ДЭМБ-аас гаргасан Ковид19 халдварын эсрэг дархлаажуулалтын талаарх зөвлөмжийг хүргэж байна

Өдгөө 78 улсад 178 сая тун вакцин хийгдсэн бөгөөд өдөрт 6 сая хүн вакцин хийлгэж байна.  Израйль улс хүн амынхаа 74 хувийг вакцинжуулсан нь хамгийн үзүүлэлт юм.  Тэгвэл дархлаажуулалт эхэлснээр дэлхий дахинд халдвар 17-22 хувиар буурчээ.

Одоогоор Ковид19-ийн эсрэг 232 вакцин хөгжүүлэлт хийгдэж байгаагаас Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага Pfizer/Biontech болон Astrazeneca компанийн вакцинуудыг яаралтай хэрэглэх горимоор хүлээн зөвшөөрсөн.

Pfizer/Biontech вакцин нь -70 хэмд хадгалж тээвэрлэх, 2-8 хэмд тав хоног хүртэл хадгалах горимтой бол Astrazeneca вакцин нь гүн хөлдөөгчид хийх шаардлагагүй 2-8 хэмд хадгалдаг. Эдгээр вакциныг 18-аас дээш насныханд 21 хоногийн зайтай 0.3 мл хоёр тунг хийнэ.

Вакцин хийлгэхээс өмнө анхаарах зүйлс:

- Вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх

- Эмчийн үзлэгт орох

- Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх

- Дулаан хувцаслах

- Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгээгүй байх

- вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх

- халдвар хамгааллын дэглэм сахих

Вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс:

- Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх

- Дулаан хувцаслах

- Вакцин тариулсан хэсэгт хоёр хоног ус хүргэхгүй байх

- Вакцин хийлгэхийн өмнө болон дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

- Халдвар хамгааллын дэглэм сахих буюу гараа халдваргүйжүүлэх, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих

- Халуурах, ханиах шинж тэмдэг илэрвэл 119 дугаар луу залгах

- Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

- Хоёр дахь тунгаа товлолт хугацаандаа хийлгэх

Вакцины хариу урвал:

- Вакцин хийлгэсний дараа хэсэг газрын болон ерөнхий бие махбодыг хамарсан хариу урвал өгч болно. Үүнд: тариулсан хэсэгт өвдөх, хавдах, улайх, вакцин хийлгэсэн газрын суганы тунгалгийн булчирхай хавдах боломжтой.

- Халуурах, ядрах, толгой өвдөх, даарах, бүх бие, үе мөч өвдөх, маш ховор тохиолдолд харшлын урвалыг ерөнхий бие махбодын хариу урвал гэдэг. Эдгээр нь 2-3 хоногт өөрөө аяндаа зүгээр болдог.