“Улаанбаатарын хүмүүс” булан энэ удаагийн дугаартаа хос мэргэжилтэй эмэгтэйчүүдийг онцоллоо. Уригдсан зочид маань ажлын гараагаа эрүүл мэнд, анагаахын салбараас эхлүүлсэн ч амьдралын эрхээр өөр салбарт ажилласан түүхээсээ хуваалцсан юм.

Намайг Аюушийн Ганбаяр гэдэг. Улаанбаатар хотын уугуул иргэн. Би жолооч мэргэжлээр 14 жил ажиллаж байна. Жолооч бол дээр үед мэргэжил байсан ч одоо тоохоо байсан шиг санагддаг. Би багаасаа техник сэтгэлгээ сайтай байсан болохоор жолоочийн мэргэжилд дурласан байх. Том тэрэг жолоодож, уул даваагаар явж байна гэж зүүдэлдэг байлаа. Жолоо барихаас уйдаж, хувираагүй өнөөдрийг хүрсэн гэж хэлж болно.
Намайг анх жолооч болоод том тэрэг барих гэж байхад ар гэрийнхэн, нөхөр маань дургүйцэж л байсан. “Эмэгтэй хүн байж ийм сонин ажил хийх гэлээ” гээд бараг л уурласан шүү. Нөхөр маань жолооны багш байсан ч дуртай байгаагүй ээ. Би гэрлэхээсээ өмнө жолооч болчихсон байсан юм. Эгчийнхээ хөнгөн цагааны үйлдвэрт ч том оврын машинаар ачаа зөөдөг байлаа.
Дараа нь эмнэлэгт шил угаагчаар ажиллаж эхэлсэн. Эмнэлэгт ажилласан учраас мэргэжил дээшлүүлэх боломж хайж Сувилахуйн сургуульд сувилагчийн мэргэжлээр суралцаж төгссөн. Баянзүрх дүүргийн эмнэлгийн Хөнгөвчлөх тасагт сувилагчаар ажиллаж эхэлсэн. Тэр үед нөхөр бурхан болж, сувилагчийн цалингаар хоёр хүүхэд, ар гэрээ авч явах амаргүй даваатай тулсан юм.
Манай гэрийн нам даралтын зуух дэлбэрч нөхөр маань зуурдаар нас барсан. 10 жил цуг амьдарч, орой нь хоолоо хамтдаа идээд инээж суусан хүн аравхан минут хүрэхгүй хугацаанд өөд болоход хоёр өнчин хүүхэдтэй үлдсэн дээ, би. Тэр үед л хамгийн сайн чаддаг зүйлээ хийнэ хэмээн сэтгэл шулуудан автобус баазад жолоочоор ажиллаж эхэлсэн. Манай ЭМСИД ХХК-ийн авто бааз хүндээ өгөөжтэй сайн газар.
Хоёр хүүхэдтэй айл гэрийн амьдралыг нэг хүн нуруундаа үүрнэ гэдэг тийм ч амар зүйл биш, хэцүү шүү. Хэдийгээр өмнө нь том оврын тэргээр ачаа зөөж явсан туршлагатай ч 11 метрийн урттай олон хүний амь тээдэг автобус жолоодно гэдэг маш хариуцлагатай ажил. Хяналтаа нэг сулруулахад л олон хүн бэртэж, гэмтэх аюултай. Тиймээс замын нөхцөл байдал, хэчнээн хүн зорчиж байгаа, хэд нь зогсоо байна, хаалгаа бүрэн хаасан уу гээд л бүхий л мэдрэхүйгээ зэрэг ажиллуулах шаардлага үүсдэг.
Бид 20 минут л өдрийн цайгаа ууна. Өдөржин маршрутаараа тойроод шөнө гэртээ “цэнэг” дуусаад л харина шүү дээ. Гэхдээ би хэзээд хийж байгаа ажил, жолооч мэргэжлээрээ бахархдаг.

Би Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул. Ажлын гараагаа Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгээс эхлүүлж байлаа. Эмнэлэгт ажиллаж байхдаа мэргэжил дээшлүүлж сувилагч болоод 1975 онд Улаанбаатар хотод Нэгдсэн гуравдугаар эмнэлэгт ажилласан даа. Миний нөхөр Банзрагчийн Сүхээ гэж мэргэжлийн сайн гэрэл зурагчдын нэг байлаа. Дундговь аймагт гэрэл зурагчнаар ажилладаг байхад Соёлын яамны харьяа Улсын гэрэл зургийн газар татаж авчирснаар би нөхрийгөө дагаж нийслэлд ирсэн түүхтэй.
Хотод ирснийхээ дараа 1977 онд хос мэргэжил эзэмшүүлдэг Нийтийн ахуйн үйлчилгээний Ард түмний их сургуульд гэрэл зураг, кино операторын ангийг төгсөж, гэрэл зурагчин болж байлаа. Сайн хамт олон л хүнийг өөд нь татдаг юм билээ. Чи сувилагч мэргэжилтэй ч хоёрхон жил энэ чиглэлээр суралцаж төгсөөд хос мэргэжилтэй байхад хэзээд хэрэг болно гээд л тухайн үеийн хөгшчүүл сургаж байлаа шүү дээ. Нөхөр гэрэл зурагчин мэргэжилтэй тул сурахад илүү амар байсан. Гэрэл зурагчнаар төгсөхөд Таван буудал, Гутлын 22-т павильоны зурагчин хий гэж байсан ч манай хүн “Хүүхдүүд нялх байхад хоёулаа хортой нөхцөлд ажиллаад яах юм бэ” гээд дурамжхан байсан. Учир нь, тэр үед зурагчид өөрсдөө гараараа гэрэл зургаа угаадаг байлаа шүү дээ. Мөн эмнэлэг ч ажлаас гаргахгүй байсан. Ингээд 1992 он хүртэл сувилагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан.
Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одон, Эхийн алдар одонтой хүн дээ, би. Харин тэтгэвэрт гарсны дараа гэрэл зурагчин мэргэжлээрээ Сүхбаатарын талбайд зураг авдаг болсон.
Талбайд олон ч зурагчин байлаа. Талбайн зурагчин хос зургийн аргаар гэрэл зураг авдаг ажлыг манай хөгшин анх хийсэн дээ. Хөгшин маань Улсын гэрэл зургийн газар ажиллаж байхдаа олон улсын тэмцээн уралдаанаас их ч шагнал авсан. Олон улсын мөнгөн медальтай, Монголын анхны хавтгайн гэрэл зургийг авсан мундаг зурагчин байсан.
Нийслэлтэй холбоотой нэг сонирхолтой түүх хуучлахад, 1979 оны үед хуучин Гуравдугаар эмнэлэг одоо Төрийн ордны дэргэдэх Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн суурин дээр байсан юм. Манай эмнэлгийн салбар амбулатори хойд талд нь одоогоор Төв музейн ард талд жижиг ягаан байшинд байлаа. Тэнд тарианы сувилагч хийж байхад ягаан байшинг буулга гээд л бөөн юм болсон. Гэхдээ байшинг буулгалгүй хажуухан нь том бульдозер ирчихсэн газар шорооны ажил эхлүүлж байсан. Гэтэл нэг өдөр хойгуур нь явахад газар ухаж байсан хоёр хүн шаргал шороотой урт гонзгор зүйл биедээ арчаад аваад л яваад байлаа. Буцаад эргээд иртэл тэр газар олс татаад цагдаагийн хамгаалалт авчихсан сүйд болдог юм байна. Дараа нь хүмүүсээс “Дээр үед хятад дархны газарт булсан алт, мөнгийг газар шорооны ажил хийсэн хүмүүс олжээ” гэж сонссон. Тэдний ухаж гаргаад машиндаа тавьсан бүх зүйлийг улсын өмч болгож хураасан гэж дуулдсан. Тэр бол Улаанбаатарын хуучин үндсэн хөрөнгө байсан байх гэж боддог.