинтай адил чухал ач холбогдолтой. (1999 он)