АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден их цасанд дарагдан хүйтэрсэн Техас мужийг гамшгийн бүс гэж зарлав. Мөн холбооны төсвөөс мужид тусламж үзүүлэхээр боллоо.

Тусламж нь түр орон сууц олгох, эд хөрөнгийн гарз хохирлыг нөхөх, байр сууцны засвар хийхэд зээл олгох зэрэгт чиглэгджээ. Хохирлын хэмжээг эцэслэн тогтоосны дараа  засаг захиргаанаас нэмэлт тусламжийг батлах аж.

Америкийн өмнөд нутагт огцом хүйтэрч, цасан шуурга тасралтгүй үргэлжилж байна.  Цаг уурын ер бусын үзэгдлийн улмаас тавиад хүн амиа алджээ. Тэдний зарим нь гал түлж угаарын хийд хордсон байна. Техас муж байгалийн гамшигт илүүтэй нэрвэгдсэн. Тус мужийн газрын тос, байгалийн хий боловсруулах зарим үйлдвэрүүд хүйтний улмаас зогсчээ.