Ашиг олдог мэргэн ухаан

Ерөнхийлөгчөөс шинэ сайд нарт дайсан үг гэж шууд эшлэчихээр чухал дүгнэлт байна. Үүнд:

  • Гурван сая монголчуудынхаа амьдралд дэм болох ажлууд дээр хамтарч ажиллая. Одоо улстөржихөө больё. Бид улстөр хийж байгаад улс төрөө дийлэхгүй унадаг. Монгол Улс ийм баян орон байж иргэд нь ийм ядуу байгаа нь харамсмаар асуудал шүү
  • Бид одоо намчирхмааргүй байна. Бид олон жил намчирхаад юу олов? Ядуурал гаарч, дундаж давхарга гэж байхгүй боллоо.
  • Монгол Улс Ази тивдээ хоригдолгүй орон болох төслийн тухай ярьж байсан. Гуравхан сая хүнтэй орон ийм олон хоригдолтой байж болохгүй шүү дээ.
  • Намчирхаж болохгүй шүү. Бид нэг л улс, нэг л Монгол оронтой хүмүүс шүү.
  • Бид өнөөдөр зөвхөн нүүрс, зэс, төмрийн хүдэр экспортлоод улсын эдийн засгийг тогтоогоод байж болохгүй. Бид бүгдийг нь боловсруулах ёстой.
  • Одоо улстөржихгүй шүү. Улстөржихгүйгээр гэдэг нь гурван сая иргэнээ яаж орлоготой болгох вэ гэдэг дээр хамтарч ажиллахыг л яриад байгаа юм.
  • Монгол орон бол хөдөө аж ахуйн орон. 180 орчим мянган малчин өрх бий. Хөдөө аж ахуйн биржийг амилуулах хэрэгтэй. Малаас гаралтай түүхий эдийг худалдаж авах салбаруудыг 330 суманд бий болгох хэрэгтэй, 21 аймагт анхан шатны боловсруулах үйлдвэрүүдийг хурдтай барих хэрэгтэй. 
  • Гурван сая монголчуудад хүртээлтэй ямар ажил байна, тэр ажлуудад анхаарч ажиллая гэхчлэн.  

Үндсэн сэдэв. Бид ашиг орлого олсонгүй 30 жил замначихжээ гэвэл монгол хүн Та зогтусах уу? Энэ чинь юу гэв ээ, юун ашиг, ямар юмны ашиг хэмээн ам асууна. Хорвоод хүн ашиг олохын төлөө амьдардаг гэвэл манайхан арай “Май хуц” гэхгүй байх. 

Тэгвэл хорвоод хүн гэж бурхнаас заалгаж ирчихээд зөвхөн ашиг орлого олж амьдрахыг төрөөс нь зааж сургадаг улс байдаг юм байна. Сингапурын жишээг эш татах гэж байна. Израиль гэж нэг жижиг улс шороон түмэн араб мусульманчуудад бүслэгдчихээд бас ашиг олж аж төрж нийгмээ босгож бэхжүүлж, жаргаж байгааг нэмж сурталчилбал уг нь сайнсан. 

Ашиг олохыг хүсдэггүй, олъё гэвэл буруу гараар оруулчихдаг монголчууддаа ээлжит ятгалгаа хүргэе. Дуу хуур, урлаг уран сайхан, cпopт, маань мэгзэмээр (үйлдвэрлэж, бүтээж биш) ашиг олохыг тань огтоос буруушаахгүй. Хүн амынхаа олонхид очиж наалдахгүй байнаа л гэж би бичдэг. Тэгээд хэлж шаардахлаар өмнөөс дуу дуулж (ядуу мөнгөгүй хэрнээ уран сайханлаг гэдэг нь гаргуун), шүлэглэчихээд, тэр нь хөгжлийн хэмжүүр болчихсон яваад байгаа нь нэн хачирхалтай.

Өөрийгөө ба бусдыг зовоож хөлдөө чирэхгүйгээр ашиг олдог аргыг Сингапур, Израиль хоёр лав гаргуун хийдэг. Оюун ухаан, мэдлэг боловсролоороо ашиг олно гэдэг ойлголтыг дэлхийд суулгаж өгснийх нь төлөө Сингапурын Ли Куан Югийн хөшөөг алтаар босгомоор санж. 

“Ямар ч байгалийн баялаггүй сингапурчуудын аж амьдралыг авч явна”, “Биднийг ажлаа эхлэхэд өлсгөлөн ходоодтой, өлөн нүдтэй хүн ам угтсан юм чинь албадаж ажиллуулахгүй яадаг юм” гэсэн түүний яриаг эргэж сануулмаар байна. Ийм л ядарсан буурай, үгээгүй улс оронд ашиг олох тухай асуудал тэртээ эртнээс яригдаж л дээ. 

Хүний эрх, ардчилал, парламентат ёс гэхээсээ илүүтэй Сингапурын улс төр ашгийн хойноос улайрахыг хөхиүлэн дэмжих сэдвээр хөглөгддөг нь дээрхи учир шалтгаанаас улбаатай.

Ли Куан Ю ч үүнийг нуулгүй хэлдэг: – Бид өөрсдөө ашиг олохгүй юм бол хэн бидний өмнөөс олох юм? Хэрэв “ашиг” гэдэг үгийг сөрөг утгатай болгосон бол Сингапур сэхэхгүй, нураад унах байсан. Үүнийг ойлгуулахын тулд бүхэл бүтэн 20 жил зарцууллаа. Улс төрийн мэргэн ухаан хийгээд олон түмнийг хөдөлгөх чадвар маш чухал. Хэрэв Та ард түмнээ өөрийнхөө араас дагуулж чадахгүй л бол Таны бодлого хий хоосон үг болж үлдэнэ. Олон түмнийг ятгаж, зөв гэдгээ үнэмшүүлэх ёстой!

Тэр бол 1980-аад онд хэлж байсан үгс. Ашиг олооч ээ, ашгийн төлөө яваач ээ хэмээн 20 жил ятгасан байх нээ. Түүнээс хойш лав 40 жил өнгөрчээ. Сингапурчууд 2020 онд тусгаар тогтносныхоо 55 жилийн ойг тун даруухан тэмдэглэлээ. Ингээд лав 55 жилд энэ улс ашгийн төлөө цөхрөлтгүй замнасан түүх харагдана. Энэ түүхийг эхлүүлсэн, хөгжүүлсэн, өвлүүлсэн, үр дүнг нь амтлуулсан их гавьяа Ли Куан Ю абугайд ногдоно. 

Тэрээр хойч үедээ сургамжилж байна: – Хойч үе маань “ашиг” гэсэн энэ ойлголтыг шууд автоматаар өвлөн авах уу гэдэг бас л эргэлзээтэй. Тийм учраас олж авсан мэдлэг боловсролоо цааш нь дамжуулах нь Та бидний үүрэг. Хүн компьютертэй адилгүй. Нэг компьютерыг нөгөө компьютертэй холбоход л бүх мэдээллийг авчих боломжтой. Гэтэл хүн гэдэг өөр. Хүн энэ ертөнцөд цоо шинэ, сэргэг толгойтой ирдэг. Хүүхэд өсөж торних явцдаа эцэг эх, найзууд, багш нараасаа суралцдаг. Гэвч ямар ч сайн сургааль, ямар ч сайн боловсрол нүдээрээ үзэж, биеэрээ туулсан бодит туршлагыг орлодоггүй. Хүн туулсан амьдралаа эргэн хараад, модон байшинтай байсан бол одоо хоёр өрөө байртай болчихсон гэж бодно. Дараа нь 4 өрөө байр, 5 өрөө байр, бүр эцэст нь хувийн орд харштай болж, үүнийгээ байгаль ертөнцийн жам ёсны дагуу хөгжсөн гэж бодох нь бий. Гэхдээ энэ бол том эндүүрэл. Сингапурт хөгжил цэцэглэлт авчрах чин зорилго өвөртөлсөн төрийн институцууд байсны үр дүнд Та бүхэн ийм хэмжээнд хүрсэн юм шүү. Түүнээс зүгээр жам ёсоороо ийм болчихсон юм биш. Эх орноо Шри-Ланка, Ямайк шиг хоромхон зуурт сүйрүүлэхэд тун амархан. Таван жилийн хугацаанд засаж залруулах боломжгүй ноцтой хохирол учруулахыг ч үгүйсгэхгүй гэжээ.

Ли Куан Югийн ажлын арга барилд тулгах, ятгах, ухааруулах, болохгүй бол баривчлах, шийтгэх гэхчлэн зөндөө хувилбар байжээ. Ухуулга хийхдээ ил лекцлээд байх бус ингэхийн тулд бүх төрлийн хэрэгслийг ашиглах ёстой гэж үздэг байв. Сонин сэтгүүл, телевиз, хурал цуглаан, хэвлэлийн хурал, ард иргэдийн дунд ажиллах, сайд дарга нар, бүх боловсон хүчнээ дайчилж, хүмүүст тасралтгүй мэдээлэл өгч, тайлбарлаж, эргээд хариу сэтгэгдлийг нь сонсож, шаардлагатай үед бодлогоо эргэн харж, тохиргоо хийх ёстой гэхчлэн түүний сэдсэн арга тоймгүй олон.

Татвар төлөгчдийн татварыг юунд зарцуулснаа тайлагнадаг нэгэн өвөрмөц аргачлалаа тэрээр ингэж томъёолжээ. Орон сууцаар хангах тухайд 1980 онд ингэж хэлж байсан байгаа юм. 1972 онд 42 мянган өрх орон гэртэй болж, 1976 онд хоёр дахин өсөөд 80 мянган айл байранд оржээ. 1980 онд 140 мянган өрх орон сууцанд оржээ. Ингээд 40-өөс 80, 80-аас 140 болж өссөн юм байна. Тэгэхдээ 140 мянган айл тус бүр 3 өрөө байрны эзэн болцгоосон.Одоо 4 өрөө байрыг аваад үзье. 1972 онд 2000 байр эзэнтэй болсон. 1976 онд 4 өрөө бүхий 20 мянган байр хаалгаа нээсэн. Харин 1980 онд 54 мянган өрх 5 өрөө байртай болжээ. Үнэхээр тасралтгүй өссөнийг харж байна. Эдүгээ Монголд түр саатчихсан, уг нь өрнөж явсан орон сууцны барилгын “бум” 1970-аад онд Сингапурыг нөмөрч байжээ. 

Өнгөт телевизор нэг үе сингапур сонгогчдын өнийн хүсэл, түүн дээр нь улс төрчид, сөрөг хүчнийхэн янз бүрийн ойлголтоор хамаа намаагүй шидэлцэх сэдэв байв. Тус улсад 1974 оноос өнгөт нэвтрүүлэг цацаж эхэлсэн ба 1976 онд сингапурчуудад 54 мянган өнгөт телевизор байсан бол 1980 онд 210 мянган өнгөт телевизортой болсон байв. Мөд 390 болж огцом өссөн нь сөрөг хүчний Жайаратнам, Ли Сю Чу нарын аман дайралтыг няцаах бэлээхэн жишээ болжээ. Тэгээд тэднийхээ амыг сөргүүлж асуужээ. “Одоо ирээдүйн тухай ярья. Бид ирээдүйгээ байгуулж чадна. Хэний ч тусламжгүйгээр өөрөө өөрсдийгөө аваад явж чадна. Доктор Ли Сю Чу, эсвэл Жайаратнам нарын хэн нь ч хэрэггүй. Энэ баялгийг бүтээхэд тэд оролцоогүй. Харин Та нар оролцсон шүү” гэв. 

Сингапур хүний ажил үйлс, ажлын бүтээл, түүнээс ашиг олох гэдгийг Ли Куан Ю ёстой сургамжилсан шиг сургамжилна. “Би Та нарт юу хийх ёстойг чинь хэлье” гэж байгаад л урсгаад байх нь тэр. Шинэ залуу баг гэдгээрээ ихээхэн бахархана. Тэдэнтэйгээ хамтран ажиллуулахыг уриална. Хүмүүс нэг нэгэнтэйгээ танилцаж, харилцан ойлголцож, тэгснээрээ өөрийнх нь хийж бүтээсэн бат бөх суурин дээр үргэлжлүүлэн байшингаа барих ёстой гэж үзнэ. Эс тэгвээс Сингапур аажим аажмаар доройтно. Үл хөдлөх хөрөнгө үнэ цэнээ алдана. Тогтвортой байдал алдагдвал гудамж талбайн цэвэрлэгээ зогсож, дээд зэргийн үйлчилгээ алга болж, гэрэлтүүлэг, цэвэр бохир ус, ариун цэврийн асуудал үүснэ хэмээн анхааруулахаа мартахгүй. Ингэж ярихыг нь сонсвол нэрт сурган хүмүүжүүлэгч юм уу даа гэмээр.

Энэ хот улс бүтэн жил тойрон, 365 хоног нэг ч өдөр алгасалгүй өдөр бүр хогоо цэвэрлэдэг дэлхийн цорын ганц хот болж чадсан нь асар том амжилт юм. Энэ эрчээ алдаж болохгүй. Эс бөгөөс Таны цэвэр агаартай, ногоон хотоос нигширсэн өмхий үнэр ханхална гэж Ли ноёнтон шууд ухуулдаг байв. 

Түүний лекц, ярицлага, яриа таниулга дотор “чанартай шилжилт” гэх шинэ нэр томъёо нэг бусаар тохиолдох вий. Хөгжөөд ханачихлаа, болчихлоо, баяжчихлаа гээд амар жимэр суухыг тэрээр ер тэвчдэггүй, бүр үхэн үхтлээ реформ хийхийг шалж шаардаж шахаж байсан нь гайхалтай. Тэр үнэхээр шинэчлэгч нэгэн байв. 

Тэр шилжилт гээд байгаа нь зүгээр нэг ажлын байр олгохоор хязгаарлагдахгүй, иргэдээ нарийн мэргэжилд сургах,чадварлаг техникч, инженерүүдийг бэлтгэн боловсон хүчнээ сайжруулахыг хэлнэ. Тэгж байж хүн бүр нэг шат дээшилнэ. Мэргэжилгүй байсан бол мэргэжилтэй болно. Мэргэжлээ дээшлүүлж техникч болно. Техникчээс супервайзер, супервайзераас инженер, инженерээс менежер, менежерээс захирал болтлоо дэвшинэ. Энэ их ажлыг 10-15 жилд гүйцэтгэх ёстой гэсэн алтан дүрэм гаргаж ирээд сингапурчуудыг шавхуурдаж байв. 

Тийм учраас их сургууль, мэргэжлийн коллежийг хамруулан боловсролын системээ бүхэлд нь амин чухал гэж үзээд энэ бүхнээ “бүтээмж” гээд ганцхан үгээр орчуулчихаж байгаа юм. Тэр бүтээмж гэдэг нь юу вэ гэвэл, Ли Куан Ю өөрөө тодорхойлсноор хүн, машины хөдөлмөрийг зөв хослуулсны үр дүнд нэг хүн цагт өмнөхөөсөө илүү чанартай, илүү олон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хэлдэг аж. Өөр хэний ч гаргаж чадахгүй бүтээмжтэй ажиллахыг хэлдэг. Ингэхийн тулд зөрчилдөж биш, харин зөвшилцөж, түншилж өндөр бүтээмжтэй ажиллах боломжтой ба ёстой хэмээн сингапурын үе үеийн иргэддээ уриалан дуудаж байв. 

Тэрээр 31 жил Ерөнхий сайд, 14 жил ахлах сайд, 7 жил халамжлагч сайдаар ажиллаад 92 наслаад хорвоог орхисон. Энэ тушаалуудаас нь харвал ямагт алба хашиж, төрийн толгойд суусан мэт. Гэвч тэрээр залуу үеийг дэвшүүлэхийн төлөө хамгийн ихээр тэмцэгч байв. “Энэ сонгуулийн дараа би дахин нэр дэвшихгүй” хэмээн амласан нь нэг бус удаа буй. Тэгснээ л ажиллаад байв. “Залуу үед зай тавьж өгөх цаг нь болсон” гэдгийг ч мөн олон удаа хэлсэн. Харин тэр залуус нь яг хүнээ олсон, зөв сонголт байгаасай гэсэн нь бүр ч олон хэлэгдсэн үгс. Залуус хэлхээ холбоогоо сайжруулж, ажилчид, менежер, захирлууд нэгэн цогц ажиллах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэд нэг нэгнээ дэмжиж компаниа өсгөн, дэвжүүлэх ёстой гэдэг захиас бас олон тааралдаж байна.

  • Би 1980-д оны сүүлч 1990 он гэхэд үйлдвэрийн байранд очиж, ажлын нөхцлийг нүдээрээ харахад хэтэрхий өндөр настай болчихсон байна. Тайлан унших, нүдээрээ харах хоёр тэс ондоо гэдгийг мартаж болохгүй. Телевизээр харах арай дээр. Гэхдээ ажлыг дэргэдээс нь харахтай адилгүй. 

Ингэж хэлээд тэрээр иргэний агаарын тээврийн Singapore airlines компанийн нисэгчдийг хүлээн авч байгаагаа зурагтын дэлгэцээр цацуулжээ. Цаадуул нь ажил хаях гээд элдэв сүрдүүлэг хийснийг тэрээр зөөлрүүлэх гэснээ харуулахыг зорьжээ. Ли Куан Ю тэдэнтэй нэг ширээний ард сууж, нүүр нүүрээрээ уулзсан байна. “Би одоо ч хүч тэнхээтэй, ажлаа хийж чадна, Та нартай эцсээ хүртэл үзэхэд бэлэн гэдгээ харуулахын тулд нүүр нүүрээрээ уулзаж ярилцсан. Надтай сөргөлдөөд юу ч олж долоохгүйг нь харуулах гэж тэр шүү дээ” хэмээн мань хүн хожим бардам ярьж байв. 

  • Би тэдэнд хоёр сонголт хийхийг санал болгосон. Нэг бол Та нар наад сүрдүүлгээ зогсоо. Эсвэл иргэний агаарын тээврийн үйлчилгээг бүрмөсөн зогсоож, нэр төрөө уландаа гишгэж, сая сая долларын сурталчилгаа, борлуулалтыг хоёрхон 7 хоногийн дотор үгүй хий гэж хэлсэн. Харин энэ сүрдүүлгээ зогсоохгүй үргэлжлүүлбэл би болоод Сингапурын ард түмэн байгаа бүх эрх мэдлээ ашиглан Та нарт хэзээ ч мартагдахааргүй хатуу сургамж өгч чадна шүү гэсэн. Би байр сууринаасаа ямар ч тохиолдолд ухрахгүй гэдгээ маш хатуу ойлгуулсан. Эсвэл үүнийгээ зогсоо. Ажилдаа ор, сахилга батаа сахь. Зөвхөн ингэсний дараа ярилц гэсэн. Тэд 65 минут ярилцсаны эцэст шийдэлд хүрч, “За ойлголоо. Сөргөлдөх хэрэг алга” гэсэн. Тэд яагаад ийм шийдвэрт хүрэв? Яагаад гэвэл тэд ялагдахаа мэдсэн учраас тэр. Тэд намайг бүх онгоцыг газардуулаад өөрсдийг нь хөөж явуулаад оронд нь өөр хүмүүсийг авчирч тэдэнтэй тэдэнгүй нислэг үйлдэж чадна гэдгийг ойлгосон учраас бууж өгсөн гэжээ. 

Хүн энэ ертөнцөд цоо шинэ, сэргэг толгойтой ирдэг гэж дээр хэлснээс өөнтөглөн төгсгөл үгсээ бичье. Сингапур гэж тусгай тусдаа үндэстэн дэлхийд мэндлээгүй юм. Яг л бидэнтэй адилхан хүн. Илүү гарах юм юу ч байхгүй. Монгол хүн бүр ертөнцөд цоо шинэ, сэргэг толгойтой ирсэн, ирэх ч болно. Гэтэл яагаад тэр толгойгоо хөгжүүлэхгүй битүүмжилж орхиод, үхүүлээд, тэнэглээд, зөнөглөөд, ядуурч золбироод явчихсан юм бэ хэмээн олон хүнээс ам асууя!


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)