Мах, гурилтайгаа байхад л монголчууд болно доо гэдэг. Гэвч энэ ойлголт хуучирч, бидний хэрэглээ өөрчлөгдснийг саяхны үйл явдлууд харууллаа. Цар тахлын улмаас хойд хилээ хааснаар өндөгний эрэлд нийслэлчүүд гарав. Урд хилийн хяналт, шалгалт эрчимжснээр нарийн ногоо ч олдохоо байв. “Монгол ногоо зардаг” гэгддэг жижиг мухлагдуудын үнэн төрх илэрч, хаалгаа барьсан нь саяхных. Тиймээс хүнсний, цаашлаад том зургаараа хөдөө аж ахуйн салбарын ирээдүй хөндүүр сэдэв болж байна. Наанадаж л, монголчууд идэж, уухаараа хоёр хөршөөсөө хараат байж болохгүй биз дээ. Цаашлаад эдийн засгийн өгөөж гэх мэт том асуудал яригдана.

Хуучин сайдын эхний зорилт

Мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл гэх мэтийг багтааж, хөдөө аж ахуй гэж нэрлэсэн энэ том сэдвийн тухай хөндөхөд нэн тэргүүний асуудал нь хүн амын хүнсний аюулгүй, хүртээмжийн тухай байх нь зүйн хэрэг биз ээ. Монголчууд уламжлалт мал аж ахуйтай үндэстэн тул мах бол санаа зовох асуудал биш. Мэдээж, санаа амарч, магнай тэнийж байна. Мал дагавал ам тосдож байгаа нь тэр. Хэрэглээний дараагийнх гурил. Тэнгэр хангайгаа аргадаж, буудайгаа бөөцийлж, татаасаар урагшилж, хүн амын хэрэглээгээ дөнгөн данган хангаж байна. Мах, гурилаа дагаад махан, гурилан бүтээгдэхүүн ч хангагдана. Харин энэ хоёроос бусад хүнсний бүтээгдэхүүнээ хоёр хөршөөсөө зөөсөөр байна. Хүнсний ногоогоо ч бүрэн хангаж чадахгүй нөхцөлтэй байгаа. Шинэ он гарахтай зэрэгцэн шинэ Засгийн газар бүрдсэн. Шинэ засагт хөдөө аж ахуйн салбарын хуучин сайд нь үлдсэн. Тэрээр хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоос хангах тодорхой зорилт тавьснаа танилцуулсан юм. Хуучин сайдын танилцуулснаар бол монголчуудын хүнсний гол найман нэр төрлийн бүтээгдэхүүний дөрөв буюу гурил, мах, төмс, ургамлын тосоо дотооддоо хэрэгцээгээ хангаж чадаж байгаа. Тиймээс эдгээр дөрвөн хүнсний бүтээгдэхүүнийг цаашид экспортлох зорилттой байгаа гэнэ. Харин үлдсэн дөрөв буюу өндөг, сүү, нарийн ногоо, жимсний тариалалт, гарцыг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээгээ хангахаар зорьж буйгаа танилцуулсан юм. Энэ бол шинэ сайдын эхний зорилт. Гэхдээ салбарт ирсэн сайд бүрийн зорилт нь бас энэ байдаг.

Экспорт ба баригдсан бодлого

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын тухайд манай улс хоёр хөршийн баригдмал бодлогод ордог. Нэг ёсондоо манай улсын хамгийн экспортлох боломжтой махыг гэхэд татвараар барьдаг. ОХУ 60, БНХАУ 45 хувийн татвар тавьдаг. БНХАУ-ын нутгаар малын гаралтай түүхий эд гарахгүй. Ингээд манайх боогдчихсон гэхэд болно. Шалтгаан нь эрүүл бус махны асуудал хөндөгддөг. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага ч манайхыг малын гоц халдварт өвчинтэй бүс нутаг гээд зарлачихсан. Харин сүүлийн хоёр жил малын ямар нэгэн халдварт өвчин гараагүй тул гоц халдвартай бүс нутаг гэдэг жагсаалтаас хасаач гэдэг хүсэлтийг манай талаас гаргаад байгаа. Түүнчлэн улс төр, эдийн засгийн хамгийн том хамтрагч урд хөрштэйгөө ширээний ард суух шаардлага ч бас бий. Учир нь махны экспорт “үйлчлүүлэгч бол хаан” гэдэг зарчмаар худалдан авагч талын эрх мэдэл хэтэрхий давамгайлж, манай талаас зөвхөн амыг нь харахаас өөрсонголт байдаггүй. БНХАУ-ын хянан магадалгааны баг манай улсад ажиллаад, үйлдвэрүүдээр орж, сонголтоороо мах экспортлох эрхийг үйлдвэрүүдэд өгдөг гэхэд болно. Манай талынхан дагаад л явж байх үүрэгтэй. Хэнд эрх мэдэл байна тэнд эрх ашиг явах нь бичигдээгүй хууль тул экспортлох эрхийг худалдан авагч тал маань өөрсдийн буюу БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид өгдөг. Ингээд “Хятад компаниуд мах экспортолдог. Монголын албан тушаалтнууд хахууль авч хятад компанид давуу эрх олгодог” гэдэг олны шүүмжлэл бий болдог шалтгаан энэ. Гэтэл угаасаа манай албан тушаалтнуудад тэр тал дээр бол эрх мэдэл байхгүй. Ам хардаг.

ОХУ руу мах экспортлох зөвшөөрөлтэй 29 аж ахуйн нэгж байна. БНХАУ руу гэхэд зөвхөн адууны мах экспортлох зөвшөөрөлтэй компаний 10 гаруй, дулааны аргаар чанасан мах экспортлох зөвшөөрөлтэй мөн 10 гаруй компани бий. Мөн БНХАУ-ын Хорио цээр, хяналт шалгалтын газрын “хар тамга” дарсан аж ахуйн нэгж бол мах экспортолно, дахин хүсэлт гаргана гэж санахын ч хэрэггүй. Гэтэл яг ижил статус бүхий манай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зөвшөөрөл, тамга үүнд хамаарахгүй. Анхнаасаа протоколоо Хорио цээр, хяналт шалгалтын газарт эрх мэдлийг төвлөрүүлээд, Монголын талаас амыг нь харахаар баталчихсан юм билээ. Үүнийг дахин эргэж, харж, найрсаг хэлэлцээрээр өөрчлөн батлах шаардлага бийг дээрөгүүлсэн жишээ бэлхнээ батлах юм. Экспортын баригдсан бодлого, хүлэгдсэн тогтолцооноос гарах нь дараагийн зорилт.

Манай яамнаас экспорт хийх аж ахуйн нэгжүүддээ магадлагаа хийдэг. Үүний хажуугаар импортлогч орны шаардлага их байдаг. БНХАУ- ын баг Монгол Улсад ажиллаад “Энэ үйлдвэр манай орны шаардлагыг хангаж байна. Манайх энэ үйлдвэрээс махаа авна” гэдэг. Гэхдээ шаардлагатай бол бас эрүүл гэдгийг нь нотолчихдог үйл явдал болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч дипломат шугамаар 30 мянган хонь урд хөршид бэлэглэхэд БНХАУ-ын талаас “эрүүл гэж” дүгнэлт нь гарсныг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Мөнгө олох хөдөө аж ахуйн хоёр гол (мах, ноолуур) бүтээгдэхүүний нэг махан дээр гэхэд нөхцөл байдал ийм байна. Уг нь бол манай улсад жилд 6-7 сая тонн мах экспортлох боломж бий гэдэг тооцооллыг ХХААХҮЯ танилцуулсан. Махны экспортын хамгийн оргил жил буюу 2018 онд 70.4 мянган тонн буюу хонин толгойд шилжүүлбэл гурван сая мал экспортолсон.

Буруу тогтолцоотой сангууд

“Улсын мөнгө уйлдаггүй, Сангийн мөнгийг сааж дуусдаггүй” гэдэг орчин үеийн шинэ хэлц гарсан. Сааж дуусдаггүй 20 гаруй тусгай сан манайд бий. Хоёр жилийн өмнө Тариалан эрхлэлт, ЖДҮХ зэрэг сангуудын булхай ил болсон тул хольж, сольж шинэчилсэн. Тухайлбал, Мал хамгаалах сан, Тариалан эрхлэлтийг дэмжих санг нэгтгэж Хөдөө аж ахуйг дэмжих сан болгосон. ЖДҮХС-г татан буулгахаар ярьж байсан ч жижиг дунд үйлдвэрлэл нь дэндүү чухал асуудал тул агентлаг болгож авч үлдсэн. Зээл зорилтот бүлэгтээ очоогүйгээс гадна сангуудын тогтолцоо буруу байдаг нь зээлийн эргэн төлөлт, зээлийг авагчдын чадамжгүй байдлаас харж болно. Ганцхан жишээ хэлэхэд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 350 тэрбум төгрөгийн зээл гарсан байхад эргэн төлөлт нь үүнийхээ 10 хувьд ч хүрэхгүй байна.

Хөдөө аж ахуйн салбарын тусгай сангууд сангийнхаа утгаар ажиллахгүй арилжааны шинжтэй байна. Тоног төхөөрөмж зарж, бордоо нийлүүлдэг. Цаашдаа сангийн үйл ажиллагааг хумина.

Татаас буюу тушигч

Малчин эзэгтэйн гараас угж хөхөж, хонь дагаж бэлчээрт гардаггүй, хотондоо үлдэж, гэрийн хаяа сахиж, хоточ банхарын найз болдог угжаа хурга гэж бий. Хаврын ганц нэг жавартай өдрийн пян даахгүй гэрт гүйж орно. Бусад сүргээс хүч дорой, нялзрай бойжино.

Хар нялхаас нь ээж, аав нь өмнүүр орж, ажил амьдралыг нь зохицуулж, хүнтэй суусан ч уут гурил, кг будааг нь өөрсдөөсөө илүүлчилж өгдөг үр бий. Амьдралд хатуужилгүй хандаж, багахан бэрхшээлд хальтирна. Эцэг, эх нь өнхрөөд өгөхөд хөл алдана.

Ажилгүй, ядарсан, эмзэг бүлгийнх гэж нэрлэгдээд, хөдөлмөр эрхлэгчдийн татвараар амьдардаг халамж хүртэгчид гэж бий. Бэлэн мөнгө дансанд нь ороод ирэх болохоор ажил хийхгүй. Санаа амар, мэдлэг боловсрол, хүсэл зорилго байхгүй. Ятгалгад амархан автана. Мэдээлэлд шууд итгэнэ. Хүний хөгжлийн талаар маруухан явсаар хорвоог барна.

Хэмжээнээс хэтэрсэн хайр, энхрийлэл, зөөлөл, эвийлэл, нялзрайлал хүнийг ч, малыг ч, нийгмийг ч тэр чигт нь сул дорой, чадамж, бүтээмжгүй болгож, хорлодог байна. Харин зовлон бэрхшээл, асуудал хатуужил, боломжийг олж харахад тусалдаг. Яг үүн шиг төрийн татаасыг дэмжлэг гэж гоё нэрийдсэн халамж нь хөдөө аж ахуйн салбарынхныг сул дорой болгож, унагаад, босгохгүй байна.

Улирлын чанартай орлоготой, орлого олох зүйл нь ганцхан байдаг малчин, тариаланчдад мэдээж энэ нь дэмжлэг байх. Харин том утгаараа компани, аж ахуйн нэгж болоод ирэхээрээ зорилт нь өөр болж хувираад байгааг л хэлэх гэсэн юм. Хэрэв үүнийг үгүйсгэх гэвэл яагаад энэ олон жил татаас авсан буудайгаа өнөөдрийг хүртэл импортоор хангаж, гурилын үйлдвэртээ хүрч ядаж, дэнжигнэн байгааг санах хэрэгтэй. 2020 онд манай улс 480 гаруй мянган тонн буудай хураан аваад, дотоодын хэрэгцээг хангаагүй тул 60 орчим мянган тонныг импортоор авахаар болж, НӨАТ, Гаалийн татварыг тэглэсэн.

Биелдэггүй зорилтууд

“Хөдөө аж ахуйг хөгжүүлнэ. Эдийн засгийн олон тулгууртай болно. Уул уурхайн бус хөдөө аж ахуйн орон болно” гэдэг улиг болсон зорилт энэ салбарыг дагадаг ч биелсэн удаагүй. “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт мөн энэ мэт “сар руу хуцсан” зорилт тавьжээ. Түүнээс дурдвал, “Монгол Улс энэ оноос эхлээд 2025 онд түүхий эд экспортлогч улсаас боловсруулсан бүтээгдэхүүн экспортлогч болох. Эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эхлүүлнэ. ХАА-н бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, мах болон ноос ноолууран бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ. Органик хүнсний идэвхтэй тоглогч болно. ДНБ-д эзлэх ХАА-н салбарын эзлэх хувийн жин 9 хувьд хүрч, ХАА-н салбарын боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдүүлнэ. 2030 он гэхэд Малын эрүүл мэндийг сайжруулах замаар хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэх мэт. Одоогоор хөдөө аж ахуйн салбарт үндэсний төсөл, хөтөлбөр 7, гадаадын хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөр 8 хэрэгжиж байна. Гэвч энэ нь өмнөх болон одоогийн төсөл хөтөлбөрт байдаг л өгүүлбэрүүд билээ.