Энэтхэгийн Засгийн газраас буцалтгүй тусламжаар олгож буй 150 000 тун вакциныг өнөөдөр хүлээж авсанаар Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас эхлэн Ковид19 цар тахлын эсрэг бүх нийтийн дархаажуулалтаа эхлэх боломжтой боллоо. Эхний ээлжид эрүүл мэндийн байгууллага болон цар тахлын нөхцөлд онц үүрэг гүйцэтгэж буй албан хаагчид вакцинд хамрагдана. Улмаар иргэдийг шат дараатай вакцинжуулж хүн амынхаа 60 хувийг дархлаажуулахаар зорьж буй.
Дэлхий нийтээр вакцины эрэлт ихтэй байгаа үед нэг хүнд нэг тун вакцин тарьж хүн амаа яаралтай дархлаажуулах талаар яригдаж эхэлжээ. Тухайлбал Их Британи тэг зогсолт хийж хөл хорьсноос насанд хүрсэн иргэдээ нэг тунгаар вакцинжуулах нь илүү үр дүнтэй гэсэн эрдэмтдийн зөвлөгөөг дагаж хэрэгжүүлж буй. Британид өргөн хэрэглэгдэж буй AstraZeneca вакцины тун хооронд дархлаа тогтож эхний тунгаас 22 дахь хоног дээрээ 76 хувийн хамгаалах чадвартай болж буй нь тогтоогдсон. Улмаар энэ хамгаалалт 90 хоног хүртэл тогтвортой байгаа нь хоёр дахь тунг 3 сарын дараа ч хийж болохыг харуулж буй. Харин нэг эсвэл хоёр тунгаар тариулсан ч халдвар авахгүй, өвчин тараахгүй гэсэн баталгаатай судалгаа хараахан гараагүй байгаа юм.
Ирэх сараас хөл хориог сулруулах төлөвлөгөөгөө парламентад танилцуулахаар зэхэж буй Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон долоодугаар сарын сүүл гэхэд иргэдээ бүрэн вакцинжуулж дуусна гэж мэдэгджээ.50-иас дээш насныхан болон архаг хууч өвчтэй иргэдийн хоёр дахь тунг 4 дүгээр сарын 15-наас өмнө хийнэ. Мөн 3 дугаар сарын 8-наас танхимын бүх сургалтууд эхэлж, ил задгай талбайд зохион байгуулах спортын арга хэмжээ, зугаалгыг зөвшөөрөх юм.
Гавьяат эмч Б.Болдсайхан энэ жишгээр насанд хүрсэн хүн амаа нэг тунгаар дархлаажуулах боломжтойг өөрийн цахим хуудсаар хуваалцжээ.
Ковид19 цар тахлын эсрэг дархлаажуулалтад Монгол Улс дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Эдгээрээс эхний ээлжинд орж ирж буй AstraZeneca болон Pfizer үйлдвэрүүдийн вакциныг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас яаралтай горимоор хэрэглэхийг зөвшөөрсөн. Дээрх вакцинууд нь Ковид19 халдвараар хүнд болоод хүндэвтэр хэлбэрээр өвдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдсэн. Өөрөөр хэлбэл вакцинд хамрагдсан хүн эмнэлгийн тусламж авахгүйгээр 100% үхлээс хамгаалах өндөр үр дүнтэй. Вакцинаас үүдэлтэй харшил, сөрөг нөлөө гарч болох ч саяд нэгээс хоёр л ийм тохиолдол бүртгэгдэж байгаа ажээ.