-Татвараас чөлөөлсөн бүтээгдэхүүний үнийг хязгаарлаж чадсангүй-

Төр засгаас гаргасан шийдвэр, хууль тогтоомж хэрэгждэггүй, хэрэгжсэн ч үр дүнд хүрдэггүйн жишээ зарим бараа бүтээгдэхүүнийг гааль, НӨАТ-аас чөлөөлсөн шийдвэр болов. Тодруулбал, цар тахлын үед хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгахын тулд зарим төрлийн бүтээгдэхүүнийг гааль, НӨАТ-ын чөлөөлөх тогтоолыг УИХ 2020 оны арванхоёрдугаар сард баталсан. Үүгээр 2021 оны арванхоёрдугаар сараас долоодугаар сарын 1 хүртэл бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортын барааны гаалийн болон НӨАТ, дотоодын НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гарсан юм.

Тухайн үед хууль санаачлагчид дээрх хүнсний бүтээгдэхүүний хангамж тогтвортой байхын зэрэгцээ татвараас босоо тогтолцоогоор чөлөөлж байгаа учир хэрэглэгчийн гар дээр очихдоо ч үнэ нь нэмэгдэхгүй гэдгийг хэлж байлаа.

Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар:

Эдгээр хөнгөлөлт чөлөөлөлтөөс нийт 39 тэрбум төгрөгийн төсвийн орлого буурна. Нэр дурдагдсан барааны татварыг босоогоор чөлөөлсөн учраас эцсийн хэрэглэгчид үнэ нэмэгдэж очихгүй. Зөвхөн НӨАТ, импортын татварыг чөлөөлөөд дотооддоо чөлөөлөхгүй бол борлуулж байгаа нь импортлогчийн НӨАТ-ыг өмнөөс нь төлдөг. Харин энэ хуульд дотоодод борлуулахыг нь ч чөлөөлсөн учраас энэ хэмжээгээр эдгээр барааны үнэ өсөхгүй байх боломжийг бүрдүүлсэн гэсэн үг. Бараа бүтээгдэхүүний үнэ эрэлт, хүлээлт, ханшаас хамаарах учраас хэдэн төгрөгөөр буурна гэж хэлэх боломжгүй. Харин үнэ өсөхгүй байх боломжийг бүрдүүлж өгч байгаа.

Гэвч тогтоолын төсөл батлагдсанаас хоёр сарын дараа гэхэд дээрх бүтээгдэхүүний үнэ 100-500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Хэдийгээр Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээллээс харахад бараа бүтээгдэхүүний үнэ 20-100 төгрөгөөр нэмэгдсэн мэт харагдавч хэрэглэгчийн гар дээр очихдоо өнгөрсөн арванхоёрдугаар сарынхаас 100-500 төгрөгөөр илүү үнэтэй байна. Татвараас чөлөөлсөн бараа бүтээгдэхүүнээс төлөөлүүлэн зарим бүтээгдэхүүний үнийг хүргэе.

Нийслэлийн Статистикийн газрын мэдээлэлд энэ долоо хоногт:

  • Алтан тариа 1 кг (дээд) 1532 төгрөг
  • Цагаан будаа савласан 3664 төгрөг
  • Шар будаа 2750 төгрөг
  • Ургамлын тос 4224 төгрөгийн үнэтэй байна.

Хүнсний зах (Сандэй 2 худалдааны төв)

  • Алтан тариа 1 кг (дээд) 1600 төгрөг
  • Цагаан будаа савласан 3800 төгрөг
  • Шар будаа задгай 3000 төгрөг
  • Ургамлын тос 4500 төгрөгийн үнэтэй байна.

Найман нэрийн хүнсний дэлгүүрт:

  • Алтан тариа 1 кг (дээд) 1800 төгрөг
  • Цагаан будаа савласан 4000 төгрөг
  • Шар будаа 3200 төгрөг
  • Ургамлын тос 5000 төгрөгийн үнэтэй байна.

Харин эдгээр бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны сүүлчээр хэрэглэгчийн гар дээр очихдоо алтан тариа гурил 1600 төгрөг, цагаан будаа савласан нь 3800-4000 төгрөг, шар будаа задгай нь 3000-3200 төгрөг, ургамлын тос 3500-4000 төгрөгийн үнэтэй байсныг гол нэрийн бараа бүтээгдэхүүний мэдээллээс харж болно.

Зөвхөн эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг дурдахад л импортын болон дотоодын гааль НӨАТ-аас чөлөөлж эхэлсэн хугацаанаас хойш хэрэглэгчийн гар дээр дунджаар 100-500 төгрөгийн нэмэгдэлтэй очиж байна. Уг нь үнэ нэмэхгүй, хангамжийг тогтвортой байлгах үүднээс төсвийн орлого болох 40 орчим тэрбум төгрөгийг танаж, татвараас чөлөөлсөн. Гэвч эцсийн дүндээ хүнсний бүтээгдэхүүний үнийг дур зоргоороо нэмж байна. Үнэ нэмэхгүй гэж татвараас чөлөөлөгдсөн аж ахуйн нэгжүүд бараагаа нийлүүлэхдээ жижиглэн худалдаа эрхлэгчдэд ч шаардлага тавьдаг болмоор байна. Зарим бараа бүтээгдэхүүнийг гааль НӨАТ-аас чөлөөлсөн нь эцсийн дүндээ иргэдийн халаасан дахь мөнгийг хэмнэх биш худалдаачдын түрийвчийг л зузаатгасан ажил боллоо.

Энэ талаар Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өгөхдөө “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас импортлогч аж ахуйн нэгжүүдтэй дотоодын зах зээлд нийлүүлэлтийг тогтворжуулах, үнийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор бодлогын гэрээ байгyулан ажиллаж байна. Үүний үр дунд төрөл бүрийн будаа, хүнсний улаанбуудай, ургамлын тосны нөөц, хангамжийг цаашид тогтвортой хадгалах нөхцөл бүрдэх бөгөөд импортын үйл ажиллагааг шуурхай зохицуулж, гаалийн хялбаршуулсан бүрдүүлэлт хийн ажиллаж байна” гэхээс өөр зүйл яриагүй.

Ийм байдлаар татвараас чөлөөлсөн бараа бүтээгдэхүүний үнийг хязгаарлаж чадахгүй бол төсвийн орлогыг тасалдуулсны үр дүн гарахгүй нь.