Кодив19-ийн халдвар монголчуудыг тамирдууллаа. Улсын хэмжээнд эл халдвараар 2638 хүн өвчилсөн бол түүнийг 514 нь зөөвөрлөгдсөн, 2124 нь дотоодын халдвар байлаа. Үүнээс 1798 нь нийслэлд бүртгэгджээ.
Хатуу хөл хорио тогтоож, "Нэг хаалга, нэг шинжилгээ" арга хэмжээг эхлүүлснээс хойшхи хугацаанд нийтдээ 54 тохиолдол бүртгэгдсэний 28 нь өмнөх тохиолдлуудын ойрын болон дам хавьтал байсан талаар ЭМЯ-наас мэдээлж байна. Үлдсэн нь иргэдийн дундаас илэрсэн гэсэн үг. Гэр оронгүй иргэдээс шинжилгээ авахад гурван хүнээс коронавирус илэрсэн талаар албаныхан мэдээлж байна. Энэ нь бидний дунд халдвар тархжээ гэсэн үг.
Энэ бүхнийг сонссон иргэдийн зарим нь хөл хориогоо үргэлжлүүлэх нь зөв хэмээн үзэх нь олон байна. Гэхдээ бид цаашид хөл хорио тогтоож, аж ахуйн нэгжийнхээ хаалгыг хаалттай хэвээр үргэлжлүүлсээр байвал түүнээс ч илүү хохирол амсах нь нэгэнтэй тодорхой боллоо.
Цаашаа аргацаах арга бидэнд үлдсэнгүй. Тиймээс ч Засгийн газрын зүгээс тамирдсан эдийн засгаа сэргээхийн тулд эрүүл мэнд, эдийн засгаа хоёуланг нь нэгдүгээр тавих бодлогыг барьжээ.
Бидэнд бодит байдалтай нүүр тулахаас өөр сонголт үлдсэнгүй. Асуудал улам бүр хурцдаж, иргэд Ковид19-өөр бус өөр шалтгаанаар амиа алдаж буйг хөл хорионоос өмнө долоо хоног харуулав.
Өдрийнхөө орлогоор амьдралаа залгуулдаг залуу орлогогүй болж, хамгийн сүүлд найз руугаа залган амьдрах хүсэл, сонирхолгүй болж, өөрийгөө шатаахаар болсноо дуулгаад төв талбайд өөрийгөө шатаав.
5-13 насны гурван хүү гэртээ шатаж амиа алдав. Аав, ээж нь эзгүй байсан ч цэцэрлэг, сургууль хэвийн ажиллаж байсан бол тэдгээр бяцхан үрс гэр дүүрэн инээж, элэг бүтэн нэгэн гэр бүл аз жаргалтай амьдарсаар байх байлаа.
Траншейнд хоолой задарч гурван иргэн нас барав.
Хилийн цэргийн дугаар ангийн албан хаагч амиа алдсан. Түүний амь үрэгдсэн шалтгааныг амиа хорлосон гэж тайлбарлаж буй.
Он гарсаар обьектын гал түймэрт 15 хүн нас барав. Гэх мэтчилэн цар тахлаар бус бусад шалтгаанаар энэ хүнд цагт амь насаа алдсаар байна.
Цаашдаа энэ янзаараа үргэлжлүүлбэл байдал улам дордох нь тодорхой болжээ. Хөл хорионоос өмнөх долоо хоногт 10 гаруй хүн ёс бусаар өөд болсон нь нөхцөл байдал хэрхэн хүндэрснийг хэлээд байна. Тиймээс бид хэвийн амьдралдаа эргэн орж, уруудсан амьдралаа өөд нь босгохын тулд дор бүрнээ хичээж, бодит байдалтай нүүр тулахаас өөр сонголт үлдсэнгүй.
Бидний болгоомжлох зүйл гэвэл халдвар, хамгааллын дэглэмээ алдах. Бид өөрсдийгөө хамгаалж байж хайртай бүхнээ хамгаална. Аль болох түргэн дасан зохицох тусам хор хохирол багатайгаар энгийн амьдралд шилжинэ.
Цэцэрлэг, сургуулиа аль болох хурдан нээж хүүхдүүдийнхээ алдсан цаг хугацааг нөхөж гэмээн тэднийгээ ахуйн осол, алдаа эндэгдлээс хамгаалж чадна. Түүний тулд бүгд дор бүрнээ хичээх цаг иржээ.
Эдийн засгаа сэргээж гэмээнэ энэ өвчнөөс илүү сайн өөрсдийгөө бид хамгаалж чадна. Засгаас халамж хүртээд, зардлаа тэглүүлэх хөрөнгө, зоорь бидэнд үлдсэнгүй.
Тиймээс ч маргаашнаас хөл хорио тавигдахад хүн бүр ухамсартайгаар халдвар, хамгааллаа сайтар сахиж, амьдралаа өөд нь татах хэрэгтэй боллоо. Бидэнд золголт, бөөгнөрөл гай авчирна уу гэхээс гавъяа авчирахгүй нь тодорхой.
Маргаашнаас бид шар төвшин буюу хязгаарласан цөөхөн аж ахуйн нэгжээс бусад нь чөлөөтэй үйл ажиллагаа явуулах нөхцөл байдалд шилжинэ.
Тиймээс л хичээх цаг.