АНУ Хятадыг өрсөлдөгч гэж үзэж байгаа учаас түүнтэй харилцааны асуудалд хүчний байдлаас хандах болно гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки даваа гарагт мэдэгджээ. БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И Бээжин хотноо Даньтиний чуулга уулзалтыг нээх үеэрээ, Дональд Трампын засаг захиргааны буруугаар Бээжин Вашингтон хоорондын харилцаа хамгийн доод түвшинд хүртэл муудсан хэмээн мэдэгдсэн юм. Хоёр орон харилцааг хэвийн болгохын тулд олон зүйл хийх хэрэгтэй болсныг Хятадын сайд сануулсан ажээ. Харин үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгчийн төлөөлөгч “Хятадтай маш хурц өрсөлдөөнд хүрсэн учир бид энэ харилцаанд хүчний байдлаас хандах болно. Өөрөөр хэлбэл бид гол түншүүдтэйгээ зөвшилцөх хэрэгтэй" хэмээжээ.
Үүний өмнө даваа гарагт Fox News мэдээлснээр, Вашингтонтой Бээжин “нээлттэйгээр ярилцахад” бэлэн ч Хятадын дотоод хэрэгт хутгалдан оролцохоо зогсоох ёстой гэж Ван И хэлжээ. Ковид19 цар тахлаас эхлээд цаг уурын өөрчлөлт хүртэл хоёр талын сонирхлын сэдэв байгааг Хятадын Гадаад хэргийн сайд тэмдэглээд Байдены захиргаа гаалийн татварын асуудлыг цэгцлэж, Тайванийн хэрэг явдалд хутгалдахаа зогсооно гэж найдаж буйгаа хэлжээ.
Нэгдүгээр сарын 25-нд Жен Псаки мэдэгдэхдээ, Америкийн шинэ засаг захиргаа Д.Трампын тогтоосон Хятадын бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар оноох шийдвэрийг хэвээр үлдээнэ гэсэн юм.