Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгож буй 150 мянган тун буюу 75 000 хүнийг дархлаажуулах вакциныг хүлээн аваад байна. Вакцины хадгалах, зөөвөрлөх үйл явцын талаар иргэд энэ үед ихээхэн сонирхож байгаа бөгөөд ЭМЯ-наас өмнө мэдээлэхдээ, манай улс бол хадгалах, вакцинжуулах бүтэц хангалттай хөгжсөн орон гэсэн ДЭМБ-ын үнэлгээг авсан гэсэн билээ.
Вакцины хүйтэн хэлхээ гэж вакцин, био бэлдмэлийг үйлдвэрлэгчээс-хэрэглэгч хүртэлх хугацаанд зааврын дагуу тодорхой хэмд хадгалан, тээвэрлэх тогтолцоо аж.
"Халдварт өвчин судлалын үндэсний төв нь үндэсний хэмжээнд вакцин хадгалах зориулалтын төв агуулахтай бөгөөд хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Мөн аймаг, сум дүүргийн эрүүл мэндийн байгууллага бүр вакциныг хөргөгч, хөлдөөгч, зөөврийн сав хэрэглэн ард иргэдийг вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Ихэнх вакциныг 2-8°C хэмд хадгалдаг" хэмээн тус яамнаас мэдээлжээ.