90 жилийн ойн дээрээ хоёр салсан ууган нам 100 жилийн ойгоороо нэгдэх тухай яриа улс төрийн хүрээнд хүчтэй өрнөж эхэллээ. Үүнийг батлах шиг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАХН-ын удирдлагуудыг хүлээн авч уулзсаны зэрэгцээ МАХН-ын дарга Н.Энхбаяр телевизэд ярилцлага өгөхдөө хоёр нам нэгдэхийг үгүйсгэсэнгүй. Харин ч тэрээр нэг угшилтай хоёр нам нэгдэх эсэхийг мэргэн ард шийдэхийг уриалав.
МАН-ын хувьд 100 жилийн ойн дээрээ түүхээ булаацалддаг нэг хүчнийг дагаар оруулах, Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялагдал хүлээхгүйн тулд МАХН-тай нэгэн дээвэр дор нэгдэхийг хүсэх нь мэдээжийн хэрэг. Харин хэдхэн сарын өмнө АН- тай эвсэж орон нутгийн сонгуульд оролцсон МАХН-ын хувьд МАН-тай нэгдсэнээр ямар ашиг олох вэ гэдэг л сонин байгаа юм.

Дарга бол ирнэ, явна. Солигдоно. Тэгэхээр Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нар хоёр нам нэгдэх эсэхийг намынхаа гишүүдээс асуух хэрэгтэй. Түүнээс биш би энд нийлнэ, нийлэхгүй гээд мэдэмхийрээд суумааргүй байна. Ямар миний хувийн компани биш. Энэ бол хоёр намын дарга нарын шийдэх асуудал биш. Ардын намын анхан шатны байгууллагын дарга, гишүүд, Хувьсгалт намын анхан шатны байгууллага болох зуутын дарга гишүүдтэй хуралдаад шийдэх хэрэгтэй. Тэр битгий хэл ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй. Хоёр намын гишүүдийн олонх, ард түмний олонх энэ хоёр намыг нэгдэх хэрэгтэй, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёрын өмч биш, том зорилтын төлөө нэгд гэх юм бол би ямар ч том царайлж, юу ч яриад нэмэргүй шүү дээ. Энэ нэвтрүүлэгт оролцож байгаагийн хувиар ард түмэндээ та бүхний мэргэн оюун ухаан үүнийг шийднэ гэж хэлье. Энэ асуудал нэг тал руугаа гарвал бид Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцохоо ярилцахаас өөр аргагүй. Нэгдэх шаардлагатай гэж үзвэл бас тусдаа асуудал бий болно.
25 дугаар суваг “Ам нээвэл” нэвтрүүлэг 2021.02.23
Нэгдэх нь МАН-д, эвсэх нь МАХН-д ашигтай
Намыг нийлүүлэх эсвэл нэгтгэх замаар өөрчлөн байгуулах хуультай. Нийлүүлнэ гэвэл хоёр намын үйл ажиллагааг зогсоож, шинээр нам байгуулан Дээд шүүхэд бүртгүүлнэ. Харин нэгтгэнэ гэвэл нэг намын үйл ажиллагааг зогсоож, өөр намтай нэгтгэх буюу Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа МАХН-ыг татан буулгаж МАН-тай нэгтгэнэ гэсэн үг. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуульд намыг өөрчлөн байгуулахыг дараах байдлаар хуульчилжээ.
15 дугаар зүйл. Намыг өөрчлөн байгуулах, нам нэрээ өөрчлөх
• 15.1.Намыг хуульд заасны дагуу нийлүүлэх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулж болно.
• 15.2.Хоёр буюу түүнээс дээш намын үйл ажиллагааг зогсоож нийлүүлэх, нэг намын үйл ажиллагааг зогсоож өөр намтай нэгтгэх тухай асуудлыг намын гишүүдийн хэлэлцүүлэг явуулсны үндсэн дээр намын Их Хурлуудаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
• 15.3.Нийлсэн намуудын эрх, үүрэг, хариуцлага, гишүүдийн намын харьяалал, эд хөрөнгө нь нийлэх замаар өөрчлөн зохион байгуулагдсан намд шилжих бөгөөд уг нам энэ хуульд заасны дагуу шинээр бүртгүүлнэ.
• 15.4.Нийлэх замаар өөрчлөн байгуулагдаж байгаа намууд нь аль нэг намынхаа нэрийг шинээр байгуулсан намын нэр болгон хэрэглэж болох бөгөөд нийлсэн намуудын нэртэй холбогдсон харилцааг энэ хуулийн 6.3- т зааснаар зохицуулна. Энэ тохиолдолд нийлсэн намуудаас хамгийн эхэнд байгуулагдсан намын өдрөөр төлөөлүүлэн уг намын үүссэн өдрийг тодорхойлно.
• 15.5.Нэг нам үйл ажиллагаагаа зогсоож өөр намтай нэгдсэн бол тэр намын эрх, үүрэг, хариуцлага, намын гишүүдийн харьяалал, эд хөрөнгө нэгтгэн авсан намд шилжинэ.
• 15.6.Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлэгдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.
• 15.7.Бүртгэх байгууллага өөрчлөн байгуулагдах замаар үйл ажиллагаагаа зогсоосон намын гэрчилгээг хүчингүйд тооцож, уг нам улсын бүртгэлээс хасагдсаныг нийтэд мэдээлнэ.
Олон сонгуульд дараалан ялалт байгуулж, эрх барьж буй МАН-ын хувьд МАХН-тай нэгдэхийн тулд үйл ажиллагаагаа зогсоож, дахин шинэ нам байгуулна гэвэл үүн шиг үлгэр байхгүй. Харин ч МАХН-ын үйл ажиллагааг зогсоож өөртэйгөө нэгтгэхийг л зорьж буй нь мэдээжийн хэрэг. Гэхдээ нийлнэ үү, нэгтгэнэ үү аль нь ч бай цаашид сонгуульд санал хуваах намгүй болно гэдгээрээ МАН-д нэгдэл нь илүү ашигтай.
Харин МАХН хоёр намыг нийлүүлж, адилхан эрх эдлэхийг эрмэлзэх ч нэгдэхдээ тулбал МАН-д дагаар орох л зам бий. Ингэснээр МАХН-ын эрх, үүрэг, хариуцлага, гишүүдийн харьяалал, эд хөрөнгө МАН-д шилжинэ. Улмаар Н.Энхбаяр тэргүүтэй МАХН гэдэг улс төрийн хүчин байсан ул мөр аяндаа замхрах тул тус намынхан энэ удаа нэгдэх бус эвсэхийг илүүд үзэх биз ээ.
Нөхөн сонгууль vs Ерөнхийлөгчийн сонгууль
Үндсэн хуулийн дагуу зургаан жил бүрэн эрхээ хэрэгжүүлэх анхны Ерөнхийлөгчөө монголчууд ирэх зургаадугаар сарын 9-нд сонгоно. Үүнтэй зэрэгцэн Сонгинохайрханчууд УИХ-д гишүүнээр суух төлөөллөө мөн энэ өдөр тодруулах учиртай. Улс төрийн намуудад ч Ерөнхийлөгчөөс гадна УИХ-д нэг суудалтай болох боломж үүссэн хэрэг.
Гэхдээ УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН-д нэг гишүүний суудал тийм ч чухал бус. Харин тэдэнд 100 жилийн ойн дээрээ Ерөнхийлөгчтэй болох хүсэл л хамгаас их бий. Сүүлийн 10 гаруй жил Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан МАН-ынхан энэ удаа Ерөнхийлөгчтэй болохын тулд ямар ч улс төр хийж мэднэ. МАХН байтугайг ч нэгтгэж, эсвэл эвсэж магад.
Харин МАХН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд шаансгүй учир нөхөн сонгуулиар нэг гишүүнтэй болох боломжийг атгасан байх. Хаашдаа МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлал өндөртэй хүн УИХ-ын гишүүн С.Ганбаатараас өөр байхгүй. Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд чамгүй өрсөлдсөн ч ялагдал хүлээсэн түүний хувьд БНСУ-ын иргэнээс хандив авсан асуудал нь одоог хүртэл шийдэгдээгүй гэх. Хэрвээ түүнийг дахин нэр дэвшвэл асуудал нь хурцдаж, тэгэх тусам МАХН-д ашиггүй болно. Тэгэхээр МАХН-ын дарга Н.Энхбаяр ашиггүй том өрсөлдөөнөөс татгалзаж, ашигтай жижиг нүүдэл хийхийг илүүд үзсэн биз. Өөрөөр хэлбэл, МАХН Ерөнхийлөгчийн сонгуулиас татгалзсаны оронд Сонгинохайрханы нөхөн сонгуулиар УИХ-д нэг суудалтай болох боломжийг атгасан хэрэг. Ингэхдээ Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүхийг, Сонгинохайрханы нөхөн сонгуульд МАХН-аас Н.Батшугарыг нэр дэвшүүлэх нь л МАХН-д урт хугацаандаа ашигтай гэдгийг тооцож л байгаа. Нэг угшилтай хоёр нам салсан 2011 оноос эхлэн аль ч шатны сонгуульд МАН, МАХН санал хуваадаг болсныг бодоход Ерөнхийлөгчийн сонгуулийг нөхөн сонгуулиар солих наймаа энэ удаа аль алинд нь ашигтай тусна.
Хуулийн дагуу улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ санал авахаас хоёр сарын өмнө СЕХ-нд хүргүүлэх учиртай. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө тодруулах хуультай. Тиймээс дөрөвдүгээр сарын 9-нөөс өмнө хоёр нам нэгдэх үү, эвсэх үү эсвэл эс эвлэлдэх үү гэдгээ Их хурлаараа шийдвэрлэх нь. Эвссэн ч, нэгдсэн ч эрх ашиг удаан нийлэхгүй
Хоёр нам нэгдэж, эвсэх нь ганц энэ удаа биш нэлээд эртнээс яригдсан асуудал. 2016 оны сонгуулийн өмнө хоёр нам нэгдэж, эвсэж сонгуульд оролцохоор хоёр талаас нийлсэн ажлын хэсэг ч гаргаж байв. Тухайн үед одоогийнх шиг хоёр талынхан бие биедээ саймширч, намын нэгдлээ сайшааж, Эх орончдын өдрийг ч хамтран тэмдэглэсэн байдаг. Гэхдээ сонгуульд нэр дэвших квотоос болж үл ойлголцолд хүрснээр хоёр нам эвсэж чадаагүй юм. Тухайн үед МАН нь УИХ-ын сонгуульд илгээх нэр дэвшигчдийнхээ 51-ийг МАН, 25-ыг МАХН-аас гаргая гэсэн санал тавьж байв. Гэвч МАХН-ын талаас квотоо нэмэхийг шаардаж, нөгөө талд МАН- ынхан уурссанаар эвсэл ажил хэрэг болоогүй өнгөрч байлаа. Харин энэ удаа булаацалдах олон квот байхгүй учраас сонгуульд эвсэж оролцох магадлал өндөр. Гэхдээ сонгуулиар нэгдэж, эвслээ ч тэдний эрх ашиг цаашид удаан нийлэхгүй. Нам нь нэг угшил түүхтэй ч нэгэн үе хаан явсан Н.Энхбаяр өөрөө ч, хүүгээ ч МАН-ын суганд удаан явуулахгүй нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр ямар ч тоглолт хийж мэдэх Н.Энхбаярын хүүг улс төрд удаан байлгаж, эрх мэдэлд хүргэхийг одоогийн МАН-ынхны хэн нь ч хүсэхгүй нь лавтай.